loading...

Нээлт ба ерөнхийлөгчид
Бидний эртний анд нөхөр, хөдөлмөрч баатарлаг Вьетнамын ард түмэн түүхэндээ хамгийн том спортын наадмын бамбарыг Ханой хотын “Mi Din” цэнгэлдэх хүрээлэнд бадамлан асааж, тус ёслолд OCA (Азийн олимпийн зөвлөл)-ийн ерөнхийлөгч бөгөөд саяхан Кувейт улсын шадар сайдаар тохоон томилогдсон Шейх Ахмад Аль-Фахад хүндэт зочны сэнтийд залран вьетнам үг хавчуулан баяр хүргэн үг хэлж, тус улсын ерөнхийлөгч Нгуен Мин-Чиет албан ёсоор нээх “лүндэн” буулгалаа. Тус наадамд Лаосын ерөнхий сайд урилгаар оролцож, хөрш ахыгаа халуунаар дэмжив.
Олимпийн боссууд
Вьетнамын ҮОХ-ны ерөнхийлөгч, тус яамны орлогч Нгуен Дань Тай нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, баг тамирчдын ахлагч (Chef-de-Mission) Ц.Дамдинд талархал дэвшүүлж, хүлээн авч уулзав. Мөн өдөр Ц.Дамдин багш OCA-гийн ерөнхийлөгч Шейх Ахмадад бараалхаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2003 онд Ханойд болсон SEA Games-т манай алдарт шүүгч А.Басхүү FILA-гийн төлөөлөгчөөр ажилласан байна.
Тугч-шүүгч
Тус наадамд Азийн олимпийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүн 42 орны баг тамирчид тугаа өргөн жагссан бөгөөд Монголын алтан соёмбот төрийн далбааг залах хүндэт үүрэг гимнастикийн олон улсын шүүгч Г.Ерөөлбатад оногдсон байна. Тэрбээр манай эмэгтэй чөлөөт бөхийн гавьяат тамирчин Цогтбаярын Энхжаргалын хань нөхөр билээ. Ийнхүү Монголын спортын түүхэнд анх удаа шүүгч төрийнхөө далбааг залах нь энэ ээ.
Танхимын наадмын монгол “ургац”
Энэхүү наадамд Зүүн Тимор, Палестин, Пакистаны ҮОХ баг тамирчдаа илгээж амжаагүй бол нийт 42 орны 5000 шахуу тамирчид спортын 25 төрлөөр 242 цогц медалийн төлөө 10 хоног өрсөлдөхөөр Ханой, Хошимин хотноо аяны дөрөө мулталжээ. Анхны танхимын наадам 2005 онд Бангкокт, удаах нь 2007 онд Макаод зохиогдсон ба манайхан нэг мөнгө (цахим спорт), дөрвөн хүрэл (кик бокс, муа-тай, цахим спорт) медалийн ургац хураасан авсаархан түүхтэй. Энэ удаа монголчууд кураш, кикбокс, муа-тай, аэробик, шатар, байт харваа, бильярд, е-спортын төрлөөр 49 хүний бүрэлдэхүүнтэй баг Хошимины өлгий нутагт буулгаад байна. Түрүүн дурдсан Ерөөлбат шүүгчээс гадна курашийн олон улсын шүүгч Бэгзийн Жаргалсайхан бас л нэг шинэ пиджак өмсөхөөр биеэ бэлдсээр…
Гоёогүй бамбар
Нээлтийн ажиллагаа нь аливаа наадмын өнгийг тодорхойлж, шинэ соргог сэдэл бүхий нууц хөтөлбөрөөрөө олон түмнийг гайхуулж алмайруулдаг онцлогтой. Гэтэл Вьетнамын “сенсаац” гэвэл багуудын марш дуусангуут Азийн аварга өндөрт харайгч бүсгүй Буй Ти Ньюм салаа цэргээр хамгаалуулан гүйсээр яах ийхийн зуургүй шууд бамбараа асаасан нь харин жинхэнэ сюрприз болов оо. Бас Азийн танхимын наадам байж нээлтээ 40 мянган хүний суудалтай ч 53 сая долларын хөрөнгөөр боссон задгай цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн нь бас л жигтэй гэхээс аргагүй. Элдэв хачир чимэггүй, вьетнам шиг л байя л даа.
Нээлтийн зардал 2 сая доллар
Вьетнам улс 2003 онд Зүүн Өмнөд Азийн XXII наадам (SEA Games)-ыг амжилттай зохиосны дараа зориг, баяр хоёр нь зэрэг орсон бололтой. Тэгээд л Азийн “битүү” наадмыг Меконг мөрнийхөө эрэгт урин залсаар ийм амжилтад хүрсэн нь тодорхой. Зөвхөн нээлтэд гэхэд 2,2 сая долларын зардал гаргаж, яг манай Монгол шиг тэдний ардын ба гавьяат жүжигчин, зүтгэлтэн цолтнууд энэхүү ёслолын урлагийн хөтөлбөрийг бүтээжээ. Манай спортын төсөв гэхэд л ийм бил үү?
Азийн танхимын наадам
Олимпийн ба Азийн наадмын хөтөлбөрт хараахан багтаагүй ч тус тивээс олон сая залуус сонирхон хичээллэдэг спортын төрлүүдийг дэмжих, шинэ залуу үеийг спортод татан оруулах, OCA-гийн гишүүн орнуудад GAMES зохион байгуулах боломж олгох, ингэснээр тэдний спортынхон сайжруулах зорилгоор OCA нь 2002 оны аравдугаар сарын 3-нд Бусан (БНСУ) хотноо болсон Ерөнхий ассамблейгаар Азийн танхимын наадмыг анхлан батламжилсан юм. Ингээд юм болгонд түрүүлдэг Бангкок анхны наадмын ачааг үүрч, буухиагаа шинэ залуу Макаод дамжуулсан намтар буй.
“Өөдлөн дэвжиж буй Азийн төлөө” донгодох Но тахиа
Наадмын нүүр царай бол онцлох тэмдэг (Logo) ба билгэдэл сахиус (Mascot) юм. Атгасан гарыг асч буй галтай зүйрлэн, лянхуа цэцгийг суурилуулан эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэлгэдсэн онцлох тэмдгэн дээр Вьетнамын ховор үүлдрийн Но тахиаг наадмын гол баатраар санал нэгтэй сонгожээ. Сийрсэн малгайт энэхүү ард түмний үлгэр домогт гардгаар тахиа нь эр зориг, хүч чадал, хүн чанар, элэгсэг харилцаа, эрдэм номын таван шинжийг агуулдаг жигүүртэн бөгөөд мандаж буй наран, бадарч буй Азийн спортын хөгжлийг бэлгэдэн байгаагаар уран дүрсэлсэн нь олны талархлыг хүлээж байна. Харин наадмын уриа бол “Өөдлөн дэвжиж буй Азийн төлөө” гэнэ шүү! For the Rising Asia!
Вьетнам нутгаар тархсан спорт
Наадмын нийслэл Ханой хотоос гадна Хошимин (хуучин Сайгон), Хайфон, Хайзен, Бакнинн, Куаль-Нин, Пү-то зэрэг муж хотын 28 ордон, цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетик, усанд сэлэлт, бүжгийн спорт, petanke (төмөр жижиг бөмбөг шиддэг, франц гарлын спорт), эмэгтэй бокс, үшү, хуп-такрау, өдөн бөмбөг шидэх (shuttle cock), кабадди (тусгай талбай дээр тарвагацах шиг тоглодог, энэтхэгүүдээс гаралтай спорт), кураш, Е-спорт, танхимын байт харваа, аэробик, пенчак (зүүн өмнөд азийнхны тулааны төрөл), шатар, хятад шатар, футзал, 3:3 сагсан бөмбөг, муа-тай, кикбокс, бильярд, луут ба арслант бүжиг, вовинам (вьетнамын үндэсний бие хамгаалах урлаг), боулинг, жюүжицү-бүст бөх (үзүүлэх спорт)-өөр тамирчид нийт 242 цогц медалийг булаацалдах юм. Ийм сайхан нөхцөл бүрдүүлэхийн тулд Вьетнамын засгийн газар 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гээд бод доо. Бидний “төлөг” гэдэг вьетнамчууд одоо бол “ирэг” болсон байгаа биз!
Вьетнамын ҮОХ 1976 онд байгуулагдаж, 1979 онд ОУОХ-нд гишүүнээр элсчээ. Тус улсын тамирчид олимпийн наадмаас ердөө хоёр мөнгөн медаль зүүсэн нь тэквондоч Хьеу Нган Тран (2000), хүндийг өргөгч Ань Туан Хоан (2008) нар юм.
Штаб, балиашгууд…
МҮОХ-ны штаб DAEWOO хэмээх буудалд буугаад NOC-ийн хамт байрласан бөгөөд энд суралцдаг олон оюутнууд багаа дэмжихээр нээлтэд хүрэлцэн иржээ. Мөн Хошимин хотод 10 хүрэхгүй оюутан номын дуу сонсдог гэнэм. Манай оюутнууд 5,6-11 доллараар үнэлэгдэн нийтийн худалдаанд гарсан 30000 тасалбараас сэтгэл гарган худалдан авсан нь дамжиггүй ээ. Дашрамд дурдахад нэг доллар эндхийн 17800 донгтой тэнцдэг юм байна.
Баавартай тамирчин
“Бээжин-2008” олимпийн наадмыг ганцаараа тасалсан Брунейн NOC-ийн хаан ширээ залгамжлах хунтайж Али-Мухтади Биллиа бильярдын төрлөөр өрсөлдөхөөр тамирчны карт авсан боловч гэргий, хоёр ах, нэг эгч болон 20 бараа бологчийн хамт тусгай онгоц хөлөглөн Сайгонд бууж, тэндхийн хамгийн тансаг “Park Hyatt” буурчийн газрыг эзэгнэн, хажуугаар бэлтгэлийн ширээ бүхий тусгай өрөө бэлдүүлж амжжээ. Бас тэрбээр “Fan Din Fun” ордонд болох тэмцээний үеэр мөн л тусгай өрөөнд өрсөлдөгчтэйгээ тоглохоор тохирчээ. Урьд нь Монакогийн хан хүү Альберт, Эмиратын гүнж Бин гээд олон сурвалжтнууд тэмцээнд оролцохдоо яг л тамирчны ном дүрмийг ягштал даруухнаар дагадаг байсан даа…
Найдвар, найдлага хоёр…
Монголын багийнхан кураш, кикбокс, байт харваа, е-спортод илүү найдлага тавьж, “Бээжин-2008” олимпийн жишгээр наадам бүрээс алт “олборлох” хатуу зорилттой байна. “Хууччуулаас” “Макао-2007” наадмын е-спортын FIFA төрлийн мөнгөн медальт Б.Лхагвасүрэн энд “ногт ганзагалаж” ирсэн сурагтай. Ялангуяа дөнгөж сая АНУ-д дасгалжуулагчийн дээд курс төгсөөд ирсэн, байтын гавъяат Ц.Бадамхатан маань “аяны тоосоо гөвж” амжилгүй 24 цагийн дараа алсын Вьетнамд томилолт авсан нь энэ. Онч мэргэнээрээ удамтай монголчууд энэ удаагийн “битүү” наадмаас “өнгөт төмөрлөг” онох нь л чухаг.
Вьетнамын наадмыг сурвалжлахаар гадаад, дотоодын 1600 хэвлэл мэдээллийнхэн ирсэн бөгөөд үүний дотор МҮОХ-ны шинэ түнш-“Боловсрол” телевизийн ажилтан Бямбаагийн Батсайхан камераа үүрэн, хальсаа үрэн явна.
Аав, хүү хоёр
Энэ удаа Казахстаний 109 тамирчин, дасгалжуулагч бүхий том баг илгээжээ. Хамгийн гол нь уг багийг Хавлахат овогтой Болат гэдэг монгол хүн манлайлж явах юм. Х.Болат нь цагийн сайханд Монголын шигшээ багийн захирлын алба хашиж явсан нэгэн бөгөөд өдгөө Казахстаны иргэн болж, Астана хотод аж төрөн, БТСХ-ны дээгүүр түшмэлийн албыг хашиж буй билээ. Chef-de-Mission Х.Болат Вьетнамд багаа ахалж буй бол түүний хүү Б.Тимур жүдоч Улаанбаатар хотноо “Чингис хаан” дэлхийн цомд хүч сорьж байна.
Хамгийн хамгийн…
Азийн танхимын наадамд эзэн улс спортын 20 төрөлд 505 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлдсэн бол Тайланд 385, Энэтхэг 245, БНХАУ 217, Иран 205, Узбекистан 150, БНСУ 145, Индонез 144, Малайз 143, Япон 141, Хонгконг 118, Лаос 117 хүчтэн бүхий десант буулгажээ. Харин Мьянма 4, Балба 5, Бутан 6, Хойд Солонгос, Иемен, Кыргызстан, Ливан бүгд 7, Афганистан 8 тамирчны бүрэлдэхүүнтэй цомхон багийг хэмнэлттэйгээр илгээжээ. Монголын хувьд кураш тав, кикбокс тав, муа-тай гурав, байт харваа найм, шатар дөрөв, биллиард дөрөв, е-спорт ес, аэробик гурвуулаа Улаанбаатараас 3000 бээрийн зам туулан, монгол дуунд мөнхөрсөн эх оронч Нгуен Ван Чой-гийн нутагт хөл тавьжээ.
loading...



