Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо, Ярилцлага » Дэлхийн аваргаас медаль авмаар байна

GD Star Rating
loading...

БНСУ-ын Сүвон хотноо жүдо бөхийн жин бүрийн шилдэг 16 бөх оролцсон анхдугаар “Мастерс” тэмцээнээс алтан медаль хүртсэн “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаатай уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө нэр хүндтэй энэ тэмцээнд түрүүлсэнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Монголчууд таныг “Мастерс”-т хэрхэн хүч үзсэнийг хэдийнэ мэдсэн ч өөрөө тайлбарлаж яривал сонин байх болов уу?

-Баярлалаа. “Мастерс”-т барилдсан гурван бөхийн хэн хэнтэй нь анх удаа гар зөрүүллээ. Би чансаагаараа эхний 16-д багтаж, Сүвоны дэвжээнд зодоглох тодорхой болсон үеэс бусад жүдочийнхоо бичлэгийг үзэж, судалж байлаа. Ялангуяа эхний тойрогт таарсан Японы Эбинүма, финалд хүч үзсэн Гаданов хоёрыг онцолж судалсан. Эбинүмагийн хувьд миний оролцсон хэд хэдэн тэмцээнээс медаль авсан, 19 настай залуу бөх. Токиогийн Их дуулгад шөвгийн наймд Цагаанааг ялж, улмаар аваргалсан. Түүнтэй барилдахад зүүн талд нааж хавсрах мэхийг хэд хэдэн удаа хийж байлаа. Би яг ийм мэхийн эсрэг барилдааныг Солонгос руу явахын өмнө бэлтгэл дээр их хийсэн юм. Тэгээд солгой талдаа үүрэхэд нь араар нь мордож шидээд иппон буулгалаа. Хагас шигшээд Муса Могушковыг ялсан үүрч тэнцвэр алдуулаад хөл тавих мэхийг би сүүлийн үед түлхүү хийж байгаа. Бэлтгэл дээр их давтдаг.

-Аваргын төлөө барилдаанд Гадановыг хонгодоод мордож ялсан. Жүдогийн шинэ дүрмээр хөл авбал шууд ялагдуулдаг болоод байгаа. Хонгодох үед шүүгч зогсоочих болов уу гэсэн бодол төрсөн үү?

-Хагас шигшээгийн нөгөө барилдаанд Францын Ларос Гадановын хөлийг аваад хөөгдөж байгаа харагдсан. Тиймээс Гадановын давуулахад нь зөрж хонгодоод хэсэг зуур сандарч тээнэгэлзсэн. Харин шүүгч барилдааныг зогсоохгүй болохоор нь нөгөө хөл дээр нь мордоод ялсан. Намайг явахад олон хүн түрүүлээрэй гэж ерөөж байлаа. Монгол хүн амны билгээр гэж ярьдаг шүү дээ. Намайг дэмжсэн тэр хүмүүсийн ерөөл биелсэн гэж бодож байна.

-Сүвонд очоод сугалаа гарсны дараа медаль авах дөрвөн бөхийг битүүхэн тааварлаж л байсан байх. Таамаг хэр зөрсөн бэ?

-Эхний тойрогт таарсан Ан Жён-Хван, Алим Гаданов хоёрын хэн хожсонтой Цагаанаа хагас шигшээд барилдана гэж тооцож байлаа. Харин би өөрийн хэсэгтээ Испанийн Уриартег гарч ирэх болов уу гэж бодож байсан. Түүнийг Могушков илүүрхэж ялж байгаа харагдсан. Тэгээд Цагаанаатай аваргын төлөө хүч үзнэ гэсэн итгэл байлаа. Бид хоёр эндээс явах үедээ ч хоёулаа финалдана шүү гэж ярьж байсан.

-БНХАУ-ын Чиндаод болсон Гранприд түрүүлснээр та “Мастерс”-т оролцох эрхтэй болсон. Тэр тэмцээнд оролцсон талаараа сонирхуулна уу?

-Монголд болсон “Чингис хаан” Дэлхийн цомд муу барилдсан болохоор би БНСУ, Японы тэмцээнд оролцох багт орж чадаагүй. Тиймээс Чиндаогийн тэмцээнд барилдъя гэж зориглоод ломбарднаас зээл аваад явсан юм. Чиндаогоос медаль авч, шагналынхаа

мөнгөөр зээлээ төлнө гэж төлөвлөсөн. Би 2007, 2008 онд эндээс хүрэл медаль авсан болохоор медалийнхаа өнгийг хувиргана гэдэгтээ итгэлтэй байв. Тэгээд Гранпри тэмцээний алтан медаль хүртэж, чансааны 200 оноо авснаар жиндээ 11 дүгээрт бичигдсэн. Тэндээсээ Казахстаны Кызылордад очиж, курашийн Азийн АШТ-д барилдаад түрүүлсэн. Сонин болгож хэлэхэд Кызылорда хотынхон гуравдугаар сард болох ОУТ-ий урилгаа гардуулж, бүх зардлыг даана гэдгээ хэлсэн. Казахстанаас Монголд ирэнгүүтээ Япон руу нисэн Их дуулга тэмцээнд оролцлоо. Тэгэхээр Чиндаогийн Гранпри гийн алтан медаль миний энэ амжилтын үндэс суурь болсон гэж хэлж болно.

-Зээл, өр тавин тэмцээн уралдаанд оролцсон тамирчдын түүх цөөнгүй бий. Та ч мөн ийм бэрхшээлийг туулж яваа байх нь ээ?

-Манай жүдочдын хувьд зардал хайж, толгойгоо өвтгөж явдаг үе ард хоцорсон шүү дээ. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ах тамирчдынхаа амжилтын төлөө их хөрөнгө зарж байгаа. Би Монголд болсон Дэлхийн цомд тааруу барилдсан болохоор дараагийн тэмцээнүүдэд оролцох багт багтаагүй хэрэг. Тиймээс л хувиасаа зардал гаргах шаардлага гарсан юм.

-Олон улсын жүдо бөхийн холбоо барилдааны дүрэмд өөрчлөлт оруулснаар хамгийн их хохирох улс нь Монгол болон Дундад Азийнхан хэмээж байсан. Гэвч манай жүдочид ямар ч нөхцөлд сайн барилдана гэдгийг та батлан харууллаа. Дүрмийн өөрчлөлт танд хэр их нөлөөлж байгаа вэ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгдээ. Сурцаараа суйлах, тахимдах, хонгодох мэх хийчихийг үгүйсгэхгүй. Тиймээс өөрийгөө хянаж, биеэ барихаар барилдаан бүрэн гарахгүй байх магадлалтай. Мэх хийчихээд шүүгч яах бол гээд эргэлзэнэ. Гэхдээ дүрэмдээ зохицох л хэрэгтэй. Би дүрэм шинэчлэгдсэнээс хойш хэдэн тэмцээнд орлоо, гайгүй дасч байна.

-Таны дархан мэх юу билээ?

-Би хоёр барьц авч, бярдаж барилддаг онцлог той. Барьцандаа оруулж байж мэхээ хийнэ. Зүүн талдаа их өмсдөг байсан. Одоо дүрэмд харш болчихлоо. Сууж үүрэх, өмсөх, тахимдах миний дархан мэх. Бөх удам дагадаг гэдэг үнэн юм. Миний хийдэг энэ мэхүүд бол аавын барилдаан. Би өөрөө аавынхаа барилдааныг харж байгаагүй ч хүмүүсийн аав шигээ юм гэхийг олон сонссон. Энэ дашрамд би нэг зүйлийг хэлмээр байна. Би Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. Ээж маань өвөө, эмээ дээр очиж амаржъя гээд тийшээ явсан юм билээ. Гэхдээ би Дундговь аймгийн Эрдэнэдалай  сумынх гэж явдаг. Миний жүдо бөхөөр хичээллэж, өдий зэрэгт хүрсэн минь аавтай шууд холбоотой болохоор аавынхаа нутаг усаар овоглох нь зүйтэй гэж шийдсэн юм. Үүнийг Завханыхан зөвөөр ойлгоосой.

-Энэ оноос эхлэн ДАШТ-д нэг жинд нэг улсаас хоёр бөх оролцох эрхтэй болж байгаа. Энэ заалт манай улсад хамгийн ашигтай, таатай тусч буй жин бол яах аргагүй 66 кг. Шинэ заалтын талаар таны бодлыг сонсъё? Өнгөрсөн жил ДАШТ-д оролцож чадаагүй таны хувьд том боломж байх.

-Өнгөрсөн жил УАШТ-ээс медаль авсан дөрвөн бөх бүгд хилийн чанадаас медаль авчирсан. Тэгэхээр Монголын хамгийн өрсөлдөөнтэй жин бол эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг. Хоёр бөх ДАШТ-д оролцдог боллоо гээд би шууд тэр эрхийг нь авна гэж хэлэхэд хэцүү. Наана нь олон тэмцээн болно, тэндээс бүрэлдэхүүнээ сонгож шалгаруулах нь лавтай. Гэхдээ би ДАШТ-д оролцоно гэдэгтээ итгэлтэй байгаа. ДАШТ-ий медаль авахыг зорьж, мөрөөдөж байна, мөрөөдөл минь биелнэ гэдэгт найдаж байна.

-2009 оны ДАШТ-д оролцох багийг сонгох үеэр Х.Цагаанбаатар та хоёрын өрсөлдөөн олны ярианы гол сэдэв байсан. ДАШТ-ий дараа тантай уулзахдаа нэгэнт энэ талаарх байр суурийг тань асуусан болохоор ялалтын харьцааны тухай сонирхъё?

-Цагаанаа хамаагүй олон ялсан. Өсвөр үе, залуучуудад барилддаг байх үеэсээ л бид хоёр хүч үзэж байна. Цагаанаа л дандаа ялна. Би хамгийн анх 2007 оны самбо бөхийн УАШТ-ээр хожиж байлаа. Би Цагаанааг сүүлд л хэд ялсан шүү дээ.

-Барилдаанд гаргадаг гол дутагдал тань юу вэ?

-Миний ялагдлын ихэнх нь хожиж яваад цаг дуусах үед шийдвэрлэх оноог алдсан байдаг. Сүүлийн үед энэ алдаагаа засах тал дээр бэлтгэлээ хандуулж байгаа. Мөн жингээ сайн барьдаггүй дутагдал байсан.

-Олон жил жүдогоор сайн барилдсан гэхэд та өнгөрсөн жил анх удаа улсын аварга болсон…

-Самбо бөхөөр 2002 онд, жүдогоор 2003 онд УАШТ-ий анхны медалиа авч байлаа. Түүнээс хойш жүдогийн улсын аваргаас голдуу хүрэл медаль авсан. Өөрийн хайнга байдлаас, өрсөлдөгчөө дутуу үнэлснээс, мөн бэлтгэлээ тааруулж чадаагүйгээс хоёр удаа медальгүй хоцорсон.

-Зуны XXIX олимпийн наадамд Монголын баг 29 тамирчинтай оролцоно гээд л манайхан тоог нь бэлгэшээж их ярьсан. Харамсалтай нь та дэвжээнд гарч чадаагүй. Олимпод барилдахгүй гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Бээжингийн онгоцны буудалд газардахад МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ах надад энэ тухай хэлсэн. Эндээс

явахад хамаатан садан, найз нөхөд маань “Медаль аваарай, амжилт хүсье” гээд бөөн баяр хөөр болж үдсэн болохоор сэтгэл их догдолж явсан. Тийм үед ийм мэдээ сонсоод хүнд цохилтод орсон шүү. Яг юу болоод байгааг ойлгох ч тэнхээгүй болсон. Багийнхан маань “Нэгэнт олимпийн наадамд ирсэн болохоор нээлтийн ёслолд жагсах уу” гэж байсан. Гэхдээ би нээлтэд орох гэж биш, барилдах гэж очсон шүү дээ. Тэгээд ч Цагаанаа жин хасч байсан болохоор ядаж найздаа туслая гэж бодоод өөрийгөө тайвшруулж байлаа. Ч.Болдбаатар бид хоёр Цагаанаагийн жин хасахад дэргэд нь байж, бэлтгэлийг нь хангалцсан юм.

-Таны эгч Мияасүрэн жүдо бөхөөр хичээллэж, улсын аварга болж байсан. Эндээс би нэг зүйлийг сонирхож асуух гэсэн юм. Та нарын нэр ямар утга, учиртай вэ?

-Өвөө маань лам хүн байсан. Тэгээд бидэнд ийм нэр өгсөн юм билээ. Мияарагчаа гэж үл хөдлөх сахиус гэсэн утгатай. Уул нь Миё гэсэн түвд үг. Харин төрсний гэрчилгээн дээр Мияа гээд биччихсэн гэдэг. Сонирхуулахад аав, эгч, бид гурав гурвуулаа самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальтай, ОУХМ-ууд.

-Ярилцсанд баярлалаа. Зорилгодоо хүрч, дэлхийн дэвжээнээс медаль авахыг хүсье.

Ярилцлагын төгсгөлд нэгэн бодол төрснөө уншигч тантай хуваалцмаар санагдлаа. Жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн бөхчүүд оролцдог энэ тэмцээнд түрүүлэх нь ДАШТ-ий медаль авсантай дүйх нь гарцаагүй. Яг л энэ жишгээр олимпод оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулдаг тул “Мастерс”-т ялалт бүр их үнэ цэнэтэй гэдгийг тодотгомоор байна. Тиймээс дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан залуу хүчтэнд зохих шагналыг нь хүртээж, гавьяатын тэмдгээр энгэрийг нь цоолоосой гэж хүснэм.

Дэлхийн шилдгүүдийг нэр заан урьсан Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртээд ирэхэд нь боксчин У.Мөнх-Эрдэнийг гавьяат тамирчин цолоор шагнасныг эргэн санахад илүүдэхгүй биз ээ.

Ж.БАТМӨНХ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. miki roko says:

    Zaluusdaa uram zorig xairlaya!
    Amjilt xusie!

    GD Star Rating
    loading...
  2. mr.freedom says:

    ene sian boho tsagaanaa bgaagui ali hediin delhiin avraga aas medila avah bsan uym gehdee myaragchaa munherdenetei bol zuirleh argagui baihaa ter hun bol bogsiin aguu hun shuu dee

    GD Star Rating
    loading...
  3. 1 says:

    Miya duu sain bna aa. Ulam ih amjilt husie.

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    miyaragchaa sain buh. gehdee tsagaanaatai neg jin odoo yay gehevdee. tsagaanaa n olon temtseend mongoliin neriig gargaj chadaj bna. . yu ch gesen amjilt husey!!!

    GD Star Rating
    loading...
  5. bataa says:

    Mash zov zaluu shig sanagddag neg jind shijignesen iim orsoldoon baijil delhiid amjilt gargasan baidag Tsagaanaach mon ooriin amjiltaa Miya-tai holboj yrisan baisan 2 duudee delhiin avragiin finald hainaa hagalahiig husen erooe !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: