Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сур » Эрийн гурван наадмын үндэсний сурын харваа “ЕСҮНХЭЙ-335” харваагаар явах цаг ойрхон болсон

GD Star Rating
loading...

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт цогцолбор, “Хангарьд” спорт клубын орлогч захирал, Монголын үндэсний сурын “Есүнхэй-335” холбооны тэргүүн В.Сумъяасүхтэй уулзаж ярилцлаа.

-Үндэсний сурын холбоо үүсч хөгжсөний 50 жилийн ой гээд ажил ихтэй байна уу?
-Сурын холбооны баяр наймдугаар сарын эхээр Зүүнхараад голлон болно. Харин “Есүнхэй-335” харваа наадам Эрдэнэтэд болно. Энэ наадмын бэлтгэл ажил их л байна.
-Танай энэ удаагийн харваанд түрүүлсэн харваач автомашины байтай гэж гадуур шуугиж байна?
-Тэрийг тодорхой шийдээгүй. Үүнийг ганц би биш тэргүүлэгчид, спонсорууд л шийднэ шүү дээ. Ер нь бол түрүүлсэн харваач нэг саяас дээш төгрөг өвөртлөнө. Мэргэжлийн харваа гэдэг утгаараа бай шагнал өндөр байдаг юм.
-Та “Есүнхэй-335” нэртэй холбоо байгуулан үндэсний сурын цуваа харвааны шинэ хэлбэрийг санаа¬чилж хэд хэдэн тэмцээнийг зохион байгуулсан байна. Нэрийн учир, энэ харвааг буй болгох шалтгаан юу вэ?
-Нэрийн хувьд их түүхтэй. Чингис хаан 1225 онд Сартуул улсыг дайлаар мордож ялаад цэрэг морьдоо амрааж их наадам хийх үеэр Есүнхэй мэргэн 335 алд газар харваж байгаа оносон юм гэнэлээ. Чингис хаан Есүнхэйн энэ амжилтад бахархаж 1226 онд Өргөнө мөрний хөндийд гэрэлт хөшөө босгосон нь “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдар¬шин түүхэнд үлдсэн юм. Өөрөөр хэл¬бэл нум суманд, харваачид төдийгүй спортын дээд амжилтад зориулж босгосон дэлхийн анхны хөшөө юм. Одоо ОХУ-ын Санкт-Петербургийн музейд байдаг юм. 335 алд нь одоогийн хэмжээсээр 502.5 метр болдог юм.
-Та өнөөг хүртэл мөрдөж ирсэн хана, хасаа харвааны төрлийг хоцрогджээ гэж үзэж байгаа юм аа даа?
-Хана, хасаа харвааныхаа төрлийг нь биш тэмцээн явуулдаг хэлбэр нь хоцрогдоод байгаа юм.
-Тухайлбал?
-Өнөөдөр үндэсний сурын ямар ч тэм¬цээн хананд 20, хасаанд 20 нийт 40 сум харван дүнгээ гаргаж байр эзлүүлдэг. Өглөө эхэлсэн тэмцээн орой нар шингэхийн алдад дуусна, дуусахгүй бол маргааш нь үргэлжилнэ. Тэмцээний явцад ямар нэгэн өрсөлдөөн, сонирхолтой зүйл байхгүй ээлж ээлжээр босоод нэгэн хэвээр харваад л байна. Зорилго нь харваач бүр 40 сумнаасаа аль болох олон онохыг хичээнэ, хамгийн олон оносон харваачид эхний байрууд эзлэнэ. Ингээд л болоо. Тэмцээний явцад ямар нэгэн тайлбар, өрсөлдөөн, үзэгчдийн сонирхох, шимтэх, таашаал авах зүйл байхгүй. Нөгөө талаас хэт удаан хугацаанд олон зурхай дээр зэрэг зэрэг харвадаг учир самбарын шүүгчдийг “найрж” оноо нэмүүлэх магадлал өндөр, бие биедээ хяналт тавих нөхцөл хязгаарлагдмал байдаг. Хамгийн гол нь үзэгчдэд нээлттэй биш ойлгомжгүй, тэдний сонирхол татахуйц өрсөлдөөн байхгүй учир хүмүүс, залуу үе сурын харваагаар шимтэж хичээллэдэггүй зөвхөн удам дамжсан харваачдын хүрээнд хязгаарлагддаг болсон.
-Тэгвэл таны санаачилсан шинэ харвааны онцлог юу вэ?
-Гол онцлог нь үзэгчдэд ойлгомжтой, нээлттэй, тэмцээн богино хугацаанд өрсөлдөөнтэй, маргаан, хуйвалдаангүй явагддагт байгаа юм. Тодруулж хэлбэл үндэсний бөхийн барилдааны хэлбэрээр эхний үеийг оноолтоор, дараагийн үеүүдэд улсын мэргэн цолтнууд, мастерууд эрэмбээрээ ам авах байдлаар зохион байгуулагдана.
-Заавал үндэсний бөхийн барилдааны хэлбэрээр бөхчилж, ам авч, өрсөлддөгийн учир нь юу вэ?
-Эрийн гурван наадам бөх, морь, сур гурвын үүсэл хөгжил олон зуун жилийн түүхтэй. Энэ олон жил монгол хүний сэтгэл зүйд хамгийн их тохирсон, илүү ойлгомжтой, сонирхол татдаг, шимтэн хардаг, таашаал авдаг, хүсэмжилдэг энгийн хэлбэр нь бөхчилсөн, амласан, эр бяраа гайхуулж ил тод өрсөлддөг, ялж ялагддаг энэ хэлбэр шалгарч үлдсэн юм уу даа гэж боддог. Тэгээд ч эрийн гурван наадмын бөх, сурыг ижил түвшинд аваачих хамгийн дөт замыг одоохондоо үүнийг гэж сонгож авсан.
-Хана, хасаа харваанд гардаг шударга бус зүйлүүд гарахгүй гэх баталгаа байна уу?
-Байлгүй яах вэ. Тухайн харваач оноол¬тоор таарсан, эсвэл амлаж авсан харваачаа дагуулж гарч ирээд эгнэж зогсож байгаад түмний нүдэн дээр 2 шатлалтайгаар 10 сум харваж хэн олон оносон нь дараагийн үед шалгарч ялагдсан нь тэмцээнээс хасагдана. Оноо тэнцвэл газар дээрээ товх харваж асуудлаа шийдчихнэ. Бай нь гэвэл 30 ширхэг хасаа сурыг 12 домбо, 6 хүзүүгээр орж харвана. Энэ байг оносон бол оноогоо авна, алдсан бол тэглэнэ. Зурхайн өвөр шугамыг багасгаж ганга хэлбэрээр хийж ханыг нь ременээр доторлосон. Энэ тохиолдолд дутуу орсон сум шууд буцаад шидэгддэг учир маргаан гардаггүй. Үзэгчдийн нүдэн дээр бие биендээ хяналт тавиад харваж байгаа учир шүүгчийн зүгээс булхай орно гэж үгүй.
-Мэргэн харваачийн цолны талаарх таны бодлыг сонсъё?
-Үндэсний их баяр наадмын тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар зургаан шатлалтай цол олгодог. Мэргэн, хошой мэргэн, гоц мэргэн, гарамгай мэргэн, даяар дуурсах мэргэн, дархан мэргэн гэсэн. Харамсалтай нь ардын засгийн жилүүдэд, 1921 оноос хойш төрийн наадамд тав түрүүлсэн эрэгтэй харваач байдаггүй, дөрөв түрүүлсэн дөрөвхөн харваач байдаг юм. Өөрөөр хэлбэл Монгол улс өнөөдөр дархан мэргэн цолтой эрэгтэй харваачгүй гэсэн үг. Харин Ч.Мөнхцэцэг мэргэн төрийн наадамд зургаа түрүүлж дархан мэргэн, үндэсний сурын ууган гавъяат тамирчин цол хүртсэн. Үүнийг би “урагшгүй албат, ухаангүй ноёны хар гай” гэж бодож явдаг юм.
-Энэ юу гэсэн утгатай үг юм бэ?
-ЗХУ-ын анхны эмэгтэй сансрын нисгэгч Трещкова Монголд ирэхэд БНМАУ-ын баатар цолоор шагнуулахаар тэр үеийн АИХ-ын дарга Ж.Самбуу гуайд өргөн мэдүүлэхэд, Ж.Самбуу гуай манай улсад улсын баатар эмэгтэй байдаг билүү гэж асуусан юм гэнэ лээ. Байхгүй гэхэд дээрх үгийг хэлж зэмлээд Трешковад хөдөлмөрийн баатар цол олгож, Түвдэнгийн Борд баатар цол нэхэн шагнаж байсан юм гэнэлээ. Одоо Ш.Даваахүү мэргэн төрийн наадамд дөрөв түрүүлж, нууц товчооны 750 жилийн ойгоор түрүүлж даяар дуурсах мэргэн цол, 80 жилийн ойгоор гавъяат тамирчин болж, өнөөдөр үндэсний сурын босоог манлайлж байна. Эндээс харахад үндэсний сур гэдэг хатуухан “боорцог” болох нь танд харагдаж байгаа биз дээ. Гэтэл хуулинд зургаа түрүүлж байж дархан мэргэн цолтон төрнө гээд заачихсан байдаг юм.
-“Есүнхэй-335” харваанд эмэгтэй харваачдыг харвуулахгүй дүрэмтэй гэсэн. Хүүхнүүд маань яаж хүлээж авч байна.?
-Одоогоор ямар нэгэн эсэргүүцсэн, шүүмжилсэн зүйл гараагүй байна. Ер нь хүүхнүүдийг нум сум харвуулахгүй гэсэн үг биш шүү дээ. Хана, хасаа, багийн харвааны төрөлд харвадгаараа харвана. Цол зэргээ биелүүлнэ, биелүүлсэн цол зэргээ улсын комиссын шийдвэрээр авна. Буриад, Халх, Хүүхдийн гээд харваанууд явагддаг. Энэ бүхэн явагддагаараа явагдаж эмэгтэйчүүд харвадгаараа харвана. Харин эрийн гурван наадам гэдэг утгаараа төрийн наадмын албан ёсны зөвшөөрөгдсөн харваанд эмэгтэйчүүдийг харвуулахгүй улсын цол олгуулахгүй гэсэн үг. Үүнийг манай ухаалаг бүсгүйчүүд зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна. Тухайлбал самбо, жүдо, чөлөөт бөх барилддаг олон л хүүхнүүд байна . Эд чинь хүний эрх, жендерийн тэгш байдал гээд битүү далбаа, зодог шуудаг өмсөөд улсын наадамд барилдана гээд дэвж шаваад байдаггүй биз дээ. Үүнтэй л агаар нэгэн юм. Ер нь Монгол улсын түүхэнд 60-аад оноос өмнө бүсгүйчүүд харваж, цол авч байсан баримт байдаггүй юм. Тэгээд ч 10 м дутуу газраас зөөлөн нум, хөнгөн сумаар харвачихаад эрчүүдтэй яг адил цол зарлигаар хүртэнэ гэдэг шударга бус зүйл л дээ.
-Монгол нум сумны бүтэц зохион байгуулалтын талаар ойлголт өгнө үү?
-Монгол нум маань бүдүүн тоймоор тайлбарлахад нарийхан нимгэн хулсан модны нэг талд нь янгирын эвэр, нөгөө талд нь бодын шөрмөс наасан байдаг юм шүү дээ. Тийм учраас эвэр нум гэж нэрлэдэг. Онцлог нь монгол хүн, байгаль, монгол нум гурав нийлж бие биенээ мэдэрч байж байгаа онодог гэх үү дээ. Цаг агаар дулаараад нар гараад ирэхээр эвэр, шөрмөс хоёр зөөлөрч харвасан сум маань байндаа хүрэхгүй дутдаг, харин салхи сэвэлзээд, сэрүүн болохоор эвэр шөрмөс хоёр маань чангарч харвасан сум маань даваад эхэлдэг. Сум нь 50-60 г жинтэй модон үүсгүүрт тас шувууны өдөөр чиглүүлэгч, бугын ясан эврээр хошуу (болцуу) хийсэн байдаг. Ийм сум ялимгүй хөндлөн салхинд 1 мм хазайхад 75 м зайг туулахдаа байнаасаа 2-3 м хазгай буух жишээтэй. Тийм учраас харваач бүр сум харвахдаа байгалийн нөлөөлөл, нумны өөрчлөлтийг мэдэрдэг юм шүүдээ. Тэрнээс биш ямарч өөрчлөлт гардаггүй байт харвааны нум шиг нумаар харвах юм бол алддаг харваач гэж байхгүй болно биз дээ. Нум сумандаа овоо хараа хийхийг зөвшөөрдөггүй, зөвхөн эрхий хуруугаараа татаж харвадаг учир эрхий мэргэн харваач гэж нэрлэдэг. Сүүлийн үед “Брэнд” бүтээгдэхүүн гэж их ярьдаг болжээ. Тэгвэл ямар ч хиймэл материал ордоггүй цэвэр байгалийн болон амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хийгдсэн монгол нум сум л 1 “брэнд” биш гэж үү.
-Одоогийн харваагаар нэг хүн 40 сум харваж тэргүүн байр тодордог, тэгвэл шинэ харваанд түрүүлсэн харваач хэдэн сум харвах вэ?
-128 харваач оролцсон тохиолдолд 60 сумаар , 256 харваач оролцсон бол 70 сум харваж байж түрүү үзүүр тодорно. Харин эхний нугалаанд өвдөг шороодсон харваач 10 сум харваанд наадмаа өндөрлөх жишээтэй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. miki roko says:

    Zub sanaa b.na shuu!Bi demjij b.na!

    GD Star Rating
    loading...
  2. sar says:

    mongolchuud sur harvaagaa urianhai, buriad, halh ene ter gej ylgalgui avch yvah estoi. ene bol ugsaatnii mash tom asuudal yum. bugdeer uund anhaartsgaay. tegehgui bol sur harvaagaar umhii ypon, urniinhun sain harvadag bolood bn. ted eh orondoo sur harvaanii naadam hurtel hiideg shuu. sur harvaag bitgii shoovdorlo.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2010 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.