Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, ОУОХ » BID-ийн тухай БИД ярилцваас…

GD Star Rating
loading...

-2020 оны зуны олимпийн төлөө Хирошима хоттой хамтран нэрээ дэвшүүлэх бодолтой байсан Нагасаки хотын дарга Томихиса Таүэ аргагүйн эрхэнд “цагаан алчуураа” өргөв. Учир нь ОУОХ-ны журмын дагуу олимпийн наадмын төлөө зөвхөн нэг хот бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй ажээ. Ийнхүү атомын бөмбөгдөлтөд хамтдаа хохирч байсан Хирошима андыгаа бүх талаар дэмжихээ өмнөд Японы Кюүшюү арлын нагасакичууд халуунаар илэрхийлжээ.1964 оны Токиогийн олимпоос хойш зуны наадмын барааг хараагүй Наран улсынхны оролдлого өнгөрсөн жил Копенгаген хотноо “өвдөг шороодсоны” хирошимачууд “даагаа нэхэхээр” шаралхаж буй бололтой. Дашрамд дурдахад, БНСУ-ын боомт хот Бусан мөн хорь+хорийн (2020) төлөө санаархаж буй нь нууц биш ээ.

-2016 оны олимпийн төлөө тэмцэлдээд доогуур даваанд унасан Токио хотын захиргаа саяхан “зүү орох зайгүй” хамтарч байсан Японы ҮОХ-нд нэхэмжлэх хүргүүлэв. Олимпийн эрхийн төлөө өрсөлдөөнд Токио хотын сан, ивээн тэтгэгчдээс зарцуулсан 100 сая иен (ойролцоогоор 700 мянган фунт стерлинг)-ий зардлаас Японы ҮОХ-г хуваалцахыг шаардсан байна. Гэхдээ тэд нийт 5.1 сая фунт стерлингийн зарлага гаргасан юм.

-АНУ-ын Чикаго 2016 оны олимпийн төлөө эхний “шүглийн дуунаар” онхолдсоны алдааг залруулахаар Рено-Техоү хотынхон 2022 оны цагаан олимпийг “булаан авахын” төлөө сэтгэл санаа нэгджээ. 2002 оноос хойш олимпийн салхи сэвэлзээгүй Сэм авгынд найм дахь удаагаа дэлхийн спортын дээд цэнгэл баярыг авчрах нь Америк гүрний нэр хүндийн асуудал хэмээн шинээр томилогдсон АНУ-ын ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Скотт Блэкман мэдэгджээ.

-Өвлийн олимпийн эрх булаацалдах “марафон”-д хоёронтаа гашуун ялагдал хүлээсэн БНСУ-ын Канвон мужийн Пёнчан хотынхон гурав дахь дайралтаа хийхээ албан ёсоор мэдэгдэж, тус мужийн амбан захирагч Ким Жинь-Сөн, “KOREA AIRLINES” иргэний агаарын тээврийн компанийн ерөнхийлөгч Чо Ян-Хо нар шинэ онцлох тэмдгээ нийтэд танилцуулав. Гуулин улсын “шороотой бөхтэй” үзэлцэхээр Францын “жижиг гар” Аннеси, Германы Бавари мужийн “баавар” Мюнхен үзэлцэхээр “шөвгийн гурав”-т шалгарсан. Хэрвээ Мюнхен энэ тулаанд ялбал өвөл, зуны олимпийг зохион явуулсан анхны хот болон мөнхөрнө. Сонирхуулахад, Канвон муж нь манай Төв аймагтай ах дүүгийн харилцаатай агаад зүүн хойд Азийн хүйтэн хотуудын холбооны төв байр Чүньчонд байдаг гэнэ.

-Одоогоос 18 жилийн өмнө Зуны олимпийн наадмын бамбарыг төрөлх хотдоо асаасан Барселона мөн Мюнхентэй “барьцаж”, 2022 оны өвлийн олимпийг Каталан нутагт урин залахаар нухацтай хэлэлцэж эхэллээ. Гэхдээ хоорондоо цусан өшөөтэй Испани улсад тэдэнтэй “мөргөлдөхөөр” Сарагоса+Хака хотын эвсэл “хор найруулж” байгаа гэнэ. Барселоныг “цас, мөстэй болгох” саналыг Самаранчийн охин Мария Тереса халуунаар дэмжиж байна. Гэвч Барселоны заналт дайсан Мадрид бас л “шавар хаах” нь бололтой. Учир нь 2016 оны олимпийн үзүүр, түрүүнд Бразилийн Риод “далаараа шидүүлсэн” Мадрид хотын дарга Альберто Руис-Гайардон 2020 оны олимпийн төлөө дахин үзэлцэхээ мэдэгдээд байна.

-Харин саяхан Зүүн Азийн V наадмыг амжилттай зохион явуулсандаа урамшсан Хонконг 2019 оны Азийн наадмыг урин залах талаар бодож эхэлжээ. Тэндхийн спортын босс Тимоти Фок Зүүн Азийн наадмаас зургаа дахин том спорт фестивалийн төлөвлөгөөг “Анхилуун боомт” гэгдэх Сянганд хэрэгжүүлэхийн төлөө бүх хүч бололцоогоо дайчилна гэдгээ илэрхийлжээ. Харин Хонконгтой энэ эрхийн төлөө Малайз, Арабын Нэгдсэн Эмират улс өрсөлдөх шинжтэй.

OTO

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: