loading...
2016 оны олимпийн хотоор нарлаг Рио-де-Жанейрог сонгож нээгдсэн ОУОХ-ны 121-р чуулган төгсгөлдөө дотоод сонгуулиар амьсгалав. Тус байгууллагыг 2001 оноос хойш удирдаж буй Бельгийн мэс засалч Жак Роггетэй энэ удаа өрсөлдөх хүн байсангүй. ОУОХ-г 21 жил тэргүүлсэн Х.А.Самаранч халаагаа өгч, олимпийн хөдөлгөөн хээл хахуульд сэрдэгдээд байх хүнд үед Ж.Рогге буухиалсан ч өвөл зуны дөрвөн олимпийг амжилттай явуулж, байгууллагадаа ардчиллыг нэвтрүүлж, өсвөр үеийнхний олимпийг санаачилж, ер нь өөгүй яваа болохоор хэн ч өрсөлдөж зүрхлэх билээ. Түүнчлэн олимпийн хөтөлбөр дэх спортын төрлүүдэд “салхи оруулж”, шүүлтийг нягталж, допингийн эсрэг тэмцэж, олимпийн наадмын орлого, хэмжээг ахиулсан гэж байгаа.
Бразилийн иргэн, ОУОХ-ны гишүүн Жоао Авеланж IOC President-ийг ил саналаар шийдье гэсэн ч Жак өөрөө нууц санал хураалтыг илүүд үздэг хойно. (Олимпийн хот сонгох санал хураалтад тэрбээр оролцдоггүй билээ). Санал өгсөн гишүүдээс 88 нь түүнийг дэмжиж (ердөө ганц санал эсрэг) ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 2013 он хүртэл ажиллах эрхийг нь баталгаажуулав. Түүнээс цааш дахин нэр дэвших эрхгүй аж.
ОУОХ-ны найм дахь ерөнхийлөгч Жак Роггегийн удирдлага дор тус байгууллага бүрэн шинэчлэгдэж, Олимпийн наадмыг дэлхийн спортын гол тэмцээн хэвээр байлгаж буй. ОУОХ-ны санхүүгийн чадавхи 2001 онд 105 сая ногоон байсан бол өдгөө 400 саяыг давжээ. Жак Рогге идэр залуудаа далбаат завиар 1968, 1972, 1976 оны олимпод хурд хүч сорьж, Бельгийн регбийн шигшээ багийн гишүүн явжээ. 1989-1992 онд Бельгийн ҮОХ-ны, 1989-2001 онд Европын ҮОХ-дын ерөнхийлөгчөөр ажиллаж, 1991 оноос ОУОХ-ны гишүүн, 1998 оноос ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний албыг хашиж байв.
Шинэ зургаан гишүүн

ОУОХ 121-р чуулганаараа дөрвөн тивээс зургаан шинэ гишүүнтэй боллоо. Тэдний дунд Сент-Лусиагийн Ричард Петеркин, Данийн эрхэмсэг хунтайж Федерик, Нигерийн ҮОХ-ны дэд ерөнхийлөгч Хабу Ахмед Гумель, Оманы санхүүч Хабиб Абдул Наби Макки, Бурундийн Лидия Нсекера бүсгүй, Шведийн Горан Петерссон нар багтжээ. Петерссон Олон улсын завины холбооны ерөнхийлөгчийн хувиар, бусад нь ҮОХ-доосоо нэр дэвшсэн байна. Шинэ гишүүдийн бүрэн эрхийг найман жилээр тогтоожээ. ОУОХ ийнхүү 112 гишүүнтэй болов.
Мөн Марио Пешканте, Сер Миан Нг нарыг ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр, Крэйг Риди, Жон Коүтес нарыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонголоо. Ерөнхийлөгч Ж.Роггегийн тэргүүлдэг Гүйцэтгэх зөвлөлд тэднээс гадна Томас Бах, Юй Зайчин нарын дэд ерөнхилөгч (4), Сэм Рамсами, Герхард Хайберг, Денис Освальд, Рене Фазель, Марио Васкес Ранья, Фрэнк Фредерикс, Наваль Эль-Мутавакель, Ричард Каррион нарын гишүүд (10) багтаж байна.
ОУОХ-ны гишүүний албыг арваас дээш жилийн хугацаанд нэр хүндтэй хашсан, энэ оны төгсгөлөөр бүрэн эрх нь дуусах Хө Женьлян (БНХАУ), Валтер Трёгер (Герман), Тамаш Аяан (Унгар), Фернандо Лимо Белло (Португал) болон FINA-гийн ерөнхийлөгч Мустафа Ларфауи (Алжир) нарыг 2010 оны эхний өдрөөс ОУОХ-ны хүндэт гишүүнээр сонгожээ.
Зуун дамжсан “шинэ” төрлүүд
2016 оны олимпийн наадмын хөтөлбөрт гольф, регбиг нэмэх шийдвэрийг ОУОХ-ны 121-р чуулганаас батлав. Гольф 1900, 1904 онд олимпийн төрлөөр “томорч” явсан бол регби 1900-1924 оны хоорондох дөрвөн олимпод багтаж байжээ.
Гольф эрэгтэй, эмэгтэй хувийн, регби нь эрэгтэй, эмэгтэй багийн гэсэн дөрвөн иж медалийн төлөө өрсөлдөх аж. Ингэснээр зуны олимпийн хөтөлбөрт дахин 26 спортын төрөлтэй боллоо. 2012 оноос бейсбол, софтболыг олимпийн хөтөлбөрөөс хасах шийдвэр гараад удаж буй.
loading...



