loading...
Боулингийн 4 дэх удаагийн УАШТ “М боулинг” төв дээр 2 өдөр үргэжлэн явагдаж өчигдөр улсын аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн УАШТ хэд хэдэн зүйлээрээ онцлог байсан юм. Учир нь Монголын боулингийн холбоо 5 жил завсарласны дараа УАШТ-ээ сэргээн дахин зохион явуулж эхэлсэн. Мөн “Ньютел” компанитай хамтран “М боулинг” төв дээр зохион байгуулсны учир нь тус төв АНУ-аас шинэ зам оруулж ирсэн бөгөөд тамирчид олон улсын стандартад нийцсэн зам дээр өрсөлдөх боломжыг бүрдүүлж өгсөн юм. Энэхүү тэмцээнд эрэгтэй 45, эмэгтэй 15 тамирчин дөрвөн төрлөөр онч мэргэн авхаалж самбаагаа сорин хоорндоо өрсөлдлөө. Тус тэмцээнд оролцож байгаа бүх тамирчин 3 тоглолт хийж, хамгийн өндөр оноо авсан нь медаль хүртэх энгийн дүрэмтэй байсан юм. Ганцаарчилсан төрөлд тамирчин В.Энхбат 536 оноогоор тэргүүлсэн бол эмэгтэйчүүдээс 478 оноогоор Ш.Гэрлээ тэргүүлсэн байна. Мөн тамирчид хоёр хоёроороо нэг баг болон аваргаа тодрууллаа. Тус хосын төрөлд сайн шидсэн нь нийт оноогоо ахиулан мастеруудын тэмцээнд орох эрх авах байсан учраас маш хариуцлагатай тоглолтууд болсон юм. Түүнчлэн нэг тамирчин хоёр болон нийт дөрвөн тоглолтын нийлбэрээр хосын ангилалын тэмцээний ялагчийг тодруулсан юм. Хосын ангилалд 1-р байранд Түвшинсанаа болон Эрдэнэбаяр нийт 728 оноогоор тэгүүлсэн байна. Мөн тэмцээний мастерын зэрэглэлд 1-р байрыг Сү.Батзориг 382 оноогоор эзэлсэн юм.
Цаашид Монголын боулингийн холбооноос энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Сүүлийн жилүүдэд боулингийн спорт сонирхогч, хичээллэгч залуусын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон. Түүнчлэн энэ удаагийн УАШТ-д оролцож байгаа тамирчдын 50 орчим хувь нь 1996 оноос хойш тус спортоор хичээллэсн туршлагатай хүмүүс байсан. Мөн олон улсын стандартад нийцсэн замтай боулингийн төвтэй болсон учир залуучууд чөлөөт цагаа спортоор хичээллэн зөв зохистой өнгөрүүлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Харин энэ жилийн УАШТ-ний үеэр хоёр тамирчин 222 оноо авч дээд амжилт тогтоосон байна. Дашрамд дуулгахад боулингийн нэг тоглолтын хамгийн дээд оноо нь 300 байдаг бөгөөд монголчуудаас тамирчин Сундуйжав ганцаараа ийм амжилтыг үзүүлж байсан байна.
loading...



