loading...
Өнгөрсөн бямба гаригт Лас-Вегас хотын алдарт “MGM Grand” ордон руу боксын хорхойтнуудын анхаарал чиглэж байлаа. “Оны шилдэг тулаан” хэмээн нэрлэгдсэн Пакьяо-Коттогийн тоглолт энэ ордонд явагдсан болохоор тэр.
Филиппинчүүдийн шүтээн болсон Мэнни Пакьяо өнгөрсөн тавдугаар сард Рикки Хаттоныг нокаутаар сөхрүүлснээр IBO-гийн аваргын бүсийг эзэмших болсон. Мөн түүнийг “Ring” сэтгүүл дунд жингийн дэлхийн шилдэг боксчноор нэрлэсэн нь Пакьяогийн чансааг илтгэх биз ээ.
31 настай филиппин эр мэргэжлийн рингэнд 54 тулаан хийснээс 49 ялж, хоёр тэнцэн, гурав ялагдсан үзүүлэлттэй. Хэдийгээр тэр гурван удаа ялагдлын гашууныг амссан таагүй намтартай ч эдгээрийн хоёр нь түүнийг “хүүхэд” байхад буюу 1996, 1999 онд тохиосон. Хамгийн сүүлд 2005 онд Эрик Моралест дийлджээ. Гэхдээ үүнээс хойш боксын ертөнцийн шилдэг боксчидтой сорчлон тулалдаж, тухай бүрт нь ялалт байгуулсаар яваа.
Харин пуэрто-рико эр Мигель Котто өмнө нь 35 тоглохдоо 34 ялж, ганцхан удаа ялагдаж байв. Тэрбээр М.Женнингсийг өнгөрөгч хоёрдугаар сард нокаутаар ялан WBO-гийн аваргын бүс зүүсэн билээ.
Тоглолтын өмнө Пакьяо “Энэ бол миний карьерийн хамгийн чухал тулаан. Хэрвээ би ялалт байгуулвал боксын түүхэнд удаан хугацааны турш бичигдэх болно. Энэ нь миний эх орон, миний гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг. Тиймээс ялахын тулд бүхнийг хийх болно” гэжээ. Харин Котто “Надад бодож төлөвлөсөн зүйл бий. Ийм агуу тулаанд оролцох гэж байгаа нь Пуэрто-Рико улс болон нийт латин америкчуудын хувьд нэр төрийн хэрэг” гэв.
Харин тоглолтыг зохион байгуулж буй промоутер Боб Арум “Котто энэ тулааны гол дүр биш л дээ. Гэхдээ тэр эцсээ хүртэл тэмцэх болно. Ямартай ч их сонирхолтой тулаан болно гэдгийг амлаж чадна” гэж ярив.
Урьдчилан таамаглаж байсан ёсоор Пакьяо тулааны эхнээс л илүүрхсэн. Тэр гурав, дөрөвдүгээр үед хоёр удаа Коттог унаган тоолуулав. Гэвч Котто тийм ч амар бууж өгөх өрсөлдөгч биш аж. Тэрбээр олон хүнд цохилтыг тэсч гарсны дээр хэд хэдэн хүчтэй цохилтоор Пакьяог сандаргаад авсан. Коттогийн цохилт өрсөлдөгчөөсөө хавьгүй хүчтэй тусаж байсан ч Пакьяогаас хурдаар дутаж байв.
Тулааны ялагч сүүлийн буюу 12-р раундад тодорсон. Тоглолт дуусч, ялагчийг шүүгчийн саналаар тодруулах нь хэмээн үзэгчид хүлээж байсан ч цаг дуусахаас 55 секундын өмнө шүүгч тоглолтыг зогсоов. Тэр Коттог тулааныг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн үзжээ. Ингээд филиппин эр Мэнни Пакьяо хүнд хэцүү өрсөлдөгчөө техникийн нокаутаар буулган авлаа. Тулаанд ялалт байгуулсан Пакьяо 7.5 сая “ногоон” халаасалсан бол Котто 4 саятай харьжээ.
Пакьяог хэн зогсоох вэ?
Тоглолт дууссаны дараа үзэгчид “Бид Флойдыг хүсч байна” хэмээн хашгирч байсан нь Пакьяогийн дараагийн өрсөлдөгчийг заагаад өгчих шиг боллоо. Филиппин эрийн дасгалжуулагч Фредди Роач ч гэсэн “Би түүнийг Флойд Мейведертэй тулалдахыг хармаар байна” гэж ярьсан нь дээрх таамгийг улам батлах мэт. Хэрвээ промоутерууд сайн ажиллаад Пакьяо-Мейведерийн тулааныг зохион байгуулж чадвал боксын ертөнцийг доргионо доо. Одоогоор мэргэжлийн боксын хамгийн том төлөөлөл гэвэл энэ хоёр боксчин л байна. Бага зэрэг жингийн ялгаа байгаа ч энэ нь хоорондоо тулалдахад нэг их асуудал биш. Тиймээс тэднийг хоорондоо тулалдаж, хэн нь үнэмлэхүй аварга вэ гэдгийг боксын хорхойтнууд харахыг асар их хүсч байгаа. Магадгүй ирэх жил бид энэ тулааныг харах ч юм бил үү.
loading...



