loading...
НЭРИЙН ХУУДАС
Бүтэн нэр нь Корнелиус Йоханнес Сандерс. 1966 оны нэгдүгээр сарын 7-нд ӨАБНУ-ын Преториа хотод төрсөн. Биеийн өндөр 193 см. Мэргэжлийн боксын үнэмлэхүй жинд хүч сорьдог байв. WBO холбооны дэлхийн аварга асан. Тэрбээр мэргэжлийн боксын үнэмлэхүй жинд аваргалсан хар тивийн хоёр дахь боксчин юм. Өмнө нь 1983 онд Жерри Кутзе Африк тивийн боксчдын аваргалах салхийг хагалж байв.
Корри Сандерсийг найман настай байхад аав нь боксын зааланд анх дагуулж очжээ. Залуудаа ширэн бээлий өмсөж, боксоор бага зэрэг оролдож явсан эцэг нь хүүгээ энэ спорттой нөхөрлүүлэхийг хүссэн хэрэг. Тухайн үед хүү усны цана, гольф, регби зэрэг хэд хэдэн спортоор хичээллэдэг байсан бөгөөд регбигээр амжилт гаргах найдвартай хэмээн үнэлэгддэг байж. Гэвч эцэстээ аавынх нь ятгалга нөлөөлж, боксыг сонгосон байна.
Боксын зааланд хэдэн жил бэлтгэл хийсэн хүү 1979 онд 13 настайдаа өсвөрийн тэмцээнд анх оролцлоо. Өмнөд Африкийн өсвөрийн аварга шалгаруулах тус тэмцээнд Корри торолгүй түрүүлж, бокст авьяастай болохоо харуулсан. Ер нь тэрбээр сонирхогчийн бокст дотооддоо өрсөлдөгчгүй шахам байсан бөгөөд нийт 191 тулаан хийхдээ 180-д нь ялалт байгуулж, 11-хэн удаа ялагдсан аж.
1989 онд тэр таван жил алба хаасан цагдаагийн ажлаасаа гарч, мэргэжлийн бокст хөл тавихаар шийджээ. Түүний эхний өрсөлдөгч нь Кинг-Конг Дюбеле хэмээх сүржин нэртэй, бахим биетэй эр байв. Корри түүнийг эхний раундад л нокаутаар унагаажээ. Ийн ялалтуудыг ээлж дараалан байгуулж эхэлсэн түүний хамгийн эхний чанга учраа нь алдарт Э.Холифильдийг нокдаунд оруулж явсан Америкийн Берт Купер байв. 1993 оны зургадугаар сард болсон уг тоглолтод Корри илт илүүрхэж, гуравдугаар үед л өрсөлдөгчөө зүйл дуусгасан байна. Энэ тулаан түүнийг алдаршуулж, дэлхийн аваргын төлөө тог лох боксчны тоонд нэрийг нь оруулсан юм. Улмаар дараагийн дөрвөн өрсөлдөгчөө түвэггүй ялсны дараа дэлхийн аваргын бүсний төлөө тоглох сураг сонсогдож эхэллээ. Гэвч Сандерс энэ мөчийг дахин хэдэн жил хүлээх шаардлагатай болсон юм. Учир нь тэр тооцоогүй өрсөлдөгч гэж болох Нэйт Таббст нокаутаар ялагдаж орхив. Түүнд анхны ялагдлыг нь бэлэглэсэн Нэйт нь хүнд жингийн дэлхийн аварга асан Тони Таббсын төрсөн дүү аж. Нэйт техник, ур чадвар муутай ч маш хүчтэй цохилттой нэгэн байв. Корри түүний ийм нэг цохилтод өртөн шалан дээр тэрий хадан унажээ.
Энэ тулаанаас гурван сарын дараа Корри дэлхийн аварга асан К.Де Леонтой нударга зөрүүллээ. Гэвч түүний нударга экс дэлхийн аваргад дэндүү хүндэджээ. Тоглолт эхлээд гуравхан секундын дараа тэр өрсөлдөгчөө нокдаунд оруулсан бөгөөд босч ирэхээр нь дахин хоёр ч удаа хүнд нударганыхаа амтыг амсуулж, тулааныг дуусгасан юм. Харин дараагийн тоглолтдоо Гэринг Лейн хэмээх даруухан амжилттай эртэй тоглохдоо хуруугаа хугалж орхив. Тулааныг үргэлжлүүлэхэд хүнд байсан ч шүд зуун тоглосоор шүүгчийн саналаар яллаа. Ялагдал нь ялалтаасаа давсан ийм боксчныг барахгүй бол дэлхийн аваргын төлөө тоглохыг мөрөөдөөд ч хэрэггүй гэдгийг ойлгож байсан тул бүх хүчээ шавхан тулалджээ. Тоглолтын дараа тэр гэмтлээ эдгээж, формондоо орох гэж бараг нэг жилийг өнжсөн юм. 1995-97 оны хооронд хэд хэдэн эвгүй өрсөлдөгчөө буулгаж авсан тэрбээр 1997 оны арваннэгдүгээр сард Р.Пьюриттийг шүүгчийн шийдвэрээр ялж, WBU холбооны аварга болжээ. Гэхдээ тус холбоо нөгөө дөрөвтэйгөө харьцуулахад нэр хүнд багатай тул бусдын бүсэнд санаархах мөрөөдлөө орхисонг үй. Ингээд гурван ч удаа цолоо хамгаалсны эцэст 2000 оны тавдугаар сард бас нэгэн хэцүү өрсөлдөгчтэй туллаа. Дэлхийн шилдгүүдтэй олонтаа тулж, ялж, ялагдаж явсан Америкийн Хасим Рахман түүнийг хүлээж байв. Тоглолтын өмнө тэр ханиад хүрснээс болж өндөр халуурч байсан ч рингэнд гарчээ. Манай хүн тоглолтын эхэнд гялалзаж, Рахманыг гуравдугаар үед хүнд цохилтоор унагааж амжив. Гэхдээ Рахман дорхноо сэргэлт авч чадсан төдийгүй долдугаар үед шийдсэн цохилтоор Сандерсыг буулгаж авчээ.
Энэ ялагдлаас хойш Сандерс жил гаруй рингэнд гараагүй. 2001-2002 онд хоёрхон тулаан хийж, тухай бүрд нь өрсөлдөгчөө түвэггүй ялав. Харин 2002 оны сүүлээр Сандерс өөрийг нь хамгийн их алдаршуулсан тулаанаа хийсэн билээ. Менежер нь сайн ажилласны үр дүнд тэр дэлхийн аварга Украины Владимир Кличкотой тулалдахаар болжээ. Амьдралд ховорхон олдох энэ боломжийг алдахгүйн тулд тэр тулаанд чамбай бэлтгэж эхлэв. Владимир энэ үед ганцхан ялагдаад байсан бөгөөд өмнө нь К.Бёрд, М.Баррет нарын шилдгүүдийг ялсан юм. Тулаан 2003 оны гуравдугаар сарын 8-нд Германы Ханновер хотноо боллоо. Гэвч өрсөлдөөнтэй болно гэж таамаглаж байсан тулаан санаснаас хурдан өндөрлөжээ. Сандерс аварга биет украин эрийг ердөө хоёрдугаар үед л нам цохисон юм. Хожим Владимир Л.Льюистэй хийх дараагийн тулаанаа бодоод энэ тоглолтод сайн бэлтгээгүй, нэг ёсондоо өрсөлдөгчөө бассанаас болж хожигдлоо хэмээн ярьсан байдаг.
Харамсалтай нь Сандерс аваргын бүстэйгээ тийм ч удаан байж чадаагүй. Хоёр холбооны бүс нэгтгэх дараагийн тулаанд тэр Владимирийн ах Виталий Кличкод техникийн нокаутаар дийлдсэн юм. Энэ тоглолтоос хойш Сандерс боксоос хөндийрөх талдаа орсон. Аваргын бүсний төлөөх тулаан хий хээр хэд хэдэн удаа ярилцсан ч бүтэлгүйтэв. Тиймээс гурван ч удаа сулхан боксчидтой нударга зөрүүлж, хялбархан ялалт байгуулав. Харин 2008 онд нутгийн боксчин О.Махиманад нэгдүгээр үед ялагдсанаар боксын спортыг орхих цаг нь ирснийг ойлгожээ.
Тэрбээр мэргэжлийн рин гэнд 46 тулаан хийхдээ 42 ялж (үүнээс 31 нь КО), дөрөв ялагдсан үзүүлэлттэйгээр зодог тайлсан юм.
loading...




yag aij bsan yumu huldaa zalaal kkk
loading...
ter bol Jinhene Avarga
loading...