loading...
Америкийн Нэгдсэн Улсад теннисний дөрвөн Их дуулгын нэг US open нээлтээ хийгээд 2 дахь хоногтоо явж байна. Одоогоор дэлхийн томчуудаас учраадаа бүдэрсэн хүн байхгүй байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэй теннисчдийг чансаагаараа тэргүүлж байгаа Оросын Динара Сафина Австралийн 18 настай залуу теннисчин Оливиа Роговскатай гурван сет өрсөлдөж 6:7, 6:2, 6:4 – өөр ялжээ.
Эрэгтэйчүүдээс хамгийн том дуулианыг Америкийн чансаа нь бүр хаа байсан 267-д зогсож байгаа Жесс Вриттин чансаагаараа 29-д зогсож байгаа Оросын Игор Андреевийг 6:4, 6:0, 6:2 – өөр төвөггүй буулгаж авсан байна.
Мөн эмэгтэйчүүдээс 16-д бичигдсэн Францын Виржини Раззона Бельгийн Янина Викмейрт 6:4, 6:3-аар хожигдсон, Израйлын Шахар Пеер Унгарын 32-т эрэмбэлэгдсэн Агнес Жавайг 6:2, 6:2 – оор хожиж дуулиан шуугиан тарьсан байна.
Харин 2004 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Светлана Куцнецова, чансаа 4 – т байгаа Оросын Елена Дементьева, түүний ард зогсож байгаа Елена Янкович, чансаа 9 -д байгаа Каролина Возниацки, 13-д эрэмблэгдсэн Надиа Петрова нар хожил авчээ.
Эрэгтэйчүүдээс өнөөдөр 2008 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга чансаа дөрөвт бичигдсэн Новак Жокович, мөн тус тэмцээний үзүүрт хүрч байсан Францын залуу од чансаа 7 – д байгаа Жо-Вильфред Цонга, 10-д зогсож байгаа Фернандо Вердаско, 11-т бичээстэй байгаа Фернандо Гонзалез, 16 Марин Килич, 17 Томас Бердич нар ялалт авсан байна.
2006 оны Америкийн нээлттэй тэмцээний аваргаар тодорч байсан, мөн дэлхийн чансааг тэргүүлэгч асан Оросын гоолиг бүсгүй Мариа Шарапова мөрний хагалгаанаасаа буцаж ирж байгаа билээ. Тэр эхний өрсөлдөгч болох Болгарын теннисчин бүсгүй Цветана Пиронковаг 6:3, 6:0 – оор хялбархан буулгаж авчээ.
Одоо чансаа 11 – т байгаа Ана Иванович болон, эрэгтэй теннисийн чансааг дээрээсээ хоёрт толгойлж байгаа Английн ганц найдвар Энди Мюррей нар одоо үргэлжлүүлнэ тоглож байна.
Чансааны 11-т бичигдэж буй Ана Иванович Бондаренкотой тун өрсөлдөөнтэй, сайхан тоглолтыг үзүүллээ. Хоёр тамирчны шийдвэрлэх 3 дахь сет тай-брейкээр өндөрлөсөн бөгөөд Украйны Катерина Бондаренко Сербийн сайхан бүсгүйг 2-6, 6-3, 7-6 (9-7) -аар хожиж нутаг буцаалаа.
loading...



