loading...

“Их дуулга”-ын бүх цувралд түрүүлсэн, үлгэр жишээ гэрийн эзэн, хоёр хүүхдийн аав, сайн нэр, сайхан эхнэртэй алдарт теннисчин Андре Агасси гэнэт цэлмэг тэнгэрээс аадар буулгалаа. Дээр тодорхойлсончлон түүнийг бүгд сайн сайхнаар төсөөлж байсан. Гэтэл тэр “OPEN” хэмээх намтар номдоо амьдралынхаа үнэнийг нэгд нэгэнгүй бичжээ. Сэргээш хэрэглэсэн, дарга түшмэлүүдийг молигодож байсан, албаар бууж өгсөн гээд энгийн хүний амнаасаа гаргаж чадахааргүй бүхнийг тэр дэлгэн тавьсан байна. Ингээд хамтдаа Агассигийн ил гаргасан улыг жаахан шагайя.
Сэргээш хэрэглэснээ сэжиггүй нуусан нь
Би 1997 онд метамфетамин байнга хэрэглэдэг байлаа. Эрч хүч үнэхээр гайхалтай мэдрэгдэнэ. Хэдхэн минутын дотор өрөөнүүдээ шил толь шиг болгоод, буйдангаа хүртэл тоос сорогчоор цэвэрлэчихнэ. Оргилоод байгаа тэр их хүчийг хэрхэн юунд хэрэглэхээ ч мэдэхгүй байж билээ. Харин дараа нь түүнийхээ горыг амссан даа. Зөвхөн бие бялдрын хувьд бус сэтгэл санааны хувьд ч хэцүү болсон. Нэг өдөр миний сэргээшийн шинжилгээ эерэг гарсныг гэнэт дуулгалаа. Хэрвээ би хэрэглэсэн гэдгээ хүлээчихвэл тамирчны замнал минь төгсөх нь тэр. Ингээд худлаа хэлэхээс өөр аргагүй байдалд орлоо. Мэргэжлийн теннисчдийн холбооны удирдлагад захиа бичихээр шийдлээ. Захиандаа би туслахынхаа ууж байсан коктейлд тийм найрлагатай зүйл байсныг санаандгүй ганц балгасан гэж өчлөө. Захидлынхаа төгсгөлд “Таныг гүнээ хүндэтгэсэн Агасси” гэж бичснийг яана. Би өөрөөсөө ичиж байсан. Холбоо миний захидалд итгэсэн, магадгүй итгэсэн юм шиг царай гаргасан байх. Ингээд тэр сэргээшийн тухай түүхийг хэн хэн нь мартсан даа.
Беккертэй тоглохгүйн тулд би Чангд бууж өгсөн
1996 оны Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд би Майкл Чангд зориуд ялагдсан. Учир нь Беккертэй тоглохыг хүсээгүй юм. Тэр аль хэдийнэ шувтаргын тоглолтод үлдчихсэн байсан хэрэг. Беккерийн эсрэг тоглоход уур цухлаа барихад үнэхээр хэцүү. Үргэлж германиараа юу ч юм хашгирна, тэгснээ бас эхнэр Брук руу минь үнсэлт илгээнэ гээч. Ер нь бууж өгнө гэдэг хожихоосоо ч амаргүй. Учир нь намайг албаар ялагдаж байгааг үзэгчид мэдрэхгүй байх ёстой шүү дээ. Гэхдээ л би хуураад дөнгөөд байсан. Сэтгүүлчид “Агасси бэлтгэл тааруу байна” л гэж бичнэ.
Эхний эхнэр нь удаахь эхнэрийнх нь хөлд дурладаг байжээ
Би теннисийг үзэн яддаг. Харин үүнийг минь Брук /Брук Шилдс. Эхний эхнэр/ ойлгодоггүй байлаа. Тэр нэг удаа хөргөгчний хаалганд Штеффи /Штеффи Граф. Удаахь эхнэр/-гийн зургийг наасан юмдаг. Брук хөлөндөө сэтгэл дундуур явдаг байсан болохоор Штеффи шиг сайхан хөлтэй болсхсон гэж ярьж байсан нь санагддаг. Хэдэн жилийн дараа би Штеффитэй гэрлэхэд тэр Брукаас хавьгүй дээр санагдсан. Учир нь тэр миний теннист хэрхэн ханддагийг маш сайн мэдэрч байсан юм…
Аав намайг мансууруулах бэлдмэлээр хангасан
Нэгэн удаа Фил ах надад “Аав тэмцээний өмнө чамд жижиг бөөрөнхий эм өгвөл бүү уугаарай” гэж хэлж билээ. Би гайхаад “Яагаад?” гэтэл “Тэр чинь хар тамхи. ДОХ л гэсэн үг!” гэж шивнэсэн. Дараахан нь намайг өсвөрийн тэмцээнд орохын өмнө аав үнэхээр нэг эм өгсөн нь ахын хэлсэнтэй яг адилхан. Түүнийг залгичихаад би их сайхан мэдрэмж амсаж билээ.
Пит Сампрас бол робот
Пит бид хоёр шиг өөр хүн байхгүй байх аа. Би нэг удаа Сампрасын машиныг зогсоолд тавьдаг залуугаас “Тэр чамд цайны мөнгө хэдийг өгдөг вэ?” гэхэд “нэг доллар” гэж хариулсан. Төсөөлөөд үздээ, ердөө нэг доллар шүү. Заримдаа түүний энэ занд би атаархах шиг болдогсон. Тэр ингэж сайхан тоглоё, тэгж олныг шуугиулья гэж огт бодохгүй. Зөвхөн хожихын тулд л цохидог. Түүнээс илүү роботтой төстэй зүйл үгүй байх аа.
Хожих нь яах вэ, үс минь л бүү унаасай
Би 20 нас хүрч явлаа. Өглөө босоод дэрэн дээр өчнөөн олон үс маань уначихсан байхыг харна. Уг нь энэ үс миний олонд танигдсан дүр төрхийн гол хэсэг нь байсан юм. Би өөрөөсөө “Энэ дүр төрхөө хадгалахын тулд хиймэл үс зүүхүү, чи?” гэж асууж билээ. Ингээд өөр ямар ч гарцгүй юм гэж өөртөө хариулсан. 1990 оны “Роллан Гаррос”-ын шувтаргын тоглолтын өмнө би бурханд ихэд залбирсан. Гэхдээ намайг ялуулж өгөөч гэж биш энэ тоглолтын явцад хиймэл үсийг минь бүү унагаарай гэж гуйсан юм. Тоглолтын үед хиймэл үс уначихвал олны доог тохуу болохоос би айсан хэрэг. Ингээд тэр тоглолтод хожигдсон минь ч гайхах зүйлгүй. Учир нь тийм сэтгэлзүйтэй хүн хэрхэн хожих билээ. Үүнээс олон жилийн дараа би үсээ бүрмөсөн хуслаа. Тэгээд толинд харахад урдаас гялайн толгойтой нэгэн эр тун таагүй ширтэж байж билээ.
Марат Сафин: Агасси бол дүүрсэн тэнэг
Эдүгээ дэлхийн шилдэг теннисчдийн нэг тооцогдож буй Марат Сафин “Нээлттэй” номын тухай ингэж хэлжээ.
- Тэр яах гэж ийм ном бичснийг ойлгох юм алга. Магадгүй олон хувиар зарж, мөнгө олохыг хүссэх юм болов уу? Ер нь тэр дүүрчихсэн тэнэг амьтан юм аа! Хэрвээ сэргээш хэрэглэж ялж байснаа хүлээн зөвшөөрч байгаа бол тэгж олсон мөнгөө буцаагаад өгчих хэрэгтэй шүү дээ. Тэр энэ номоороо тухайн үед өөрийг нь өмгөөлөөд өнгөрсөн Мэргэжлийн теннисчдийн холбоонд ч уршиг тарина. Миний хувьд мөнгө тийм чухал биш. Тэгээд ч намтар гэх мэт зүйл бичихгүй… гэж Марат Сафины уурласан тухай мэдээгээр Андре Агассигийн “OPEN” номын тухай бичлэгээ өндөрлөе.
loading...






Ter minii shuteen yu xereglex ni nadad xamaagui!
Togloxiig ni l uzex saixan bailaa daa!
Olon jil ungurchee gej?
loading...
Ovoo gar yuma
loading...
Дотор нь буглаж байсан бүхнээ зоригтойгоор ил гаргаж сэтгэл санаагаа амраасан л байна шд. Миний бодлоор Сафины хэлж байгаа шиг нээх тэнэгсээд, утгагүйсээд байгаа юм алга
loading...
ene ch yostoi te1 gar bna daa . iim hun gej bodson gui
loading...