loading...
Дөрөв дэх өдөр жад шидэлтийн шигшээ уралдаан боллоо. Германы Штеффи Нериус өөрийн нутаг дээр болж буй тэмцээнээс алтан медалийг хүртсэн юм. Тэр эхний шидэлтээрээ л 67.30 метр шидэж аваргалсан.
Өмнөх өдрийн урьдчилсан шатанд Оросын Мария Абакумова 68.92 шидэж урьдчилсан шатны рекордыг эвдсэн ч яг хэрэгтэй үедээ, финал дээр 66.06 метр шидэж хүрэл медалийг хүртлээ. Олимп, дэлхийн аварга Барбора Спотакова 66.42 метр шидэж мөнгөн медалийг хүртсэн.
АНУ-ын 400 метрийн зайн гүйгч Саня Ричардс 49.00 секундын амжилтаар томоохон тэмцээнд анх удаагаа түрүүллээ.Тэр зөв тактик сонгосны ачаар түрүүлсэн.
Ямайкын Шерика Уилльямс өөрийн хувийн дээд амжилтаа үзүүлэн 49.32 секундэд гүйснээр мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын Антонина Кривошапка хүрэл медалийн болзол хангажээ.
Керрон Клемент өөрийн 400 метрийн халхалттай гүйлтийн аварга цолоо хамгааллаа. Тэр 47.91 секундыг зарцуулсан юм. Хуучны аварга Феликс Санчезыг Керрон эхний саад дээр л гүйцэж, бас нэг хуучны аварга Бершон Жексонг замын хагаст гүйцсэн юм. Мөнгөн медалийг Пуэрто Рикогийн Хавьер Кулсон, хүрэл медалийг Тринидад ба Табогогийн Гордон нар хүртжээ.
3000 метрийн саадтай гүйлтийн төрөл Кеничүүдийнх боллоо. Олимпийн аварга, дэлхийн аваргын гурван мөнгөн медальтай Эзикиел Кембой 8:00.43 амжилтыг үзүүлэн тэмцээний рекордыг эвдэж дэлхийн аварга боллоо. Сүүлчийн тойрог дээр түүний гол өрсөлдөгч, олимп, дэлхийн аварга Бримин Кипруто эрс “сууж” бүр медаль ч үгүй хоцорсон. Бас нэгэн кени залуу Ричард Матеелонг мөнгөн медаль хүртэж, Францын Бубдела Тахри хүрэл медаль хүртлээ. Тахри Европын рекордыг тогтоожээ.
Өнгөрсөн олимпийн гурвын харайлтын аварга Нельсон Ивора эхний харайлтаараа л 17.54 метр харайсан. Харин олимпийн мөнгөн медальт Филиппс Айдову 17.51 метр эхний харайлтаараа харайв. Ивора үүнээс хойш эхний харайлтаа давсан харайлт хийсэнгүй. Харин Айдову 17.73 метр харайснаар дэлхийн аварга боллоо.
Энэ өдөр Усэйн Болт мөн 200 метрийн эрэгтэй төрөлд шигшээ уралдаанд шалгарсан байна.
loading...



