Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Үндэсний бөх » Ч.САНЖААДАМБА Монгол Туургатны Наадмын босоо аварга нь

GD Star Rating
loading...

Монгол туургатны үндэсний бөхийн хоёрдугаар наадам наймдугаар сарын 4-7-нд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шилийн хотноо болж өндөрлөлөө. Наадмын үйл ажиллагаа болсон Шар тал нь хотын төвөөсөө 20 орчим км-ийн зайтай юм. Урьд нь энэ хөндийд шар өнгийн цэцэг битүү алагладаг байсан тул ийм нэртэй болсон аж. Энэ үеэр Шилийн гол аймгийн наадам мөн боллоо. Яг л манай сумын наадам шиг задгай талбайд бөхчүүд нь барилдаж, хажуугаар нь хоол хүнс, элдэв янзын бараа зараад л жижгэвтэр зах энд тэнд ажиллана. Хятадууд нь наадмаа төдийлөн хайхрахгүй юм. Харин өвөр монголчууд гурван өдрийн турш Шар талд битүү цуглаж, Монгол туургатны наадмыг шимтэн сонирхсон юм.
Энэ өдрүүдэд Шилийн голын наадмаас гадна хурдан морины уралдаан, сур харваа, шатрын тэмцээн зохиогдсон. Гэхдээ энэ дундаас мэдээж газар газрын хүчит бөхчүүд зодоглосон Монгол туургатны үндэсний бөхийн барилдаан олны анхаарлын төвд байв. Наадамд зодоглох 128 бөхийн тал нь Өвөр Монголын бөхчүүд, 40 нь Монголын хүчтэнүүд байсан. Тиймээс нэгийн даваанаас эхлээд л Ар, Өвөр Монголын бөхчүүд хоорондоо таарч барилдав. Манай бөхчүүд хоорондоо л таарчихгүй бол унана гэж бараг үгүй. Гагцхүү Өвөр Монголын Жавхлан манай аймгийн заан Б.Амарбаясгаланг нэгийн даваанд шороодуулсан нь томхон амжилт байсан. Харин энэ даваанд манай шилдэг хоёр залуу хүчтэн Ч.Санжаадамба, Т.Санчир нар хоорондоо таарсан нь хамгийн хатуу сугалаа байлаа. Гурвын даваа өндөрлөхөд манай 15 бөхөөс гадна Өвөр Монголын Төмөр аварга ганцаараа торойн үлдсэн. Төмөр аварга 1-3-ын даваанд дандаа нутгийн бөхчүүдтэйгээ таарсаар ийн дээр гарч ирсэн хэрэг. Гэхдээ энэ бөх нас 40 хэвийсэн хэрнээ харих болоогүй байгаагаа харуулж, нутгийн залуу хүчтэнүүдээ шороодуулсан юм. Харин дөрвийн даваанд отгон арслан Д.Ганхуяг түүнийг хаяснаар энэ наадамд дандаа монголчууд тунан үлдлээ.

Өвөр монголчуудын хувьд манай Д.Ганхуяг, Ө.Даваабаатар, Ч.Санжаадамба нарт илүүтэй анхаарал хандуулж байсан. Ганхуяг арслан сүүлийн хоёр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, энд ирсэн монгол бөхчүүдийн хамгийн том цолтой нь гэдгээрээ анхаарал татаж байсан бол Даваабаатарын уран, хурц барилдаан өвөр монголчуудын санаанд гойд нийцэж байлаа. Харин өмнөх Монгол туургатны барилдаанд түрүүлсэн Санжаадамбыг энэ удаа хэрхэн барилдах бол хэмээн харуулдаж суусан. Санжаадамба ч хэзээний том цолтой бөх шиг итгэлтэй, дайчин барилдаж, учраа бүрээ түвэггүй шороодуулсаар хоёр наадмын түрүүг дараалан хүртсэн юм. Тэрбээр шөвгийн дөрөвт хүчтэй арслан Д.Ганхуягийг хавираад давсан бол үзүүр түрүүнд өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг бярдаж мушгин шороодуулсан. Санжаадамба энэ янзаараа улсын наадамд барилдвал ямар ч цолд хүрч мэдэхээр санагдаж байв.
Харцага Ө.Даваабаатарын хувьд барилдаан бүрт учраа бөхөө уран мэхээр өвдөг шороодуулж, шөвгийн наймд шалгарсан ч Санжаадамбатай барилдахдаа хэтэрхий яарч, өөрийн хийсэн мэхэндээ уначихаж байгаа харагдсан.

Энэ удаагийн наадмын бас нэг онцлох бөх нь аймгийн харцага Э.Баасандорж байлаа. Завхан аймгийн харьяат Баасандорж харцага Б.Батгэрэл, И.Ёндонсамбуу, Ө.Бат-Орших зэрэг чанга учраануудыг дараалан давж, шөвгийн дөрөвт шалгарсан. Тавын даваанд түүнтэй таарсан шинэ харцага Ө.Бат-Орших учраагаа амархан хаяна гэж бодсон бололтой хамаагүй хөөж яваад дагуулж шидүүлэн өвдөг шороодсон юм. Тэгвэл өвөр монголчуудын хамгийн их найдвар тавьж байсан Баярбаатар аварга нь хоёрын даваанд манай Ц.Сумъяабэйсийг барсангүй. Бэйс начин хэдхэн хоногийн өмнө өвөр монгол бөхөөр түүнд унаад байсан бол энэ удаа үндэснийхээ бөхөөр даагаа нэхэж чадлаа.
Наадмын бай шагнал өмнө нь Монголд болсон анхдугаар наадмынхаас яльгүй өндөр байсан. Тухайлбал түрүүлсэн Ч.Санжаадамба 100 мянган юань (21 орчим сая төгрөг), үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр 50 мянгыг хүртсэн бол шөвгийн дөрөвт 20, шөвгийн наймд үлдсэн нь 10 мянгын бай гардсан юм. Түүнчлэн гурав давсан бөх таван мянга, хоёр давбал хоёр мянган юанийн шагналтай байлаа. Мөн морь, сур, шатрын тэмцээн ч ялгаагүй жирийн тэмцээнүүдээс хавьгүй өндөр шагналтай байсан юм.

ӨвӨр Монголын бӨхийн тухай

Манайхан өвөр монгол бөхийг шалбуур барилдаан гэж ярьдаг. Гэвч энэ нь яг тэдний үндэсний бөх нь биш юм байна. Бидний өмнө нь харж байсан зузаан хар өмсгөлтэй, сагсалзсан эрээн даавуу унжуулсан өвөр монгол бөх нь араатны хаан арсланг бэлгэддэг аж. Одоогоор цол, барилдааны дүрэм нь бүрэн боловсронгуй болоогүй гэх ба ӨМӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойгоор л ганц удаа улсын хэмжээний наадам хийж, бөхчүүддээ цол өгсөн гэнэ. Үүнээс хойш аймаг, хошуу, томхон найр наадмын барилдаанд хэрхэн хүч үзсэнээр нь цол өгөх болжээ. Тухайлбал 1024 бөхийн барилдаанд нэг, 512 бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж байж аварга болно. Мөн 256 бөх барилдахад 4-5, 128 бөх барилдахад 8-10 удаа түрүүлж байж аварга болдог юм байна. Түүнээс гадна Дундад улсын бөх буюу хятад бөхөөрөө УАШТ зохиох ба жин жинд түрүүлсэн бөхчүүдээ мөн аварга гэж зарлах юм. Наадмын үеэр тайлбарлагч нь бөхийн нэгэн шинэ үе гарч ирж байгаа хэмээн ярьж байсан. Одоогоор Өвөр Монголдоо хамгийн алдартай бөх нь Зүүн Үзэмчиний Баярбаатар аварга. Нэлээд нуруулаг, илүү дутуу махгүй шөрмөслөг энэ бөх өдгөө 31 настай гэсэн. Сая Шилийн гол аймгийн наадамд торолгүй түрүүлж байна лээ. Бэлтгэл бараг хийдэггүй, наадам таарвал ирж барилдан түрүүлчихээд явчихдаг хэнэггүй эр гэнэ. Өмнө нь Өвөр Монгол бөхөөр хэд хэдэн удаа барилдаж байсан Т.Өсөх-Ирээдүй начинтай ярилцаж байхад “Би Өвөр Монголын ихэнх аваргуудыг нь хаяж үзсэн. Харин Баярбаатарт л дөрвөн удаа уначихаад байгаа юм. Барьц өгдөггүй, бяртай сайн бөх” хэмээн магтаж байв.
Баярбаатар аварга ирэх есдүгээр сард манайд ирж, монгол үндэсний бөхөөр бэлтгэл хийх аж.
Манайхан өвөр монгол бөхийн дэвээ, шавааг хараад шоолох нь их. Харин яг дэргэд нь очоод харахад бөхчүүдийн дэвж байгаа нь сүрлэг сайхан харагддаг юм байна. Мөн манайхан шиг барьц сонгохыг хүлээгээд тулаад зогсохгүй, хурдан шуурхай барилдана. Хоёр бөх гарч ирээд тоос манаруулаад л явчих юм. Ийм барилдаан үзсэн наадамчин олон ч сэтгэл хангалуун үлдэх нь тодорхой. Наадам үзэж суусан өвөр монголчууд “Танай бөхчүүд хэтэрхий удаан, уйтгартай барилдах юм” хэмээн ярьж байсан нь оргүй зүйл биш билээ. Харин Ө.Даваабаатар, Ч.Санжаадамба зэрэг манай залуу хүчтэнүүд ёстой л уран мэхийг уралдуулан барилдаж, Монгол үндэсний бөхийн гайхамшгийг мэдрүүлж байсан нь сайшаалтай.
Ийнхүү Монгол туургатны хоёрдугаар наадам Өвөр Монголын Шилийн хотноо гурван өдрийн турш сайхан болж өндөрлөлөө. Дараа, дараагийн наадам илүү чанаржиж, илүү өргөн хүрээг хамрах биз ээ. Тэр болтол хоног тоолон хүлээж сууя даа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    manaihan iim ondor shagnal ogch bval barildah humus ih bolnodoo

    GD Star Rating
    loading...
  2. golden son says:

    uneheer bosoo ni chi yumaa sanjaadambaa sn shuu ar mongoliihoo devjeen deer urgeljluuleerei

    GD Star Rating
    loading...
  3. ebe says:

    ene hoer buh sain buhchuud shu amjilt husii daraa jiliin naadmaar sain barildaarai

    GD Star Rating
    loading...
  4. sb says:

    nachin erhembayrt daanch ih itgel naidvar huleelgeh ymdaa daanch az od ni 7sard l guihgui ymaaa

    GD Star Rating
    loading...
  5. attilla says:

    Sanjaa ah maani sain barildajee daanch naadmaar jaahan tiimerhuu bgaad bh yum tanid itgedeg shuu

    GD Star Rating
    loading...
  6. 23 says:

    Sanjaadamba, Davaabaatar nar ene uyiin zaluusiin ungu ni bolj bna daa. Tsaashid sain barildah baih. Mun Soronzonbold nar… Bugded ni amjilt husye.

    GD Star Rating
    loading...
  7. Ganaa says:

    Davaabaatar sain shuu sain amjilt. Sanjaadamba bas odtoy bn shuu. gehdee sain buhuu heleh yum alga

    GD Star Rating
    loading...
  8. oyuka says:

    sanjaadamba vneer sain yuma. naadmaar bosoo bj sanasandaa hvreerei. dawaa ch gsn lag yumaaa amjilt hvsie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: