loading...
2009 оны Эзэн хааны цомын төлөөх хамгийн сүүлийн тэмцээн буюу Кюшю башё ирэх амралтын өдөр эхэлнэ. Энэ башёãèéí äýýä çèíäààíä нийт 42 шилдэг бөх зодоглохоос 10 нь монгол залуу байгаа билээ. Ингээд арлын орныг хурд хүчээрээ байлдан дагуулж буй арван залуугийнхаа тухай товч танилцуулгыг та бүхэнд хүргье.
Ёкозүна Асашёорюү
Их аварга зүүний магнайд босохоор зэхэж байна. 24 түрүүлж Китаноумитай амжилтаараа мөр зэрэгцсэн аваргад одоо түрүүлсэн тоогоороо дээд амжилт тогтооход дахиад 9 түрүү хэрэгтэй. Түүнийг дахиад түрүүлж чадахгүй гэж үзэгчдэд бардам хариулт өгч өнгөрөгч башёд өнгөлсөн аварга энэ башёгийн өмнө бэлтгэл чамгүй хийж буй сурагтай. Зүүн тохойны бэртлийн талаар ч яригдахгүй байгааг бодоход башёдоо элдэв эмзэглэлгүй зодоглох төлөвтэй.
Бүтэн нэр: Долгорсүрэнгийн Дагвадорж
Дэвжээ: Такасаго
Төрсөн огноо: 1980.09.27
Биеийн өндөр, жин: 184 см, 150 кг
Даваа, унаа, өнжилт: 645 – 167 – 76
Барилдааны гараа: 1999.01 сар
Цол: Ёкозүна. 2003.03 сар
Ёкозүна Хакухо
Нэмэлт барилдаанд Асашёорюүд ялагдаж харамсалтайгаар нэг түрүүгээ алдсан ёкозүна Хакухо энэ башёд түрүүлэх бодол агуулж байгаа нь тодорхой. Дөнгөж төрсөн хүүдээ түрүү авч бэлэг барина гэж амласандаа хүрээгүй тул энэ удаад ямар ч байсан бүх хүчээ шавхан барилдана. Эзэн хааны цомыг 11 удаа хүртээд буй тэрбээр энэ башёд 2-оос цөөн ялагдвал ёкозүна Асашёорюүгийн жилийн зургаан башёд хамгийн цөөн унасан дээд амжилтыг ахиулах болно. Хакухо энэ жил үндсэн барилдаанд ердөө дөрөвхөн унасан байгаа. Харин Асашёорюүгийн дээд амжилт бол 84 даваа буюу 6 удаа өвдөг шороодсон нь байдаг. Ийнхүү Хакухогийн хувьд ирэх башё чамгүй хүлээлт, хариуцлага шаардаж байгаа билээ.
Бүтэн нэр: Мөнхбатын Даваажаргал
Дэвжээ: Миягино
Төрсөн огноо: 1985.03.11
Биеийн өндөр, жин: 192 см, 153 кг
Даваа, унаа, өнжилт: 474 – 142 – 21
Барилдааны гараа: 2001.03 сар
Цол: Ёкозүна. 2007.07 сар
Озэки Харумафүжи
Мэргэжлийн сумод чадал чансаагаа гайхуулж яваа монгол бөхийн удамтай бас нэг хүү бол Харумафүжи. Дээд зиндааны хамгийн хөнгөн бөх хэрнээ хамгийн амттай барилдаан гаргадаг нь гайхалтай. Түүний аав Р.Давааням гуай “Би хүүгээ анх сумогийн багш ирээд авахад л “Үнэхээр юм мэддэг чаддаг хүн бол миний хүүгээр сайхан бөх хийчихнэ шүү гэж шууд хэлсэн” гэж ярьж байсан удаатай. Жин нэмэх буюу хоол идэх шаардлага л түүний хувьд хамгийн хэцүү даваа гэдэг. Озэки цол хүртээд жил тойрох гэж буй Харумафүжи Эзэн хааны цомыг хүртээд бас амжчихсан. Энэ сарын башёгийн өмнөх бэлтгэл дээр ёкозүна Хакухог хэд хэд хаячихсан сурагтай. Озэки цолтнуудаас их аварга болох хамгийн магадлалтай бөхөд зүй ёсоор тооцогдож байгаа билээ.
Бүтэн нэр: Даваанямын Бямбадорж
Дэвжээ: Исэгахама
Төрсөн огноо: 1984.04.14
Биеийн өндөр, жин: 185 см, 129 кг
Даваа, унаа, өнжилт: 378 – 257 – 1
Барилдааны гараа: 2001.01 сар
Цол: Озэки. 2009.01 сар
Секивакэ Какурюү
Ёкозүна Хакухо саяхан нэгэн бэлтгэлийн үеэр “Би Какурюү, Баруто хоёроос жаахан цэрвэж байна” гэж хэлжээ. Сумогийн алтан хараацай гэгддэг Кёкүшюзан, Кёкүтэнхү нарын амжилтаар бахархаж тэдэнтэй адилхан бөх болох хүсэлдээ хөтлөгдсөн Ананд Ханагако дэвжээнийхэн Монголоос ирээдүйтэй хөвгүүн “урвуулах”-аар ирэхэд шалгуулсан ч “шаардлага хангахгүй” гэсэн үнэлгээ авсан аж. Гэвч сумоч болох их хүслээ өгүүлсэн захиагаа аавынхаа найзаар орчуулуулан арлын оронд хүргүүлсэн гэдэг. Энэ захианаас хойш хоёр сарын дараа түүний захидал, зургийг Исүзү дэвжээ хүлээн авснаа мэдэгджээ. Ингээд Ананд хүү Какурюү болохоор Японыг зорьсон юм. Дээд зиндаанд дэвшин барилдталаа чамгүй хугацаа зарцуулсан ч гэсэн сүүлийн үед түүн шиг өдөр цагаар сайжирч буй бөх дээд зиндаанд лав үгүй байгаа тухай сумогийн мэргэжилтнүүд ярих болсон билээ.
Бүтэн нэр: Мангалжалавын Ананд
Дэвжээ: Исүзү
Төрсөн огноо: 1985.08.10
Биеийн өндөр, жин: 187 см, 140 кг
Даваа, унаа, өнжилт: 275 – 234 – 4
Барилдааны гараа: 2001.11 сар
Цол: Секивакэ. 2009.05 сар
Маэгашира 2 Токитэнкү
Мэргэжлийн сумогийн дэвжээнээ гармагцаа 22 дараалан ялж, энэ зуураа гурван зиндаанд түрүүлсэн бахдам амжилтаар тэр гараагаа эхэлсэн. Ер нь улсын начин Алтангадас гуайн ганц хүү Хүчитбаатар бол сурлага тун сайтайгаараа зартай нэгэн. Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаад оюутан солилцооны шугамаар Токиогийн хөдөө аж ахуйн их сургуульд суралцах болсон нь түүнийг сумо руу хальтрахад дэм өгсөн юм. Тэр энэ сургуульд сурч байхдаа л Бүх Японы оюутнуудын аварга шалгаруулах тэмцээний -100 кг-ын жинд түрүүлсэн. Энэ амжилт нь түүнийг мэргэжлийн сумод барилдах найдлага, боломж байгааг зааж өгчээ. Тэр эх орондоо байхдаа жүдо бөхөөр хичээллэж байсан. Хэрвээ ирэх башёд сайн барилдвал комүсүби цол хүртэх боломж түүнд байна.
Бүтэн нэр: Алтангадасын Хүчитбаатар
Дэвжээ: Токицүказе
Төрсөн огноо: 1979.09.10
Биеийн өндөр, жин: 187 см, 148 кг
Даваа, унаа: 304 – 269
Барилдааны гараа: 2002.07 сар
Цол: Комүсүби. 2007.05 сар
Маэгашира 6 Кёкүтэнхо
Н.Цэвэгням Масару Ота хэмээх Японы иргэн болоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч монголдоо сэтгэлтэй, бидний хайр талархлыг хүлээсэн монгол залуу хэвээрээ л байгаа билээ. Ошима ояката талын Монголоос авьяастай хөвгүүдийг шилж авахаар анх ирэхэд Цэвэгням барилдсан гэдэг. Хэдийгээр тэр нэгийн даваанд өвдөг шороодсон ч гэсэн шалгалтад тэнцсэн цөөхөн хүүхдийн нэг болсон нь тун хачин санагдсан гэдэг. Ошима оякатад тэр ёкозүна Тайхогийн залуу насыг хэтэрхий их санагдуулснаар ийм шийдвэр гаргаж, арал руу авч явах зургаан хүүхдийн нэгд оруулахад хүргэжээ. Тэр цагаас хойш Н.Цэвэгням элэг нэгтнүүдээ баярлуулан барилдсаар байна.
Бүтэн нэр: Нямжавын Цэвэгням буюу Масару Ота
Дэвжээ: Ошима
Төрсөн огноо: 1974.09.13
Биеийн өндөр, жин: 191 см, 156 кг
Даваа, унаа, өнжилт: 696 – 665 – 22
Барилдааны гараа: 1992.03 сар
Цол: Секивакэ. 2002.01 сар
Маэгашира 10 Асасэкирюү
Цагаан хэмэх Л.Бадарч начны бага хүү Дашнямын барилдаан их тогтонги, тайван гэмээр. Үүнийгээ дагаад амжилт нь ч гэсэн сүүлийн үед тогтонги болчихоод байгаа. 2003 оны нэгдүгээр сарын башёд тэрбээр жюүрёо зиндаанд түрүүлэхэд дэвжээ нэгт Асашёорюү дээд зиндаанд түрүүлсэн нь сумогийн түүхэнд нэгэн содон амжилт болсон юм. Үүнээс өмнө мэргэжлийн сумогийн түүхэнд дээд хоёр зиндаанд зэрэг гадаадын бөх түрүүлж байсан тохиолдолд үгүй байжээ. Асасэкирюү нэгэнтээ мөрөөдлөө “Асашёорюүтай Эзэн хааны цомын төлөө халз барилдах” гэж тодорхойлж байсан. Өөрөөр хэлбэл, нэг дэвжээний андтайгаа башёгийн сүүлийн өдрийн нэмэлт барилдаанд таарах нь түүний мөрөөдөл юм.
Бүтэн нэр: Бадарчийн Дашням
Дэвжээ: Такасаго
Төрсөн огноо: 1981.08.07
Биеийн өндөр, жин: 185 см, 145 кг
Даваа, унаа, өнжилт: 394 – 343 – 21
Барилдааны гараа: 2000.01 сар
Цол: Секивакэ. 2006.07 сар
Маэгашира 11 Тамаваши
Багшийн гэр бүлд өсч хүмүүжсэн Мөнх-Оргил эгчийнхээ урилгаар Токиод хэд дараалан очжээ. Сумоч болох найдлага байгаа эсэхийг үзэхээр Риогоку ордны хавиар зүгээр алхаж яваад Какурюү Анандтай тун санаандгүй таарсан гэдэг. Ананд түүний сумоч болох хүсэлтэйг сонсоод Кёкүшюзаны утасны дугаарыг өгч, түүнд хандахыг зөвлөжээ. Ингээд Кёкүшюзан ч түүний хүслийг дэмжиж Катаонами дэвжээнд оруулж өгсөн гэдэг. Дөрвөн жилийн турш хатуу ширүүн бэлтгэл хийсний үрээр жюүрёо зиндаанд дэвшснийхээ дараа л багш нь түүнийг эх орондоо түр зуур амрахыг зөвшөөрсөн гэдэг.
Бүтэн нэр: Батжаргалын Мөнх-Оргил
Дэвжээ: Катаонами
Төрсөн огноо: 1984.08.16
Биеийн өндөр, жин: 190 см, 155 кг
Даваа, унаа: 185 – 141
Барилдааны гараа: 2004.01 сар
2008 оны есдүгээр сард дээд зиндаанд анх дэвшсэн.
Маэгашира 12 Шёотэнро
Нямсүрэн цагтаа улсын наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж, ирээдүйтэй хүүхэд гэдгээ бүрэн зарлаж явсан залуу. Дараахан нь сонирхогчдын сумогийн тэмцээнд оролцон Оросын бөх, хожмоо бас сумоч болсон Рохог ялж байсан юм. Энэ тэмцээн дээрээс түүнийг Мусашигава ояката олзуурхан харж аваад дэвжээндээ авсан гэдэг. Харамсалтай нь түүнийг бэртэл гэмтэл үргэлж дагаж байлаа. Макүшита зиндаанд 30 башё барилдахдаа тэр дөрвөн удаа санданмэ зиндаа руу унасан ч итгэл найдвараа алдалгүй амжилтад хүрэхээр зүтгэсээр байлаа. Өвдгөндөө авсан хүнд бэртэл нь түүнийг амжилт гаргахад саад болдог байв. Ингээд багш нь түүний Мусаширюү хэмээх нэрийг сольж Шёотэнро болгосноор санаа дагасан уу амжилт нь ч ахиж эхэлжээ. Тэр ёкозүна Хакухотой нэг өдөр мэргэжлийн сумод хөл тавьсан билээ.
Бүтэн нэр: Дагдандоржийн Нямсүрэн
Дэвжээ: Мусашигава
Төрсөн огноо: 1982.01.31
Биеийн өндөр, жин: 189 см, 154 кг
Даваа, унаа, өнжилт: 226 – 162 – 17
Барилдааны гараа: 2001.03 сар
2009 оны гуравдугаар сард анх дээд зиндаанд дэвшсэн.
Тэр Хакухогийн хамтаар мэргэжлийн сумог ойроос сонирхох нэр дор нэг зэрэг одсон долоо хөвгүүний нэг. Багадаа үндэсний бөхөөр төдийлөн барилдаж байгаагүй гэдэг. Харин харьд одож, сумоч болох боломж гарахад татгалзаагүй ажээ. Базарсад сагсан бөмбөгт тун дуртай хүүхэд байж. Японд очиход нь түүнийг Тацүнами ояката шилж авчээ Тацунами ояката буюу Асахиютакаг манай сумо сонирхогчид хоёр Кёк-тэй хамт Ошима дэвжээнд барилдаж байснаар нь сайн танина. Моконамиг эх нутгаа санан, сэтгэл санаа нь тавгүйтэхэд хоёр Кёк-ээс хальт мульт сурсан монгол хэлээрээ Тацунами ояката ярьж тайвшруулдаг байсан гэдэг.
Бүтэн нэр: Ганболдын Базарсад
Дэвжээ: Тацунами
Төрсөн огноо: 1984.04.05
Биеийн өндөр, жин: 187 см, 151 кг
Даваа, унаа: 281 – 244
Барилдааны гараа: 2001.03 сар
2009 оны долоодугаар сард дээд зиндаанд дэвшсэн.
loading...




Davgaa maani l avraga shudee
loading...
11 sariin temtseenii talaar medee b.na uu
loading...
mongol howguud uneheer agui shuu manai 2 awargig barahguiee japanchuud
loading...