loading...
Дэлхийн шилдэг теннисчдэд Парисийн талбай тун ”хатуу” байна. Рожер Федерерийн араас Энди Мюррэй, Николай Давыденко, Фернандо Вердаско зэрэг шилдэгүүд ээлж дараалан Парис Мастерсийг орхиж эхэллээ. Xарин дэлхийн теннисний мэргэжилтнүүд үүнийг тохиолдлын бус явдал хэмээн дүгнэж байна.
Оны төгсгөлд шилдэг тамирчид ядарсан байдаг тул тэдний ялах боломж өндөр байдагаас гадна тун удахгүй эхлэх Дэлхийн турын финалд бэлдэх цаг хожих гэж тэмцээнийг орхисон гэж тэд хардаж байгаа ажээ. Валенсигийн нээлттэй тэмцээний ялагч Энди Мюррэй, Чехийн Радек Штепанектэй 3 сет тулалдаж 6-1 3-6 4-6-гаар ялагдсан бол Николай Давыденко, Шведийн хатуу самар Робин Содерлингд мөн л 3 сетэд 3-6 6-3 4-6 гэсэн харьцаагаар ялагдаж Парисийг орхилоо.
Эндигийн хувьд тоглолтын эхний сетийг ердөө 20 минутын дотор өөрийн болгосон ч хоёр дахь сетээс энэ хэмнэлээ алдаж 6-3-аар ялагдал хүлээсэн юм. Ингээд сүүлийн сетэд тоглолт нь орсон Чех эрийн эсрэг Энди юу ч хийж чадсангүй. Мөн энэ шатанд Фернандо Вердаско, Фернандо Гонзалез, Томми Хаас, Томми Робредо нар ээлж дараалан ялагдал хүлээлээ. Ингээд их шөвөгт Гаел Монфиль, Марин Чиличтэй (Хорват), Эндиг сөхрүүлсэн Штепанек, Хуан Мартин дель Потротой, Содерлинг – Новак Жоковичтой тус тус өрсөлдөнө.
Харин тэмцээний гол фаворит болоод байгаа Рафаел Надаль, талбайн эзэн Жо Уйльфред Цонгатай тулах юм.
loading...



