Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Кирсан Илюмжинов: Шатар олимпийн хөтөлбөрт орох цаг удахгүй

GD Star Rating
loading...

Энэ жилийн есдүгээр сард Ханты-Мансийскт болох Бүх дэлхийн шатрын олимпиадын үеэр FIDE-гийн 81 дэх их хурал болно. 81-дэх их хурлаар FIDEгийн ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд 15 жил энэ нэр хүндтэй албыг хашсан Кирсан Илюмжиновтой ОХУын “Время” сонины сурвалжлагч В.Борисов уулзан ярилцжээ.

-Та сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?

-15 жил хийсэн ажлаа хаях нь зөв гэж би бодохгүй байна. Алдар нэрэнд дуртай болохоороо тэр биш л дээ. Манай Ерөнхийлөгч Д.Медведев саяхан ОХУ-ын иргэд гадаадад улс орныхоо эрх ашгийг хамгаалж байх хэрэгтэй гэж хэлсэн. Би ерөнхийлөгчийнхөө даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

-Хэр зэрэг өрсөлдөөнтэй сонгууль болно гэж бодож байна?

-Өрсөлдөгч олон байх тусам би баяртай байх болно. Харамсалтай нь сонгуульд өрсөлдөх хүн ховор байгаа бололтой. Намайг анх FIDE-д ажиллаж эхлэхэд шатар спорт гэдэг утгаараа мөхөж байсан. Шатрыг хэн ч ивээн тэтгэхгүй, тамирчид ч тоглох хүсэл сонирхолгүй болсон байлаа. Холбоо өөрөө хагас сая долларын өртэй байсан гээд бодоод үз. Одоо бол ФИДЕ швейцарь цаг шиг л яг таг ажиллаж байгаа. Тийм болохоор намайг ялна гэдэгтээ хүмүүс итгэлгүй байгаа нь ойлгомжтой. Хэнийг сонгуульд оролцооч гэж урих вэ гээд толгойгоо зовоогоод сууж байна.

-Ханты-Мансийск шатрын олимпиад зохион байгуулж чадна гэж үү?

-Төлөвлөгөө ёсоор явж байгаа болохоор санаа зовохгүй байна. Гэхдээ 2000 гаруй хүн оролцох том наадам гэдэг хэцүү. Одоо манайхан 2014 оны Сочигийн олимпод бараг бүх улсаараа бэлтгэж байна. Тэгвэл 1998 оны Элистагийн шатрын олимпиадаар бид ганцхан жилийн өмнө шатрын хотхон барьж, дэлхийн шатрын түүхэндэх хамгийн шилдэг тэмцээн зохион байгуулж чадсан. Нэг өдөр Элистагаас 300 км зайтай орших Лагань хотоос утасдаж, “Манай энд нэг хар арьстан наранд биеэ шараад хэвтэж байна. Танай тамирчин биш биз” гэж асуудаг байгаа. Лавлаж асуу тал үнэхээр Африкийн нэгэн орны шатарчин байлаа. Медалийн төлөө биш, бас газар орон үзэж зугаа цах гэсэн тамирчин ч байдаг. Тэдэнд ч ХантыМансийскт хийх юм олдох байх.

-FIDE-гийн хурал хаана болох вэ?

-Ханты-Мансийскийн шатрын ордонд болно. Шинээр баригдсан орчин үеийн ордон бий. Олимпиад дуусахаар тэнд шатрын академи байрлах юм.

-FIDE-гийн ерөнхийлөгчийн хувьд өмнөө тавьж байгаа зорилго?

-Урьдынхтай адил. Шатрыг дэлхий дахинд хөгжүүлэх, сурталчлах. Шатар гэдэг зөвхөн уралдаан тэмцээн, шагнал медаль биш, хүний хөгжилд хэрэгтэй зүйл гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн жил би Монгол, Болгар, Армен, Молдов гээд 12 оронд очиж, төр засгийн удирдлагатай нь уулзсан. Би дан ганц тэмцээн яриад яваад байгаагүй. Шатрыг сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, улсаас тусалж дэмжих асуудлыг хөндөж ярьсаар ирсний үр дүн гарч байгаа. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев 2009-2014 онд шатар хөгжүүлэх төлөвлөгөө зохион хэрэгжүүлж эхлээд байгаа. Азербайжаны муж, хот бүрт шатрын клуб байгуулагдана. FIDE ч тэдэнтэй нягт хамтран ажиллана. Молдав, Армений ерөнхийлөгч нар энэ хичээлийн шинэ жилээс эхлэн дунд сургуульд шатрын сургалт оруулна гэдгээ амлаад байгаа. Хятадын Нанжин хотын захиргаа хотоо Хятадын шатрын төв болгох зорилготой юм билээ. Тэнд шатрын төв барьж эхэлсэн төдийгүй их дээд сургуулийн 100 мянган оюутан, дунд сургуулийн 100 мянган сурагч шатар тоглож байна.

-Шатар хэзээ нэгэн цагт олимпийн хөтөлбөрт орох болов уу?

-Бид ОУОХ болон Үндэсний олимпийн хороодтой нягт хамтран ажиллах шаардлагатай байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Роггетэй уулзахад тэрбээр шатар олимпийн төрөл болоход эсэргүүцэх зүйл байхгүй гэж хэлсэн. Гэхдээ ОУОХ-ны гишүүдийн саналаар шийдэх тул ганц ерөнхийлөгч дэмжээд яах билээ. Үнэнийг хэлэхэд шатар орчихвол Оросын шигшээ багт найдвартай нэг медаль орно гэсэн үг. Тэгэхээр оросууд бид л зүтгэхгүй бол өөр хэн шатрын төлөө тэмцэх билээ.

-Шатар зурагт телевизээр гарч чадахгүй байж, олимпод орж чадна гэж үү?

-Кёрлинг яаж олимпод багтсаныг мэдэх үү? Тэд “Кёрлинг-мөсөн дээрх шатар” гэсэн уриатай ажилласан. Өөрөөр хэлбэл мөсөн дээрх шатар нь телевизээр гараад байхад жинхэнэ шатар нь яагаад болохгүй гэж. Хүн үзэхгүй энэ тэр гээд зурагтынхан яриад эхлэхийг би мэдэж байна. Гэхдээ “Шатрын сургууль” мэтийн нэвтрүүлэг хүн татахаас гадна боловсролын ач холбогдолтой гэдгийг санах хэрэгтэй. Нийтийн танил алдартай олон хүмүүс шатарт хайртай, байнга тоголдог. Хэдхэн нэр дурдъя л даа. Мадонна, Леннокс Льюис, Стивен Сигал, Генри Киссинжер. Генри шатрыг олимпийн хөтөлбөрт оруулах тал дээр хамтран ажиллахаар тохироод байгаа. Хоккейчид дэлхийн аварга болоход телевизүүд шагшин гайхаад л байсан. Тэгвэл Костенюкийг дэлхийн аварга шатарчин болоход чимээгүй л өнгөрсөн. Манай оронд уг нь шатрын фэнүүд хоккейнхоос дутахгүй олон гэж би боддог.

-Таныг урьд өмнө шатрын төлөө хувийнхаа хөрөнгөө зарцуулдаг байсан гэж дуулсан.

-15 жилийн өмнө FIDE ивээн тэтгэгчгүй, мөнгөгүй газар байсан. Дээр нь Се Цзюнь-Жужа Полгар, Анатолий Карпов-Гата Камский гэсэн дэлхийн аваргын хоёр тоглолтын “өртэй” байлаа. Яах ч аргагүй хувийн мөнгөөрөө энэ тоглолтуудыг зохион байгуулахаас өөр аргагүй болсон. Одоо бол байдал өөр. Шатрын тэмцээн зохион байгуулъя гэсэн санал тавьж байгаа улсууд холбооны гадна дугаарлаад зогсож байна.

-Энэ жилийн дэлхийн аваргын тоглолт хэзээ болох вэ?

-Болгарын Софид бид Ананд Топаловын тоглолтын гэрээг байгуулсан. Дөрөв дүгээр сарын 21-нд эхлээд тавдугаар сарын 12 хүртэл явагдана. Шагналын сан нь хоёр сая евро. Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн арванхоёрдугаар сард Туркт болно.

-Гарри Каспаров дахин шатар тоглох болов уу?

-Тэр шатрын спортод аль хэдийнэ эргэн ирсэн. Одоохондоо Норвегийн М.Карлсенийг дасгалжуулж байгаа.

-Карлсен дэлхийн аварга болж чадах уу?

-Авьяас, хүч чадал байна. Бусад нь түүнээс өөрөөс нь шалтгаална.

-Компьютер гарч ирсэнээр шатар мөхнө гэдэг.

-Шатар дэлхийн хамгийн эртний, нөгөө талаар хамгийн орчин үеийн спорт. Хэзээ ч мөхөхгүй.

М.СУГАРАА

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Shatar ch goyo sport shuu daanch MGLd hogshchuul togloh yum da

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: