loading...
Монголын хөнгөн атлетикийн холбооноос жил бүр зохион байгуулдаг хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ жилийн улсын аваргад тамирчид нийт хөнгөн атлетикийн 16 төрлөөр хүч чадал авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээний сүүлийн өдөр 100, 400, 4×100 метрийн гүйлт болон 1500, 10000 метрийн кросс гүйлтийн шилдэгүүд тодорч медалиа гардан авсан юм. Эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд Хилчин клубын тамирчин Б.Ачитбилэг спортын мастерийн болзол хангаж монголын мастерүүдийн тоог нэгээр нэмсэн бөгөөд мөн 4 тамирчин тэмцээний үеэр дэд мастерын болзолыг шинээр хангасан ажээ.
Эмэгтэйчүүдийн 10000 метрийн гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэн Хүч нийгэмлэгийн тамирчин ОУХМ Отгонбаяр 36 минут 9.26 секундаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрээр тэмцээний эхний өдөр 5000 метрийн гүйлтэд мөн манлайлаад байсан тул ийнхүү улсынхаа аваргаас хос алтан медальтай боллоо. Л.Отгонбаяр тун удахгүй эхлэх 12 дахь удаагийн хөнгөн атлетикийн дэлхийн аварг шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд Алдар спорт хорооны тамирчин Б.Бадмаа 11.78 секундээр, 400 метрийн гүйлтэд Хүч спорт хорооны тамирчин Б.Мөнгөнтүяа 58.75 секундээр тус тус тэргүүлж алтан медалийн эзэн болжээ. Мөн эмэгтэйчүүдийн 1500 метрийн гүйлтэд Алдар спорт хорооны тамирчин Ц.Шинэцэцэг (4.46.93) , Эрэгтэйчүүдийн 1500 метрт мөн Алдараар овоглосон Г.Одхүү (4.05.67) эрэгтэйчүүдийн 10000 метрийн гүйлтэд Хүч спортын хорооны тамирчин Д.Цэрэнпил (33.05.25) , 4×100 метрийн багийн гүйлтэд Алдарт спорт хороо (51.93) болон Орхоны баг (44.92) тамирчид тус тус манлайлж улсын аварга болжээ.
loading...



