loading...

ОУОХ 121-р чуулганаараа дөрвөн тивээс зургаан шинэ гишүүнтэй боллоо. Тэдний дунд Сент-Лусиагийн Ричард Петеркин, Данийн эрхэмсэг хунтайж Федерик, Нигерийн ҮОХ-ны дэд ерөнхийлөгч Хабу Ахмед Гумель, Оманы санхүүч Хабиб Абдул Наби Макки, Бурундийн Лидия Нсекера бүсгүй, Шведийн Горан Петерссон нар багтжээ. Петерссон Олон улсын завины холбооны ерөнхийлөгчийн хувиар, бусад нь ҮОХ-доосоо нэр дэвшсэн байна. Шинэ гишүүдийн бүрэн эрхийг найман жилээр тогтоожээ. ОУОХ ийнхүү 112 гишүүнтэй болов.
Мөн Марио Пешканте, Сер Миан Нг нарыг ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөр, Крэйг Риди, Жон Коүтес нарыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонголоо. Ерөнхийлөгч Ж.Роггегийн тэргүүлдэг Гүйцэтгэх зөвлөлд тэднээс гадна Томас Бах, Юй Зайчин нарын дэд ерөнхилөгч (4), Сэм Рамсами, Герхард Хайберг, Денис Освальд, Рене Фазель, Марио Васкес Ранья, Фрэнк Фредерикс, Наваль Эль-Мутавакель, Ричард Каррион нарын гишүүд (10) багтаж байна.
ОУОХ-ны гишүүний албыг арваас дээш жилийн хугацаанд нэр хүндтэй хашсан, энэ оны төгсгөлөөр бүрэн эрх нь дуусах Хө Женьлян (БНХАУ), Валтер Трёгер (Герман), Тамаш Аяан (Унгар), Фернандо Лимо Белло (Португал) болон FINA-гийн ерөнхийлөгч Мустафа Ларфауи (Алжир) нарыг 2010 оны эхний өдрөөс ОУОХ-ны хүндэт гишүүнээр сонгожээ.
loading...



