loading...
Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн Их Дуулгын 4 цувралын энэ оны хамгийн сүүлчийнх нь болох Америкийн нээлттэй тэмцээн шийдвэрлэх шатандаа явж байна. Одоогийн байдлаар тэмцээний 4-р шатны тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд эмэгтэй ганцаарчилсан төрөлд олны таамаглаж байсан шилдэг теннисчид альхэдийнэ нутгийн зүг буцжээ. Ингээд та бүхэнд энэхүү явдалд ‘буруутай’ 2 теннисчдийг танилцуулья.
2007 оны 5 сард, тухайн үедээ дэлхийн шилдэгүүдийн нэгэнд тооцогдож байсан Бельгийн теннисчин Ким Клийстерс зодог тайлж байгаагаа зарлаж спортын ертөнцийг чамгүй сандаргаад амжсан. Ердөө 24-хан настай байсан түүнийг спортын гялалзсан карьер хүлээж байгааг мэргэжилтнүүд сануулсан ч Клийстерс өөрийн шийдвэрээ эцсийнх гэдгийг мэдэгдсэн билээ. 16 наснаасаа мэргэжлийн теннистэй амьдралаа холбосон энэ бүсгүй спортын ертөнцөд богино хугацааны дотор олны танил болж чадсан төдийгүй 2001 онд 18 насандаа Ролан Гарросын финалд шалгарч Америкийн алдарт Женнифер Каприатид ялагдаж байсан билээ. Тэрхүү тоглолтын 3 дахь сетийг түүхэнд “Их Дуулгын финалын түүхэн дэх эмэгтэйчүүдийн хамгийн урт сет” гэж үздэг юм. (12-10). Гэвч энэ тоглолт бол түүний амжилт ялалтын дөнгөж эхлэл байлаа. Ирэх жилд нь Клийстерс, эгч дүү Уйльямсыг нэг тэмцээнд ялсан ховорхон амжилтын эзэн болсон бөгөөд ийм мэдрэмжийг ердөө гуравхан л теннисчин өмнө нь мэдэрч байжээ. Ер нь ”Ким Конг”-ийн карьерийг дурсахдаа ”хамгийн анхны” гэсэн тодотгол зүүсэн тэмцээн уралдааныг нь дурсаад байвал дуусахгүй. Тухайлбал 2001 онд тэр Ролан Гарросын финалд шалгарснаар ”Нээлттэй эрин”-ээс хойш (1968 оноос хойш) Их Дуулгын шигшээд шалгарсан анхны Бельги теннисчин болсон юм. Мөн 2003 онд Бельгиэс төрсөн анхны номер нэг теннисчин бөгөөд Крис Эвертээс хойш 100 -гаас дээш ганцаарчилсан тоглолтонд оролцсон анхны эмэгтэй болж байлаа. Мөн энд заавал дурсах ёстой нэг түүх байна. 2005 оны 3 сард бэртлийн улмаас хэд хэдэн тэмцээн өнжсөн Кимийн чансаа дэлхийд 134 хүртэл унаад байлаа. Гэвч тэр тэвчээр хатуужил гэж юу байдгийг харуулж, бага багаар чансаагаа ахиулсаар тэр жилийнхээ Америкийн нээлттэй тэмцээнд магнайлж чадсан юм. Энэ тэмцээнээс олсон орлогоороо (1.1 сая ам доллар) тэр бас анхных болж чадсан төдийгүй теннисний түүхэнд хамгийн гайхалтай ”үсрэлтийг” хийж чадсан анхны теннисчин болжээ. Тийм ээ, тэр бол анхны гэсэн бүхнийг өөрийн болгохоор заяагдсан бүсгүй. Тэгвэл энэ удаа тэр өөрийн ”цуглуулгаа” нэгээр арвижуулж Америкийн нээлттэй тэмцээний түүхэнд ”цагаан карт”-аар оролцож байсан тамирчдаас анх удаа шөвгийн 16 хүртэл яваад байна. Магадгүй Клийстерс дэлхийн спортын түүхэнд үлдэх гайхамшгийг байгуулж ”анхны” гэсэн тодотголоо бас нэгээр нэмэх ч юм бил үү. Гэхдээ тэр үүнийг хийхийн тулд эхлээд Хятадын На Лиг ”замаасаа холдуулах” хэрэгтэй. Дараа нь Флавио Пеннетта, Серена Уйльямс хоёрын ялсантай ”тулалдах” ёстой болно. Гэхдээ Ким хамгийн том даалгавраа 4-р шатанд Венус Уйльямсын эсрэг альхэдийнэ хийчихсэн. Талбай дээрээ тэр тусмаа Нью-иоркын дэвжээнд ялагдал хүлээх дургүй Венус Уйльямсыг 6 : 0-р буулган авна гэдэг хүссэн аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш. Үүгээрээ тэр өөрийн гайхамшигт тоглолт, эрч хүчээ хэвээр байгаа гэдгээ нотлон харууллаа. Одоо ердөө энд үзүүлсэн тоглолтоо дахин давтахад л болно. Спортдоо эргэн ирснээсээ хойш Клистерс ердөө 11 дэх тоглолтоо өчигдөр хийжээ. Тэрээр өнгөрсөн 6 сард албан ёсоор эргэн ирж буйгаа зарлаж Штеффи Граф, Андрэй Агасси нартай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Хэдийгээр түүнд олон тэмцээн уралдааны урилга ирж байсан ч ”надад өөрийгөө бэлтгэх цаг хугацаа хэрэгтэй байна” хэмээн өгүүлээд татгалзсан билээ.Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр Клийстерс өөрийгөө эргэн ирсэн бус харин 2 дахь карьераа эхлүүлж байгаа гэдгээ өгүүлсэн юм. Учир нь түүнийг теннис тоглож эхэлж байсан үеэс хойш маш олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд гэр бүлийн амьдрал болон эцгийнх нь нас барсан зэрэг олон явдал түүнд маш их нөлөө үзүүлсэн гэнэ. Тиймээс ”би эргэн ирэх бус шинээ бүхнийг эхэлж байна” хэмээжээ. Ингээд эцэст нь та бүхэнд түүний Твиттер дээрээ сүүлд бичсэн сэтгэгдлийг нь хүргэе
”Би үнэхээр их баяртай байна, хэлэх сайхан үг ч олдохгүй юм. Гэхдээ миний өмнө хамгийн хариуцлагатай тоглолтууд маань хүлээж байна, тийм ч учраас би оройн хоолоо хүртэл идэхээ мартаад санаа зовниж сууна…”
Блиц анкет
Нэр : Ком Антоне Лоде Клийстерс
Төрсөн огноо : 1983.6.8
Төрсөн газар : Бре, Бельги
Өндөр жин : 174 см. 68 кг
Карьерийн амжилт : 428–104
Карьерийн орлого : US$14,764,296
34 WTA-гийн түрүү
1 Их Дуулгын түрү
Түүх сөхөх юм бол дэлхийд нэрээ цуурайтуулсан алдарт теннисчид 16, 17 наснаасаа спортын ертөнцөд хүч түрэн орж ирсэн байдаг. Тэгвэл энэ жил 18 хүрэх Мелани Уден хэмээх Америк охин яг л энэ замналаар явж байна. Франц гаралтай Уден бага байхаасаа теннисний цохиур барьж тоглох дуртай байлаа. Яваандаа охины сонирхол мэргэжлийн тал руугаа хандаж эхэлсэн тул эцэг нь теннисний сургуульд түүнийг оруулжээ. Удений авьяас чадвар өсвөрийн хэмжээнээс даван гарсан тул 2008 оноос тэрээр мэргэжлийн спорт хөл тавьжээ. Үүнээс өмнө тэрээр Олон улсын өсвөрийн тэмцээнүүдэд 27 дараалсан ялалт байгуулаад байсан юм. 2008 оны 2 сард Удений мөрөөдөл биелэж Миайми мастерст оролцох урилга ирлээ. Хэдийгээр энэ тэмцээнд тэр 1-р шатнаас цааш яваагүй ч цаашдын карьерт нь маш том сургамж болсон нь тодорхой. 2009 он гарсаар Уден хэд хэдэн Их Дуулгад хүч сориод бас ч гэж чамгүй туршлага хуримтлуулаад амжжээ. Ингээд Уймблдоны урьдчилсан шатнаас өрсөлдөх эрхтэй болсон тэрээр хэний ч санаанд ороогүй ялалтыг байгуулж Сербийн Елена Янковичийг тэмцээнээс мулталсан юм. Хэдийгээр Радванскад ялагдаж тэмцээнээс хасагдсан ч дэлхийн спорт сонирхогчид түүнийг альхэдийнэ анхааралдаа аваад байлаа. Зарим нэг нь түүний амжилтыг ”аз тохиосон явдал” гэж байсан бол зарим нь ирээдүйн сод авьстан гэлцэж байлаа. Тэгвэл энэхүү маргааны эцсийн хариуг удаан хүлээх шаардлага байсангүй. Америкийн нээлттэй тэмцээнд тэр ямар ирээдүйтэй тамирчин вэ гэдгээ хангалттай харуулж байна. Эхлээд Анастасия Павлюченкова, дараа нь Елена Дементьева эцэст нь Мариа Шарапова … хангалттай хариулт биш гэж үү. Сонирхолтой нь түүний дараагийн учраа нь бас Орос бүсгүй байх юм. Чансааны 13-т эрмбэлэгдсэн Надья Петроваг тэр ялж чадвал Клийстерсийн адил ”анхны” гэсэн тодотголтой болох боломжтой. Их Дуулгын цувралын их шөвөгт шалгарсан анхны өсвөр насны охин. Магадгүй өмнө нь ийм амжилт тохиолдож байсан байж болно, гэхдээ Удений энэ амжилт өдөр болгон тохиолдоод байдаг зүйл биш нь ойлгомжтой. Уден нэгэнтээ ”Би Жюстин Эненийг шүтдэг. Тэр надад ялалт байгуулахад заавал өндөр том биетэй байх шаардлагагүй гэдгийг ойлгуулсан” хэмээн өгүүлжээ.
Блиц анкет
Нэр : Мелани Уден
Төрсөн огноо : 1991.9.23
Төрсөн газар : Марьетта, АНУ
Жин, өндөр : 168 см, 59 кг
Карьерийнм амжилт : 59-35
ITF -ийн 3 түрүү
Карьерийн орлого : $116,900
loading...




goyo
loading...
ystoi goy
loading...
hehe nadya petrova g 3 seted dahiad l buulgaad avchij oudin
loading...