Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Cпортбодрол » Спортын ертөнц дэх адтай таван арга бач

GD Star Rating
loading...

Улс төр, шоу-бизнесийн ертөнцөд элдэв бохир арга, заль шигчихсэн байдаг тухай зөндөө л дуулддаг. Харин спортын хүрээ бол харьцангуй цэвэр орчин гэгддэг билээ. Гэвч аль нэг аймгийн наадам юм уу бүр улсын наадмаар хэн хэрхэн “хэвтэж” өгсөн тухай чих дэлсэх нь бий. Батлаагүй, баталгаагүй иймэрхүү яриаг яах билээ дээ. Цааш нь өөр хэн нэгэнд яриад л өнгөрөхөөс биш. Гэхдээ энэ удаад дэлхийн спортын түүхэнд олныг алмайруулж, сонирхлыг нь татсан санаандгүй багтамгүй таван залийг танд дуулгая. Онцлог нь эд бүгдээрээ бүрэн батлагдсан явдлууд шүү.

  1. Марадонагийн хиймэл эрхтэн

sport.maradonaДопинг гээч манай хэдэн бөхчүүдийн зүрхийг чичрүүлсээр бас ч хэдэн жил өнгөрлөө. Шударга бусаар өрсөлдөгчөө ялах гэсэндээ элдвийн эм тан хэрэглэж, эцэстээ өнөөхөө арилгах гэж дахиад л элдэв арга сэднэ. Гэхдээ Марадона шиг тийм адтай арга сэдэгч ер нь бий болов уу.

Хэргийн зураглал: Тэр үед Марадона Италийн “Наполи”-д гялалзаж байв аа. Гялалзахын бас нэг хүчин зүйл нь кокаин байж. Италийн зартай мафийнхан түүнийг өөрийн багтаа тоглуулахын тулд элдвийн л хангамж эдлүүлнэ. Тэдний нэг нь кокаин. Тэгээд ч бас хэрхэн мэдэгдэхгүй байх аргыг нь ч зааж өгчээ. Ингээд Марадона допингийн шинжилгээнд уначихгүйн тулд хиймэл эрхтэн бэлджээ. Энэ хиймэл эрхтэндээ тэр “донор”-ын цэвэр “шингэн” хийчихээд эрхтэн дээрээ углачихад хэн ч хараад анзаарахааргүй гэнэ. Бүр допингийн эсрэг төвийнхөн болон цагдаа нар хараад ч хиймэл гэдгийг нь мэдэхээргүй тийм мундаг сайн бүтээсэн аж. Марадона хиймэл эрхтнээрээ хичнээн ч удаа аргалсныг бүү мэддээ.

Хэргийн учиг: Марадона “Наполи”-гоос тухайн үедээ тэнгэрт тулсан их мөнгө буюу 800 мянган ам.долларыг жилд хүртдэг байж. Энэ их мөнгөөс татгалзах зүрх хэнд байх билээ.

Хэргийн төлөөс: 1992 онд тэр 15 сарын турш хөлбөмбөг тоглох эрхээ хасууллаа. 1994 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн шинжилгээнд унаж /эфедрин илэрсэн/ улмаар зодгоо тайлахаас аргагүйд хүрсэн.

  1. Пикегийн осол

sport.picueНамрын нэгэн намуухан өдөр “Рено”-гийн нисэгч Нельсин Пике амнаасаа аянга буулгалаа. 2008 оны Сингапурын гараанд багийн анд Фернандо Алонсогоо түрүүлүүлэхийн тулд нэгэн том осол зориуд хийсэн гэж тэр мэдэгдсэн юм.

Хэргийн зураглал: “Рено”-гийн эзэн Флавио Бриаторегийн сэдэж олсноор Алонсог шатахуунаа цэнэглээд хөдөлсний дараа Пике осол гаргах учиртай байж. 13 юм уу 14 дэх тойрог дээр гаргах энэ ослыг 17 дугаар эргэлт хавьд хийх учиртай. Тэгвэл тэнд өргөгч кран ажиллах боломжгүй тул аюулгүйн тэрэг заавал замд гарч, тухайнд үеийн байрлалаар нь уралдааныг зогсоож дахин гараанаас эхлүүлэх ёстой болно. Ингэснээр Алонсо уралдааныг шууд манлайлж эхлэх учиртай байв. Пике ирэх улиралд “Формула-1”-ийн багтаа үлдэх магадлал бага, гэрээ нь дуусч байсан тул эзнийхээ энэ увайгүй занг хүлээн зөвшөөрч, осол гаргахаар болжээ. Гэтэл өнгөрөгч зургадугаар сард Бриаторе Пикег багаасаа хөөсөн тул, хариуг нь барьж түүний арга бачийг илчилсэн нь энэ.

Хэргийн учиг: Дэлхийн хошой аварга Фернандо Алонсо болон “Рено” баг нэг л өөдлөхгүй байж. Ажил нь өөдлөхгүй байгаа “Рено”-д ивээн тэтгэгчид ч бага мөнгө хаях болжээ. Гараанд түрүүлж, нэр хүндээ эргүүлэн авснаар тэд 350 сая еврогийн нэг жилийн гэрээ хийх байсан тул тийн улайрсан хэрэг.

Хэргийн төлөөс: “Рено”-гийн захирал Флавио Бриаторе бүх насаараа энэ төрөлдөө ажил эрхлэх эрхээ хасууллаа. Харин ерөнхий инженер Пэт Симондс “Формула-1”-т таван жил ажиллах эрхгүй болов.

  1. Мөрийн тавигчдын молиго

Оросын тэрбумтнууд юу ч хийж чаддагийг Роман Абрамович Лондоны “Челси”-г авснаар харуулсан билээ. Тийм ч болохоор сүүлийн үед хүчээ авч буй Оросын Казань хотын “Рубин” багийг дэлхийн хэмжээний ямар ч одыг,  хэдээр ч хамаагүй цохиж авч чадна гэсэн итгэл үнэмшил хэнд ч төрөхөөр болчихож. Болгарын “Левски” багийн удирдлагын яг ийм бодол дээр нь мөрий тавигчид хөөрхөн тоглож, багагүй мөнгө “цохисон” юм.

Хэргийн зураглал: Есдүгээр сарын 20-нд Болгарын хамгийн том хоёр баг ЦСКА-“Левски” учраа таарах байлаа. Тоглолтоос хэд хоногийн өмнө “Левски”-гийн албан байранд Оросын “Рубин”-ы төлөөлөгч айлчлах нь тэр. Тэр төлөөлөгч багийнх нь дөрвөн тоглогчийг авах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд нийт дөрвөн сая ам.доллар бэлнээр төлөхөд бэлэн гэдгээ ч дурьджээ. “Шинэ Орос”-ын энэ айлчлалд сэтгэл нь хөдөлсөн Болгарын багийнхан ч Живко Миланов, Дарко Тасевски, Зе Суареш, Юсуф Рабех нарын тоглогчдодоо мэдээг дуулгаж, их хэмжээний цалин амласныг нь шивнэж амжжээ. Харин  баян “Рубин”-ы төлөөлөгч наймааг удаах хүсэлгүй байгаагаа хатуу хэлээд, 19-н гэхэд тоглогчид Москвад очиж эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах ёстой гэж. Болгарын хөлбөмбөг дэх “зууны наймаа” ч гэж нэрлэж болохоор энэ том ажилд “Левски”-гийнхэн шамдаж, тоглогчдоо Москва руу илгээтэл тэнд хэн ч угтсангүй. “Рубин”-ы эзэн “Бид тийм зүйл огт яриагүй” хэмээн мэдэгдлээ. Ингээд болгарчууд молигодуулснаа мэдээд эргээд нутагтаа ирэхэд нь бараг хоёрдугаар бүрэлдэхүүнээ талбайд гаргасан “Левски” ЦСКА-д аль хэдийнэ 0:2-оор хожигдсон байлаа.

Хэргийн учиг: Азийн хөлбөмбөгийн мөрий тавигчдын дунд энэ тоглолтод ЦСКА-г хожно гэсэн таавар хэт давамгайлжээ. Молиго үмхүүлсэн мөрий тавигчид энэ залиараа хоёр сая ам.доллар хожих магадлалтай байж.

Хэргийн төлөөс: “Рубин”-ы төлөөлөгчийн бүрдүүлсэн баримт бүгд хуурамч байсан нь тогтоогджээ. “Төлөөлөгч”-ийг  Интерпол болон Оросын тагнуулынхан эрэн сурвалжилсаар байна.

  1. Түрүүлсэнд нь бус төрсөнд нь эргэлзэв

sport.casterСаяхан болж өнгөрсөн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 800 метрийн зайд түрүүлсэн ӨАБНУ-ын гүйгч Кастер Семеняг тойрсон дуулиан үргэлжилсээр байгаа билээ. Ялалтандаа бүрэн итгэж амжаагүй шахуу байхад нь түүнийг “Тэр эр хүн” гэж өрсөлдөгчид нь мэдэгдсэн. Ингэснээр гэнэтийн өндөр амжилтад хүрсэн Кастер гэнэтийн цохилтод орсон юм.

Хэргийн зураглал: Эрдэмтэд түүнийг гермафродит буюу сав болон өндгөвчгүй болохыг нь тогтоожээ. Тиймээс тэр хүүхэд гаргахгүй боломжгүй.  Хэдийгээр тэр эр эрхтэнгүй ч гэсэн эмэгтэйчүүдээс гурав дахин их тестостерон ялгаруулдаг эр шахуу төмсөгтэй нь илэрч. Кастер өөрийгөө эр, эмийн аль болохыг бүрэн мэдэхийг хүсээгүй ч байж болно. Харин ӨАБНУ-ын хөнгөн атлетикийн томчуул бүгд мэдэж байсан нь тодорхой. Тэгсэн ч гэсэн улсынхаа аваргын тэмцээнд ойрын өрсөлдөгчөө гурван секунд! хаяж, дээд амжилт тогтоосон эргэлзээтэй бүсгүйг эргэлзэлгүй дэлхийн аваргад явуулсан юм. Гэвч хөөрхий 18 настай залуу тамирчинг дэлхийн аваргад амжилт гэхээсээ ад үзэгдэлт, доог тохуу илүүтэй хүлээж байлаа. Кастер хичнээн нуусан ч гэсэн эр шинжээ ил гаргахгүй байж чадсангүй.

Хэргийн учиг: Дэлхийн аваргад манлайлбал 60 мянга орчим ам.доллар шагналд хүртдэг. Лимпологийн эрэг дээр орших жижигхэн тосгоны ядуу Кастерт энэ бол төсөөлшгүй их хөрөнгө.

Хэргийн төлөөс: Кастер дахиж эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох эрхгүй. Гэлээ ч түүнээс алтан медалийг нь хурааж аваагүй юм.

  1. Хөлс ба гипс

sport. antonioМексикийн Антонио Маргарито мэргэжлийн боксын дунд жинд бүтэн арван жилийн турш айдас түрүүлсэн хүчирхэг тамирчин байлаа. Тэр WBO, IBF –гийн аваргын бүсийг ч авч үзсэн. Гэвч энэ бүх ялалт, нэр хүндэд хүрэхийн тул тэр гипстей дотно нөхөрлөжээ.

Хэргийн зураглал: 2009 оны нэгдүгээр сарын 24-нд Маргарито Шейн Мозлитой тулалдах байлаа. Тулааны өмнө Мозлигийн дасгалжуулагч Назим Ричардсон өрсөлдөгч Антониогийн бэлтгэлийн өрөөнд оржээ. Тэр Антонио гараа маарлаар зөв ороосон эсэхийг шалгахыг хүссэн нь тэр. Гараа зөв ч боож. Гэхдээ нэг л хачин пүрш шиг зүйл боолтын цаана байгаа нь мэдрэгджээ. Тэр пүрш шиг зүйлийг гаргаж аваад, шинжилгээнд өгөхөд гипс хийхэд хэрэглэдэг кальцитай зүйл болох нь илэрч. Тулааны үед Маргаритогийн хөлс нь гарч өнөөх кальцитай зүйлд хүрснээр яг цемент шиг чангарч цохилтын хүч чулуу шиг болдог байж.

Хэргийн учиг: Маргарито дэлхийн аваргын хувиар тулааны нийт шагналын 70 хувийг хүртэх учиртай. Ер нь тэр нэг тулаанд орохдоо 1.5-4 сая ам.доллар хүртдэг байжээ.

Хэргийн төлөөс: Мозли бээлийдээ гипсгүй гарсан Маргаритог есдүгээр раундад нам цохин унагаажээ. Дараа нь Антонио Маргарито болон түүний дасгалжуулагчид АНУ-ын нутаг дэвсгэрт нэг ч тулаан хийх эрхгүй болсон байна.

GD Star Rating
loading...
Спортын ертөнц дэх адтай таван арга бач, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Trap says:

    XAXA GOE MEDEE TN TNX SHUU

    GD Star Rating
    loading...
  2. crusader says:

    Ийм л мэдээнүүдийг олон оруулж байвал зүгээрсэн. Гоё сонирхолтой мэдээ байна.

    GD Star Rating
    loading...
  3. nisdeg_melkhii says:

    ih dajgui yumaa manai sportiinhond iimerhuu arga zali metiin tohioldoluud ilerch bsan bolovuu?bdag bol niitleech

    GD Star Rating
    loading...
  4. unshigch says:

    Манай үндэсний бөхийн барилдаан бол тэр чигээрээ иймэрхүү заль мэх, луйвар ш дээ… Начны найраа, зааны найраа, аваргын найраа гээд л…..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: