loading...
Энэ сарын 2-нд эхэлсэн талбайн теннисний Валенсигийн нээлттэй тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн финалд Их Британий Энди Мюррэй, Оросын Михайль Южны нар оноолт таараад байсан бөгөөд 2 сетэд Мюррэй 6-3 6-2-оор ялалт байгуулж энэ оны 6 дахь түрүүгээ хүртлээ. 22 настай Британи эр бугуйны бэртлээс болж сар гаран теннисний талбайд гараагүй бөгөөд ийнхүү эргэж ирсэн анхны тэмцээндээ л түрүүлж чадлаа. Тэрээр тэмцээний эхний шатанд Испаний Жимено Трэверийг буулган авч дараа нь Аргентин, Испаний теннисчдыг ялж хагас шигшээд Фернандо Вердаскотой оноолт таарсан. Чансааны 4-т эрэмбэлэгдсэн Испани эрийг Энди 6-3 2-6 6-3 гэсэн харьцаагаар ялж шигшээ тоглолтонд шалгаран үлдсэн юм. Ялалтын цомоо гардан авсаныхаа дараа Энди ”Бидний хувьд их хүнд тоглолт боллоо. Тоглолтын эхнээс л давамгайлж үүнийгээ ашиглаж ялах тактикаар би тоглосон. Үүндээ ч хүрч чадлаа. Ер нь би энэ тэмцээнд тийм ч өндөр амжилт гаргана гэж бодоогүй. Бэртлээсээ дөнгөж эргэж ирсэн болохоор өөрийгөө сорих гэж л оролцсон. Юу ч гэсэн цохиураа дахин барих сайхан байлаа” гэжээ. Одоо он гартал Эндиг 2 тэмцээн хүлээж байна. Францад зохиогдох Парис мастер болон Лондонд болох ATP-ийн дэлхийн турын финалд тэр оролцох ажээ.
***
Мөн эдгээр өдрүүдэд 49 дэх удаагийн талбайн теннисний Холбооны цомын аваргууд тодорлоо. Эмэгтэй теннисчдийн дэлхийн аварга гэж хэлж болох энэхүү тэмцээн нь 1963 оноос хойш зохиогдож байгаа юм. Дэлхийн бүсийн хагас шигшээд Оросын багийг Италичууд талбайдаа 4 : 1-ээр ялж финалд шалгарсан бол Мелани Уден тэргүүтэй Америкийн бүсгүйчүүд Чехийн багийг буулган авсан юм. Ингээд 2009 оны Холбооны цомын шигшээ тоглолт өнгөрсөн шөнө италийн Режжио хотод явагдлаа. Талбай дээрээ тоглож байгаагийн хэргээ гаргаж Флавио Пеннетта тэргүүтэй Италийн бүсгүйчүүд өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй 4 : 0-ээр ялалт байгуулжээ. Италийн багийн дасгалжуулагч Corrado Barazzutti энэ ялалтын дара ”Үнэхээр гайхалтай манай охидууд түүхийг шинээр бүтээлээ. Энэ бол италийн теннисний түүхэнд бичигдэх үйл явдал” хэмээн ярьжээ. Италичууд ийнхүү сүүлийн 3 жилд 2 дахь цомоо хүртэж байна.
Дэлхийн бүсийн плэй -офф шатанд Серби- Испанийг 4 : 0-ээр бутниргэж ирэх жил шилдэгүүдтэй өрсөлдөх эрхээ авсан бол Франц – Словакыг 3 : 2–оор Герман – Хятадыг мөн энэ тоогоор, Украйн Аргентинийг 5 : 0-ээр, тус тус буулган авчээ.
loading...



