loading...
Азийн “битүү” наадам “задгайрч” эхэллээ
Өчигдөр Монголын багийн медалийн салхийг хагалсан цахим спортын нялх залуу тамирчид маань мөнгө, хүрэл медалиа зэрэг гардан авлаа. “DOTA-All Star” төрөлд алтын төлөө нутгийн эзэн багтай ач тач өрсөлдөн эхний тоглолтонд ялсан ч сүүлийн хоёртоо харамсалтайгаар ялагсданаар аман хүзүүдсэн манай цахимчид дараа нь “Counter Strike 1.6” буудалцаанд навс шүршилцэн, дайнч Ираний багийг жагсаалаас гаргасан ч бусдад нь “сум дууссаны” улмаас дийлдэж, хүрэл медалийн тавцанд хөл тавилаа. 2-р наадмаас мөнгө, хүрэлтэй эх орондоо ирж байсан амжилтаа бататган, энэ удаа багаар тоглон хос медалийн эзэд болсон нь сайшаалтай.
Хос медальтнууд хэн бэ?
Бид TOP спортынхыг дэндүү сайн мэддэг боловч, “Битүү Наадамд”-д цахиур хагасан энэ хүүхдүүдийг хэр мэдэх билээ? Тэгвэл алс холын Вьетнам оронд эх орныхоо далбаан мандуулсан бяцхан тамирчдыг танилцуулъя.
- Алтанцэцэгийн Ариунболор, Монгол 3-р сургуулийн 11-р анги, тоглолтын нэр нь “Ariuka”
- Энхбаярын Батцагаан, УБ Их Сургууль, Аялал жуулчлалын 4-р курсын оюутан, “Snookie”
- Отгонбаярын Сансар, ШУТИС-ийн математик загварчлалын ангийг дүүргэсэн, “SGK”
- Ганболдын Нямбат, МУИС-ийн Мэдээллийн системийн инженерийн ангийг төгсөгч, “Shooting”
- Батболдын Тамир, 1-р сургуулийн дүүргэсэн, “BABU”
Энэ багийг Б.Цолмон (“Orient Energy” ХХК-ий дэд захирал) ахалж, М.Майсайхан, Ц.Мөнхтүвшин нар “уяа сойлгыг” нь тааруулсан байна.
Цахимынхны цахам алхамууд
Макао-2007 Азийн Заалны Спортын Наадмын NBA-ийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, 167 см-ийн чацтай “сагсчин” Ч.Билгүүн маань номын мөр хөөн Итали орныг зорьсон бол энэ багийн дасгалжуулагч Ц.Мөнхтүвшин маань шагналын мөчөөс өмнө сургуульдаа суралцахаар Дубай руу яаран ниссэн байна. Цахимчид маань цахилгаан шиг өсөн дэвжиж, өргөн их мэдлэгтэй, өндөр боловсролтонгууд болох нь бололтой. Түүнээс гадна Азийн Электрон Спортын Холбоо албан ёсоор байгуулагдаж, Монгол улс цоо шинэхэн холбооны гүйцэтгэх зөвлөлд төлөөлөлтэй боллоо.
Курашийн хямрал
Алтан медалийн арвин ургацтай байгаа О.Лхагвахүү нядхан маань курашаар дархан аварга болон энэ жилийн 3 дахь алтаа авах нь гарцаагүй хэмээн найдаж байсан бидний итгэлийг бөхийн бус Тайланд орны бүсгүй С.Орапа тасалж орхив. Тэрбээр манай аваргатай огт бэргэсэн шинжгүй барилдаж, Лхагвахүүгийн хайнга хийсэн мэхний хариуг нь чангаар өгч, цэвэр шидэх нь тэр ээ. Цаг хөгжинө өө, гэж. Тайланд бөх монголчуудыг далаар нь тавина гэдэг сонин шүү. Харин эрэгтэйчүүдээс илүүрхэн алт зулгаах хүчтэн аанай л гарсангүй. 73 кг-д Х.Санжсүрэн мөн л бор өнгөтэй медалийг даруухнаар хүргэлээ.
Ганц дайчин
Эрхий мэргэн харваачид танхимын 18 метрийн зайнаас өрсөлдсөнөөс бас л манайхаас ганц дайчин “галын шугамнаа” үлдэв. ОУХМ Б.Урантунгалаг Бутаны тамирчинг буудган авч, дараа нь Хятадын харваачийг доош нь хийснээр өнөөдөр шөвгийн дөрөвт Өмнөд Солонгосын харваачтай үзэлцэхээр шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн найдлага Гантөгс маань эхлээд арабын Катарын сахалтай “Робин Гүүд”-ийг ардаа орхисон ч шийдвэрлэх халз харваанд Гуулин улсын тамирчнаас нэг оноо дутаж, Урнаагаа дэмжих ажилд шилжлээ. Бусад залуу тамирчид мөн л эхний “жолооны шалгалтандаа” үсэрч, багийн харваанд даагаа нэхэхээр бэлтгэж байна.
“Зөөлөн” шатарчин
Манай шатарчид Ханой хотоос 4 цагийн зайтай Хейлонбей гэдэг хадан арлаар чимэглэгдсэн далайн эргийн хотод “цусгүй дайндаа” оролцсоор байна. Улаанбаатараас онгоц, галт тэрэг, машин, “хоёр зээрдээ” хөлөглөн, Хейлонбейд ирэнгүүтээ тоглож эхэлсэн боловч мөчөөгөө өгөхгүй оноо түүсээр байна. Тэдний дунд хуучны софт теннисчин байгаа бөгөөд Дүүрэнбаярын Эрхэмбаяр маань ганц бөмбөг цохидог байснаа 16 бог+бод командалдаг болсон нь сонирхолтой.
Сайгоныхан сайн, муу байна
Өмнөд Вьетнамын Хошимин хотод манайхаас кикбокс, тай бокс, бильярдынханы “рот” тулалдаж байгаа. Хэдийгээр манай тулааны төрлийн Ө.Төрбаяр, Б.Мягмарсүрэн нар маань ялагдлын гашууныг амссан ч Тайландын тулааны спортын наадмаас мөнгөн медаль хүртсэн Б.Наадам харин эхний зодоончийн “хамрыг нээж”, хүрлийн үүдийг нээв. Харин Жавхлан (Кикбокс, 75 кг) Кувейтийн нударгачин А.Алкалахыг 2:1 ээр “өвдөг шороодуулан”, мөн л баярт мөчөө ойртуулав. Кикийн багш АКА маань өөрөө өдөн жингийнх агаад шавь нарынхаа төлөө гүйсээр өднөөс хөнгөн болсон гэнэ билээ шүү, хөөрхий. Сайгон хотын П.Алтанпүрэвээс алтан мэдээ ирэхийг тэсэн ядан хүлээж байна.
Аэробикийнханы тэмцээн дууслаа
Наадамд хоёр төрөлд тамирчдаа илгээсэн аэробикийнхэн өнөөдөр сүүлчийн тэмцээндээ оролцлоо. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Наранхүү 6-р байр, гурвалсан төрөлд шигшээ 8-д шалгарч 6-р байран орсон амжилтыг үзүүлжээ. Манай тамирчид өнөөдөр эх орны зүг хүлгийн жолоо залсан байна.
Да багш социалист Вьетнамын шадар сайдад бараалхлаа
Бүгд найрамдах социалист Вьетнам улсын шадар сайд ноён Фам Гиа Хием наадамд оролцож буй багийн ахлагч нарыг хүлээн авлаа. Энэ арга хэмжээнд Ардын багш, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин уригдан оролцжээ. Вьетнамын сайд “Бид баян улс биш ч гэлээ халуун дулаан сэтгэлтэй хүмүүс шүү. Манай засгийн газар спортод багагүй анхаарлаа хандуулдаг.Хүний биеийн болон оюун санааны хөгжилд спорт нь ямар том нөлөөтэйг бид мэднэ. Энэ наадмыг зохион байгуулж байгаадаа туйлаас их баярлаж байна” гэжээ.
ОТО (Вьетнам-Ханой)
loading...




OK
loading...
Harj bgaz de e-sport oo demjih heregteig Herew C.S iin sain bag yawsan bol Alt awah bsan daa Daanch zardal bhgui geed dota giin bagaa togluulsan gsn.
loading...
E sport d oor torol oroogui yumuu. NBA FIFA 2
loading...