loading...
Аймаг, нийслэл, дүүрэг, тусгай газрын БТСГ, хороодын Удирдах ажилтны семинар зөвлөгөөн өнгөрөгч долоо хоногт боллоо. Зөвлөгөөний нээлтэнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ болон МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нар урилгаар оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Арвин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” баримт бичгийг БТСГ-т гардуулсан юм.
Зөвлөгөөний эхэнд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар БТС-ын салбарын 2009 оны үйл ажиллагааны дүн, 2010 оны зорилтын тухай мэдээлэл хийсэн. Түүний өгүүлснээр өнгөрсөн онд “Биеийн тамир- эрүүл мэнд” урианы дагуу сар бүр нэг яам хариуцан нийтийг хамарсан БТС-ын ажил, үйлчилгээг орон даяар зохиож, үүнд 11 яам, 1657 байгууллагын 1,6 сая хүнийг хамруулан нийт 545 арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн улиран одсон 2009 онд БТСын салбарын эрх зүйн орчны олон асуудал УИХ, Засгийн газраар хэлэлцэгдэн батлагджээ. Тухайлбал ”Биеийн тамир, спортын тухай хууль”-нд өөрчлөлт орж, тив, дэлхий, олимпийн наадамд амжилт гаргасан тамирчид төдийгүй дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох, БТС-ын төрийн болон төрийн бус байгууллагын бодлого, үйл ажиллагаанд магадлан итгэмжлэл үзүүлэх зэрэг шинэ заалтууд оржээ. Түүнчлэн тус салбарын материаллаг бааз, хөрөнгө оруулалт ч нэмэгдэж, Хэнтий, Ховд аймагт усан бассейн, Увс аймагт спортын шинэ ордон ашиглалтанд орсон байна. 2009 онд тив, дэлхийн хэмжээний 45 тэмцээнд манай 460 орчим тамирчин оролцож, 116 медаль хүртсэний дотор жүдогийн Х.Цагаанбаатар, боксын П.Сэрдамба нар дэлхийн аваргын алтан медалийг авч, зон олныхоо магнайг тэнийлгэсэн билээ.
Зөвлөгөөний үеэр БТСГ-аас 2010 оныг “Спортын холбоодыг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд спорт холбоодын боловсон хүчин, материаллаг бааз, тамирчдын чадварыг дээшлүүлэх, спорт клубүүдийг олноор байгуулан залуу үеийг спортын секц, дугуйланд хамруулан шилдэг тамирчдынхаа залгамж халааг бэлтгэхэд туслан ажиллах зорилтыг дэвшүүллээ. БТСГ энэ оныг урьд жилүүдийн адил БТС-ыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлж, салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилтай оролцохыг гол зорилтоо гэж тодорхойлов.
БТС-ын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын 05 тоот тогтоолын хэрэгжилтийг дүгнэж, шалгарсан байгууллагыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан байна. Тодруулбал яамдаас ЗГХЭГ, ХЗДХЯ, Сангийн яам, аймгуудаас нийслэл болон Орхон, Сэлэнгэ аймгийн ЗДТГ эхний гурван байрт шалгарчээ. Мөн БТСГ Г.Лхагвасүрэн даргатай Төв, Ц.Нэргүйбаатар даргатай Архангай, Ц.Очирбаатар даргатай Өвөрхангай, Н.Зулбаатар даргатай Орхон аймгийн БТСГ, О.Балжинням даргатай “Алдар” спорт хороог салбарынхаа 2009 оны шилдэг байгууллагаар шалгаруулж, 400.000 – 2.000.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
Зөвлөгөөнд оролцогчид тус бүр таван мянган төгрөгийг байгалийн хүнд нөхцөлд байгаа Хэнтий аймгийн малчдад туслах санд хандивлажээ.
Д.Гэнээ
loading...



