loading...
Стенлийн цомын финалд best-of-seven буюу долоон тоглолтоор ялагчын хувь заяаг шийддэг болсон нь 1938 оноос эхтэй. Тэр үеэс хойш нийт 14 удаа ялагчыг долоо дахь тоглолтоор тодруулж байсан ба хамгийн сүүлд Питсбург Пингвинз Тэльбогийн гоолын ачаар Детройтыг буулган авч түрүүлсэн билээ. Ингээд та бүхэнд дээрхи 14 ”гайхалтай” тоглолтын сонин хачнаас хүргэе.
2001.6.9 Нью Жерси Девилз – Колорадо Эвеланш
Өнгөрсөн онд нь Даллас Старсыг ялан хоёр дахь Стенлийн цомоо хүртээд байсан Нью Жерсичүүд аваргаа хамгаална гэдэгтээ итгэл төгс байлаа.Түүх ч тэдний талд байсан. Учир нь NHL-ийн түүхэнд аваргаа хамгаалж буй баг финалд ялагдсан түүх тун ховорхон байдаг юм.
Бүх зүйл Девилзийн хүссэнээр өрнөж цувралын тав дахь тоглолтын дараагаар тэд өрсөлдөгчөө 3 : 2-оор хошуучилж байлаа. Хүн болгон л 6 дахь тоглолтонд Нью Жерси ялалтын баяраа тэмдэглэх болно гэлцэж байтал үнэмшмээргүй зүйл болж тэд талбайдаа 4 : 0-оор бутниргүүлж орхих нь тэр. Колорадогийн энэхүү гайхалтай амжилт яах аргагүй алдарт Патрик Ройтой холбоотой байлаа.
Тус улиралынхаа MVP-гээр тодорсон Рой өрсөлдөгчийнхөө олон олон аюултай довтлолгоог ”үгүй хийж” багаа ялалт хөтөлсөн гавьяатан бөгөөд Нью Жерсигийн ялагдлын гол ”буруутан” билээ. Цувралын долоо дахь тоглолтонд Рой өрсөлдөгчийнхөө 25 довтолгоог үгүй хийсэн барим баримт байдаг. Ройгоос дутахааргүй Эвеланшийг түрүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн нэгэн бол Алекс Тунгуай. Өдгөө Монреал Канадиенст зүтгэж буй тэрбээр финалын тоглолтонд хоёр шайб оруулсан ба эхний үеийн 7:58 дахь минутад, хоёрдугаар үеийн 4:57 минутад тус тус гоолдсон аж. Жое Сакич 6:16 дахь минутад тооны харьцааг 3 : 0 болгосны дараа Чехсловакийн легионер Петр Сикора Ройгийн хаалгыг мялаасан ч тоглолтыг эргүүлэхэд хэтэрхий оройтсон байсан юм.
Колорадог ийн түрүүлэхэд хамгийн их баярласан тоглогч бол гарцаа байхгүй домогт Рэймонд Бурк. Үндэсний хоккэйн лигийн бүх цаг үеийн түүхэнд ”хамгийн хамгийн” хэмээн олон амжилтыг эзэмшдэг энэ эрхэмийн 20 жилийн хүсэн хүлээсэн Стенлийн цомд түрүүлэх хүсэл нь энэ өдөр биелэлээ олсон юм. Нью Жерсигийн хамгаалагч ”Ноён чөтгөр” хэмээн алдаршсан Кен Данеко ”Түүний туулсан он жилүүд бүгд гайхалтай. Магадгүй бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу хамгаалагч байх. Хэрвээ би финалд ялагдаагүй байсан бол түүний төлөө баярлах л байлаа. Харамсалтай нь ялагдана гэдэг ямар ч үед үнэхээр хүнд тусдаг юм байна” хэмээжээ.
Тоглолт 1 Колорадо Эвеланш 5–0 Нью-Жерси Дэвилз Pepsi Center
Тоглолт 2 Колорадо Эвеланш 1–2 Нью-Жерси Дэвилз Pepsi Center
Тоглолт 3 Нью-Жерси Дэвилз 1–3 Колорадо Эвеланш Continental Airlines Arena
Тоглолт 4 Нью-Жерси Дэвилз 3–2 Колорадо Эвеланш Continental Airlines Arena
Тоглолт 5 Колорадо Эвеланш 1–4 Нью-Жерси Дэвилз Pepsi Center
Тоглолт 6 Нью-Жерси Дэвилз 0–4 Колорадо Эвеланш Continental Airlines Arena
7 дахь тоглолт
6 сарын 9 Колорадо Эвеланш 3–1 Нью Жерси Девилз (Пепси центр)
1994.6.14 Ванкувер Канукс – Нью Иорк Рэйнжерс
1940 онд түрүүлснээсээ хойш Стенлийн цомын ”бараа” хараагүй болохоор Манхэттэнчүүд алдарт Мэдисон Сквер Гардендээ зүү орох зайгүй цугларч хайртай багаа дэмжиж байлаа. Ялангуяа сүүлийн долоо дахь тоглолтонд Рэйнжерсүүд чухам хөгжөөн дэмжигчдийнхээ хүчээр ялсан гэж ярьдаг.
Мэдисон Сквер Гарденд болсон тус тоглолтын өмнөх уур амьсгалыг Рэйнжерсийг менежер Нэйл Смит ”Үнэхээр аймшигтай сүрлэг” хэмээн тодотгосон байдаг. Фенүүдийнхээ уухайн дор Нью Иоркчууд эхний үеийг 2 : 0-ээр тэргүүлж чадсан ба Конн Смитийн цомын эзэн Бриан Литч (энэ шагналыг хүртсэн цорын АНУ-н хоккэйчин), Адам Гравес нар гоолуудыг оруулсан аж.
Гэвч Канукс зүгээр харж суугаад ялагдахыг хүссэнгүй. Тревер Линдений гайхалтай тоглолтын ачаар тооны харьцааг ойртуулж ордонд цугласан мянга мянган Нью Иоркчүүдийн зүрхийг зогсоох шахав. Аз болж Марк Мессьер түүний гоолын хариуг барьсан ба үлдсэн минутад Канукс хамаг хүчээрээ дайрсан ч шон онохоос хэтэрч чадалгүй байсаар ялагдал хүлээжээ. Энэхүү үнэ цэнэтэй ялалтын баяраа Нью Иоркчууд нилээд хэдэн долоо хоног үргэлжлүүлсэн гэдэг.
Сонирхуулахад Рэйнжерсийн дасгалжуулагч болоод дөнгөж эхнийхээ жилийн нүүрийг үзэж байсан Майк Кийнан Стенлийн цомын финалын түүхэнд хоёр өөр багийг удирдан 7 дахь тоглолтонд оролцсон анхны дасгалжуулагч болсон ба түүний амжилтыг энэ жил Детройтийн Майк Бабкок давтсан билээ.
Тоглолт 1 Нью Иорк Рэйнжерс 2 – 3 OT Ванкувер Канукс Madison Square Garden
Тоглолт 1 Нью Иорк Рэйнжерс 3 – 1 Ванкувер Канукс Madison Square Garden
Тоглолт 1 Ванкувер Канукс 1 – 5 Нью Иорк Рэйнжерс Pacific Coliseum
Тоглолт 1 Ванкувер Канукс 2 – 4 Нью Иорк Рэйнжерс Pacific Coliseum
Тоглолт 1 Нью Иорк Рэйнжерс 3 – 6 Ванкувер Канукс Madison Square Garden
Тоглолт 1 Ванкувер Канукс 4 – 1 Нью Иорк Рэйнжерс Pacific Coliseum
Долоо дахь тоглолт
6 сарын 14 Нью Иорк Рэйнжерс 3 – 2 Ванкувер Канукс (Мэдисон Сквер Гарден)
1987.5.31 Эдмонтон Ойлерс – Филадельфи Флайерс
”Өргөн гудамжны танхайчууд” Эдмонтоноос хоёр жилийн өмнөх өшөөгөө авах зорилготой байлаа. 1985 оны финалд энэ хоёр баг учраа таарахад Ойлерс 4 : 1-ээр өрсөлдөгчөө ”бутниргэж” байсан аж. Харамсалтай нь цувралын эхний тоглолтоос эхлээд л Эдмонтончууд хоёр жилийн өмнөх түүхээ давтаж эхэлсэн юм. Хэдийгээр Филадельфигийн бүрэлдэхүүнд рүүки хаалгач Рон Хекстал байсан ч домогт Уэйн Гретцкигээр удирдуулсан Эдмонтоны багт ямар ч саад учруулж чадсангүй.
Талбай дээрээ хийсэн эхний 2 тоглолтонд ялалт байгуулж, Филадельфигийн талбайгаас нэг ялалт авсанаар Ойлерс цомыг бараг гартаа оруулаад байсан ч ”Хойд нутгийн Колозеум” ордонд явагдсан 5 дахь тоглолт бүх зүйлийг 180 градус эргүүлэх нь тэр. Өнөөх шүүмжэлийн бай болоод байсан Рон Хекстал маань тэр тоглолтонд жинхэнэ ид шидээ үзүүлж эсрэг багийнхаа 30 аран довтолгоог аюулгүй болгож чадсанаар баг нь 3 – 4-өөр ялж 6 дахь тоглолтыг хүлээхээр боллоо.
Талбай дэрэээ хийсэн энэ тоглолтонд ч Хекстал од болон гялалзаж багаа ялалтад хөтөлснөөр 1971 оноос хойшхи анхны ”7 дахь тоглолт”-ыг үзэгчдэд харах боломжыг олгосон юм. Филадельфиаг аварсан Рон Хекстал гэгч энэ эр нь удмаараа мөсөн талбайтай амьдралаа холбосон айлын хүү бөгөөд 1982 оны драфтын 119-р байраар NHL-д хөл тавьж байсан даруухан эр. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Роны хоккэйн удамтай болох нь харагдаж 1987 он гэхэд Стенлийн цомын финалд тоглох хүртлээ дэвшиж чадсан билээ.
Ингээд олон зүйл нуршилгүй 7 дахь тоглолтонд юу болсон талаар өгүүлье. Шүүгч тоглолтыг эхлүүлээд минут ч өнгөрөөгүй байхад Эдмонтоны тоглогч торгуулж эсрэг багтаа маш том боломж олголоо. Майк Кийнений хөвгүүд ч энэ боломжыг сайхан ашиглаж 1:41 -д Мюррей Кравен багтаа эхний гоолыг авчирлаа. Үүнээс хойш Рон Хекстал л үүргээ сайн биелүүлээд байсан бол Филадельфиа 3 дахь Стенлийн цомоо хүртэх байв.
Гэвч тийм зүйл болсонгүй. Кравены гоолоос 3 минутын дараа Марк Мессьер тооны харьцааг тэнцүүлж хоёрдугаар үеийн 14:59 минутад өдгөө Гретцкийн дамжуулалтаар Финляндын шигшээн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Яари Курри хожлын гоолыг Эдмонтонд авчирсан юм. Өмнөх тоглолтуудад чухам л цохисон болгоныг хааж байсан Хекстал энэ удаа юу ч хийж чадсангүй байсаар хаалгандаа дээрхи шайбуудыг алдаж фенүүдээ гомдоож орхилоо.
Гэхдээ түүнийг бүх зүйл дээр буруутгах аргагүй юм. Финалын тоглолтонд хэдийгээр 3 шайб алдсан ч Хекстал эсрэг багийнхаа 40 аюултай довтолгоог зогсоосон үзүүлэлтээрээ плей-оффын хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу Конн Смитийн цомыг гардаж авсан юм. Ер нь Стенлийн цомын финалд ялагдсан багаас MVP болж байсан тохиолдол NHL-ийн түүхэнд дөрөвхөн байдаг бөгөөд 1966 онд Детройтын Улаан жигүүрүүдийн хаалгач Рожер Крозьер, 1968 онд Сент Луис Блюзийн мөн хаалгач Глен Холл энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байсан бол 1975 онд Флайерсын баруун жигүүр Регги Лич, хамгийн сүүлд Анайхэймийн франц гаралтай хаалгач Ян Себастьян Гигуере MVP болж байлаа.
Харин Роны хувьд энэ шагнаыг хүртсэн 3 дахь хаалгач болсон юм. Тэрээр финалын тоглолтын дараа ”Конн Смитийн цом надад тэр үед ямар ч баяр хөөр авчраагүй. Миний сэтгэл санаа үнэхээр хүнд байсан болохоор арга ч үгүй биз. Одоо ч гэсэн би энэ талаар бодохгүй байж чадахгүй байна. Мэдээж шилдэг тоглогч болно гэдэг сайхан ч гэсэн аваргын цомыг авна гэдэг түүнтэй харьцуулшгүй их нэр хүнд шүү дээ” гэжээ.
Энэхүү түрүү нь домогт Гретцкийн Ойлерстой хамт хүртсэн 3 дахь Стенлийн цом байсан юм.
Тоглолт 1 Эдмонтон Ойлерс 4 – 2 Филадельфи Флайерс Northlands Coliseum
Тоглолт 1 Эдмонтон Ойлерс 3 – 2 OT Филадельфи Флайерс Northlands Coliseum
Тоглолт 1 Филадельфи Флайерс 5 – 3 Эдмонтон Ойлерс The Spectrum
Тоглолт 1 Филадельфи Флайерс 1 – 4 Эдмонтон Ойлерс The Spectrum
Тоглолт 1 Эдмонтон Ойлерс 3 – 4 Филадельфи Флайерс Northlands Coliseum
Тоглолт 1 Филадельфи Флайерс 3 – 2 Эдмонтон Ойлерс The Spectrum
Долоо дахь тоглолт
5 сарын 31 Эдмонтон Ойлерс 3 -1 Филадельфиа Флайерс (Нортлэнд Колозеум)
1971.5.18 Канадиенс – Чикаго Блэкхавкс
Дорнод бүсээс арай гэж плэй-оффт шалгарсан Монреалын багийг ийм хол явчихна гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй байх. Ялангуяа шөвгийн наймд өмнөх жилийн Стенлийн цомын эзэн Бостон Брюинзтэй оноолт таарахад хүн болгон л тэднийг хасагдлаа гэж бодож байв. Бостончууд тэр улиралд өмнөхөөсөө ч илүү онгодтой байж нэг улиралд оруулсан гоолын тоогоор NHL-д шинэ дээд амжилт (399) тогтоогоод байсан болохоор арга ч үгүй биз.
Гэвч залуухан дасгалжуулагч Ал Макнэйлээр удирдуулсан Канадиенс гайхамшгийг бүтээж 7 тоглолтонд 4 : 3-аар Бостоныг өвдөг сөхрүүлснээр эхний гайхамшигаа бүтээсэн юм. Энэ цувралын хоёр дахь тоглолтыг одоо ч түүхэн дэх хамгийн агуу ”comeback” буюу эргэн ирэлт гэдэг. 3-р үеийн эхэнд 5 : 2-ын харьцаатай ялагдаж байсан Монреалчууд цаг дуусахаас өмнө 5 шайб оруулж 5 : 7-гоор ялалт байгуулж байсан гэхээр ямар гайхалтай тоглолт болсон нь таны нүдэнд харагдаж байгаа байх. Гэхдээ бид энэ зөвхөн 7 дахь тоглолтын талаар өгүүлж байгаа учраас энэ түүхийг орхиё.
Шөвгийн дөрөвт Монреалчууд Өрнөдийн дөрвөөр шалгарсан Миннесота Норт Старсыг буулган авсанаар Чикаго Блэкхавкс багтай финалд өрсөлдөхөөр боллоо. Цувралын эхний 6 тоглолтонд хоёр багийнхан ээлж дараалан ялсаар 7 дахь тоглолт Чикагогийн талбайд зохиогдохоор боллоо. Өмнөх нь ”Хар харцага”-ууд талбай дээрээ хийсэн бүх тоглолтонд ялсан болохоор энэ удаа ч гэсэн ялалт байгуулан гэдэгтээ итгэлтэй байв. Тоглолт ч тэдний хүссэнээр өрнөж 2-р үе гэхэд Чикаго 2 : 0-ээр ялж байлаа.
Энэ хүнд үед Монреалын хамгаалагч Жаке Лемай бараг төвийн шугамаас гайхалтай цохилтыг гүйцэтгэж тооны харьцааг ойртуулах нь тэр. Чикагогийн төвийн тоглогч Штан Микито хожим ийн дурсжээ. ”Тони (Блэкхавксын хаалгач) тийм холоос цохисон цохилтыг яагаад хааж чадаагүйг би одоо болтол ойлгодоггүй юм. Би лав тэрний оронд байсан бол ядах юмгүй хаах байсан” гэжээ. Гэвч өнгөрсөн бүхэн өнгөрснөөрөө л үлдэнэ. Энэ гоолын дараа Монреалчууд дахин
сэргэсэн мэт болж зогсоо зайгүй өрсөлдөгчөө сандаргаж эхэллээ.
Тэдний хөдөлмөрийн үр дүн ч тун удалгүй гарч тэр үеийн төгсөлд багийн ахлагч Хенри Ричард тэнцээний шайбыг оруулж, дараа нь сүүлийн хагасын 2:34 дахь минутад хожлын шайбыг оруулсанаар Монреалын ‘Үнсгэлжингийн түүх” биелэлээ олжээ. ”Юм үзсэн” хоккэйн томоохон мэргэжилтнүүд хүртэл энэ жилийн финалыг түүхэнд байхгүй гайхалтай өрнөсөн гэж шагшдаг. Харин Канадиенсийн домогт хамгаалагч Жаке Лаперьере өмнө нь 4 удаа Стенлийн цомыг өргөж үзсэн ”хашир” боловч энэ түрүүг карьерийнхаа хамгийн гайхалтай ялалт гэж нэрлэсэн байдаг. ”Монреалд зөвхөнө ялалтын тухай л ярьдаг. Өөр юу ч биш. Тэндхийн шашин шүтлэг нь ялалт амжилт. Тийм ч учраас бид ялж чадсан. Манайхан хэзээ ч ялагдана гэж бодож байгаагүй” хэмээн тоглолтын дараа сэтгэл нь хөдөлсөн Жаке хэвлэлийнхэнд ярьжээ.
Тоглолт 1 Монреал Канадиенс 1 – 5 Чикаго Блэкхавкс Montreal Forum
Тоглолт 2 Монреал Канадиенс 3 – 5 Чикаго Блэкхавкс Montreal Forum
Тоглолт 3 Чикаго Блэкхавкс 2 – 4 Монреал Канадиенс Chicago Stadium
Тоглолт 4 Чикаго Блэкхавкс 2 – 5 Монреал Канадиенс Chicago Stadium
Тоглолт 5 Монреал Канадиенс 0 – 2 Чикаго Блэкхавкс Montreal Forum
Тоглолт 6 Чикаго Блэкхавкс 3 – 4 Монреал Канадиенс Chicago Stadium
7 дахь тоглолт
1971.5.18 Монреал Канадиенс 3 : 2 Чикаго Блэкхавкс
үргэлжлэл бий…
loading...



