loading...
Аварга” биеийн тамирын дээд сургууль нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга УИХ-ын гишүүн Батэрдэнийн санаачлагаар анх 1999 онд байгуулагдсанаас хойш эдүгээ 10 жилийг ардаа үджээ. Тус сургууль нь энэ олон жилийн хугацаанд 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, 2009 оны жүдо бөхийн Дэлхийн аварга болоод Олимп, тив дэлхийн анхны аваргуудыг төрүүлэн гаргасан юм. Магадлан итгэмжлэгдсэн “Аварга” биеийн тамирын дээд сургууль нь энэ түүхт 10 жилийнхээ ойг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд ойн хүрээнд спортын болон хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээх уриан доор зорилт тавин ажилладаг тус сургуулийн удирдлагууд болон багш, ажилтан албан хаагчид сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээ хэмээх 3 үндсэн үйлийг уялдуулан ажилладаг бөгөөд цаашлаад эрүүл мэнд, биеийн тамир, спорт гэсэн 3 тулгууртай ажилладаг юм байна. Түүнчлэн тааламжтай орчинд багш, шавийг хослуулан хөгжүүлэхийн зэрэгцээ хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх томоохон гол зорилт тавин ажилласаар иржээ. “Аварга” биеийн тамирын дээд сургууль нь жилээс жилд ажиллах системээ боловсролын дээд түвшинд хөгжүүлсээр ирсэн төдийгүй олон арван спортын болон нийгмийн алдартнуудыг төрүүлэн гаргасаар байна. Мөн сургуулийнхаа энэхүү ойн арга хэмжээн дээр давхар баярлууштай явдал болсныг энд тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Учир нь сургуулийнхаа анги танхимыг шинэчлэн тохижуулж, оюутан сурагчдынхаа сурах орчинг сайжруулахын зэрэгцээ тус сургуулийн тэргүүн дэд захирал, доктор профессор Сүхбатын санаачлага, ивээн тэтгэлтээр “Интернэт-Ленгафоны кабинет”-ийг шинээр нээж байгаа нь сургуульдаа томоос том хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй ойн арга хэмжээний нэг гол чухал онцлог байлаа.
Мөн гавьяат тамирчин Батэрдэнийн санаачлагаар спорт, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Аварга” бүрэн дунд сургуулийг 2004-2005 оны хичээлийн жилээс анхны элсэлтээ авч 50 гаруй сурагчидтайгаар хичээллэн түүхийн хуудсаа нээжээ. Түүнчлэн “Аварга” дунд сургуулиас олон шилдэг тамирчин сурагчид төрөн гардаг юм. Учир нь “Аварга” дунд сургуулийн 11-р ангийн сурагч Номиндалай Их Монгол улс байгуулагдсаны 803, Ардын Хувьсгалын 88 жилийн ойн Улсын их баяр наадмын Өсвөрийн хчит 128 бөхийн барилдаанд 7 даван түрүүлж “Улсын шонхор” цол хүртжээ. Мөн 11-р ангийн сурагч, “Шилдэг тамирчин сурагч” өргөмжлөлт Энхтуул шатрын ОУ-ын хэмжээний мастер болсон юм. Улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургууль болон бүрэн дунд сургууль нь ирээдүйд улс орондоо ихийг хийж бүтээх, биеийн тамир болон спортыг хөгжүүлэх олон олон шинэ чадварлаг боловсон хүчнийг төрүүлэн гаргахаар сургалтын системээ илүү сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Тус сургуулийн 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 15 цагт Үндэсний бөхийн барилдаан болон ойн баярын нээлтийн ажиллагаа, “Талын Монголын Хүчтэн” Спорт урлагийн тоглолт болсон юм.
loading...



