loading...
Стенлийн цомын финалд best-of-seven буюу долоон тоглолтоор ялагчын хувь заяаг шийддэг болсон нь 1938 оноос эхтэй. Тэр үеэс хойш нийт 14 удаа ялагчыг долоо дахь тоглолтоор тодруулж байсан ба хамгийн сүүлд Питсбург Пингвинз Тэльбогийн гоолын ачаар Детройтыг буулган авч түрүүлсэн билээ. Ингээд та бүхэнд дээрхи 14 ”гайхалтай” тоглолтын сонин хачнаас хүргэе.
2009.6.12 Детройт Ред Уйнгз : Питсбург Пингвинз
Стенлийн цомын финалын түүхэнд 7 дахь тоглолтыг айлын талбайд хийж ялалт байгуулсан тохиолдол ердөө гуравхан байдаг. Тэдний нэг нь энэ жилийн финал юм. Гэхдээ түүхэн ялалт байгуулсан Пингвинзийн финал хүртэлх зам тийм ч дардан байсангүй. Улиралын дундуур тэд 5 дараалан ялагдаж плэй -оффт шалгарах найдвараа бараг алдаад байх үед багийн удирдлага дасгалжуулагч Мишель Тьерреинийг ажлаас нь халж оронд нь NHL-ийн туршлага гээд байх зүйл юу ч байхгүй Дан Билзмаг менежерээрээ томилсон юм. Мэдээж хэрэг улиралын дундуур хийгдсэн энэ шилжилт Пистбург хотынхонд гайхамшгийг авчирна гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй байх. Билзмаг ирсэнээс хойш Пингвинзийн тоглолт илт сэргэж Малкин, Флери, Кросби гээд бүх одууд нь үүргээ гайхалтай биелүүлсний хүчинд тэд бүсийнхээ 4-р байраар плэй -оффт шалгарч чадсан юм. Улмаар Стенлийн цомын плэй-оффт Капиталс, Харриканез гэсэн хүчтэй багуудыг ээлж дараалан буулган авсаар 1992 оноос хойш анх удаагаа шигшээ тоглолтонд шалгаран үлджээ. Финалын тоглолтонд Пингвинзийг өмнөх жилийн аваргын цомыг булаацалдсан Детройтын Улаан жигүүрүүд хүлээж байлаа. Хэдийгээр статитистик үзүүлэлт, түүх баримт гээд бүх зүйлс Пистбургийн эсрэг байсан ч залуухан Кросбигоор удирдуулсан Пингвинчүүд гайхалтай тэмцлийг өрнүүлж итгэмээргүй байдлаас 7 дахь тоглолтыг хийхээр болсон юм. Тэдний хувь заяа бүр гурав дахь тоглолтонд шийдэгдэх боломжтой байсан ч Максим Тэлбот хэмээх Канад залуугийн од гийж хоёр шайб эсрэг багийнхаа хаалганд оруулснаар Питсбург хотынхоо нэр төрийг аварч чадсан юм. Энэ залууг онцлон дурдахын учир гэвэл 7 дахь тоглолтонд Тэлбот мөн хоёр шайб оруулж багаа ялахад гол үүргийг гүйцэтгэсэн учраас тэр. Тэрхүү шийдвэрлэх тулааны xоёрдугаар үеийн 01:13 дахь минутад Тэлбот эхний шайбыг оруулж улмаар 9 минутын дараа дахин нэг шайб оруулснаар Лое Луйз Аренад цугласан Детройтын дэмжигчдийг хэлэх үггүй болгожээ. Үлдсэн миниутад Ред Уйнгз нэг шайб оруулсан ч ялалт байгуулахад хангалттай байсангүй. Дан Билзма NHL-ийн түүхэнд улиралын дундуур дасгалжуулагчаар ирээд багаа түрүүлүүлсэн 2 дахь дасгалжуулагч болсон бол Майк Бэбкок (Детройтын менежер) финалын 7 дахь тоглолтонд 2 өөр багтай хамт ялагдсанаараа ”хамгийн азгүй” дасгалжуулагч болжээ. Түүнчлэн энэ багийн эзэн домогт Марио Лемье Алдрын танхимын гишүүдээс анх удаа багийн эзэн болж, Евгений Малкин хамгийн анхны орос MVP-гээр тодорч , Сиднэй Кросби Стенлийн цомд түрүүлсэн хамгийн залуу ахлагч болсон гээд энэ жилийн финалд тогтоогдсон хамгийн хамгийнийг дурьдаад байвал дуусахгүй. Хамгийн гол нь ямар ч хүнд хэцүү нөхцөлд байсан эцсийн мөч хүртэл тэмцэж чадвал боломж үргэлж байдаг гэдгийг Питсбургчууд батлан харуулж чадсан юм.
Питтсбургийн дасгалжуулагч Дан Билсма тоглолтын дараа ” Амьдрал ч үнэхээр тааваpлашгүй юм аа. Ердөө хэдхэн сарын өмнө би плей-оффт яаж шалгарах талаар толгойгоо гашилгаж байсан бол одоо ингээд Стэнлийн цомд түрүүлчихсэн зогсож байна. Зарим дасгалжуулагчид энэ цомыг хүртэх гэж олон жил хөдөлмөрлөөд ч чаддаггүй бол би анхныхаа жилээ л түрүүлчихлээ. Үнэхээр гайхамшиг гэхээр өөр юу гэхэвдээ. Тэлботын тухайд, шийдвэрлэх тоглолтонд яагаад сайн тоглодгийг нь тайлбарлах хэцүү юм, ямар ч байсан тэр бол үүнээс ч илүүг бүтээх залуу гэдгийг л баттай хэлэх байна. Плей-офф эхлэхээс өмнө би хэлж байсандаа манай багийн амжилтанд бүх тоглогчдын оролцоо байдаг гэж. Хамт олноороо төлөө нэгдэн зүтгэж чадсаныхаа хүчинд бид энэ амжилтандаа хүрлээ” гэжээ.
Тоглолтын хоёрдугаар үед Питсбургийн ахлагч Сидней Кросби бэртэл авч талбайг орхисон ч, сүүлийн үе дуусахаас өмнө эргэн ирж багийнхантайгаа баяраа хуваалцсан юм. ”Кросби бол гайхалтай залуу. Энэ Стэнлийн цомоор түүний амжилтын цуваа дуусахгүй. Жено (Малкин), Флауер (Флери) нарт ч гэсэн энэ хамаатай. Тэд залуу, халуун, эрч хүчтэй байна” хэмээн Билсма яриагаа үргэлжлүүлжээ.
Тоглолт 1 Детройт Ред Уингз 3 : 1 Питтсбург Пингвинз
Тоглолт 2 Детройт Ред Уингз 3 : 1 Питтсбург Пингвинз
Тоглолт 3 Питтсбург Пингвинз 4 : 2 Детройт Ред Уингз
Тоглолт 4 Питтсбург Пингвинз 4 : 2 Детройт Ред Уингз
Тоглолт 5 Детройт Ред Уингз 5 : 0 Питтсбург Пингвинз
Тоглолт 6 Питтсбург Пингвинз 2 : 1 Детройт Ред Уингз
7 дахь тоглолт
2009.6.12 Детройт Ред Уингз 1 : 2 Питтсбург Пингвинз
2006.6.16 Эдмонтон Ойлерс : Каролина Харриканез
Плей-оффын эхэнд тааруухан тоглолт үзүүлж байсан Мартин Герберийг залуу хаалгач ‘Кэм Уордоор орлуулсанаар Каролинагийн финал хүрэх зам нээгдсэн гэж хэлж болно. Түүний гайхалтай тоглолтын ачаар Каролина плей-оффт Монреал, Нью-Жерси, Буффало гэсэн шилдэгүүдийг дараалан сөхрүүлж финалд шалгарсан билээ. Мөн мэдээж улиралын мэргэн бууч Эрик Стаалын гоолууд ч тэднийг энэ өдөрлөгт хүрэхэд тусалсан.
Финалын цувралыг Каролина эрчтэй эхлүүлж 5 : 4, 5 : 0-оор өрсөлдөгчөө ялсан ба харамсалтай нь удаахь тоглолтуудад амжилтгүй тулалдсанаар аваргын хувь заяа 7 тоглолтоор шийдэгдэх болсон аж. RBC center -т болсон шийдвэрлэх тоглолтонд талбайн эзэд эхнээсээ л илүүрхэж хоёрдугаар үе дуусахад 2 : 0-ээр тэргүүлж байлаа. Чех хамгаалагч Франтишек Каберле, Аарон Уард нар тэдэнд гоолыг авчирсан юм.
Эдмонтончуудын гоол оруулах гэсэн оролдлого болгоныг дээр дурьдсан Кэм хайр найргүй үгүй хийж байсан бөгөөд нийт 22 цохилтыг тоглолтын турш хаасан байдаг. Гуравдугаар үеийн эхэнд Фенандо Писани арай гэж тооны харьцааг ойртуулсан ч, ”хашир бурхи” Глен Уэслэй хариуг нь барьсанаар Каролина түүхэндээ анх удаа Стенлийн цомын эзнээр тодорсон билээ. Үүний хажуугаар Кэм Уард MVP буюу Конн Смитийн цомыг хүртэж давхар баяр болсон юм. Түүн шиг ”Рүүки” болсон жилээ MVP хүртсэн амжилтыг тэртээ 1987 онд Филадельфигийн Рон Хекстел үзүүлж байсан аж.
Тоглолт 1 Каролина Харриканез 5 – 4 Эдмонтон Ойлерс RBC Center
Тоглолт 2 Каролина Харриканез 5 – 0 Эдмонтон Ойлерс RBC Center
Тоглолт 3 Эдмонтон Ойлерс 2 – 1 Каролина Харриканез Rexall Place
Тоглолт 4 Эдмонтон Ойлерс 1 – 2 Каролина Харриканез Rexall Place
Тоглолт 5 Каролина Харриканез 3 – 4 OT Эдмонтон Ойлерс RBC Center
Тоглолт 6 Эдмонтон Ойлерс 4 – 0 Каролина Харриканез Rexall Place
7 дахь тоглолт
2006.6.19 Каролина Харриканез 3 – 1 Эд монтон Ойлерс RBC Center
2004. 6.7 Тампа Бей Лайтнинг - Калгари Флеймз
Өдгөө Питсбургт зүтгэж буй Украйн легионер Руслан Федотенко тус финалын баатар болж байлаа. Цувралын эхнээс хоёр баг эн тэнцүүхэн өрсөлдөөн өрнүүлсэн бөгөөд нэг нэгнээ ээлжилж ялсаар долоо дахь тоглолтоор хэн нь илүү вэ гэдгээ шийдэхээр болсон юм.Тампа Бейчүүд талбай дээрээ шийдвэрлэх тулааныг хийснийг ч хэлэх үү, эхнээсээ л ширүүн дайрсан. Үүний үр дүн нэгдүгээр үеийн 13:31 дахь минутад гарсан бөгөөд дээр өгүүлсэн Федотенко тооны харьцааг нээж, хоёрдугаар үеийн дундуур дахин нэг шайбаар Калгаригийн хаалгыг мялаасан аж. Ийнхүү хүнд байдалд орсон ”Дөлнүүд” тоглолтыг эргүүлэхээр ихээхэн хичээсэн ч ганцхан шайб л оруулж дөнгөжээ. Гуравдугаар үеийн 9:21 дэх минутад оруулсан Крейг Конройн
тус гоолоос хойш Лайтнингийн хаалгач Хабибулин эсрэг багийнхаа 16 цохилтыг хаасан байдаг. Ийнхүү Тампа Бей клуб түүхэндээ анх удаа стенлийн цомын эзнээр тодорсон ба мөн NHL-ийн тогоонд 20 гаран жил чанагдсан алдарт Дэйв Андрейчукийн анхны түрүү энд тохиосон байдаг. Тэрбээр ”Би энэ мөчийг олон жилийн турш мөрөөдсөн. Үнэхээр олон жил шүү. Одоо би санаа амар зодог тайлж чадахаар боллоо. Надтай хамт мөр зэрэгцэн тоглож явсан бүх тоглогчдодоо, намайг дэмжиж ирсэн бүх фенүүддээ маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Сонирхуулахад Тампа Бей Стенлийн цомд түрүүлсэн өмнө зүгийн хамгийн анхны баг болон түүхэнд тэмдэглэгджээ.
Тоглолт 1 Тампа Бей Лайтнинг 1 – 4 Калгари Флеймз St. Pete Times Forum
Тоглолт 2 Тампа Бей Лайтнинг 4–1 Калгари Флеймз St. Pete Times Forum
Тоглолт 3 Калгари Флеймз 3–0 Тампа Бей Лайтнинг Pengrowth Saddledome
Тоглолт 4 Калгари Флеймз 0–1 Тампа Бей Лайтнинг Pengrowth Saddledome
Тоглолт 5 Тампа Бей Лайтнинг 2–3 OT Калгари Флеймз St. Pete Times Forum
Тоглолт 6 Калгари Флеймз 2–3 2OT Тампа Бей Лайтнинг Pengrowth Saddledome
Долоо дахь тоглолт
6.7 Тампа Бей Лайтнинг 2–1 Калгари Флеймз
1-р үе Федотенко (Т) 13:31
2-р үе Федотенко (Т) 14:38
3-р үе Крейг Конрой (К) 9:21
2003.6.9 Анахайм Майти Дакс – Нью Жерси Девилз
Энэ жилийн финал ”талбайн зөвхөн эзэд ялна” гэсэн дүрмээр явагдсан . 1965 оны Чикаго-Монреал багуудын финалаас хойш ийм тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Нью Жерси талбайдаа хийсэн эхний хоёр тоглолтдоо 3 : 0, 3 : 0-оор өрсөлдөгчөө буулган авсан бол Анахейм ”Арроухийд Понд”-доо 3 : 2, 1 : 0-оор ялж цувралыг тэнцүүлж байжээ. Үлдсэн хоёр тоглолт ч энэ байдлаар өрнөж хоёр багийн цуврал 3 : 3-аар тэнцсэн ба финалын долоо дахь тоглолт ”Континентал Айрлайнз” -д болохоор болсон нь Девилзийг ялна хэмээн бооцоо тавигчдыг олшруулсан юм. Тоглолт урьдчилан таамаглаж байсан ёсоор ”Чөтгөрүүд”-ийн илт давамгайлал дор өрнөсөн бөгөөд Жефф Фриесен хуучин багийнхаа хаалгыг хоёр шайбаар мялааж, Майкл Рапп эцсийн цэгийг тавьснааар Нью Жерси гурав дахь Стенлийн цомоо хүртжээ. Сонирхуулахад хожлын гоолыг оруулсан Майкл Рапп плей-оффт оруулсан ганц гоолоороо багтаа ялалтыг авчирсан анхны тоглогч болсон аж. Энэ талаараа тэрбээр ”Хожлын гоол оруулсан эсэх нь хамаа алга, манай баг түрүүлсэн л бол боллоо. Үнэнийг хэлэхэд плей-офф эхлэхэд талбайд гарах найдвар надад тун бага байсан. Харин Жое Нуиндайкын бэртэл надад ийм боломж олголоо. Хувь заяа юм уу даа” хэмээн өгүүлжээ. Плей-оффын шилдэгт гардуулдаг Конн Смитийн цомыг Анахеймийн хаалгач Себастьен Жигурье хүртсэн ба хожигдсон багийн тоглогчид энэ шагнал очих ёсгүй хэмээн нилээдгүй шүүмжлэл үүнийг дагалдсан юм.
Нью Жерси хотынхон тэр жил Дубль хийх дөхсөнийг та бүхэн санаж байгаа байх. Харамсалтай нь тус хотын сагсчид, хоккэйчдынхоо амжилтыг давтаж чадалгүй Сан Антониод 4 : 2-оор ялагдсан билээ.
Тоглолт 1 Нью Жерси Девилз 3 – 0 Анахайм Майти Дакс Continental Airlines Arena
Тоглолт 2 Нью Жерси Девилз 3 – 0 Анахайм Майти Дакс Continental Airlines Arena
Тоглолт 3 Анахайм Майти Дакс 3 – 2 OT Нью Жерси Девилз Arrowhead Pond
Тоглолт 4 Анахайм Майти Дакс 1 – 0 OT Нью Жерси Девилз Arrowhead Pond
Тоглолт 5 Нью Жерси Девилз 6 – 3 Анахайм Майти Дакс Continental Airlines Arena
Тоглолт 6 Анахайм Майти Дакс 5 – 2 Нью Жерси Девилз Arrowhead Pond
Долоо дахь тоглолт
2003.6.9 Нью Жерси Девилз 3 – 0 Анахайм Майти Дакс
loading...



