Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд, Ханой 2009 » Азийн “битүү” наадам

GD Star Rating
loading...

Үндсэн нь хүрэл, “үрчилсэн” нь алт

Энэ удаагийн битүү наадмаас албан ёсоор алтан медаль хүртээгүй монголчууд “гомдсон сэтгэлээ тайтгаруулж”, бүст бөх (belt wrestling)-ийн төрлөөр О.Лхагвахүү алтан медалийг булаан авав. Авах авахдаа эзэн орны эрдүү тамирчныг цэвэр ялж, тэргүүн байр эзэлсэн ч уг төрөл нь үзүүлэх спортын статустай тул нэгдсэн дүнг чимэглэсэнгүй нь тоогүй. Ийнхүү үндсэн төрөл курашдаа алтан медалиа “бэлэглэсэн” О.Лхагвахүү “үрчилсэн” төрөлд “даагаа нэхсэн” нь энэ. Бас манай гурван ч “бүстэй бөх” хүч сорьж, хүрэл медаль авч, “эчнээ” амжилт гаргажээ.

Олон талт зураглаач

“Боловсрол” телевизийн боловсролтой сэтгүүлч “Цака” хэмээх Б.Батсайхан спортын тэмцээнээс гадна Хо Ши Миний нутгийнхны зан заншил, ёс уламжлал, ард түмний амьдрал, соёлын талаар халуунаас үл халшран, хальс хайрлахгүй шингээсээр явна. Тэрбээр хамгийн сүүлд Монголын багийн туслах Нгуен Хюгийн эгчийн хуримд уригдан, вьетнам хуримын ёс жаягийг буулган авчээ. Түүний бичлэг 1 цагаас хэтрээгүй нь хачирхалтай бөгөөд хэрвээ Өвөр Монголын Ордос нутагт гэрлэх ёслолд залагдсан аваас бүтэн хоёр өдөр хоргоогдох нь гарцаагүй.

Битүүгийн дараа элс рүү

Азийн Заалны Наадмыг амжилттай зохион явуулсан вьетнамчууд зориг орж, цаашдаа тус тивийн элсний наадмыг хүлээн авах хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдэв. 2008 оноос Индонезийн Бали хотоос эхтэй Азийн элсний наадам нь хоёр жил тутам зохиогддог уламжлалыг буй болгосон агаад 2014 он дуустал “захиалга” пиг гэнэ ээ. Мөн Тайланд улс дэлхийн алдартай Паттаяа, Пукет наран шарлагын газраа мөн спортжуулах санаатай байгаагаа илэрхийлсэн байна.

Аав, хүү хоёрын амжилт

Дээхнэ үед Монголын шигшээ багийн захирлын албыг хашиж байсан, өдгөө Казахстаны спортын яамны ахлан түшмэлийн зангаргатай буй Хавлахатын Болат сэтгэл өндөр Астана руугаа нислээ. Төрсөн хүүхэд, жүдоч Б.Тимур нь төрсөн нутаг Улаанбаатартаа очоод, Чингис Хаан Дэлхийн Цомоос мөнгөн медаль хүртсэн бол аав нь аав нь Казахстаны багийг ахлан, нийт 43 орноос эцсийн дүнгээр Хятад, Вьетнамын дараа 3-р байрт шалгарсан амжилт гаргалаа.

Улаанбаатараас Ханой руу

Ирэх жил Хано хотын эртний суурь тавигдсаны 1000 жилийн ой болох гэж байна. Энэ ойн хүрээнд хотын өнгө төрийг засах бүтээн байгуулалт ид өрнөж буй нь илт. Мөн олон төрлийн тэмцээн уралдаан зохиогдох талаар хотын БТСГ-ын орлогч дарга Ман Хун ярилаа. Улаанбаатар хотоос урлаг, соёлын том төлөөлөгчид уригдсан сурагтай.

Д.Ганцагаан багшийн найзын мэндчилгээ

Вьетнамын ҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Хуан өдгөө нас сүүдэр 64 хүрсэн ч овор багатай, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй нэгэн. Азийн заалны наадмын “Загалмайлсан эцэг” энэхүү зүтгэлтэн олон жилийн өмнө Киевийн БТДС-ийг дүүргэхдээ чөлөөт бөхийн Д.Ганцагаан, волейболын Отгонсүрэн нарын ахлах оюутан байснаа сана дурсаж, халуун мэндчилгээ хүргүүлэв.

Монгол залуусын танхимын бичил наадам

Вьетнамын Ханой хотноо анагаах ухаан, гадаад харилцаа, олон улсын худалдааны чиглэлээр эрдмийн мөр хөөн одсон оюутнууд улс тунхагласны ой угтсан спортын цуврал тэмцээнээ ням гарагт эхлэв. Энэ бичил наадамд 50 гаруй оюутнууд ширээний теннис, волейбол, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг төрлөөр өрсөлдөх юм байна. Ийнхүү Вьетнамын танхимын наадмын хаалтын өдөр монгол залуусын танхимын бичил наадам Ханой хотын Бай Куа дүүрэгт гараагаа эхлэх нь энэ ээ…

Нгуен Ван Чой

Биднийг сурагч байх далаад оны үед Вьетнамын нэрт эх оронч, баатар Нгуен Ван Чой гэдэг дууг нийтээрээ их дуулдаг байлаа. Энэ хүний талаар олон залуучуудаас асуусан боловч огт мэддэггүй нь гайхалтай. Харин 81 настай, Хо удирдагч шиг цагаан сахал, буурал тэргүүнтэй өвөө түүний нэрийг маш сайн санаж, их баярласан шүү. Нгуен Ван Чой…

“Ирэг” болсон “төлөг” баг

Ноён Тан Ван Кин ахлагчтай Вьетнамын баг анх эхний 8-д “давхих” зорилго тавьж байсан боловч “гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр зарим төрөлд гэнэтхэн “цоорч” медалийн цуглуулгаа нэмсээр их Хятадын дараа 94 алт, мөнгө, хүрэл медалиар “аман хүзүүдсэн” амжилтаа түүхэн үйл явдал гэж бахархан байна. Бидний “төлөг” гэдэг вьетнамын тамирчид өдгөө Монголын тамирчдыг зарим төрөлд өлхөн ялдаг болж дээ…

Лондон-2012-ийн өмнө

Дөнгөж саяхан Лондон-2012 олимпийн наадамд зодоглох эрхээ авсан эмэгтэй боксын төрөл маш өрсөлдөөнтэй болов. Хятадын баг 4 алт, Энэтхэгийн баг хоёр алт авсан бол хүнд жинд Вьетнам зодоонч эмэгтэйг хэн ч барсангүй ээ. Одооноос гудамж замаар болгоомжтой явахгүй бол эмэгтэй боксерууд борооны дараах мөөг шиг олшрох нь байна шүү, эрчүүд ээ.

Допинг одоогоор үгүй, харин H1N1 байна

Энэтхэгийн багийн 12 настай цахим спортын тоглогчоос гахайн ханиадны шинж тэмдэг илэрсэн тул Ханой хотын эмнэлэгт тусгаарлав. Хөөрхий Рахул Кумар хүү Вьетнамд ирээд 8 хоног дөрвөн хананы дунд хоригдсоор өнөөдөр шууд онгоцны буудлаас Дели рүү нисэв.

Дараагийн наадмын тов

Одоогоос 5 жилийн өмнө өргөдлөө өгч байсан Вьетнамын зорилго биелж, Азийн Заалны наадам амжилттай өндөрлөлөө. Азийн Олимпийн Зөвлөлийн шийдвэрээр энэхүү “битүү” наадмыг 2 биш, 4 жилд нэг удаа зохион явуулахаар лүндэн буулгасан бөгөөд 2013 оны төлөө Туркменистан, Катар улс нэрээ дэвшүүлсэн сурагтай.

Шүүгчдийн шүүлтүүр

Энэ удаа манай нэг шүүгч ТУГ залан нээлтийн салхийг хагалж, харин нөгөө шүүгч нь бүстэй бөхөөр барилдаж бүр хүрэл медалийн оосроос атгасан гэнэ. Ийнхүү үлгэр жишээ шүүгчидтэй (Ерөөлбат-аэробик, Жаргалсайхан-кураш) багийн ахлагч нь бас IJF-ийн шүүгч Цэндийн Дамдин бөлгөө.

Вьетнам ба монголчууд

Бид анх 2005 онд Тайланд, 2007 онд Макаод хоёр удаа тоосоо өргөж, тодорхой тооны медаль авсан. Энэ удаа ч “2-р зэрэглэл”-ийн Азийн наадамд спортын 8 төрлөөр, 50 гаруй гишүүд оролцлоо. Улсаас нэг ч төгрөг хялайлгаагүй боловч тэд улсынхаа төлөө л зүтгээд ирлээ. Байтын туршлагатай харваач Б.Урантунгалаг маань Солонгос хүнийг бардам ялж, электрон спортын хүүхдүүд оюун ухаанаараа хэний ч дор орохгүйг батлан харуулж, тулааныхан маань нударга сайтайгаа баталж, курашчид медалиас мултардаггүй болохоо үзүүллээ. Олимп ба Азийн наадмын хөтөлбөрт багтдаггүй спортын “цуглуулга” ч гэсэн үүгээр олон мянган залуус хичээллэж, бие бялдрын зөв хүмүүжил авч байгаа нь тодорхой. “Битүү” наадамд манайхан ингэж өрсөлдөв. Харин 4 жилийн дараа заавал алт авах хэрэгтэй байна даа.

ОТО (Ханой-Вьетнам)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ok says:

    Goy medee bna Oto ah thums up

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: