loading...
Энэ жил Азийн тамирчдыг хүлээж буй хоёр гол тэмцээн байгаа нь Вьетнамд болох Азийн танхимын спортын III наадам, Хонконгт зохиогдох Зүүн Азийн V наадам юм. Эхнийх нь буюу танхимын спортын наадам эхлэхэд арав гаруйхан хоног үлдээд байна. Наадмуудын бэлтгэл ажлын явц, манай тамирчдын бүрэлдэхүүний талаар сонирхохоор МҮОХ-ны спорт холбоод ба наадам хариуцсан зохицуулагч, наадамд бэлдэх штабын ажилтан П.Тунгалагтай уулзаж ярилцлаа.
-Танхимын спортын наадмын талаарх мэдээллийг өгнө үү. Монголын багийн бүрэлдэхүүн эцэслэн тодорсон уу?
-Монголоос энэ удаагийн наадамд шатар, электрон спорт, байт харваа, аэробик, кураш, бильярд, муа-тай, кикбокс гэсэн найман төрлөөр 93 хүний бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна. Гэхдээ энэ бол урьдчилсан тоо. Үүнээс хасагдаж магадгүй. Наадмын тухайд муа-тай, кикбокс, бильярдын тэмцээн Хошиминд, бусад нь Ханой болон ойролцоох хотуудад болно. Одоогоор 40 орон оролцохоо мэдэгдээд байгаа. Гэхдээ хэдэн тамирчин орох нь тодорхой болоогүй. Зохион байгуулах хорооны эцсийн хурлаар бүрэлдэхүүн тодорхой болох байх.
-Тамирчид зардал мөнгөө хаанаас гаргаж байгаа бол?
-Наадамд зориулж улсаас төсөв өгөөгүй. Тиймээс холбоо тамирчдынхаа зардлыг өөрсдөө зохицуулсан. Харин МҮОХ наадамд оролцох тамирчдыг иж бүрэн хувцсаар хангаж байгаа.
-Өмнөх наадмаас манайхан таван медаль хүртсэн. Энэ удаа ямар зорилго тавин оролцох бол?
-Бид холбоодоо мэдүүлгийг нь авахдаа наадамд ямар зорилго тавин оролцож байгааг нь давхар асуусан. Зарим нь залуу тамирчдаа оруулж байгаа учир туршлага судлах зорилгоор явна гэж байхад зарим нь медаль авна гэсэн зорилго тавьж байна. Өмнөх наадмаас манайхан е-спортын төрлөөр нэг мөнгө, нэг хүрэл, шатраар нэг хүрэл, муа-тай боксоор хоёр хүрэл медаль хүртсэн. Тэр үед үзүүлэх тоглолтоор орсон кикбоксоор мөн хоёр хүрэл медаль авсан юм. Гэхдээ энэ нь албан ёсны дүнд ордоггүй. Харин энэ жилийн наадмын хөтөлбөрт кикбокс албан ёсоор орсон байгаа.
-МҮОХ-ноос хэн хэн явах вэ?
-Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин явна. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон миний бие штабаа хариуцаж явна.
-Багийн бүрэлдэхүүнд шилдэг тамирчдаас хэн багтсан байна?
-Сая курашийн дэлхийн аварга болсон О.Лхагвахүү болон шатрын их мастер Б.Хатанбаатар, ОУМ Б.Анхчимэг, ФМ Ц.Батчулуун нар багийн бүрэлдэхүүнд багтсан байгаа.
-Хэвлэл мэдээллийнхнээс багийн бүрэлдэхүүнд орсон уу?
-”Боловсрол суваг” телевиз наадмыг үйл ажиллагааг албан ёсоор сурвалжилна.
-Оны сүүлээр Хонконгт Зүүн Азийн наадам болно. Манайхан Хонконг руу нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй явах байх?
-Хөнгөн атлетик, бадминтон, сагс, боулинг, бильярд, дугуй (замын), жүдо, буудлага (хийн), ширээний теннис, теннис, тэквондо, хүндийг өргөлт, үшү (саншо) гэсэн 13 төрлөөр 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг явах байх. Урьдчилсан байдлаар регби, волейбол гэсэн багийн спортынхон орохоор мэдүүлгээ өгөөд байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод явж чадахааргүй боллоо. Наадамд зориулж улсаас мөнгө төсөвлөсөн ч нөхцөл байдлын улмаас хөрөнгө гаргахгүй болсон. Тиймээс холбоод өөрсдөө зардлаа дааж байгаа. Багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Арвин явна. Уг нь УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир багийн ахлагчаар томилогдсон ч ажил үүргийн байдлаас болоод өөрчлөгдсөн.
-Наадмын онцлог юу байх бол?
-Хонконгчууд ийм том наадмыг анх удаа хүлээн авч байгаа. Тиймээс нээлт, хаалтын ёслолыг өвөрмөц байдлаар хийхээр төлөвлөсөн юм билээ. Тухайлбал, нээлтийн ажиллагаа цэнгэлдэхэд биш, задгай далайд болно гэсэн. Багууд тус тусын завин дээр гарч, нээлтийн ажиллагаанд оролцоно. Энэ завь нь тухайн орны онцлогийг харуулсан байх юм. Үүнийг Бээжингийн олимпийн нээлтийн ажиллагааг зохион байгуулсан баг хийнэ гэсэн. Наадмыг зохион байгуулах хорооны ажил сайн явж байгаа. Харин бодибилдингийн спорт энэ удаагийн наадамд орохгүй. Учир нь олон улсын хоёр өөр холбоо байгуулагдчихаад нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй, ойлголцолд хүрэхгүй байгаа юм билээ. Дээр нь бодибилдингийн тамирчид сэргээшийн асуудалд ихээр холбогдох болсон тул наадмын зохион байгуулах хороо тэднийг хасах шийдвэр гаргасан.
-Сүүлийн үед амжилт арвинтай байгаа жүдогийн шилдэг тамирчид Хонконг руу явах уу?
-Наадамтай зэрэгцээд олимпийн оноо өгөх олон чухал тэмцээн байгаа болохоор шигшээ багийн гол тамирчид энэ удаа явахгүй. Ихэвчлэн хоёр, гуравдугаар шигшээ явна. Гэхдээ олимпийн аварга Н.Түвшинбаяр багийн бүрэлдэхүүнд багтсан байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
loading...




avarga mini turgen edgeed dahin olon amjilt uzuuleeree!!!
loading...
MGL-s oor tamirchiddaa zardal gargadaggui t1 uls baival nerleed uguuch ta min bisda zarim tamirchid gutardag bh da uunees bolj
loading...