Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, МССХ » Д.Сүрэнхорлоо ОУЦХ-ны ээлжит хуралд оролцоод ирлээ

GD Star Rating
loading...

Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын паралимпийн цанын холбооны ерөнхийлөгч, БТСГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо Олон улсын цанын холбоо /ОУЦХ/-ны ээлжит хуралд оролцоод иржээ. Түүнтэй уулзаж энэхүү хурлаас ямар олзтой ирсэн талаар ярилцлаа.

-Өвлийн олимпийн өмнөхөн болж байгаа энэ удаагийн хурлаар ямар асуудал ярилцав?
-Швейцарь улсын Лозанн хотноо болсон энэ удаагийн хуралд дэлхийн 38 орны үндэсний цанын холбооны төлөөлөгчид оролцлоо. Энэ удаагийн хурлын сургалт семинар нь “Ирээдүйгээ цогцлоох нь” гэсэн сэдвийн дор болов. ОУЦХ /FIS/-ны болон үндэсний цанын холбоодын байр суурь ямар байгаа, тэдний хоорондын уялдаа, холбоо ямар  байх, ирээдүйд нэг зорилготой, хэрхэн, яаж хамтран ажиллах талаар зөвлөлдөж, санал бодлоо солилцлоо.

Энэ хүрээнд нэгд, ОУЦХ-ны хөгжлийн хөтөлбөрийн талаар болон цанын спортыг хөгжиж байгаа орнуудад хөгжүүлэх чиглэлээр нэлээн онцолж ярилцлаа.

Тухайлбал, ОУЦХ-ноос хөгжлийн хөтөлбөрүүд гаргаж, төсөл хэрэгжүүлж цанын спортыг өргөн дэлгэр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг хөгжингүй, хөгжиж байгаа болон хөгжих гэж байгаа улс орон гэж гурав ангилж хэрэгжүүлэх юм. Хоёрт цанын спортыг хөгжүүлэх бодлогыг дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулж цанын спортыг ивээн тэтгэгчийг хэрхэн татан оролцуулах асуудал байлаа. Спонсор, ивээн тэтгэгч компани, байгууллагатай ОУЦХ хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө. Гуравт хүүхэд, багачуудын дунд цанын спортыг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал байлаа. Энэ сэдвээр ярилцлага, сургалт семинарыг зохион байгуулсан. Ер нь дэлхийн нийтийн чиг хандлага бол хүүхдийг цанын спортоор бага наснаас нь хичээллүүлж, эрүүл агаарт бие бялдрыг нь өв тэгш хөгжүүлэхэд нэн тустай гэдгийг ойлгуулж мэдрүүлэх үйл ажиллагааг явуулахад чиглэж байгаа.

-Цанын спортын өнөөгийн хөгжлийн талаар тулгамдсан ямар асуудал байдаг бол?
-ОУЦХ нь үндэсний цанын холбоодтой байнгын харилцаа холбоотой байж, дээд байгууллага болох ОУЦХ-ны дүрэм журмаа хатуу баримталж нэг зорилгын дор хамтран ажиллах юм. Түүнээс гадна Олон улсын бусад спортын байгууллагатай уламжлал ёсоор хамтран ажиллах талаар зөвшилцлөө. Цанын спортын сурталчилгааг өргөжүүлж, уралдаан, тэмцээний аюулгүй ажиллагаа хяналтыг сайжруулах асуудал ОУЦХ-ны нэг чухал ажил байдаг. Энэ асуудлыг нухацтай ярилцсан. Олон улсын хэмжээнд сурталчилгааны ажилд чамгүй хөрөнгө мөнгө зарцуулахаар боллоо.

Дэлхий, тивийн хэмжээний уралдаан тэмцээнийг ОУЦХ-ноос заавал баталгаажуулж байж зохион байгуулах асуудлыг авч хэлэлцлээ. Зарим тэмцээн ОУЦХ-ны календарчилсан төлөвлөгөөнд ороогүй байдаг. Эдгээр нь олимпийн эрх олгохгүй тэмцээн бөгөөд тамирчдын аюулгүй байдлыг хангах асуудал нь учир дутагдалтай төдийгүй эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа энэ үед зарим орны цанын тамирчдын хувьд үргүй зардал гаргахад хүрч байна гэж анхааруулсан.

-Сэргээшийн асуудлыг хөндсөн үү?
-Энэ бол бараг бүх спортын төрөлд байгаа асуудал. ОУЦХ-ноос дэлхий нийтээр спортын ертөнцөд сэргээшийн эсрэг тэмцэж байгаа үзэл бодолтой нэгдэж байдаг төдийгүй энэ удаагийн хурлаас цанын спортыг сэргээшгүй спорт болгох зорилт дэвшүүлсэн.

-Цанын спорт нь өвлийн улиралтай орнуудад бүх нийтийн спорт болсон. Харин манай улсын хувьд тэгж чадахгүй байгаа талаар юу хэлэх вэ?
-Цана бол нийтийг хамарсан биеийн тамирын спорт гэгддэгийн хувьд эрүүл мэндийн төлөөх цанаар хичээллэх зааварчилгаа, дүрмийг дэлхийн хэмжээнд мөрдүүлэх асуудал байдаг. Энэ хүрээнд улс орнууд дотооддоо орон нутагт өргөн хэмжээнд хүүхэд, залуусыг хамруулж цанын спорт нь цэвэр агаар, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндийг хамгаалагч гэдэг.

Харин цанын спортын аюулгүй байдал, осолд өртөхөөс хамгаалах асуудалд онцгой анхаарч сургалт сурталчилгаа тогтмол явуулах юм.

Цанын спорт бол уул, хад, асга, ой мод, цас гээд байгаль орчинтой салшгүй холбоотой учраас байгаль орчныг хамгаалах асуудалд онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан. Манай улсын хувьд цанын спортыг хөгжүүлэх материаллаг бааз дутмаг байгаа нь бидэнд их саад болж байна. Энэ хурлаар ОУЦХ-ноос улс орнуудын үндэсний цанын холбоог дэмжих асуудал хүчтэй хөндөгдөж нааштай шийдвэр гаргалаа. ОУЦХ-ноос санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх, сурталчилгааг үнэгүй хийж байхаар болов. Мөн ОУЦХ-ноос тамирчид, дасгалжуулагчдын дунд тогмол сургалт явуулахаар хөтөлбөр гаргаж ОУОХ-ны «Эв санааны нэгдэл» сангийн хөрөнгөөр ийм сургалтыг зохион байгуулна. Монголын цанын холбоо /МЦХ/ үүнд хамрагдах бүрэн боломжтой.

-ОУЦХ манай цанын холбооны үйл ажиллагааг хэрхэн үнэлж байгаа бол?
-Манай холбооны сүүлийн хоёр жилийн үйл ажиллагааг ОУЦХ их үнэлж байгаа. Түүнчлэн ОУЦХ-ноос мэргэжилтэн урьж ирүүлж Монголд цанын бааз байгуулах санхүүгийн асуудал нааштай шийдэгдсэн. Манай оронд 2012 онд гэхэд иж бүрэн цанын баазтай болох юм. Гэхдээ хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Эхний шатанд гүйлтийн цанын тамирчдын байрлах буудал, саун, душ,  үзэгчийн зориулалтын суудал бүхий гүйлтийн цанын стадион барих юм. МЦХ нь Хандгайтын зүүн урд аманд 20 га газрын зөвшөөрлийг албан ёсоор авсан. Дараагийн шатанд энэ газрын урд амын шатсан ой байгаа, энд уулын цанын буултын зам бүхий талбайг 2012 онд барина. Ингэснээр Хандгайтад олон улсын цаны тэмцээн явуулах боломжтой дэлхийн стандартад нийцсэн цанын баазтай болох юм.

-Стандартад нийцсэн цанын бааз гэдэгт ямар баталгаа, үнэлэмж байдаг вэ?
-Манай холбоо ЭМЯ, БСШУЯ, Стандарт хэмжил зүйн газартай хамтраад цана, тэшүүр гэсэн өвлийн спортын баазын стандартыг гаргаад энэ сард Засгийн газраар батлуулна. Энэ төслийг бид сая энэ хурлын үеэр авч очиж танилцуулахад ОУБХ дэлхийн стандартад нийцжээ гэсэн дүгнэлт өгсөн. Бид дэлхийн жишигт хүрсэн ийм цанын баазтай болсноор жил бүр стандартын бус газарт хүмүүс очиж стандартын бус цана, чаргаар гулгаж олон хүн бэртэж гэмтдэг аюул эрс багасна.

-Энэ хурлын үеэр үндэсний цанын спорт холбоодын төлөөлөгчтэй ажил хэргийн уулзалт хийж амжсан уу?
-Азийн орнуудын цанын холбооны төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан. Тухайлбал, БНСУ-ын Цанын холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, хоёр орны цанын спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Манай улсад цанын бааз байгуулахад туслалцаа үзүүлэх, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилт хийхээр боллоо. Ялангуяа хоёр талдаа тамирчдаа солилцож бэлтгэлээ базаах юм. Мөн хоёр орны дасгалжуулагчид хамтарч ажиллах, туршлага солилцох, дасгалжуулагч сургах талаар хамтарсан гэрээ байгуулсан. Бид бас Ази тивийн хэд хэдэн дулаан орны төлөөлөгчидтэй уулзаж ярилцсан.

Тэд Монголд цанын бааз байгуулчихвал төлбөрөө төлөөд танай баазад бэлтгэлээ базаахад бэлэн байна гэж хэлж байсан. Энэ нь манай оронд цас их ордог, өвлийн улирал урттай учраас тэд ийм сонголт хийж байгаа болов уу. Эндээс харахад бид цанын баазаа ашиглаад бэлтгэл сургуулилт хийх, сургалт явуулах, түүнчлэн олон улсын тэмцээн зохиож үүнээсээ олсон ашгаараа Монголдоо цанын спортыг хөгжүүлэх өргөн боломж байна. Тиймээс энэ асуудлаар хэд хэдэн тохиролцоог энэ хурлын үеэр хийсэн. Бид ирэх оны хоёрдугаар сард болох “Ванкувер 2010” өвлийн цагаан олимпийн үеэр эдгээр тохиролцсон асуудлаа эцэслэн шийдвэрлэхээр болсон.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: