loading...
Нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойн хүрээнд спортын олон тэмцээн уралдаан явагдаж байгаа билээ. Нийслэлийн ЗДТГ, Монголын боулинг сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулсан “City Cup-370” боулингийн шилжин явах цомын төлөө тэмцээний аваргын тоглолт өнгөрөгч бямба гарагт “Big bowling” төвд боллоо. Энэхүү тэмцээн 2 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд урьдчилсан шатны тэмцээнд 90 гаруй багийн 500 орчим тамирчин өрсөлдсөнөөс финалын тоглолтонд 16 баг шалгараад байсан юм. Эдгээр 16 багууд 4 хэсэгт хуваагдан тус бүр хоёр тоглолт хийж хэсгээсээ шалгарсан хоёр нийт 8 баг шигшээд гарсан. Улмаар хагас шигшээ тоглолтын дараагаар аваргын төлөө “ТЭЦ-3” болон “Мосдак” багууд тунан үлдлээ. Тоглолтоос тоглолтод Тэц-3-ын багийнхан улам сайжирч өрсөлдөгч багаа илт давуугаар хожиж ялалт байгуулан аваргаллаа. Аварга болсон багийн тамирчид сүүлийн тоглолтонд таван страйк, 22 спэйр хийснээр тэмцээний шилжин явах цомын эздээр тодорлоо. Мөн тэмцээний шилдэг тоглогчоор нэг тоглолтонд 189 оноо авсан Тэц-3 багийн ахлагч Гочоо шалгарч “Адидас” фирмийн иж бүрдлээр шагнуулсан байна. Энэхүү боулингийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх тэмцээн жил бүр уоламжлал болон явагдах юм байна.
loading...



