loading...
Ирэх жил Азийн зуны спортын XVI наадам БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуанжоу хотноо болох билээ. Тус наадмыг ЗБХ-ноос “Гуанжоу-2010”-ыг сурталчлахын зэрэгцээ дэлхийн нийт хүн амын талаас илүүг төвлөрүүлсэн Ази тивийн улс, үндэстнүүдийн соёл, зан заншил, өв уламжлал, хөгжил дэвшилтэй танилцах “Road of Asia” аяныг зохион байгуулж буй ажээ.
Энэхүү аялал энэ оны гуравдугаар сарын 11-нд Азийн олимпийн зөвлөл (ОСА)-ийн төв байр байдаг Кувейтийн Эль-Кувейт хотоос эхэлжээ. “Road of Asia”-гийн гараанд ОСА-гийн тэргүүн Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах, “Гуанжоу-2010” Азийн наадмыг ЗБХ (GAGOC)-ны гүйцэтгэх ерөнхий нарийн бичгийн дарга, Гуанжоу хотын дэд дарга Шү Руйшен нараас гадна ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге байлцжээ.Эртний хийцтэй хөлөг онгоцоор Энэтхэгийн далайгаар аялан Бахрейн, Катар, Арабын Эмират, Тайланд, Вьетнам, Камбож, Хонконг, Макаод саатсан “Road of Asia”-гийн хуурай замын аян Монголоос эхэлж буй нь энэ аж. GAGOC-ын бүтээн байгуулалт хариуцсан дарга Луо Гуан, гадаад харилцааны хэлтсийн дарга Зен Чин Чүнь нар Гуанжоу хотын телевиз, радио, өдөр тутмын сонины сурвалжлагчидтай Монголд хөл тавилаа. Тэднийг даваа гаригийн өглөө МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БТСГ-ын орлогч дарга Д.Сүрэнхорлоо нар “Olympic House”-т хүлээн авсан юм.Энэ үеэр “Гуанжоу-2010” наадмыг зохион байгуулах хорооны бүтээн байгуулалт хариуцсан захирал Лоу Гуан, олон улсын харилцааны хэлтсийн дарга Зен Чин Чүнь нараас зарим зүйлийг тодрууллаа.
-Тивийн наадмын бэлтгэл ажил ямархуу шатандаа явна?
-Тэмцээний зохион байгуулалтын ажил амжилттай урагшилж байна. Бид нийтдээ 70 гаруй спортын заал танхим, талбай, цогцолбор байгуулахаар төлөвлөсний 56-г нь ашиглалтад оруулсан. Тун удахгүй бүтээн байгуулалтын ажил маань 100 хувь дуусна.
-Энэ удаагийн Азийн “олимп” урьд өмнөх наадмуудаас юугаараа онцлог, давуу байх бол?
-Юуны өмнө хамгийн олон спортын төрлөөр зохиогдохоороо давуу талтай. Тухайлбал, олимпийн хөтөлбөрт ордог 28, Ази тивд өргөн дэлгэр тархсан 14 төрөл нийт 42 спортын төрлөөр зохиогдох юм. Энэ ч утгаараа “Гуанжоу-2010” хамгийн олон тамирчин оролцсон наадам хэмээн түүхэнд тэмдэглэгдэх бүрэн боломжтой.
-Гуанжоу хот өмнө нь Бүх Хятадын спартакиадыг амжилттай зохион байгуулж байсан. Одоо Азийн XVI наадмыг хүлээн авах нь. Цаашид олимпийн наадмыг зохиох эрхийн төлөө өрсөлдөх бодол бий юу?
-Манай хот тодорхой спортын төрлөөр тив, дэлхийн АШТ-ийг нэг бус удаа хүлээн авч байсан. Харин жилийн дараа тивийн хэмжээний том наадмыг зохион явуулах гэж байна. Энэ бол Гуанжоугийн ард иргэдийн хувьд сайхан завшаан. Цаашлаад бид олимпийн наадмын төлөө өрсөлдөхийг үгүйсгэхгүй.
loading...


