loading...
Түвшинтөгсийн Батчимэг шатрын спортын дээд цолд хүрээд байна. Тэрбээр нэрт зохиолч Нямаагийн ач, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч асан аавын охин. Авга нараас нь ОУМ Төмөрхуяг, спортын мастер Төрбат агсан, ФМ Төвсанаа, Тунгалаг нарын шатарчид төрсөн бол өөрийнх нь эгч Батцэцэг ОУМ, ах Батзориг спортын мастер цолтой.
Шатарчдын дунд төрж өссөн Батчимэг охин 64 хөлөгтэй нөхөрлөх нь зүйн хэрэг байгаа биз. Тэрбээр 2002 онд 16 настайдаа УАШТ-д IV байр (11 өргөөс 7 оноо авч) эзлэн шатрын ертөнцөд анх орж иржээ. Уг тэмцээнд Б.Анхчимэг, Б.Мөнгөнтуул, Д.Янжиндулам нар түүний өмнүүр орж, Т.Батцэцэг, Н.Тунгалаг эгч нар нь IX-X байр эзэлсэн. Энэ үед чансаа нь 2132 байв.
Тэр жилдээ Словений Блед хотноо Дэлхийн шатрын олимпиадад оролцож найман өргөөс 5 хожил авч рейтингээ 51,0 пунктээр ахиуллаа. Гэвч үүнээс хорьхон хоногийн дараах 16 хүртэлх насныхны ДАШТ-д -26,0-тай (4 оноо) дууссан аж. Энэ тэмцээнд хожмын их мастер Нана Загнизе (Гүрж) 11 өргөөс 9 оноо авч тэргүүлсэн бол манай бүсгүй 25 дугаарт жагсжээ.
2003 он. Монгол Улсын аварга шалгаруулах 35 дахь тэмцээнээс Батчимэг хүрэл, эгч Батцэцэг нь мөнгөн медаль хүртэв. FIDE-гийн шинэхэн мастер Т.Батчимэг 13 өргөөс 9 оноо авч рейтингээ 4,35-аар ахиулж билээ.
Дараа онд Батчимэг АНУ-д суралцахаар одсон нь түүний шатрын амжилтад ч сайнаар нөлөөлсөн байна. Сэм авгынд эхний тэмцээндээ (Mark Pinto International) 2004.VII.21-нд оролцож VI байр эзлэн чансаагаа 36,3-аар өсгөв. 11 өргөөс тавин хувийн ялалт байгуулжээ.
2006 оны гуравдугаар сард Сан-Диегод болсон АНУ-ын АШТ-ий нээлтээр Монголын уугуул, Оклэндийн суугуул Чими (Батчимэг)-г нэрлэдэг. Эрчүүдтэй өрсөлдсөн тэрбээр эхний таван тавилдаа гурван их мастер (А.Фишбейн 2519, Б.Крейман 2478, Х.Бесерра 2556)-ийг хожиж, бас нэг их мастертай (Б.Гулько 2585) хайнцаж, тэмцээний аварга ИМ Ю.Шульман (2581)-д хожигдохоор тэгж ч шуугилгүй яахав. Харамсалтай нь удаах дөрвөн тавилдаа хожигдсон. Гэсэн ч Батчимэг 32,3-аар чансаагаа ахиулснаар үл барам Олон улсын мастерийн болзол хангаж, их мастерийн эхний оноогоо биелүүлжээ. Энэ тухай Унгарын их мастер Жужа Полгар блогтоо дэлгэрэнгүй өгүүлсэн нь бий.
Дараагийн их өсөлт удалгүй тохиолоо. 2006 оны зун гурван тэмцээнд оролцохдоо Филадельфид “World Open” тэмцээнээс +30,0-тай харьсан юм. Аравдугаар сард гарсан шинэ чансаагаар тэрбээр 2237-тай болсон байна. Мөн их мастерийн хоёрдахь баллаа авчээ.
2005-2008 онд ийн тэмцээнд тогтмол оролцож байв. Гол төлөв 50 хувийн амжилт үзүүлж, нэг тэмцээнд тааруу тоглон чансаагаа яльгүй алдсан ч дараагийнхад буцаан авсаар. 2007 оны зун АНУ-ын эмэгтэйчүүдийн АШТ-д IV байр эзлэн (10 өргөөс 5,5 оноо) 21,2-р, 35 дахь удаагийн “World Open”-ээс 22,1 (9 өргөөс 5 оноо) пунктээр чансаагаа өсгөж байлаа. 2008 оны АНУ-ын АШТ-д бас л аз дутан V байрт шалгарсан.
2009 оны хавар сургуулиа дүүргэж, эх орондоо эргэн ирэх хүртэл энэ маягаар тоглож, чансаагаа 2206-2293-ын хооронд барьсан аж.
Энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотноо явагдсан “Global Chess 2009” тэмцээн Т.Батчимэгийн хувьд мөнхөд дурсагдах биз ээ. Хоёр тойргоор өрнөсөн уг тэмцээнд тэрбээр их мастер Б.Хатанбаатар, ОУМ Т.Соренсен (Мальт), Л.Мягмарсүрэн, Т.Иванов (ОХУ), ФМ Д.Эрхэмбаяртай тулалдсан билээ. Тэднээс их мастер, Мальтийн шатарчин нартай хоёр ч удаа тэнцэж чадсан Батчимэг бусдыг нь хожиж (Эрхэмбаяртай нэг хожиж, нэг тэнцсэн) 10 өргөөс 7,5 оноо авч, их мастерийн гурав дахь баллаа биелүүлжээ. Рейтингээ 48,9-өөр ахиуллаа.
Хэдхэн хоногийн өмнө Грекийн Халкида хотноо FIDE-гийн 80 дахь конгресс хуралдаж, олон улсын шинэ цолтнуудыг баталсны дунд Монголын Түвшинтөгсийн Батчимэг их мастер, Цэгмидийн Батчулуун ОУМ цол хүртжээ.
Далайн чанадад шуугиулж явсан, эх нутагтаа ирэнгүүт гроссмейстер цолд хүрсэн Т.Батчимэгийн шатарчны карьер дөнгөж эхэлж байна уу гэлтэй. Монголдоо сайн тоглох, дэлхийн шатрын олимпиадад Б.Мөнгөнтуулын дараах ширээнд хэрхэн оролцох, их мастераа хамгаалах зэрэг олон асуулт түүнийг хүлээн буй.

loading...




Эгч Батцэцэг, ах Батзориг нь өөрөө тэгээд тэр сүүлд хамт ОУМ цол хүртсэн гээд байгаа Ц.Батчулуун гээд бүгд 93-р сургуулийн дараалсан төгсөлтийнхөн байна даа. Ингээд бодохоор манай сургууль ч……
loading...