loading...
Цэцэгт хотын “цэцгийн хүрээлэн”
Улиран одогч долоо хоногт өмнөд Хятадын Гуанжоу хотноо 2010 оны Азийн 16-р наадамд оролцох ҮОХ-дын элч төлөөлөгчид баруун этгээдээс зүүн хязгаар хүртлээ гурван бээрийн зайг туулах асар өргөн Ази тивийн өнцөг булан бүрээс таван одот “Гарден” (цэцгийн хүрээлэн) буурчийн газар руу довтолгон ирж, аяны тоосоо гөвж амжилгүй, ажил хуралдаа ханцуй шамлан оров. Нанхиад гүрэндээ “Цэцгийн хот” хэмээн алдаршсан Гуанжоугийн энэхүү тансаг буудалд ирэх жилийн Азийн Олимпийн хүндэт зочдын албан ёсны гэр нь (headquarter hotel) байх эрхэм үүргийг хүлээлгэсэн ажээ.
Дөчин гурав “Yes”, хоёр “Тас”
Жилийн дараа эхлэх Азийн Наадмын өмнөх бүх асуудлыг шүүн хэлэлцэх, газар дээр нь нягтлан судлах, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх зорилготой энэ хуралд OCA-ийн гишүүн 45 орноос дайн дажинтай Афганистан, дарга-генерал нь таг болсон Ливаны ҮОХ-ны төлөөлөгчид ирцэндээ “тас” тавиулж, эгнээг маань ялимгүй цөөрүүлэв. Бүтэн 3 өдөр хуралдсан энэ үйл ажиллагааны үеэр олон шинэ саналуудыг тусган, онгоцоор буцаж байх агшинд чинь үтэр түргэн хариу өгнө хэмээн Гуанжоу-2010 хорооныхон ялдамхан амлах нь сайшаалтай.
Албан нээлт, аятайхан “Coffee break”
“Chef-de-Mission”-ий хурлын нээлтийн ёслолд OCA-ийн дэд ерөнхийлөгч Т.Фок (Хонг Конг), OCA-ийн зохицуулах хорооны дарга Ц.Такеда (Япон), Хятадын ҮОХ-ы ерөнхийлөгч, Гуанжоу-2010 зохион байгуулах хорооны дарга Лиу Пен, Гуанжоу хотын засаг дарга Жан Гуан-Нин нарын томчууд морилон ирж, завсарлах хонх жингэнэх үеэр Мускат-2010 Азийн элсний наадам, Алматы-Астана-2011 Азийн өвлийн наадам, Инчон-2014 Азийн наадмын сурталчилгааны хэсгийнхэн гэрэлт самбараа дэлгэн, бүх хүмүүсийг уриалгахнаар урин залж байлаа.
Ордон, оромж, орц бүгд удахгүй бэлэн
Азийн наадмын хөтөлбөрт 42 спортын төрөл багтсаны 28 нв олимпийн данстай, үлдсэн 14 нь тивийн ба бүс нутгийн шинжтэй. Үүнээс крикет, бүжгийн спорт, луут завь, дугуйт тэшүүр, хятад ба го даам анх удаа хөл тавьж буй “шинэ цэргүүд”. Нийт 45 орны 10000 гаруй авьяаслаг тамирчид нийт 473 цогц медалийн төлөө 2010 оны 11 сарын 12-27-ны өдрүүдэд 53 спортын цэнгэлдэх хүрээлэн, ордон танхимд өрсөлдөнө. Гуанжоугийнхан тамирчдын тосгоныг нэг шат ахиулан хэвлэл мэдээллийн ба шүүгчдийн байрны хамт 2,73 га газрыг эзэгнэх “Asian Games Town” буюу дагуул хот маягийн бүтээн байгуулалтыг хийж эхлээд байна. Наадмын дараа спортын бичил хорооллыг орон сууцны ашиглалтаар худалдаалах зар гарчээ. Өрөөний 1 м.кв-ийн үнэ 3700-10000 юаньд хүрэх шинжтэй.
Лью Сиан, монголчууд, сорилтууд, сорилгууд
Бидний хурлын үеэр давхцсан Азийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн яг энэ хотод зохиогдож, домогт Лью Сиан 110 метрийн халхалттай гүйлтэд түрүүлэн, Бээжин-2008 олимпийн дараа анх удаа олон улсын тэмцээнд хурд сорьж, олон түмэнд “гэрэл цохиулж” буй нь энэ ээ. Манайхаас Амгалан дасгалжуулагчтай 6 тамирчин оролцож байсан юм. Ер нь Гуанжоу 2008 оны ширээний теннисний ДАШТ, Азийн триатлоны АШТ, 2009 оны бадминтоны багийн дэлхийн аваргыг зохион явуулж, туршлагаа зузааруулсаар байна. Цаашдаа үлдсэн нэг жилийн дотор 27 удаагийн сорилго тэмцээнийг хүлээн авах болно.
Монголын түншүүд
Давид Ду, Софиа Лин гэдэг хоёр ажилтан Монголын асуудлыг хариуцан ажиллах болсон бөгөөд тэд Тав ба Зүүн Азийн хэлтэст харьяалагддаг ажээ. Мөн манай багийн туслахаар монгол хэлтэй хүмүүсийг судалж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
Толигор зам, гялгар машин
Одоо энэ хотод Азийн наадмын бүтээн байгуулалт ид өрнөж, нийт ашиглах 53 байгууламжийг шинээр сүндэрлэх 9 цогцолборын хамт 2010 оны хаврын 3-р сараас зуны 6-р сарын хооронд чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөх хатуу төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн байшин босгохын зэрэгцээ 43 авто зам, 8 түргэн галт тэрэгний шугам, 12 хурдны замаа шинээр тавих ба сайжруулан засварлахаа огт мартсангүй. Мөн наадмын үед үйлчлэх “төмөр хүлгүүд”-ийн нэрс тодорч “Toyota Camry”, “Honda Accord” нь тендерт “Buick”, “Hyundai”, “Benz”-ийг ялсан сурагтай.
Буудал бэлэн, түрийвч бэлэн үү?
Олимпийн дараа чансаалагдах Азийн наадмын үеэр олон орны өч төчнөөн зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн, үзэгчдийн десант буух нь тодорхой. Энэ аятайхан “дайралтад” тэд одооноос зэхэж, 50 гаруй буудлаа “байлдааны бэлэн байдалд” оруулж, тав тухтай 14000 өрөөний үүд хаалгыг нээгээд байна.
Бамбар ба торго
Мөн Азийн наадмын бамбарт буухиан аяллыг ирэх жилийн 8-р сард эхлүүлж, эх орноороо аялуулах төлөвлөгөөг эцэслэхээр томилогдсон ажилтнууд толгой өндийлгэхгүй ажилласаар байна гэнэ. Харин Гуанжоу-2010 “Азийн Зам” хэмээх наадмыг дэмжих аялал OCA-ийн 37 орноор торгоны замаар мөрөө гарган, дурсгалаа үлдээжээ. Харин лалын шашныг үхширтэл баримтлагч Саудын Араб зэрэг орнууд уг үйл ажиллагааг дэмжээгүй бол дайн дажинтай зарим орон руу хятад нөхөд зүрхлэн ойртсонгүй.
Гуанжоуд очсон мэт цэнхэр дэлгэцийнхээ өмнө
Ази тивийн наадмыг алмайран үзэхийг хүсэгч спорт сонирхогчдод зориулж албан ёсны гэрээ байгуулсан 46 TV байгууллагынхан нь үүргээ биелүүлэх бэлтгэлдээ шамдан оржээ. Үүний жишгээр ABU (Asian Broadcastin Union)-ийн 8 гишүүн телевизтай монголын мэргэжилтнүүд ч цэнхэр дэлгэцээ байнга мялаах нь гарцаагүй биз ээ.
Сайн дураараа
Аливаа наадмын нэгэн хөдөлгөгч хүч бол сайн дурынхан. Одоогоос 7 сарын өмнө эхэлсэн цахим бүртгэлээр 294568 хүн элсэхийг хүссэн өргөдөл материалаа илгээсэн бөгөөд энэ тоо эрс нэмэгдэх магадлал асар өндөр байна. Доха-2006 хөтөлбөрт манайхнаас 3 төлөөлөгч хамрагдаж, “AMBASSADOR” хэмээх “цол” хүртэж байсан гээч…
Нанхиад гүрний спортын үйл явдлын цадиг
Хятад улс анх 1990 онд Бээжин хотноо Азийн 11-р наадмыг амжилттай зохион явуулснаас хойш зориг бяр орж, олимпийн төлөө зүтгэсээр нэг удаа өвдөг шороодон (1993 оны IOC-ийн санал хураалтаар Сиднейд 2-хон саналаар ялагдсан) байж 2008 онд насан туршид үйл мартагдах нандин сайхан олимпийн бүтээсэн билээ. Бээжингээс гадна Шанхай 1993 онд анхны Зүүн Азийн наадам, Харбин, Чанчунь хотууд 1996, 2007 онд Азийн өвлийн наадмыг тус тус хүлээн авсан түүхтэй. Бас 7-р Зүүн Азийн наадмын эрхийг Тяньжин хот Улаанбаатарыг 5:3 хожиж, 2013 онд боомт хотноо спортын баяраа тэмдэглэхээр дэгэж дэрвэж байна.
Тивийн дараа дэлхийн дэвжээ рүү
Тэгвэл ирэх жилийн Азийн наадмыг толгой өвдөхгүй давах Гуанжоу хотын алсын санаа юунд вэ? 1986 онд Азийн наадмыг “амталсан” Сөүл хоёр жилийн дараа олимпийн “утаа үнэрлэсэн”. 1990 оны тивийн тулаанд хал үзэж, “халуун чулуу долоосон” Бээжин 2008 онд олимпийн бамбарыг асаасан. 2002 оны Азийн наадмын нийслэл Бусанчууд 2020 онд олимпийн төлөө эрслэн босохоо аль хэдүйн зарласан гээд л олон баримт бий. Энэ жишгээр хүчирхэг Гуанжоу хот ирээдүйн олимпийн төлөө зүтгэх эрхэм санаа буй нь нэгэнт нууц биш ээ.
Ирэх жилийн наадам хол байна даа, хол байна. Гэвч…
Наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө буюу “one year countdown” ёслол Гуанжоу ордонд болж, OCA-ийн ерөнхийлөгч, Кувейтийн шадар сайд Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах тусгай онгоцоо хөлөглөн хүрэлцэн ирж, Гуандун муийн засаг дарга Хуан Хуан Хуатай, Хятадын ҮОХ ба Гуанжоу-2010 ЗБХ-ы ерөнхийлөгч Лиу Пен нартай цуг урилга гардуулах ажиллагаанд оролцов. Нээлт хүртэл яг 365 хоног үлдсэн энэ торгон агшинд 45 орны ҮОХ-ы төлөөлөгчид дотроо нэгийг бодон, дор бүрнээ нэгийг сэтгэн байсан нь ажиглагдаж байлаа. Ирэх жилийн наадам хол байна даа, хол байна. Гэвч…
Дохагийн дурсамж алтны “дархан” Цаба
Цаг хугацаа нисэх мэт улиран одож, Доха-2006 Азийн наадмын үеэр Х.Цагаанбаатар маань Ираны алдарт бөх, дэлхийн хошой аварга Мирасмэлиг ордон дүүрэн шавсан олон олон хар сахалт, хар өмсгөлт ирануудын нүдэн дээр цэвэр хаяж, Д.Нямхүү мастер Хятад, Казахстан, Японы жүдочдыг гарын үзүүрээр сөхрүүлэн хоёр алтаар улсаа чимсэн мөч саяхан мэт ээ… Мөн тэр наадмаас манайхан 15 медаль авсныг тэмдэглэхэд таатай байна.
Спортын Chef-de-Mission-оос Улсын “Chef-de-Mission”ъ
Хүний хувь заяа гэж сонин юм даа. Доха-2006 Азийн наадмын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Сүхбаатарын Батболд 2006 оны 12-р сарын 1-нд нээлтийн ёслолын үеэр баг тамирчдаа манлайлан цэнгэлдэх хүрээлэнд баяртайгаар инээмсэглэн, хөл тавьж байсан бол өдгөө бүхэл бүтэн Монгол улсаа удирдах Ерөнхий сайдын сэнтийд заларч байдаг. Ирэх жил манай Chef-de-Mission маань эрхэм хүндэт зочноор Гуанжоуд залрах нь дамжиггүй ээ. Спортын том булчирхайтай Сү.Батболдын алтан халааг найдвартай залгамжилж, өмнөд Хятадын нутагт Монголын тамирчид медалийн цэцэг ургуулах нь дамжиггүй ээ.
Сахиус – спорт ямаа
Азиййн наадмын бэлгэдэл сахиус нь 4 ишгээ дагуулсан Ямаа. Дээр үед их ган гачиг тохиосон цөвүүн цагт тэнгэрийн элч ямаа буун ирж, хур бороон хишгээ хайрлаж, ургац ногоог дэлгэрүүлж, улс ардыг зовлонгоос гэтэлгэсэн домгийг үндэслэн манай таван хошуу малын хамгийн сэргэлэн адтай энэ амьтныг Гуанжоу хот бэлгэдэн, хөшөө босгосон байдаг. Тэгвэл энэхүү үсэрч цовхчсон ямаа өдгөө Азийн наадмын маскотоор албан ёсоор тодорч, дөрвөн ишигний хамт анд нөхдөө урин дуудсаар байна. Бээжингийн олимпийн 5 эгдүүтэй амьтны жишгээр нэг хүн дээрхи тавлыг худалдан авах тул бас л сэргэлэн сэтгэж дээ. Монголд бол ноолуурын, “боодогны” гэсэн чиглэлээр ямаа арвин бол энд бэлчээр сүйтгэдэггүй “спорт ямаа” хэдэн саяар үржиж эхэллээ.
Гуанжоугийн тухай товчхон:
Байршил:
Гуандун мужийн Гуанжоу хот нь өмнөд Хятадад оршдог. Өмнөд Хятадын тэнгисийн боомт хот. Хонг Конгоос 120 км-ийн зайтай.
Газар нутгийн талбай:
Гуандун муж нь 177,900 km2 газар нутгийн эзэлдгээс Гуанжоу хот 9,123 km2 талбайтай.
Хүн ам:
9754600
Уур амьсгал:
Тропикийн халуун дулаан, чийглэг уур амьсгалтай. Зундаа бүгчим халуун, өвөлдөө зөөлөн, хуурай, нарлаг.
Цагийн бүс:
Улаанбаатартай адил
ОТО (БНХАУ-Гуанжоу)
loading...




Өнөөдөр barcelone VS real madrid тоглолтыг шар айраг шимэн үзэхийг хүсвэл 99079277 утсаар холбоо барина уу.
loading...