Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Ванкувер-2010, Өвлийн олимпийн наадмууд » “Долоон бурхан” гэрэлтсэн ДАЛАЙН ЭРГИЙН ВАНКУВЕР

GD Star Rating
loading...

http://sportnews.mn/wp-content/uploads/2008/08/vrlogo_nc.jpgМонголчуудын анхны десант Ванкуверт

Улаанбаатараас нисэн Гуулин улсдаа “даль жигүүрээ амраасан” KOREAN AIR-ийн онгоц Инчён буудлаас арван цаг чилийтэл ниссээр Канадын Британийн Колумб мужийн төв Ванкувер хотод зөөлөн газардаж, Монголын баг тамирчид 12 дахь удаагаа цагаан олимпод бүртгүүлж буйгаа баталлаа. Хэвлэлээр мэдэгдсэн ёсоор гүйлтийн цанын тамирчин Х.Хаш-Эрдэнэ хоёр дахь, Э.Очирсүрэн хоёр дахь удаагаа зандан хөлгөөр уралдах гэж буй бол дасгалжуулагч Л.Дорж зургаа дахь удаагаа (үүнээс хоёр нь тамирчнаар) олимпод оролцож буй нь энэ ээ.

Вистлерт бууриа засав

Манайхан Ванкуверт буумагцаа ачаа бараагаа янзлан, цасны төрлийн бүх тэмцээн болох Вистлерийг зорин гурван цагийн дараа тосгондоо тохижиж амжлаа. Монголчууд БНСУ, Чех, Хорват зэрэг орны тамирчидтай хамтран аж төрж буй бөгөөд 10000 хүнтэй Вистлер хотхоны хүн амыг таваар нэмлээ.

Тугийн ёслол

Олимпийн тосгонд Монголын туг өргөх ёслол хоёрдугаар сарын 8-нд болохоор товлосны дагуу Ванкуверт ажиллаж амьдарч буй монголчуудын төлөөлөгчид уг арга хэмжээнд уригдсан байна. Мөн Монголын өргөмжит консул, ноён Т.Роббинс хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Алтан соёмбот далбаагаа өргөж, туурга тусгаар Монгол орноо дэлхий нийтэд зарлаж буй энэ үйл явдал олон жилийн түүхтэй.

Спортоор хоёр эрх, урлагаар таван эрх

Цагаан олимпийн хажуугаар соёлын олимпиадын үйл ажиллагаа гараандаа жигдэрч, хоёрдугаар сарын 13-нд TONO хөтөлбөрийн дагуу Монголын таван уран бүтээлчийн тоглолт уг концертод багтжээ. 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-д уртын дууч Хонгорзул Монгол орны урлагийн гайхамшгийг гайхуулсаныг бид мэднэ. Ингэхээр спортынхон олимпийн хоёр эрхийг зовж байж бүтээсэн бол, урлагийнхан таван урилгыг шууд гардан авсан нь нэгийг бодогдуулах мэт.

Өвөр монгол туслах Ар Монголд тусална

Монголын багийн туслахаар Венди, Николь, Жон, Ачнаа гэдэг дөрвөн үндэстэн ажиллахаар томилогдсоны дотор нэгэн монгол цустай хүмүүн байна. Өвөр Монголын Шилийн гол аймгаас ирсэн Ачнаа бүсгүй ахан дүүстэйгээ ажиллах болсондоо дүүрэн баяртай гэнэм.

Ванкуверийн нэрс

Цагаан олимпийн нийслэл Ванкувер 2003 онд Прагад болсон ОУОХ-ны чуулганаар Пёнчаныг сүүлчийн тойрогт 3 оноогоор амттай ялснаас хойш ажлаа шалгуулах торгон мөч ирж буй нь энэ. Харин Ванкувер хотыг солонгосоор Панкуба (Pankuba) гэдэг бол хятадууд Венгехуа (Wengehua) гэж дууддаг. Харин индианчууд …

Ямайкийн том чарга, Энэтхэгийн жижиг чарга гэртээ үлдэнэ

Олон жилийн өмнө халуун орны Ямайка улсын бобслейн баг “Нагано-98” өвлийн олимпод оролцож сенсаац дэгдээж байсан бол энэ удаа арай л хоншоор нь дутаж, гадил банантайгаа цуг гадаа биеэ шарах үлдлээ. Мөн Энэтхэгийн чарганы цорын ганц тамирчин Шива Кешаван эрх авахаар овоо оноо түүж байтал ганц муу “морь” нь эвдэрч хандив цуглуулсаар байтал тэрбээр улаан шугамны доогуур орсон нь тоогүй. Нөхөд нь түүнд 10000 ам.долларын хандив гардуулсан ч “галт тэрэг” аль хэдийнэ хөдөлж чаргачин энэтхэг эр “Сочи-2014”-ийг мөрөөдөн, гурван олимпод оролцсоноо дурсах л үлдлээ.

“Зуны” Өвлийн олимпийн наадам

Ванкувер хотод бороо орох нь татарч наран ээвэр өвлийн олимп болох шинжтэй бол Вистлер арай л цасан бүрхүүлтэй гэсэндээ жаварлаг байнам. Ийнхүү “Ванкувер-2010”- ийг дулаан өвлийн олимпийн наадам хэмээн нэрлэхэд хилсдэх юмгүй гэж олон орныхон толгой сэгсрэх нь олонтаа… 1988 онд Калгарид болсон өвлийн олимпийн төлөөлөгчид энэ удаа мөн уригджээ.

Монреаль, Торонто, Калгари… Ванкувер

Монгол, Канад хоёр улсыг олон зүйлээрээ төстэй гэлцэх. Өвөл нь хүйтэн, газар дороо ашигт малтмал арвинтай, мөн саарал чоно цөөнгүй гээд л… Мөн онгон байгалийн үзэмж төрхөөрөө адилхан гэх. 1976 онд Канадын Монреаль хотод алдарт бөх З.Ойдов маань олимпийн алтаа алдсан ч 1993 оны ДАШТ-ээс Ц.Цогтбаяр маань удаан хүлээсэн хүрлийг Торонто хотоос шүүрсэн. 1988 оны Калгаригийн цагаан олимпийн тугийг эмэгтэй цаначин Даваагийн Энхээ барьсан бол 22 жилийн дараа мөн мэргэжил нэгт дүү Э.Очирсүрэн нь эрчүүдийн адил ийм эрх эдлэх нь. Түүний тухай анхны сурвалжлагыг NHK телевизийн сэтгүүлч Н.Гото хийлээ.

Уралдааны дараах “уралдаан”

ОУОХ-ны Тамирчдын комиссын сонгуульд өрсөлдөх 11 хүний плакат олимпийн тосгоны энд тэнд хадаастай нь олны нүдэнд тусч, Монголын Орхон аймгийн хүү Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ дэлхийн томчуудтай арсалдан дээд байгууллагад нэр дэвшсэнийг орон орныхон ярилцнам. Хоёрдугаар сарын 24-нд болох сонгуульд Ази тивээ төлөөлөн ганцаараа хүч үзэх түүнд манай тивийнхэн их талтай байна. Хашаагийн уралдаан хоёрдугаар сарын 15-нд, сонгууль түүнээс есөн хоногийн дараа тус тус болно.

“Долоон бурхан”

“Долоон бурхан” шүтсэн далайн эргийн Ванкуверт өвлийн XXI олимпийн наадам цас мөсийг баярлууланхан, цагаан цэнгэлээ үүсгэхэд хуруу тоолом хугацаа үлдлээ. “ДОЛООН БУРХАН” гэдэг нь өвлийн олимпийн албан ёсны долоон төрөл бөгөөд цана, тэшүүр, хоккей, кёрлинг, биатлон, чарга, бобслей ингэж дөрвөн жилд нэг удаа цас мөсний “цам харайдаг” сайхан уламжлалтай. Өвлийн олимпийн тэнгэрт гялалзах “долоон бурхан” маань өнгө гэрлээ улам жавхаажуулж, үй олон спорт сонирхогчдод баяр хөөр, аз жаргал авчрах нь дамжиггүй ээ.

ОТО Ванкуверээс мэдээлэв

GD Star Rating
loading...
“Долоон бурхан” гэрэлтсэн ДАЛАЙН ЭРГИЙН ВАНКУВЕР, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: