loading...
Зохиогчгүй наадам
Кикбоксын шөвгийн дөрвийн хамгийн халуун тулааны нэг нь манай Болдбаатарын Наадам (71 кг) “заналт” Сирийн тамирчин Ахмад Аль-Зоуби нарын хооронд өрнөлөө. Энэ жил 18 настай залуу монгол хүү Сири ахаасаа огтхон ч бэргэлгүй хөлөөр бол хөлөөр, гараар бол гараар давамгайлан зодолдсоор 2:1-ээр өвдөг сөхрүүлж 8 сарын 7-нд алтан медалийн төлөө өрсөлдөх эрх “гуйж биш гуядаж” авсан нь сайшаалтай. Түүний өрсөлдөгч нь Казахстаны дэлхийн аварга Саян Жакупов юм байна. Бид нар алтын финалд казакуудыг ялж сураагүй юм биш дээ. (Бээжин-2008-д манай Түвшээ Казахстаны Житкиевийг яаж яллаадаа …)Бангкок-2009 тулааны спортын наадмын үеэр манайхаас жүдогийн шүүгч М.Бөхбат үүргээ амжилттай гүйцэтгэснийг түрүүн дурдсан бол муай-тайгийн шүүгчээх У.Саруул-Эрдэнэ хүчин зүтгэж байна. Тэрбээр урьд нь Саха, Ханойд олон улсын шүүгчээр ажилласан бөгөөд анх удаа Бангкокийн наадамд “үнэн зөвийн дэнс”-ийг тааруулж буй нь энэ. Дашрамд дурьдахад У.Саруул-Эрдэнэ нь манай тулааны спортын тамирчин У.Саруул-Одын төрсөн дүү ажээ.
Курашийн гавшгай бригад
Монголын багийн шинэ хүч курашийн ногоон өмсгөлтнүүд Бангкокт буув. Багийг УИХ-ын гишүүн, хотын мэр асан Ц.Батбаяр, УИХ-ын экс гишүүн Р.Нямсүрэн нар ахалж их л сүр хүчийг илтгэв. Харамсалтай нь найдлага тавьж байсан курашчин Мөнхбаяр энд ирсэнгүй, хэдэн шижгэр залуучуудад найдлага тавьж буй тухайгаа удирдлага нь өгүүлэв. Мөн кураш бөхийн олон улсын шүүгч Бэгзийн Жаргалсайханыг онгоцны буудал дээр хөл тавьмагц Зохион Байгуулах Хорооныхон түүнийг ASIA хэмээх нейтралний буудал руу багаас нь салган авч одов.
Гадаад тэмцээн, дотоод тэмцэл
Энэхүү дуулиантай атлаа намуухан наадмын зохион байгуулалт сул буй талаар тайландчууд өөрсдөө ноцтой шүүмжилж байна. Тайландын Аялал Жуулчлал, Спортын яам, Тайландын Биеийн Тамир Спортын Газар, Тайландын ҮОХ хамтран зохион байгуулж буй Тивийн тулаанчдын Наадамд нийт 270 сая бат (7 900 000 орчим америк доллар) зарцуулсан боловч үзэгчгүй, цагтаа эхэлдэггүй, мунгинуу менежерүүд гүйлдсэн, муйхар дарга нар нь хөшилдөж хөгөө дэлгэж буй талаар хэвлэлийнхэн галлаж байна. Нэгэн тэмцээний нээлтэд ирсэн Спортын сайд нь 45 минут хүлээснээ олонд сонордуулсан бол тайландын үзэгчдээс огт хол хөндий спортуудыг оруулснаас спортын хорхойтнууд ирэхгүй байгаа талаар K.Виразак бас шүүмжилжээ.
Монгол АКА – Тайланд КИКА
Монголын тулааны урлагийнхны дунд АКА хэмээн нэршсэн Очирбалын Алтанпүрэв энд ирээд бараг хоёр сар болох гэж байна. Тайландын Нанг хотод хамтарсан бэлтгэл шавь нартайгаа хамт хийгээд хажуугаар нь кикбоксын “А” ч үгүй тай нарт энэ талаар хичээл заасан гэнэм. Тэрбээр бүр Тайландын шинэхэн кикбоксын багийн зөвлөх багшаар ажилласан бөгөөд сая монгол-тай хоёр шавь нь тоглоход хоёуланд нь л сэтгэл гаргасан бололтой. Ийнхүү Монгол АКА маань Тайланд КИКА болоод л давхиж явна аа. Муайтайг бурхан мэт шүтэн сонирхдог тайчууд ийнхүү “кика” буюу кикбокс руу дэлхийн аясыг даган хуйларч эхлэх нь дамжиггүй.
“Дайсны цэргийн дарга”
Жүдогийн 90 кг-д манай залуу тамирчин Б.Амбасэлмааг цэвэр хожиж, хүрэл медаль авсан Кувейтийн жүдоч Ганам Аль-Диханы багш нь Наран улсын мэргэжилтэн Тадахиро Накамура гэнэ. Өндөр нуруутай, даруухан япон дасгалжуулагч Арабын энэ оронд ирээд 6 жилийн нүүр үзэж буй бөгөөд жинхэнэ кувейт цустай энэ залууг таван жил яс “уяа сойлгыг” нь тааруулжээ. Тэрбээр Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 5-р байрт шалгарч байсан дээд үзүүлэлттэй. Сая Монголын жүдочдоос их жийрхэж байсан боловч халз тулаанд түүнийг дийлж, хүрэл медаль хүртсэндээ хязгааргүй баяртай байгаа гэнэ ээ. Түүх сөхвөөс, 2002 оны Бусаны Азийн Наадамд манай О.Одгэрэл бас Кувейт жүдочинг бараагүй байх юм даа.
Түнш каратеч
МҮОХ-ы түнш ЮНИТЕЛ компаний төлөөлөгч Г.Болд нь энэхүү наадмын үеэр Монголын багийг ногоон хувцсаар ивээн тэтгэж хамтын ажиллагаагаа эхэлсэндээ баяртай байна. “Imperial Queens Park” зочид буудалд байрлах тэрбээр карате-до тулааны урлагийн эрдэмд шамдан суралцаж, хөлбөмбөги өшиглөдөг спортын том фэн ажээ.
Бангкокоос ОТО
loading...





HELEH CH UG ALGA
loading...