loading...
“Телеграф” сэтгүүл. Жим Уайт. 2009.10.24Монгол хэлнээ хөрвүүлж, “дуу” оруулсан Rednasca.
Үргэлжийн гутаан доромжлол, хэл ам дунд харааж зүхүүлж, гаргасан шийдвэр болон эрүүл мэндийн байдлыг нь сая сая хүмүүс задлан шинжилж байдаг энэ ажлыг хийх хүн байна уу?
Англи улс. Хөлбөмбөгийн гүрэн улс. Хүн бүр хөлбөмбөгт дуртай. Хөлбөмбөг “мэддэг”.
Хэдэн ч лиги, хэдэн ч хөлбөмбөгчин байдаг юм. Бүү мэд. Мэдэж болно л доо. Гэхдээ ярианы сэдэв биш.
Энэ удаа хөлбөмбөгийн тоглолт шүүдэг хүмүүсийн тухай ярих болно.
Энэ оны хавар болсон Swansea-гийн Өсвөрийн хөлбөмбөгийн лигийн Ynystawe ба Cwm Albion багийн Under 14 ангиллын тоглолтын албан ёсны тайланд “галзуу тоглолт” гэсэн тэмдэглэгээ харагдана. Эдгээр багууд нь хаана ч байдаг юм. Ёстой чөтгөр мэдээд ч хэрэггүй биз. Ямар ч байсан тэнд хөлбөмбөгийн тоглолт биш өөр зүйл болж. Ynystawe эхний үеийг 2-0 тэргүүлж дуусах үед туршлагатай шүүгч болох Клайв Стюарт аль хэдийн 2 тоглогчийг талбайгаас хөөсөн байлаа. Тэрээр байдлыг тайвшруулахаар хичээсэн боловч ихэвчлэн тоглогчдын эцэг эхээс бүрдсэн хөгжөөн дэмжигчдийн уур хилэнгийн бай болж байв. Талбай дээр түрэмгийлэл бий болоход тун дөхөөд байв.
Сүүлийн үед хэдийгээр Cwm онооны харьцааг тэнцүүлсэн боловч байдал дээрдсэнгүй. Ynystawe эргүүлэн тэргүүллийг олж авахад бүх зүйл хяналтаас гарав. Талбай дээр энд тэндгүй гар, тохой “нисэн”, шипигээр нэг нэгнээ “хутгалж” байв. Гадаа нь бөөн орилоон, архираан. Аюулгүй байдал хог дээр үсэрлээ. Тиймээс Стюарт дахиад 2 ч тоглогчийг улаан картаар торгоод тоглолтыг зогсоолоо. Нүдээрээ үзсэн галзуурлыг шогшрон толгойгоо сэгсэрсээр хувцас солих өрөөрүү алхаж явтал Cwm багийн тоглогч нэгэн хүүгийн эцэг Ричард Норман хэмээх эр ямар ч үг дүүгүй шууд нүүрэнд нь хүнд нударгаа буулгалаа. Хэр хүчтэй цохилт байсныг түүний нүүрэнд торойх 10 оёдол харуулна. Гэмтнийг 4 жилийн хорих ялаар шийтгэсэн боловч сүүлд сонсохнээ 9 сар болж бууруулсан гэх. Хэрэг явдал болох үед 62 настай байсан Стюарт 23 дахь жилдээ ажиллаж байсан юм.
Энэ явдал юуг өгүүлнэм бэ?
Англи улсад 50 мянга гаруй шүүгчид бий. За ёстой хүүхдийн лиг, хөгшчүүлийн лиг, дүүрэг, хот, тэгээд Премьер лигийн шилдэг 16 шүүгчийг оролцуулаад гэсэн үг. Тэдний заримынх нь хувьд энэ нь мэргэжлийн ажлын хэмжээнд очиж, жилдээ 90 мянган паундын орлого олдог бол ихэнх нь бензиний мөнгө л олох хэмжээтэй.
Харин шүүгчийн бэлтгэл сургуулилалт хэзээ ч өнөө үеийнх шиг хатуу чанга, хяналттай байсангүй ээ. Тэд мэргэжлийн ур чадвараас шалтгаалан зэрэг дэвтэй байна. Хамгийн шилдгүүд нь долоо хоногтоо 3 тоглолт буюу Премьер лигээс гадна Аваргуудын лиги, олон улсын тоглолтууд шүүн явуулна. Энэ шатанд хэвлэл мэдээллийнхэн, менежерүүд тэдний хөдөлгөөн бүрийг нягт шинжилнэ. Гэвч дээд шатанд гарч, шилдгүүдийн тоглолтыг шүүхийн тулд доод шатнаас эхлэх хэрэгтэй. Энд л жинхэнэ “гоё” юмнууд болно доо.
Харамсалтай нь Клайв Стюартад тохиолдсон халдлага ганцхан тохиолдол биш юм. Жил бүр, улирал бүр хөлбөмбөг гэдэг тоглоом шүүгчдийн цусан дунд будагдаж байна гэж хэлж болохоор. Жаахан давсалж байна гэж үү? Үгүй ээ. Залуу, ахмад аль ч насны шүүгчид толгойдоо мөргүүлж, цохиулж, хөлийн хурдаар машин руугаа зугтаж байна. Мэдээж бидний зурагтаар үздэг Премьер, Кока-Кола лигид тийм явдал болох нь юув. Харин хагас, бүтэн сайны лиги буюу сонирхогчийн түвшний лигид хажуугийн туслах шүүгчид тэр бүр байдаггүй болоод ч тэр үү, жилдээ 300 гаруй ийм хандлага болж байна. Зөвхөн Манчестер дүүрэгт 42 тохиолдол бүртгэгджээ. Энэ бол зөвхөн биед хүрсэн халдлага буюу бүртгэгдсэн нь шүү дээ. Хэл амаар доромжлуулах бол тэдний хувьд ердөө өглөөний цайгаа ууж буй мэт элбэг тохиолдоно. Хэдий тийм боловч энэ нь сэтгэлийн хямралд оруулах хүчтэй шалтгаан бөгөөд сүүлийн хэдхэн жилд нийт 7 мянга гаруй шүүгчид ажлаасаа сайн дураар гарчээ.
Тэд өөрсдийгөө өөр “үүлдрийн” гэх дуртай. Энэ бүгдийг даван туулах чадвартай сэтгэлийн хаттай гэж бодно. Гэвч өнөөгийн нөхцөл байдал тэдний тэвчээрийг тултал шалгаж байна.
“Бид тоглогчид болон үзэгчдийн зүгээс үзүүлж байгаа дарамт, шахалтаас шалтгаалан жагсаалаас гарч байгаа мэргэжил нэгт нөхдийнхөө талаар их анхаарч байна.” гэж Хөлбөмбөгийн холбооны Шүүгчийн хөгжлийн асуудал хариуцсан захирал Иайн Бланчард хэлж байна.
Тиймээс 2008 оны улирлаас эхлэн холбооноос дээд түвшний шүүгчдэд үзүүлэх хараал, зүхлийг бууруулахаар “Хүндлэл” аяныг өрнүүлсэн билээ. Энэ аяны үр дүн нь доод лигүүдэд мөн эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон. Энэ бүхэн өргөс авах шиг амархан ажил биш, харин ч удаан хугацааны төсөл болно гэдгийг Холбооны удирдлага мэдэж байгаа боловч өрсөлдөгч нь хүртэл хүндэлдэг, өнөө цагийн шилдэг менежер болох Сэр хэргэмт Алекс Фэргусон шилдэг 16 шүүгчийн нэгийг эрүүл мэндийн хувьд ажилдаа нийцэхгүй хэмээн шүүмжилж байгааг хараад урам ихээр хугарсан нь мэдээж биз ээ.
“Бид энэ асуудлыг улам анхаарах хэрэгтэй. Жил хагасын өмнө гэхэд шүүгчийн ажлыг хаях явдал бараг 80 хувьд хүрч байсан. Хараал, зүхлийн хэмжээ арай л их байна. Зарим хүмүүс шүүгчийг тоглолтод ямар чухал үүрэгтэй ойлгохгүй юм шиг байх юм. Шүүгчгүйгээр хөлбөмбөгийн тоглолт явахгүй шүү дээ.” гэж Иайн үргэлжлүүлэн хэлэв.
Энэ бүгдийг сонсоод суухад шүүгчийн ажил хувь хүн, цаашлаад нийгмийн уур уцаар, гутрал, бухимдлаа гаргах гол бай болсон мэт санагдана. Үүнтэй холбоотойгоор хөлбөмбөгийн ирээдүйтэй холбоотой асуулт урган гарч байна. Тиймээ, хэн хөлбөмбөгийн шүүгчээр ажиллах юм бэ?
Hellenic лигийн Reading болон Wantage хотуудын багуудын тоглолт. Хөлбөмбөгийн лигийн доороосоо хэд дэх үе шатных юм? Ямар ч байсан зарим хуучны мэргэжлийн тоглогчид, 20-30 насныхнаас бүрдсэн бас ч гэж боломжийн тэмцээн. Бас тоглогчдын гэр бүл, найз нөхдөөс бүрдсэн 70 орчим үзэгч цугласан байв.
“Зөвхөн албаныханд хамаатай” гэх бичигтэй зөөврийн жижиг байшинд Оливер Долтон тоглолтод бэлтгэнэ. Одоо үргэлжлэх 90 минутын туршид тэр талбай дээр тоглох 22 эрчүүд, мөн эргэн тойрны хөгжөөн дэмжигчдийг хариуцах юм.
18 настай тэрээр энд цугласан олноос хамгийн залуу нь болох нь илт мэдэгдэнэ. Гэвч тэрний шийдвэр эцсийнх. Шүүгчийн ажлаа орхисон ахмад үеийнхний орон зайг Долтон шиг залуус нөхөхөөр шаргуу хичээж байна.
Орон нутгийн Хөлбөмбөгийн холбоо Долтонд их итгэл хүлээлгэж байгаагийн илрэл бол өнөөдрийн энэ лигийн тоглолт. Өнөөдөр түүний ажлыг хянах хүн ч бас бий. Залуу хүү тоглолт болохоос 1 цаг 30 минутын өмнө ирэх бөгөөд 15 минутын өмнө 2 талын менежерүүдэд техникийн бүсэд зөвхөн нэг хүн байх ёстой гэсэн шинэ дүрмийн талаар санууллаа.
“Би муйхарлахгүй ээ. Гэхдээ тэгээд багийн тал нь шахуу техникийн бүсэд гарч ирээд орилолдоод байх юм бол би хариуцлага тооцно шүү. Ойлгов уу?” гэж өөртөө итгэлтэй дуугаар хэлэв.
2 талын менежерүүд хариуд нь элдэв асуудал үүсгэхгүй гэж амлаад бүгд гар барилцаад амжилт хүслээ. Энэ цаг мөч л хамгийн найрсаг болж өнгөрнө дөө.
Оливер Долтон хөлбөмбөгт чин үнэнээсээ хайртай учраас энд байгаа гэж хэллээ. Дунд сургуулийнхаа шигшээд боломжийн тоглодог байсан ч жаалхүү 14 насандаа хөлбөмбөгөөр дээд түвшинд гарч чадахгүй гэдгээ ойлгож орон нутгийн лигийн шүүгч байсан аавынхаа ажлыг авахаар зориг шулууджээ. Тэр одоо 4 дүгээр түвшний шүүгч бөгөөд улирлын төгсгөлд 3 дугаар зэрэгт ахина гэж найдаж байна. Тэр тохиолдолд тэр Бүсийн хэмжээний тоглолт шүүх бөгөөд дахиад 2 шат ахивал Олд Трэффорд эсвэл Эмирэйтс цэнгэлдэхэд шүглээ үлээгээд зогсох юм.
“Намайг тоглохыг харсан хүмүүс Премьер лигид тоглох чадвартай гэж хэлэхгүй. Гэвч юмыг яаж мэдэх вэ? Би тэнд шүүгчээр ажиллах ч юм билүү?” гэж цовоо дуугаар хэлэв.
Статистик үзэх юм бол түүний гаргасан шийдвэр ухаантай гэж хэлж болохоор. Учир нь 16 настай жаал хүүгийн Премьер лигийн тоглогч болох магадлал 100 мянгад 1 бол шүүгчийн хувьд энэ магадлал 100-д 1 юм.
“Өсвөр насныханд шүүгч хийх таалагддаг шүү. Тэд эрх мэдлийг хүсдэгтэй холбоотой” гэж Иайн Бланчард өгүүлэв.
Гэхдээ Долтоны хувьд гол хүчин зүйл нь тэр биш. Түүний бодлоор шүүгчийн ажил нь биеийн болон сэтгэлзүйн маш том сорилт учраас их сонирхолтой гэнэ. Энэ ажилд татагдан орсоны дараагаар түүний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цаг хугацааг эрхэмлэдэг болж, хүнтэй харьцах чадвараа хөгжүүлж чаджээ. Ер нь хүнийхээ хувьд зөв төлөвшиж байгаа гэж боддог гэнэ. За тэгээд бонуст нь мөнгө. 4 жил шүүгч хийсэн тэрээр өөрийн хөдөлмөрөөр авсан машинаараа эдийн засгийн мэргэжил эзэмшихээр сонгосон Warwick-ийн Их сургуульдаа явж байна. Өнөөдөр гэхэд тэр 47 паунд гар дээрээ авна. “Зүгээр суугаад би машинтай болчихгүй шүү дээ” гэсэн түүний үг зөв шүү.
Бидний дараагийн баатар болох Кийт Хэкэт хуучны дээд түвшний шүүгч бөгөөд одоо тэрээр Мэргэжлийн шүүгчдийн зөвлөлийн ерөнхий менежерээр ажиллаж байна. Түүний ажил бол Премьер лигийн тоглолтыг шүүх шүүгчийг сонгох, шүүгчийн стандартыг дээшлүүлэх явдал юм.
Түүний бодлоор Долтоны урд хүнд хэцүү зам хүлээж байна. Түүний ажиллаж байсан 1970-80 оны үед байдал өнөөгийнхтэй харьцуулахад гайгүй байж. Өнөөдөр шүүгч рүү чиглэсэн хараал, зүхлээс гадна хөлбөмбөгийн спортын эрч хүч, өрнөл үнэхээр нэмэгдсэн нь шүүгчийн ажлыг маш хүнд болгож байна. “Мэдээж, өнөөдөр хуучныхтай харьцуулахад хамаагүй хүнд ажил болсон. Шүүгч тамирчинтай ялгаагүй биеэ хөгжүүлэх ёстой болжээ” гэв.
Тоглоомын *a*рдлагад нийцэхийн тулд шилдэг шүүгчид тоглогчидтой ижил түвшинд биеэ бэлдэх ёстой. Тоглолтын туршид 12 км зам, үүнээс дор хаяж 2 км-ыг гүйж туулна. Гишүүдийнхээ биеийн байдлыг хэвээр байлгах үүднээс ProZone мэдээллийн шинжилгээний систем нэвтрүүлсэн байна. Үүний ачаар шүүгчийн хөдөлгөөн бүрийг хянаж, статистик үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн шинжилнэ.
Гэвч үр дүнд нь эргэлзэх хүн гарч ирнээ. Манай “баатар” болох Алекс Фэргусон Премьер лигийн шилдэг шүүгчдийн нэг Алэн Уайлигийн биеийн байдлыг шүүмжилсэн нь саяхны явдал. Түүний удирддаг Манчестер Юнайтед баг Сандэрлэндийг талбайдаа хүлээн авч 2-2 тэнцсэний дараагаар “Шүүгч талбай дээр зүгээр алхаж байсан. 2 дахь гоол ороход бүр амарч байсан гээч. Тэр ер нь энэ төрлийн тоглолтын стандартад нийцэхгүй нь харагдлаа. Өнөөдрийн хөлбөмбөгийн өрнөл шүүгчийг бэлтгэлтэй байхыг *a*рдаж байна. Гэвч тэр тэнцэхгүй байна. Энэ явдал бидний тоглоомыг сүйтгэж байна” гэх зэргээр аашилж гарсан.
Хэдийгээр Алекс Уайлиг хэл амаар доромжилсныхоо төлөө уучлал гуйсан боловч өнөөдрийн Английн хөлбөмбөгт учирч буй нийтлэг асуудлыг хөндсөн гэдгээ бас илэрхийлсэн юм. Уайли хариуд нь юм хэлсэнгүй.
Учир нь статистик түүний талд байлаа. ProZone үзүүлэлтээр тэр тухайн тоглолтод 12 орчим км зам туулсан нь ихэнх тоглогчоос илүү ачаалал авсаныг баталсан билээ.
Улирлын туршид дээд түвшний шүүгчид хэд хэдэн удаа цугларч биеийн эрүүл мэндийн байдлын талаар шинжилгээнд хамрагддаг. Саяхан Leicestershire-т болсон тийм цугларалтын үеэр нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь ха*a*ны гадна Mercedes, Audi, BMW зэрэг төрөл бүрийн ганган машин эгнэжээ. Зарим нь бүр дугаартаа “Ref” гэж бичиж гангарчээ. Тэдний жилдээ 90 мянган паундаас бага цалин авдагтай харьцуулахад энэ нь дэндүү ахадсан мэт санагдана. Гэвч үүний учир удахгүй тайлагдсан юм. “Хэрвээ бид зүгээр жирийн унаа хөлөглөөд тоглолтод очих юм бол тоглогчдын хүндлэлийг шууд л алдана шүү дээ” хэмээн нэгэн шүүгч тайлбарлалаа. За ёстой тэгэх л байх даа.
Машинаасаа гараад тэд хурд авалт, сэргэлт авах, А алдаанаас Б алдааг танихад зарцуулах хугацаа зэрэг төрөл бүрийн шалгалтад орно. Болж байгаа үйл явдлаас 14.5 метр орчим зайд байрлаж өөрийн шийдвэрээ гаргана.
Гэхдээ биеийн эрүүл мэнд бол асуудлын зөвхөн тал хэсэг. Хэкэтийн хэлж буйгаар шүүгч тоглоомын дүрмийн талаар бүрэн мэдэхээс гадна түүнийг хэрэгжүүлэхэд хатуу чанга байр суурьтай байх нь чухал юм. Зан чанарын хувьд ноён нуруутай байх ёстой гэсэн үг л дээ. Хэдэн жилийн өмнөхөн шилдэг шүүгч байсан Грэм Поллыг зарим хүмүүс биеэ тоосон, хямсгар нэгэн хэмээн шүүмжилдэг байсан ч шүүгч өөрийгөө хамгаалах чадвартай байхын нэгэн илрэл юм.
Элит ангилалд 2004 оноос хойш багтан ажиллаж байгаа Андре Марринерын хэлсэнчлэн шүүгч байхаас өөр жаргал үгүй гэнэ. “Нэгэн удаа Эвэртоны тоглолт шүүх болсон. Цэнгэлдэхийн уур амьсгал галзуу байлаа. Угаасаа ч миний дуртай газар. Хонгилоос гарч талбайд гарахад үзэгчид орилолдоод. Ёстой нөгөө үс босно гэдэг биелнэ шүү дээ. Тийм орчинд л өөрийгөө амьдаар, бүтнээр мэдэрнэ” гэв.
Үүнийг сонсоод инээд хүрэх боловч тэр болон түүний зэвсэг нэгт нөхөд эргэн тойронд нь юу болж байгааг үл ойшоох ур чадварыг эзэмшсэн байдаг. Асуудлын дунд үлдэж, төвийг сахихын тулд тусгай бүрхүүл өмссөн мэт. Учир нь хөлбөмбөг нэг талаас спорт, цэнгэл наадаан боловч нөгөө талаас асар их мөнгө эргэлддэг бизнес болсон билээ.
“Премьер лигийн шүүгчийн шийдвэрээс шалтгаалж дор хаяж 100 сая паундын асуудал яригдана шүү” гэж Хэкэт сануулав. “Түүний шийдвэр гаргах үйл явц дэлхий дахины нүдэнд ил. Түүний цуурай хэзээ ч ийм чухал, ач холбогдолтой байсангүй” гэж үргэлжлүүлэв.
Ялангуяа шүүгч рүү хамгийн их дайрдаг хэсгийн нэг болох менежерүүдэд дээрх асуудал илүү хамаатай. Тэдний ажил ялгаагүй их дарамтад оршдог. Ялалт байгуулж, хөгжөөн дэмжигч, багийн удирдлагаа баярлуулахгүй бол хамгийн түрүүнд ял үүрдэг улсууд.
Энэ жил Премьер лигид дэвшсэн Бөөрнли багийн менежер Оуэн Койлтой уулзая.
“Бид нар бүгдээрээ өрсөлдөгч нар гэдгийг та нар санах хэрэгтэй. Бид шүүгч нарыг ажлаа сайн хийгээсэй гэж хүсдэг. Хэрэв чадахгүй бол шүүмжлэхээс айдаггүй.”
Гэвч түүний энэ яриа асуудлыг зөвхөн нэг талаас нь харсан хэрэг юм.
“Бид нар шүүмжлэлийн маш амархан бай. Тиймээс бид тэднийг юу ч гэж хэлсэн тоохгүй байх хэрэгтэй болдог. Менежерүүд биднийг шүүмжилдэг ч ихэвчлэн өөрсдийн багийн дутагдлаа хаацайлах гэж тэгдэг дээ” гэж хуучин шуудан зөөгч байсан боловч мэргэжлийн шүүгч болохоор шийдсэн Марринер өгүүлэв. “Бид бүгд л алдаа хийдэг. Бид нарыг 100 хувийн гоол алдсан довтлогчийг шүүмжилж байна гээд төсөөл дөө. Гэвч бид хэзээ ч тэгэхгүй л дээ”. Түүний зөв ч байх.
Шүүмжлэгчдийг төлөөлөл болсон Койл менежерүүд шүүгчийг гүтгэсэн бол уучлал гуйх зоригтой байх хэрэгтэй гэдгээ бас илэрхийлэв. “Би бараг хамгийн их шүүмжилдэг нь байхаа. Өнгөрсөн жил Queens Park Rangers-тэй тоглож байхад тэднийх отон тоглолтноос гоол оруулах шиг болсон юм. Би тэгээд хажуугийн шүүгчийг харааж өгсөн л дөө. Тэгээд би түүнийг давтан бичлэг үзээд надаас уучлал гуйгаарай гэж хэлсэн юм. Гэвч юу болсон гэж санана? Бүх зүйл эсрэгээр эргэж, шүүгчийн буруу биш, миний алдаа болсон юм. Тэр үнэхээр зөв шүүсэн байлаа. Тэгээд би түүн рүү залгаж уучлал гуйсан. Тэр дажгүй хүлээн авсан нь намайг бүр улам ичгэвтэр байдалд оруулсан шүү”
Гэхдээ л Койлын гэмшил нь өнгөрсөн явдлыг сөхсөнөөс гадна далд болсон явдал. Харин ноён Алексийн Уайлиг доромжилсон явдал бүх нийтийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжсан. Харамсалтай нь, энэ нь дээд, доод, сонирхогчийн гээд янз бүрийн түвшний менежерүүдэд буруу үлгэр дууриал үзүүлж, шүүгчийг болохгүй бүхний үүр уурхай болгох аюултай юм.
Оливер Долтоны шүүх ур чадварыг ажиглаж байхад тэр хурдан, асуудлыг гярхай ажиглаж, бүх шийдвэрийг зөв гаргаж байлаа. Хөндлөнгийн нүдээр харж буй миний болон түүний тоглолтыг хянах холбооны ажилтны хувьд шүү дээ. Түүнээс биш хөлбөмбөгт дундыг барих гэсэн асуудал байхгүй бололтой. Учир нь түүнийг ажлаа яаж ч зөв хийж байсан хүн бүр түүний талаар янз бүрийн бодол агуулна. Тоглолт оргил цэгтээ хүрэх явцад талууд түүнийг өөрсдийнх нь эсрэг шүүж байна гэж бодно. Үзэгчид ямар нэг мөргөлдөөн, алдаа гарах бүрд “Хөөе, шүүгчээ. Хараачээ. Сохор юм уу.” гэх зэргээр хашгиралдана. Нэг нөхөр бүр онцгой байлаа. Дэмжиж байгаа багийнх нь эсрэг үлээх бүр “муу новш минь” гэх бөгөөд харин нааштай шийдвэр гаргахаар “одоо л нэг шилээ зүүх шив дээ” гэж орилно. Тоглогчид зүй ёсны ямар ч шийдвэр байсан тэдний эсрэг л бол гомдол тавьж, айлгах гэж үзнэ.
“Түүний зүг ирж буй энэ бүх дуу шуугианыг зүгээр л цонх мэт хаах хэрэгтэй” гэж Долтон хэлэв. “Хэрвээ санаа зовоод тэдний гомдлыг сонсоод эхэлбэл дууслаа л гэсэн үг. Шийдвэр буруу гаргачихлаа даа гэж бодвол дараагийн шийдвэрээ зөв гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь алдаагаа нөхөж, тэгшитгэж болохгүй.”
Нөгөө талаар Кэйт Хэкэтийн хэлж буйгаар тоглогч, хөгжөөн дэмжигчдийн зүгээс ирэх зүй бус үг хэллэг, нөхөрсөг бус уур амьсгал нь тэдний ажилдаа суралцах үндсэн хөрс болдог байна. Шүүгч болно гэж бодож байвал тийм байдлыг давж сурах хэрэгтэй гэсэн үг.
“Энэ нь чамайг улам бүр бэхжүүлж, хатуу чанга болгоно. Үүнээс зайлсхийх хэрэггүй. Хүлээж авч сурах хэрэгтэй. Ялангуяа доод лиги болон сонирхогчийн лиги жинхэнэ дадлага болно. Би дээд түвшний шүүгч байхдаа хааяа тийшээ очдог байсан. Өөрийнхөө сэтгэлзүйн бэлтгэлийг шалгах гэж тэр шүү дээ”.
Марринер түүнтэй санал нийлэв. “Тийм шүү. Доод лигид бол байдал бүр долоон дор. Би ч жинхэнэ “амтыг” нь хангалттай мэдэрсэн дээ. Заримдаа тоглолтын дараа хариад “Би ер нь энэ ажлыг яах гэж хийж байгаа юм бол?” гэж өөрийгөө гайхдаг байсан. Гэвч бусад шүүгчидтэй ярилцаж, туршлага хуваалцсаны дараа энэ бол хувийн өш хонзон биш гэдгийг мэдсэн. Шүүгч болохын “шагнал, гавьяа” нь гэж ойлгосон. Тэгээд хэрвээ чи энэ байдалд дасч чадахгүй бол дээшээ гарна гэж байхгүй л дээ”
Долтон тоглолт дуусгахаар шүглээ үлээхэд хурцадмал байдал арилав. Тоглогчдын уур хилэн алга болж, бие биентэйгээ болон ихэнх нь Долтонтой гар барьж, зарим нь мөрөн дээр нь алгадна. Түрүүхэн түүнийг сохроор дуудаж байсан нэг багийн дасгалжуулагч талбайд шогшин ирж сайн ажилласанд нь баяр хүргэв.
“Тиймээ. Ийм байдал байнга тохиолдоно. Хөлбөмбөг дүрэлзсэн тоглоом. Гэхдээ дуусангуут намждаг юм” гэж Марринер толгой дохилоо.
За яахав. Зарим нь тэгдэг л байх. Гэхдээ Долтоныг хувцас солих өрөө рүүгээ явахад хожигдсон багийн нэг нөхөр орилсон хэвээр дагана. Долтоныг эсрэг багийн ногоон өмсгөл өмсөх ёстой ч гэнэ үү. Улаан хүрэн царайлсан тэр нөхөр бүр үүдэнд нь зэрэгцээд ирлээ. Аз болж туслах 2 шүүгч хүрэлцэн ирж Долтоныг өрөөнд ороход тусаллаа. Заналхийлэгч этгээд дараа учраатай гэдгийг сануулж, хаалга өшиглөчихөөд бар орж аяга шар айраг залгилахаар явлаа.
Харин нөгөө өрөөнд хожигдсон багийн дасгалжуулагч тоглогчдоо хичээсэнгүй хэмээн зэмлэх нь дуулдана.
“Энэ түвшний тоглолт ч гайгүй шүү” гэж Долтон тайлбарлав. “Учир нь бид тоглолтыг 3-уулаа шүүж явуулна. Туслахуудтай байна гэдэг их нэмэртэй. Харин сонирхогчийн түвшний тоглолтыг ганцаараа шүүж явуулахад түгшүүртэй. Нэг удаа хувцас солих өрөөнд 10 минутын турш заналхийлэл дунд хоригдсон. Гараад ирвэл алаад өгнө гээд нэг нөхөр орилоод байсан юм. Аз болж тэр тэгээд удалгүй явсан. Гэхдээ л би маш сэрэмжтэй байж бушуухан машин руугаа гүйн очсонсон”
Шүүгчдээ гэж. Аргагүй л өөр “үүлдрийн” улсууд юм даа.
loading...




he he goe bichijee. bayralaa iim niitlel orchuulj ugsund
loading...
Энэ жилийн лигийн сүүлийн өдөр тэнэг урт үстэй гомо писда Сэлэнгэ Прессийнхэнд үхтлээ зодуулсандаа хөөрхий. Иймэрхүү зүйл жил болгон л болдог. Өсвөрийн бацаанууд шууд очоод л шүүгчийг мөргөнө энэ байдаг л зүйл. УБ Юнайтэдын дасгалжуулагч шүүгч байхдаа хувцасаа солих ч гүй зугтааж л байдагшдээ.
loading...
Bi 1 shuugchiig shanaadaad xuugduj baij bilee!(tegexdee sagsand shuu!)
loading...
za ih goe ymdaa hu.neeree ch shuugch nar hetsuu l yum bndaa bi ch bas shuugchee haraj l baidin odoonoos eniig zogsoonoo…kkk
loading...
Championship-д 16 тойргийн дараах байдлаар Newcastle United 33 оноотой тэргүүлж байна шүү, залуус аа. Дараа жил дээд лиг рүүгээ ороод ирээсэй. Тэд тэнд тоглох ёсгүй баг шүү.
loading...
Saihan niitlel bna
loading...
46 тойрогтой гэдгийг сануулья. Урт байна шүү.
loading...
pee yasan ch ih ym
loading...
unshhaas zalhu hurchle
loading...
goyo medeelel bna oo ugaasaach holbombog 90 minutand shuugchee doromjilj haraadag bol duusaad gar barial uuchlalat guigaal saldag shuudee
loading...