loading...
Манай улсад анх 1999 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй бадминтоны спортоор Монголын баг тамирчид идэвхитэй хичээллэж тив, дэлхий олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор байна. Улаанбаатар хотноо ОУ-ын бадминтоны аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын Төв Ордонд эхэллээ. Энэхүү ОУ-ын тэмцээнийгМонголын Бадминтоны холбоо, Азийн Бадминтоны холбоотой хамтран 2005 оноос жил бүр Улаанбаатар хотноо уламжлал болгон зохион байгуулдаг юм. Энэ удаагийн тэмцээн 5 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд энэ удаагийнх 3 өдөр үргэлжлэн явагдах юм. Тус тэмцээнд Монгол, Иран, Словак, Мавритус зэрэг орны баг тамирчид оролцохын зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, холимог хос гэсэн төрлүүдээр өрсөлдөнө. Тэмцээнд оролцож байгаа тамирчид эхний өдөр 1 тойрог, өнөөдөр 2, сүүлийн өдөр 1 гэсэн нийт 4 тойрогоор өрсөлдөн аваргуудаа тодруулах юм.
Энэхүү ОУ-ын тэмцээн Азийн Бадминтоны холбооны төлөвлөгөөнд ордог бөгөөд жил бүр зохион байгуулагддаг. Бадминтоны спорт нь цохиуртай спортын төрлүүдээс хамгийн хурдтай спорт бөгөөд 1992 оноос эхлэн олимпийн наадмын хөтөлбөрт орсон. Сүүлийн жилүүдэд Монголын баг тамирчид энэ спортоор идэвхитэй тууштай хичээллэхийн зэрэгцээ тив, дэлхий олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн билээ. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хороо ажиллаж байгаа юм байна. Энэхүү тэмцээний шүүгчээр Малайзаас хүрэлцэн ирсэн Азийн бадминтоны холбооны төлөөлөгч болон ерөнхий шүүгчээр Хятадаас ирсэн Дэлхийн Бадминтоны холбооны шүүгч нар ажиллаж байна. Тэмцээн энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж ОУ-ын бадминтоны аваргуудаа тодруулах юм.
loading...



