Баяр, гуниг зэрэгцсэн Португал дахь өдрүүд
Бид Европын АШТ-д түрүүлэх магадлалтай гол багийн нэг болон Португалд очсон. Манай багт Уэйн дөнгөж ороод Майклтай хөл нийлэн тоглож байсан бөгөөд Манчестерт хоёр нөхөрсөг тоглолт хийж байж талбайн дунд хэсгийнхнийг хэрхэн тоглуулахаа шийдэж байлаа. Эхнийх нь зургадугаар сарын 1-нд Японы шигшээгийн эсрэг тоглоход Свен намайг зүүн жигүүрт тавьсан. Би Английн шигшээд дуудагдсан цагт хаана ч тоглоход бэлэн байх ёстой ч тэгэхэд зүүн жигүүрийн хагас хамгаалагч болгосонд нь урам хугарч билээ. Дасгалжуулагчийн өгсөн зөвлөгөөг үг дуугүй биелүүлэх ёстой боловч миний хамгийн тохиромжтой байрлал бол төвийн хагас хамгаалагч юм. Өрсөлдөгчидтэйгөө халз тулан бөмбөгний төлөө ширүүн тэмцэл өрнүүлж, үүндээ ялаад хаалга руу цохих, довтолгоо эхлүүлэх нь миний хэмнэл. Японы эсрэг тоглолтод довтолгооны үндэс нь болж байсан Скоулзид би маш их атаархаж байлаа.
Хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгаар тодруулсан Английн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг тэрхүү тоглолтын өмнө надад гардуулсан. Би тоглогчдын, сэтгүүлчдийн саналд үндэслэсэн шагналыг нэг бус авч байв. Харин энэ бол тэдгээрээс эрс ялгаатай. Амьдралынхаа гол утга учрыг хөлбөмбөг гэж үзэн, биднийг дэмжихийн тулд халааснаасаа маш их мөнгийг гарган дэлхийг хэрэн аялдаг үнэнч фанатуудын сэтгэл, итгэл шингэсэн үнэ цэнэтэй шагнал юм. Английн шилдэг хөлбөмбөгч. Үнэхээр гайхалтай сонсогдож байгаа биз. Бүтэн улирлын турш үзүүлсэн амжилтын үр дүнгээр үүнийг авна гэдэг гайхамшигтай. Нүдээ олсон шагнал эсэхийг цаг хугацаа л харуулах хэрэг.
Би Японы эсрэг тоглолтод Майклын оруулсан гоолын дамжуулалтыг өгч, багийнхаа ялалтад тодорхой хувь нэмэр оруулсан ч миний хувьд зүүн жигүүрт тоглохыг үзэн яддаг. Захын шугам дагаад гүйж явснаас талбайн төвд тоглох нь надад илүү санагддаг. Свен тухайн үед намайг янз бүрийн байрлалд тоглуулдаг байлаа. Заримдаа тоглолт эхлэхээс цагийн өмнө л миний ямар байрлалд гарахыг хэлж, эсвэл тоглолтын явцад гэнэтхэн үүргийг минь солино. Ядаж өмнөх өдрийн бэлтгэл дээр ч юм уу, миний байрлалыг хэлж өгвөл тоглолтын үед гаргаж болзошгүй алдааны талаар багийнхан болон дасгалжуулагчтай зөвлөлдөн хамгаалалт, довтолгоонд өөрийнх нь оролцоо ямар байх талаар ярилцаж болох билээ. Нэр цуутай шилдэг тоглогчид ч гэсэн аливаа тоглолтоос 24 цагийн өмнө үндсэн байрлалаасаа өөр үүрэгтэй гарах болоход өөрийн хэв маягаа өөрчлөхөд хэцүү байдаг гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд гомдол тоочиж гоншигонож явах дургүй учир дасгалжуулагчийн хэлснийг биелүүлэхээр талбайд гардаг. Би Японы шигшээгийн эсрэг хийсэн тоглолтын дараа зүүн жигүүрийн хагас хамгаалагч надад тохиромжгүй гэх мэтээр хэнд ч хэлээгүй юм. Би зүгээр л мэргэжилтнүүдийн хийсэн дүгнэлтийг сонингоос уншиж, намайг хэрхвэл дээр гэснийг сонирхож байлаа. Тэд төвийн хагас хамгаалагчийн байрлалд ямар ч эргэлзээгүйгээр намайг тавих ёстой хэмээжээ. Би зүүн жигүүрт тоглож болох ч гурван хүнийг хуурч гараад хөндлөн дамжуулалт өгдөг Жон Барнес шиг байж чадахгүй л болов уу.
Азаар энэ байдал удаан үргэлжлээгүй. Дөрөв хоногийн дараа Исландын эсрэг тоглолтод Свен намайг зохих байранд нь тавьсан. Энэхүү тоглолтод бид өрсөлдөгчөө 6:1-ээр бут ниргэж байлаа. Энэ өдрийн үр дүн Европын АШТ-д ямар тактикаар тоглохыг ерөнхийдөө шийдсэн. Лампард Исландын эсрэг тоглолтод гаргасан үзүүлэлтээрээ Баттиг шахаж билээ. Ингэснээр талбайн төвд Лампс бид хоёр зэрэгцэн зүүн талд Скоулзи, баруунд Бекс гарахаар болсон. Үнэхээр дажгүй хагас хамгаалагчдын шугам шүү. Багийн хурал дээр Свен “Би Португалд талбайн дундах тоглогчдоо ингэж гаргана” хэмээн хэлэхэд санаа амарч, сэтгэл тайвшрахдаа хэнд ч сонсогдохоор уртаар шүүрс алдаж байв. Гэхдээ тэр мөчид Скоулзиг “оршуулгын газар” (зүүн жигүүрийн хагас хамгаалагчийн байрлалыг ийн нэрлэдэг) луу цөлсөндөө уучлалт гуймаар санагдсан. “Евро-2004”-т Скоулзи Свений оноосон байранд гайхамшгийг бүтээж, сайн тоглоосой хэмээн залбирч байлаа.
Лиссабоны “Солплэй”-д буухад бүх зүйл нь гойд таалагдсан. Таван одтой зочид буудал гэдэг үнэхээр өөр шүү. Тухайн үед цаг агаар ч тун сайхан байв. Бид чөлөө заваараа бассейнд сэлж, гольф тоглоно. Ямар ч аялал, цугларалтын үед багт заавал нэг наргианч хүн байх ёстой. Португалд энэ “үүргийг” Жамо гүйцэтгэсэн. Бэлтгэлийн дараа, тоглолтын завсраар гээд цаг ямагт Жамо шог хошин зүйл ярьж биднийг хөгжөөж байв. Удаан хугацаагаар ийн аялах нь тоглогчдод гэрээ санаж, уйтгарлах гэх мэтээр сөргөөр нөлөөлөх магадлалтай. Харин бидний хэн нь ч “Евро-2004”-ийн үеэр ийм бэрхшээлийг мэдрээгүй. Сэтгэл санаа тааламжгүй болсон үед Жамогийн яриа л эрч хүчийг минь эргүүлэн авчирдаг байлаа. Тиймээс би Жамотой хамт байх их дуртай.
Харин Гари Невилль аливаа зүйлд их л нухацтай хандаж, сэтгэл хөдлөлөө төдийлэн ил гаргадаггүй. Багт ийм нэг хүн байх нь бас хэрэгтэй аж. Хүмүүс Гаригийн гаднах төрхийг хараад элдэв дүрсгүйтлийн эн тэргүүнд явж байдаг сахилгагүй этгээд гэж бодож болох юм. Гэвч тэр огт тийм биш. Тэр шинэ, залуу тоглогчдын хувьд харилцахад хэцүү, догшин ширүүн мэт боловч харин ч тусархаг хүн билээ. Тэр талбай дээр ч, энгийн үед ч ямагт баг хамт олныхоо эрх ашгийн төлөө тэмцэж явдаг нэгэн. “Ливерпуль”-д бол Стив Финнан л түүнтэй дүйх байх. Гэхдээ тоглолтын хэмнэл, тогтвортой амжилтаараа эн зэрэгцэхгүй л дээ. Энэ цаг үед баруун жигүүрийн хамгийн шилдэг хамгаалагч нь тэр. “Манчестер Юнайтед”-ын ахлагч Гари бол жинхэнэ лидер тоглогч, ялалтын төлөө тууштай тэмцэгч. “Солплэй”-д бид заримдаа тойрч суугаад ярилцах үед цөөн хэдэн тоглогч “Евро-2004”-т гаргах амжилтдаа эргэлзэн ярихад нь Гари босч ирээд “Бид ялна, бид чадна” хэмээн чанга дуугаар хэлдэг байж билээ.
Хэдийгээр Гаригийн хэлсэн шиг Европын аварга болох боломж бидэнд байсан ч ингэхийн тулд маш их хөдөлмөрлаж, хэн бүхнээс илүү хөлс гаргах шаардлагатай. Дадаж сурсан төвийн хагас хамгаалагчийн байраа эргүүлж авсан болохоор хүмүүс надад асар өндөр итгэл хүлээлгэж байв. Англи даяар намайг хэрхэхийг харж байгаа учир би ямар нэг алдаа гаргах учиргүй. Өвлийн турш клубтээ ч дажгүй тоглочихсон байв. Бидний хувьд Европын АШТ-ий эхний тоглолт маш хүнд болох нь тодорхой байлаа. Тьерри Анри, Зинедин Зидан, Патрик Виейра гээд дэлхийд танигдсан одод, мөн Премьер лигийн цөөнгүй төлөөлөлтэй өмнөх тэмцээний аварга францчууд биднийг хүлээж байсан.
Ихэнх хүн биднийг зургадугаар сарын 13-нд “В” хэсгийн эхний тоглолтод Францад бут ниргүүлнэ, хожигдоно хэмээн тооцож байсан байх. Тоглолтын өмнө манай хувцас солих өрөөний ханан дахь самбарт Францын шигшээгийн гарааны бүрэлдэхүүнийг бичсэн хуудас өлгөжээ. Майкл бид хоёр хамгийн түрүүнд очин түүнийг нь уншлаа. Би “Чөтгөр аваг, эндээс чинь голж шилэх хүн гарахгүй нь ээ. Гэхдээ бид үүргээ биелүүлж хожноо” хэмээн эргэн суугаад хувцсаа өмсөж эхэллээ. Гутлаа үдэж байхдаа “Тэднийг хүндэтгэж болно, харин эмээж болохгүй” гэсэн хуучны үгийг санан суулаа. Дэлхийн шилдэг тоглогч Зидан Францын багт байгаа ч түүнтэй дүйх хүн манайд бас бий. Майклтай байхад манай баг амархан хожигдохгүй гэдэгт би ямагт итгэдэг. Мөн Уэйн гэж шинэ од байна. Би Ваззаг харлаа. Дэлхий дахинд хараахан танигдаж амжаагүй тэр тайван, өөртөө итгэлтэй, тулаанд хэдийнэ бэлэн болчихсон сууж байв. Тэр хана руу бөмбөг өшиглөн байх аж. Тэр ямар ч тоглолтын өмнө дандаа ингэдэг гэсэн. Свенийг бидэнд тоглолтын өмнөх сүүлчийн зөвлөгөөгөө өгөхөд л тэр ханатай тоглохоо болилоо. Свенийг ярьж дууссаны дараа тэр бидэнд хандан “Шууд надад бөмбөгөө дамжуул. Би тэднийг бөмбөгдөхийг хүсч байна, бөмбөгдөх ч болно” хэмээв. Уэйн зүгээр нэг том амлалт өгөөгүй. Тэр өөрийнхөө юу хийж чадахыг мэднэ.
Хувцас солих өрөөнд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай уур амьсгал бүрджээ. Нүсэр том биетэй Жамо өрөөний голд зогсоод чангаар багийнхандаа урмын үг хэлж байлаа. Түүний араас Бекс, Гари Нев, Сол нар өндөр дуугаар ярина. “Спэрс”, “Арсенал”-д тоглож явсан Сол тэр өдөр маш шийдэмгий, онцгой байсан. Хувцас солих өрөөнд хөл тавьсан тэр мөчөөс л дайнд цэргүүдээ оройлон оролцох баатар дайчин мэт байв. Түүний дуу өрөөгөөр нэг хадна. Тэдний ийн уриалсны дараа хүн болгон л өөр өөрсдийн санаа бодлоо ам уралдан ярьж эхэллээ. Хэн ч айж эмээн дуугаа хураасангүй. “Алив францчуудад үзүүлээд өгье” хэмээн уухайлаад хонгилд гарлаа.
Цэнгэлдэх хүрээлэнд хөл тавихад тэнд зөвхөн Английн хөгжөөн дэмжигчид л цугласан мэт харагдаж байв. Тэр үдэш 62,487 үзэгч энэ тоглолтыг сонирхохоор хүрэлцэн иржээ. Энд тэндгүй цагаан туг намирч, Францын талд булангийн цохилт хийх үед ч нүүрэндээ Сейнт Жоржийн далбааг зуруулж, Гурван арслангийн дууг уухайлах хөгжөөн дэмжигчид л байх аж. Манай дэмжигчид тэр өдөр үнэхээр онцгой, хэнд ч дийлдэхээргүй байлаа. Хоёр баг тоглолтын өмнө төрийн дууллаа эгшиглүүлэхэд Английнх цэнгэлдэхэд маш чангаар нүргэлсэн. Энэ үед сэтгэл хөдлөлөө барихад хүнд байв. Төрийн дууллаа сонсоод зүрх минь хурдан цохилох болж, тоглолт хурдхан эхлээсэй хэмээн тэсч ядна. Тоглолтын өмнөх ёслол өндөрлөхөд өөрийн тоглох талбайн төв хэсэгт гүйн очлоо. За ингээд тоглолт эхэлдэг юм байжээ, францчууд аа, алив Виейра хүрээд ир.
Английн баг өрсөлдөгчөөсөө түрүүлээд байраа эзэллээ. Тоглогч бүрийн толгойд Францыг бут ниргэхсэн гэсэн хүсэл эргэлдэнэ. Тоглолтын эхний хагаст Бекс баруун жигүүрээс чөлөөт цохилтоор дамжуулалт өгөхөд 16 метрийн талбайд байсан Лампс эхний бөмбөгийг оруулав. Тэрбээр Фабьен Бартезийн хаалганд гайхалтай мөргөн Английн шигшээ багийн “Евро-2004” дэх анхны гоолыг хийсэн. Энэ гоолын дараачаас Лампс итгэлтэй болж, ур чадвараа гаргаж эхэлсэн. Тэр шигшээ багтаа анхныхаа тэмцээний эхний тоглолтод, бүр Францын шигшээ багийн эсрэг гоол оруулж чадлаа. Хагас хамгаалагчийн байрлалд мөр зэрэгцэн тоглодгийн хувьд түүгээр маш их бахархаж байв. Европын АШТ-ий үеэр “Солплэй”-д Фрэнктэй тэмцээний тухай, мөн “Челси”, “Ливерпуль”-ийн талаар ярилцдаг байлаа. Бидний яриа тун сайн нийлдэг байсан.
Францын шигшээгийн тоглолт эрчимжиж, хүчтэй довтлох боллоо. Би Виейра, Зидан нартай халз тулахад Лампс довтлогчдыг нь зогсоохыг хичээнэ. Харин Руни францчуудыг сандаргаж, Лилиан Тюрам, Микаэль Сильвестре нарыг бужигнуулж байв. Крокстет дүүргийн Уэйн Руни гэх энэ залуугийн эсрэг францчууд юу ч бэлтгээгүй бололтой. Тэр ийм чухал тоглолтод оролцож байгаадаа огтхон ч сандарсан шинж алга. Вазза яг л Мерсисайдынхаа гудамжинд бөмбөг элдэж байгаа мэт чөлөөтэй, итгэлтэй харагдаж байсан. Бидний хувьд түүнийг ингэж тоглоход нь огт гайхахгүй. Харин Вазза тэр үдэш Англиас 20 нас ч хүрээгүй нэгэн залуу од төрөн гарлаа гэдгийг дэлхий дахинд харуулсан юм. Тэр өдрөөс хойш Уэйн Английн шигшээ багийн түлхүүр тоглогч болсон. Тэр шигшээ багийн цугларалтын үеэр зочид буудалд хүн бүртэй хөгжилдөж, наргиан наадам хийж явдаг. Би Газзаг мэдэхгүй ч түүний тухай уншиж, сонссон зүйл их. Түүнийг баг, хамт олныхоо урам зоригийг сэргээхдээ гаргуун гэдэг. Вазза яг л түүнтэй адил цаг ямагт инээмсэглэж, баясгалантай алхдаг залуу. Түүнтэй хамт байхад хэн ч уйдахгүй. Түүний насандаа баймгүй өөртөө итгэлтэй чанар “Солплэй”-д багийнхны гайхашралыг төрүүлж байсан. Тэр өөрийгөө багийн гол хүн, хэрэгтэй тоглогч гэдгийг хэдийнэ мэддэг болжээ.
Ихэнх хүн Майкл, Уэйн хоёрыг хамт тоглож чадна гэдэгт эргэлзэж байсан. Хэн хэн нь Алан Ширер шиг төвийн довтлогчоор тоглодог. Гэхдээ л тэд тун сайн хоршиж, урд шугамд зэгсэн хөл нийлдэг байсан. Майкл хамгаалагчидтай зэрэгцэн гүйж, тэднээс бөмбөгийг нь хулгайлан бөмбөг оруулах нь олонтаа. Тэгвэл Руни арай ард, хамгаалагч, хагас хамгаалагчдын дунд тоглон араас дамжуулах бөмбөгийг өөр дээрээ хамгийн түрүүнд авахыг эрмэлздэг. Дамжуулалт хүлээн авсны дараа тэр маш хурдтай гүйж, хамгаалагчдыг хууран гоол хийж чадна. Францын эсрэг хийсэн тоглолтод түүний олон довтолгооны нэг дээр Сильвестре Уэйнийг торгуулийн талбайдаа унагаж орхисон. Харамсалтай нь Бекс торгуулийн цохилтоо алдчихлаа. Гэхдээ бид хожил авна гэдэгтээ итгэлтэй байсан.
Хожил бидний талд байгаа гэдгийг ойлгосон Свен өөрийн залуу довтлогчийг дараагийн тоглолтод нөөж, Эмилийг талбайд гаргав. Манай хөгжөөн дэмжигчид хоолой нийлүүлэн дуулж, баяраа тэмдэглээд эхэлжээ. Халаасандаа гурван оноо хийсэн гэдэгтээ итгэлтэй байсан бид цаг дуусахыг л хүлээнэ. Үнэхээр хожил бидний талд ирсэн гэж үү? Энэ тухай эргэн санах бүрт “Эстадио да Луш”-т хийсэн тоглолтын төгсгөлийн мөчүүд аймшигтай санагддаг. Эмиль өөрийнхөө 16 метрийн талбайн гадна талд Клод Макелеле дээр алдаа гарган Зидан чөлөөт цохилтоор гоол орууллаа. Бүхэл тоглолтын турш тэргүүлэгч яваад эцсийн мөчид ийнхүү тэнцээний гоол алдсан нь биднийг цочирдуулсан. Гартаа байсан ялалтыг тавиад туучихсандаа тоглогч бүр дурамжхан толгой гудайн алхаж байлаа. Одоо бидний хувьд дахин ийм алдаа гаргалгүй байж, оноогүй хоцрохоос сэрэмжлэх хэрэгтэй. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт би мөн л өөрийн 16 метрийн талбайн ойролцоо дамжуулалт хүлээн авав. Энэ үед аль болох цагаа хурдан дуусгаж, тоглолтын үр дүнг хадгалахыг хичээн зөнгөөрөө Жамо руу дамжуулалт өгчихлөө. Гэтэл манай төвийн хамгаалагчдын дундаас Тьерри Анри сугаран гарч гүйж байгаа харагдав. Би үлэмж биет Солтой зэрэгцэж явсан учир түүнийг хараагүй юм. Түүнийг хаалгачийн эсрэг гарч гүйхэд нь Францын довтлогчдын нэг гэдгийг мэдсэнээс хэн гэдгийг нь анзаарах сөхөө байгаагүй. Тэр үед Жамогийн өөдөөс гүйж байгаа тэр тоглогч Анри л биш байгаасай гэж бодож байлаа. Тэр бол жинхэнэ сүйтгэгч билээ. Жамо Анригийн өөдөөс гүйн бөмбөгийг аюулгүй болгохыг хичээсэн ч алдаа гаргаж орхив. Торгуулийн цохилтыг Зидан оновчтой гүйцэтгэлээ. 1:0-ээр тэргүүлж байсан бид хоёрхон минутын дотор давамгайллаа алдах нь тэр. Энэ хэдэн хором ёстой л хар дарсан зүүд шиг байсан.
Яг энэ мөчид би ганцаараа байхыг маш их хүсч байлаа. Багийнхнаа, хөгжөөн дэмжигчдийг харахад хүнд байсан учир хувцас солих өрөө рүү яарав. Ингэж явахад Францын зарим тоглогч намайг зогсоон баярласан өнгөөр “Тайвшир даа, залуу минь” хэмээнэ. Би тэднээс аль болох хурдан салахыг хичээн гар бариад л өнгөрөөд байв. Тоглолтын дараа өөрийн хамгийн хийх дуртай зүйл болох тоглолтын хувцсаа ч солилцсонгүй. Эсрэг багтаа ялалт бэлэглэсэндээ ичин нүүр маань халуу дүүгнэ. Багийнхаа оноог хадгалах гэж нэг их ухаантай хүн болж хойш нь дамжуулалт өгөөд бүхнийг сүйтгэчихлээ. Хувцас солих өрөөнд толгой гудайн суух над дээр Майкл, Бекс нар ирж “Бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн учир санаа зовох хэрэггүй ээ. Бүгдийг мартаад дараагийн тоглолтоо бод” хэмээн тайтгаруулахыг хичээнэ. Сонсоход ямар таатай үгс вэ. Багийнхан маань надад ингэж хандаж байгаад би маш их баярласан. Гэвч сүүлчийн мөчид багаа хөөдсөн болохоор энэ алдаагаа мартах тун хүнд билээ.
Хонгилд Францын шигшээгийнхэн баяраа тэмдэглэж буй нь бидэнд тод сонсогдоно. Тэд ялалтаа зарлан тунхаглаж, чангаар дуулж байлаа. Свен тэдний энэ байдлыг бидэнд мэдрүүлэх гэсэн бололтой хаалгыг онгорхой орхижээ. Тоглогчдын нэг нь “Та нар тэгж л бай. Бид ямар баг гэдгээ үзүүлээд өгнө өө” гэх нь сонсогдов. Францчуудын энэ баяр хөөр манай багийнхныг улам хурцалж, дараагийн тоглолтод гарах эрчийг нэмж өгсөн.
Бусад тоглогч хувцсаа өмсөөд гарахад хэдийнэ бэлэн болсон байхад би шүршүүрт зогссон хэвээр үлдэв. Хийсэн гэмээ, уйтгар гунигаа тэрхүү шүршүүрт урсган хаяхыг хүсч байсан юм. Би яагаад Анриг хараагүй юм бол оо? Тэр тоглолтод гайтай тэр дамжуулалтаас бусдаар бол би дажгүй тоглосон. Гэхдээ л эцсийн үр дүнд нөлөөлсөн ноцтой алдаа гаргасан болохоор 90 минутын турш хэрхэн тоглосныг минь бус, хаалгач руу өгөхийг оролдсон тэр дамжуулалтыг л хүмүүс эн тэргүүнд санах болно. Струан болон аав утасдаж “Бэрхшээлийн өмнө бүү сөхрөөрэй. Толгой дээгүүр байж, ээлжит тулаандаа бэлтгэ” хэмээн зөвлөв. Би хүмүүсээс зугтахыг хүсч байсан ч утсаа унтрааж төвдөөгүй юм.
Дараа өдрийн сонингуудад миний хувьд уншихад тийм ч таатай зүйл гарахгүй нь тодорхой. Үүнийг ойшоолгүй зургадугаар сарын 17-нд Коимбрад Швейцарийн эсрэг хийх дараагийн тоглолтод алдаагаа залруулахыг л хичээе.
Тэрхүү тоглолтын өмнөх орой Стив Макларен хагас хамгаалагчдыг дуудан уулзлаа. Тэр Лампс, Бекс, Скоулзи бид дөрөвт хандан “Францын эсрэг хийсэн тоглолтын үр дүнгийн талаар одоо толгойноосоо авч хаях хэрэгтэй. Учир нь маргааш бид илүү чухал тоглолтыг хийх болно” хэмээв. Бид бэлтгэл дээр хоёр хувилбараар сургуулилт хийсэн. Төвийн хамгаалагчид нэг нэгээрээ хамгаалалт, довтолгоог дэмжих үүрэгтэй, мөн бүгд нэг шугамд зогссон гэсэн хоёр хувилбарыг давтлаа. Стив эдгээрийн алийг нь тоглолтод хэрэглэвэл зүйтэй талаар биднээс асуухад Швейцарийн шигшээгийн Хакан Якин хамгаалагчдад нэлээн дарамт учруулах магадлалтай учир эхнийхийг сонгоё хэмээн зөвлөлдөв. Хэрэв бид “очир алмасан байрлал” гэгддэг энэ хувилбараар тоглох аваас хамгаалах чиглэлийн үүрэгтэй хагас хамгаалагч Якинийг барих хэрэгтэй болно. Би “Миний хувьд хагас хамгаалагчид нэг шугамд тоглосон нь дээр гэж бодож байна” гэв. Миний энэ саналыг Лампс, Бекс нар дэмжлээ. Бид бүгд клубтээ энэ хувилбараар тоглодог учир харилцан ойлголцоход ч амар байх билээ. Харин зүүн жигүүрт цөлөгдсөндөө сэтгэл дундуур байсан Скоулзид “очир алмас” арай дээр байж болох юм. Гэвч тэр бусдынхаа жишгийг дагалаа. Ийнхүү бидний уулзалт тун найрсаг, халуун дулаан уур амьсгалтай болж өнгөрлөө. Стив бидний саналыг Свенд танилцуулж, дэмжүүлэх талаар ярилцана хэмээн амлав.
Жон Терри гэмтлээс эргэн ирж, Ледли Кингийн байранд тоглох болсноор Свений итгэл, найдлага улам бүр нэмэгджээ. “Спэрс”-ийн төвийн хагас хамгаалагч Францын эсрэг тоглолтод тийм ч муугүй байсан ч Жей.Ти бол хэнээр ч орлуулшгүй дайчин тоглогч билээ. Ингээд тэр Европын АШТ-ий тулаанаа эхлэхээр болов. Харин би дараагийн тоглолтод гарна гэдэгтээ эргэлзэж байсан. Энэ тухай хэн ч мэдээгүй. Францын эсрэг тоглолтод хөл маань цэврүүтчихсэн ба би өөрөө түүнийг хагалж орхисон. Гэтэл цэврүүний бүх шүүс нь гарсан ч эдгэсэнгүй. Шархны орчмоор чимчигнэн өвдөж, тоглох байтугай алхахад ч хүнд боллоо. Эмч тоглолтын үеэр мэдээ алдуулах тариа хийж болно гэв. Талбайд гарахын төлөө би юу ч хийхэд бэлэн. Францын шигшээд хожигдон хүнд байдалд орсны дараа шигшээ багийнхнаа орхино гэдэг санаанд багтахгүй зүйл юм.
Тоглолтын өмнө Свен бидэнд хандаж “Та бүхэн Францын шигшээ багийн эсрэг 89 минут яаж тоглосон, яг түүнийгээ л энд гаргах хэрэгтэй” хэмээв. Уэйн Свений хэлснээр тун дайчин тоглосон. Францын эсрэг хийсэн тоглолтын дараачаас түүний өөртөө итгэх итгэл нь улам бүр нэмэгдсэн. Вазза 23 дахь минутад л Швейцарийн хамгаалалтыг сэт цохиж, эхний гоолыг оруулав. Тэр өдөр маш халуун байсан бөгөөд Уэйн үүнийг тэвчин тийм их хүч гаргаж, хурдлан гүйж байсан нь намайг гайхашруулсан. Миний хувьд энэ их халууныг тэвчиж гарах хүнд санагдаж байв. Сүүдэр газартаа л 48 хэм хүрч байсан тэр өдөр гүйх байтугай амьсгалахад ч хэцүү байсан юм. Тоглолт эхлээд дөнгөж арван минут өнгөрч байхад л “90 минутыг яаж барна аа” хэмээх бодол төрсөн. Толгой дүйрч, зүрхний цохилт түргэсэн хөлийн алхаа улам бүр удааширсаар байв. Би “Бөмбөгөө сайн барьж тоглоно шүү” хэмээн багийнхан руугаа хашгирч явлаа. Манайхан ч өрсөлдөгч багийнханд ямар ч боломж олголгүй, сүүдэртэйгээ л “хөөцөлдөн” байсан. Бөмбөг талбайгаас гарах, алдаа гарах зэргээр тоглолт өчүүхэн ч болов завсарлах болгонд сэлгээний тоглогчидтой хамт суух штабынхан бидэн рүү савтай ус шидлэн өгч байлаа. Эхний хагас өндөрлөн хувцас солих өрөөнд очиход мөс хийж дүүргэсэн онгоц байв. Шигшээгийн фитнессийн эмч Гари Левин “Энд орсноор та нарын булчин сэргэнэ” хэмээхэд нь би хамгийн түрүүнд хувцсаа тайлан ванн руу үсрэн орлоо.
Ийнхүү дахин тоглох эрч хүч олж авсан бид завсарлагааны дараа толгой дээгүүр талбайд гарлаа. Хоёрдугаар үед Уэйн дахин нэг бөмбөг нэмж хийв. Гэвч дахиад л халуун нар биднийг туйлдуулж эхэллээ. Свен Скоулзиг дуудан суулгаж, Оуэн Харгривзийг талбайд гаргаад намайг зүүн жигүүр лүү шилжүүлэв. Тоглолт өндөрлөхөд найман минут үлдээд байх үед би Швейцарийн баруун жигүүрийн довтолгоог таслаад тэр чигтээ бөмбөгийг туун 16 метрийн талбайд нь орж хаалга руу цохилоо. Гурван гоол, гурван оноо. Францын эсрэг хийсэн тоглолтод уучилшгүй алдаа гаргасан миний хувьд энэхүү ялалт тун чухал байлаа.
Ялалт бидний гарт нэгэнт орсон энэ үед Швейцарийн шигшээгийн довтлогч Александр Фрай тун ичгүүртэй авирласан. Талбайн буланд бөмбөгний төлөө тэмцэж байгаад тэр өшиглөн нүүрний шугамаар гаргачихав. Тэр булангийн цохилт болоогүй хэмээн маргаж байснаа над руу нулимчихаад цааш эргэлээ. Гэхдээ тэр намайг оносонгүй. Түүний энэ үйлдлийг тэвчихэд бэрх ч би булангийн цохилтод анхаарлаа хандуулаад Фрайг зөнд нь орхисон. Фрайгийн над руу нулимсан нь телевизийн дуранд өртчихжээ.
Тоглолтын дараа хувцсаа сольж байтал Хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч над дээр хүрч ирэн “Фрайгийн чам руу нулимж байгаа бичлэгийг олж авлаа. Чи энэ талаар юу хэлэх вэ?” хэмээн асуув. Би “Юу ч ярих вэ дээ. Болж өнгөрснийг мартсан нь дээр байх” гэж хариулсан. Гэтэл маргааш нь UEFA-гийн тэмцээн зохион байгуулагчид дахиад л энэ тухай магадлахаар ирлээ. Тэд “Фрай чам руу нулимсан уу?” гэхэд би “Тийм” хэмээн хариуллаа. Хэдийгээр талбай дээр болсон тэр явдал тэндээ үлдэг гэж бодсон ч үгүй гэж худлаа хэлэх надад хэцүү байсан. Ингээд Фрай зохисгүй авир гаргасныхаа төлөө ямар нэг шийтгэл хүлээх нь тодорхой боллоо. Ямарваа хүн рүү нулимах нь дээд зэргийн доромжлол билээ. Миний хувьд мөргөх, цохих зэрэг нь нулимахаас хамаагүй дээр гэж боддог.
Ийнхүү өөрсдийн хэмнэлээ олж авсан бид зургадугаар сарын 21-нд хорватуудад ямар ч боломж олгоогүй. Английн шинэ супер баатар Вазза энэ тоглолтод дахин дубль хийж, бид 4:2-оор хожлоо. Францын шигшээгийн эсрэг хийсэн тоглолтын таагүй дурсамж мартагдаж эхэлсэн ч биднийг өөлж, муулах хүн мундахгүй олон байлаа. Энэ бүх шүүмжлэлийн эн тэргүүнд манай хамгаалагчид, тэгээд миний нэр дурдагдана. Ялангуяа хэсгийн сүүлчийн тоглолтын дараа энэ яриа хүчээ авсан. Хорватын эсрэг тулаанд хоёр баг нээлттэй тоглолт үзүүлж, үзэгчдийн хувьд тун таатай, уйдамгүй хоёр цаг өнгөрсөн. Харин хувцас солих өрөөнд очиход дасгалжуулалтын албаныхан дахиад олон гоол алдах магадлал байсныг өгүүлцгээн угтлаа. Макларен “Манайхан ямар ч үр ашиггүй их гүйж байна” гэв. Энэ бүхэн үнэхээр санаа зовох асуудал мөн. Хэрвээ довтолгооны төгсгөлөө хорватуудаас илүү гүйцэтгэдэг багтай тулсан бол бид гарцаагүй хожигдох байсан. Гэвч энэхүү шүүмжлэлийг шөвгийн наймд шалгарч чадсаны баяр хөөр дарсан юм. Дараагийн тоглолт хүртэл гурван хоногийн зай байна. Энэ бол хэсгийн гурван тоглолтын ачааллаас ангижирч, сэргэлт авахад хангалттай хугацаа.
Харамсалтай нь бидний хагас шигшээд хүрэх замд португалчууд хөндөлслөө. “Евро-2004”-ийг зохион байгуулагч орон, энэ тэмцээнд Английн шигшээгээс олон дэмжигчтэй цорын ганц баг, Криштиано Роналду, Луиш Фигу нарыг багтаасан Португалд бид хожигдчихов. Роналду бол бөмбөг эзэмших техник, хууралт хөдөлгөөний арга барилаар хэнийг ч дагуулахгүй авъяаслаг хөлбөмбөгч. Түүнийг бөмбөг авахаар ямар ч хамгаалагч эрхгүй зүрхшээнэ. Учир нь тэр гайхамшигтай хууралт, уран гоё хөдөлгөөнөө асар хурдтай гүйж явахдаа ч үзүүлдэг. Харин Фигу бол Роналдугаас эрс өөр тоглогч. Тэр удаан, гэхдээ маш ажигч гярхай тоглолттой. Талбайг бүхэлд нь харж хянадаг тэрбээр довтолгоо, хамгаалалтын аль алинд чухал үүрэгтэй. Би Фигугийн бөмбөгтэй харилцах чадвар, техник гээд бүгдийг мэддэг гэж бодож байсан авч ямар хүчтэй бие бялдартай болохыг нь анзаараагүй юм билээ. Түүнтэй халз тулан бөмбөгний төлөө тэмцэл өрнүүлж байгаа бичлэгийг хожим үзээд би өөрийгөө голсон. Фигуг салахгүй дагаж, хамгаалан тоглож байхдаа би түүнийг бие бялдрын өв тэгш хөгжилтэй болохыг нь мэдэрсэн. Түүнийг мөрлөж, түлхэж яаж ч байсан тэр улам л хөнгөн, жавхаалаг болох мэт санагдаж байлаа. Бас тэр маш тайван, хүлээцтэй нэгэн ажээ. Түүний эсрэг үзүүлсэн миний тоглолт Фигуг уурлуулж болох байлаа. Харин тэр маш тайван, тэрүүхэндээ оймс, шилбэний хамгаалалтаа засчихаад л цаашаа гүйгээд явчихна. Аугаа энэ тоглогчийн хүлээцтэй энэ чанарыг би биширч, хүндлэл маань улам нэмэгдсэн.
Талбайн эзэдтэй тоглоход бид Фигу, Роналду нарын зүгээс ирэх асар ширүүн довтолгоотой учирна гэдгээ мэдэж байсан. Хэрэв тэднийг барьж, зогсоож чадвал хариуд нь португалчуудыг хатгах хангалттай хүч бидэнд бий. Манайд Руни, Оуэн байна.
Хорватын эсрэг хийсэн тоглолтын дараа бидний хэсэг хүн Майклыг сэргээхийг оролдож байв. Учир нь тэр “Евро-2004” эхэлснээс хойш хараахан гоол хийж амжаагүй байсан юм. Хэрэв Майклын тоглолт нь орвол тэр гоолыг бөөн бөөнөөр нь хийх авъяастай. Хамгаалагчдын дундаас сугарсан байхад тэр бөмбөгийг хаалганд оруулж л довтолгоог дуусгах тоглогч. Бид энэ тэмцээнд түрүүлэхэд түүний оруулах гоол зайлшгүй хэрэгтэй билээ. Хэсгийн гурван тоглолтод гоол оруулж амжаагүйдээ сэтгэл дундуур байж магадгүй гэж бодсон ч тэр тийм байгаагүй. Майкл ер нь санаагаар унаж, сэтгэл нь тавгүйтэж байгаагүй байх аа. Учир нь тэр хэрэгтэй үедээ багтаа тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг юм. Тиймдээ ч Португалын эсрэг хийсэн тоглолт эхлээд гурван минут өнгөрч байхад л гоол оруулсан. Энэ нь түүнд, манай багийнханд асар их давуу байдлыг авчирсан юм. Майклын гоол оруулсны дараа бид шөвгийн дөрөвт шалгарна гэдэгтээ итгэлтэй болсон. Миний хувьд “ Одоо англичуудыг хэн ч зогсоож чадахгүй” хэмээн бодож байлаа. Аваргын цом, хүзүүндээ зүүх медалийг мөрөөдөж эхлээд байв.
Гэвч бүх юм санаснаар болсонгүй. Португалчуудад төвөг удаж, дарамт үзүүлж байсан Уэйн шилбэндээ гэмтэл авчихлаа. Түүнийг хазганан талбайгаас гарахыг нь хараад өөрийн мэдэлгүй “Чөтгөр аваг” хэмээн чангаар хараачихаж билээ. Уэйнийг алдана гэдэг тоглолтод маш их өөрчлөлт гарна гэсэн үг. Свен Уэйний байранд Дариус Васселийг оруулж байгаа харагдав. Дасгалжуулагчийн энэ шийдвэр намайг гайхашруулсан. Дариус бол яриангүй сайн довтлогч. Гэхдээ тэр Майклтай хоршино гэдэг бүтэшгүй юм. Майкл, Дариусын хэн хэн нь өрсөлдөгч багийн хамгаалалтын арын шугамтай зэрэгцэн явж, хурдаараа сугарч гаран довтолдог арга барилтай. “Байрлал нь давхацчихаар тэд яаж тоглоно доо. Одоо нэмж гоол оруулна гэдэг бүтэхгүй боллоо” гэсэн бодол төрөв. Свен Эмилийг л талбайд гаргах ёстой байсан юм. Тэгж байж довтолгооны шугам тэнцвэртэй, үр өгөөжтэй болох байв. Уэйнийг сэлгээнд суусны дараачаас португалчуудын довтолгоо эрчимжиж, хамгаалагчдад ирэх дарамт нэмэгдэв. Бидний хувьд бөмбөгийг талбайгаас гаргахаа л хичээж байлаа. Энэ үед хүн болгон л Эмилийг орж ирээсэй гэж хүсч байв. Хэрэв тэгвэл бид бөмбөгийг нүдээ аниад л урагш нь цөлөхөд тэр хичнээн л бол удаан өөртөө барьж, хүсээд байгаагаар цагийг явуулах болно. Магадгүй Свен түүнийг Францын эсрэг хийсэн тоглолтын төгсгөлд гаргасан алдаагаар нь дүгнээд сэлгээгээр оруулаагүй байх. Миний бодлоор Английн шигшээ баг Дариусаас илүү Эмильтэй байхдаа хүчтэй тоглолтыг үзүүлэх байсан.
Хором өнгөрөх тусам португалчууд улам итгэлтэй болж, тоглолт нь улам цэгцрэх аж. Эхэндээ Роналду довтолгооны гол хүч нь болж байв. Гэвч түүний дайралт бүрийг Эшли Коул амжилттай няцаана. “Манчестер Юнайтед”-”Арсенал”-ын өрсөлдөөн “Евро-2004”-ийн талбарт ч үргэлжилсээр. Бөмбөг эзэмших чадвараар онцгой Роналдугийн хувьд жин, чац ихтэй төвийн хамгаалагчдыг хуураад гарах амархан байх. Харин Эшли Коулыг давж хаалганд хүрнэ гэдэг түүний хувьд бүтэшгүй зүйл байлаа. Шигшээ багийнхан байрласан зочид буудалд Эшли зөвхөн өөрийнхөө клубийн тоглогчидтой л нийлж явдаг болохоор би түүнийг төдийлөн мэддэггүй. Харин тоглогчийн хувиар нь бол сайн хамгаалахын зэрэгцээ довтолгоонд дорвитой дэм үзүүлдэг, аль ч багт өөрийн орон зайгаа бий болгож чадах хүн гэдгийг мэднэ. Түүний байрлалыг Английн шигшээд лав булаацалдах хүн байхгүй. Тоглолтын явцад үе үе урагш цөмрөн орж хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг учир “оршуулгын газар”-т цөлөгдсөн Скоулзигийн үүрэх ачааг хагаслаж байв. Эшли Роналдуг нэг ч алхам урагш нь гишгүүлэхгүй нягт хамгаалсан. Магадгүй Роналду “Манчестер Юнайтед”-д тоглодог болохоор тэр ийм идэвхтэй тоглолт үзүүлсэн байх. “Арсенал”, “Юнайтед” бол эртнээс эрс ширүүн өрсөлдөж ирсэн өстөн дайснууд билээ. Тэр үдэш Эшли өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч гэдгээ нээн харуулж зарласан.
Португалчууд Эшлигийн талаар дайраад нэмэргүйг мэдээд өөр арга зам хайж эхлэв. Тэд төв болон зүүн жигүүрийн довтолгоог түлхүү хийх болж, би Фигу, Деку нарыг хамгаалах гэсээр маш хурдан ядарлаа. Тэднийг хөөж гүйсээр усан хулгана болтлоо хөлөрчээ. Хэт их ачаалал авснаас болоод шөрмөс татчих гээд байлаа. Хамаг булчин чангараад хөдлөхөд бэрх болов. Тэр үед миний бэлтгэлжилт, биеийн байдал тийм сайн байгаагүй гэдгийг би одоо ч хүлээн зөвшөөрнө. Хөлд үүссэн цэврүү бүрэн хүчээ дайчлахад саад болж байлаа. Тоглолтын үндсэн цаг дуусахад есөн минут дутуу байхад намайг Оуэн Харгривзээр солив. Үүнээс хоёрхон минутын дараа Элдер Поштига мөргөөд тоог тэнцүүлчихсэн. Гэхдээ бидэнд үндсэн цагт хожих боломж байсан. Манайх булангийн цохилт гүйцэтгэхэд Сол хамгаалагчдын дундаас цойлон үсэрч бөмбөгийг хаалганд мөргөн оруулсан. Сэлгээний сандалд сууж байсан тоглогчид “Гоол!” хэмээн хашгирч, хожлын баяраа тэмдэглэж байлаа. Гэтэл швейцар шүүгч Урс Мейер Жей.Тиг Португалын хаалгач Рикарду дээр алдаа гаргасан хэмээн үзэж, гоолыг тооцсонгүй.
Би ойролцоо байгаа телевизийн зураглаачид руу “Энэ гоол байсан биз дээ?” хэмээн хашгирахад тэд бичлэгээ нягтлаад “Тийм ээ, ямар ч алдаа гараагүй байна” гэж хариулав. Тэнд байсан ITV, BBC-гийн зураглаачдад дэлгэц байсан юм. Тэд Терри португал хаалгач Рикардуд саад болоогүйг баталсан. Гэтэл Мейер яагаад ийм шийдвэр гаргав аа? Манай багийнхан бүгдээрээ түүнийг зориудаар ингэж англичуудыг хөөдлөө гэж бодсон. Коллина нарын шилдэг шүүгчид энэ тоглолтыг дэнслэхээр талбайд гарсан бол үүнийг яавч алдаанд тооцохгүй. Сол үнэхээр азгүй юм. Тэр “Франц-98” ДАШТ-д мөн л иймэрхүү байдлаар нэг гоолоо тооцуулаагүй билээ. Английн шигшээ баг ч азгүй юм. Ингээд нэмэлт цагт тоглох нь тодорхой боллоо. Нэмэлт 30 минутад хоёр багаас Руй Кошта, Франк нар гоол хийв. Цаг дуусч, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар боллоо.
Сэлгээний сандлаас энэ бүхнийг харж суусан миний хувьд багаа хожно гэдэгт итгэлтэй байлаа. Жамо, Рикарду гэсэн хоёр хаалгачийг харьцуулан харахад бидэнд давуу тал байгаа мэт санагдана. Эхний цохилтыг Бекс гүйцэтгэхээр болов. “Гарцаагүй, тэр салхийг нь хагалах ёстой” гэж бодлоо. Түүний цохилтыг ямар ч хаалгач барихад хэцүү. Бэлтгэл дээр тэр үүнийгээ хангалттай нотлон харуулсан. Гэвч тэр яг цохихынхоо өмнө зүүн өвдгөөрөө нугаран тэнцвэр алдаж, бөмбөгийг хаалганаас хамаагүй холуур цөлчихөв. Тулгуур хөл зөв тавигдаж байж хүчээ бүрэн гарган чиглэлээ зөв тодорхойлох билээ. Чухал үед торгуулийн цохилт алдлаа гээд Бексийг зэмлэх нь буруу. Тэр зүгээр л гишгэгдэл алдсан. “Эстадио да Луш” цэнгэлдэх хүрээлэнгийн талбай нь дэндүү нойтон, чийгтэй тул торгуулийн цохилтын цэгийг нааш, цааш нь хөдөлгөчихсөн байхад ч гайхахааргүй байсан.
Хэдийгээр багийн ахлагч маань ийн эхний цохилтыг алдсан ч бидний найдвар тасраагүй хэвээр. Майкл, Франк, Жей.Ти, Харгривз амжилттай цохиж, харин португалчуудаас Руй Кошта бидэнд тус хүргэсэн. Жей.Тиг эргэж ирэхэд тэр “Би бөмбөгөө цөлчихсөн нь та нарын аз боллоо” хэмээж байв. Цаг өнгөрөх тусам дарамт улам нэмэгдэж байлаа.
Үндсэн таван цохилтод хоёр багийн оноо тэнцлээ. Одоо “сайн дурынхан” тоглолтын хувь заяаг шийдвэрлэх болов. Свен үлдсэн цохилтуудыг хэн хэн гүйцэтгэхийг хэдийнэ шийдчихжээ. Гэхдээ тэдний дунд ийм шийдвэрлэх цохилтыг хийхийг хүсээгүй хүн бас байв. Эшли тоог илүү гаргасан ч Поштига амжилттай цохиж 5:5 болголоо. Дарамт дааж тэсвэрлэхийн аргагүй нэмэгдсээр. Свен Дариусаас “Чи цохих уу?” хэмээн асуухад тэр татгалзав. Тэр торгуулийн цохилт гүйцэтгэхээс эмээж, өөртөө итгэх итгэл нь алга болсныг нүднээс нь харж болохоор байсан. Гэвч Свен дараагийн цохилтыг хийх хүнийг хайн эргэн тойрноо харж байснаа Дариус дээр тогтов. Өөр хүн үнэхээр байгаагүй гэж үү? Сол, Гари Невилл, Фил Невилл нарыг сонгож болох байсан ч тэр довтлогчийг илүүд үзсэн бололтой. Яагаад гэвэл тэд хаалганы торонд бөмбөгийг яаж хүргэхээ мэддэг. Үлдсэн тоглогчдоос ийм үүрэгтэй хүн ганц Дариус л байсан.
Бөмбөг рүү алхаж буй Васселийг харахад дэлхий дахины анхаарлыг зөвхөн өөр дээрээ авсан гэдэгтээ эмээж, сэтгэлийн их дарамт үүрч яваа нь илт. Түүнийг бөмбөгөө алдаад цохичиход гайхах зүйлгүй байсан. Тэр сэтгэл зүйгээрээ хэдийнэ Рикардуд ялагдчихсан байлаа. Найдах ганц зүйл нь бие бялдрын бэлтгэлжилт. Харамсалтай нь тэр португал хаалгачийг давж чадсангүй. Одоо ингээд талбайн эзэд давуу байдалтай боллоо. Тэдний хувьд ч гэсэн торгуулийн цохилтыг найдвартай гүйцэтгэчих хүнгүй болжээ. Гэхдээ хэн ч Рикардугаа илгээнэ гэж санах билээ. Ийм эрт хаалгачаа гаргалаа гэж үү? Би өөрийн мэдэлгүй “Тэд яаж байгаа нь энэ вэ? Галзуурсан юм биш байгаа” хэмээн дуу алдсан. Португалын хаалгач Жамогийн эсрэг торгуулийн цохилт гүйцэтгэх нь “Евро-2004”-ийг зохион байгуулагч орны багт ашигтай гэж үү? Рикарду цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийг уриалан уухайлаад бөмбөг рүү гүйн очиж хүчтэй цохив. Жамо тааж үсэрсэн ч бөмбөгт хүрсэнгүй. Маш гайхалтай цохилт боллоо.
Яг энэ мөчид би Дариусыг тайвшруулахаар бослоо. Цуврал торгуулийн цохилтоос ямагт ямар нэг золиосны хүн гардаг. Гэхдээ Англи “Евро-2004”-өөс хасагдсаны бурууг Дариус үүрэх ёсгүй юм. Би түүн дээр гүйн очоод “Дариус, энэ хожигдолд чи ямар ч буруугүй шүү. Бид 90 минут болон нэмэлт цагт хожил авч чадаагүйгээс хойш” хэмээв. Бидний хэн нь ч Дариус руу хуруугаа чичлэн дайраагүй. Хэрэв Мейер эзэн орны хөгжөөн дэмжигчдээс эмээсэндээ бидний нэг гоолыг булаагаагүй бол Английн шигшээ баг хагас шигшээд үлдэх байлаа. Бидний ялагдалд Дариус, Бексийн хэн нь ч биш, харин Мейер л буруутай. Таамаглаж байсанчлан хэвлэлийнхэн Бексийг тайван байлгасангүй. Мөн тэд Свенээс “Английн шигшээ баг яагаад торгуулийн цохилтын бэлтгэл хийгээгүй юм бэ?” хэмээн асууж байлаа. Гэхдээ бидний хэн нь ч ийм бэлтгэл хийгээгүйгээс болоод хожигдсон гэж бодоогүй. Ямар ч үзэгчгүй бэлтгэлийн талбайд хэн ч арван цохилтоо бүгдийг нь хаалганд оруулж чадна. Харин хэдэн арван мянган хөгжөөн дэмжигч цугласан цэнгэлдэх хүрээлэнд бөмбөгөө өшиглөхөөс өмнө торгуулийн цохилтын цэг рүү алхахад юу эс бодогддог билээ. Тэр үед хаалгач илүү том болоод, хажуугаар нь бөмбөг гарах зайгүй мэт санагддаг.
Ийнхүү Английн шигшээ баг “Евро-2004”-өөс хасагдлаа. Бид, би хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугаллаа. Тэд Португалд очихдоо шигшээ багаа шөвгийн наймаар тогтохгүй хол явна гэж итгэж байсан нь лавтай. Зохих хэмжээндээ хүрч тоглоогүйдээ хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсье. Энэхүү ялагдлын дараа шигшээ багийн бүх тоглогч туйлдаж ядарснаа гэнэт мэдсэн. Хатуу хүнд улирлын ачааллаас сэргэж амжаагүй бидэнд дээд зэргээрээ тоглох хэцүү байсан. Зарим нэг тоглогч тун сайн байсныг мартаж болохгүй.
Англид буцаж очсоны дараа Скоулзи шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгдэв. Гэхдээ энэ нь миний хувьд цочир сонин мэдээ байгаагүй. “Евро-2004”-т Фрэнк гайгүй тоглож, шигшээ багт өөрийн орон зайгаа дархалсан учир Скоулзигийн талбайд гарах хугацаа үлэмж багассан юм. Мэдээж тэр надтай өрсөлдөж, байрлалыг булаацалдан мөчөөрхөх хэмжээнд тоглохоо больсон байлаа. “Евро-2004”-ийн үеэр би Скоулзигийн шигшээ багтаа гүйцэтгэж байгаа үүрэгтээ дурамжхан байгааг анзаарсан. Тэр төвийн хагас хамгаалагчаар тоглож, бөмбөгийг бусдаас илүү их эзэмшин тоглолтын гол дүр байхыг хүссэн байх. Харин зүүн жигүүрт томилогдсоныхоо дараа тэр “Юнайтед”-ын төлөө бүх анхаарлаа хандуулъя гэж шийдсэн болов уу. Мөн нас нь ч 30 хүрсэн тул гэр бүлийнхэнтэйгээ арай илүү цагийг өнгөрөөхийг хүссэн биз ээ. Түүнийг гэрийнхэнтэйгээ хамт байхыг нь харахад Скоулзи эхнэр, хүүхдэдээ ямар их хайртайг нь мэдэрч болно. Тэр шигшээ багт дуудагдан хэдэн долоо хоногоор зочид буудалд байрлахаас хүүхдүүдээ эрхлүүлэн буйдан дээр тоглохыг илүүд үзжээ. Скоулзи Английн шигшээ багийн төлөө хийх ёстой зүйлээ биелүүлж, олны хайр хүндлэлийг хүлээсэн шилдэг тоглогч. Хөл нийлүүлэн хамт тоглож явсан хөлбөмбөгчдөөс маань хамгийн шилдгүүдийн нэг нь яах аргагүй Пол Скоулз. Тэр хүчтэй, мөн маш оновчтой цохиж, ухаалаг тоглолтыг үзүүлдэг. Скоулзи бол талбай дээр чимээгүй тэнүүчлэх хөлсний алуурчин. Зөвхөн хүчтэй цохиод зогсохгүй, тас няс хийсэн ширүүн хамгаалалтаараа тэр онцгойрдог. Шигшээ багт түүний орон зай надад мөн ч их үгүйлэгдэнэ дээ. Гэхдээ ирээдүйгээ бодож ийм шийдвэр гаргасан нь зөвхөн тэр биш байсан.




goe yumaa haraal idsen teneg emilie vassel
uu neeree 1st shuu
ih haramsaltai toglolt bolson. togloltiin ehend owenii hiisen goal uneheer saihan dahin dahin uzeed baimarr goal bsn. bi ene goal.g hezee ch martahgui. haramsaltai n ter odor angliin shigshee bagiig hol bombgiin burhan tenger taalsangui ee. gehdee uzuushtei setgel hodolmoor saihan toglolt bolson
Uneheer aimaar goe toglolt bolj altan goal mongon goal bugd orj torguuliar haramsaltai yalagdsan herev hesgeesee 1r gartsan bol. Ene europiin avargad heskey vassel jerrard 3 estoi minii uuriig barj duussan daa. eR NI TEGEED BOLOHGUI YUM BOLDGUI L YUM BLEE DE
Тиймээ энэ тоглолтуудыг бүгдийг нь үзсэн юм байна. Үнэхээр сайхан тоглолтууд болсондоо. Хожигддог тоглолт дээр ямар их уур минь хүрч байсныг санаж байна.