loading...
МЧБХ-ноос энэ жилийг орон нутгийн бүсийн жил болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн бүсийн төвүүдийг баруун бүс, хангайн бүс, төвийн бүс, говийн бүс, зүүн бүс болгон хувааж өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнийг бүсийн төвүүдэд зохион байгуулсан.
Тус бүсийн тэмцээнээс шалгарсан баг тамирчид энэхүү УАШТ-нд оролцож байгаа юм. Тус тэмцээнд 21 аймгийн өсвөрийн тамирчид болон нийслэл хотын бие даасан клуб, спортын холбоодуудаас тамирчид оролцон хурд хүчээ сорьж байна.
Тэмцээнд 1993 оноос хойш төрсөн өсвөр насны хүүхдүүд оролцож байгаа юм. Тус тэмцээний оролцогчид эрэгтэй 9 жинд, эмэгтэй 9 жинд өрсөлдөж аваргуудаа тодруулна. Мөн тэмцээний нээлт өнөөдөр 16 цагт болсоноос гадна тэмцээний эхний өдөр охидын 3, хөвгүүдийн 3 жинд өрсөлдөж тус тус аваргаа тодруулах юм байна. Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөнө.
Тэмцээнийг чөлөөт бөхийн ОУ-ын дүрмийн дагуу ОУ-ын болон Улсын шүүгч нар шүүн явуулж байна. Өмнөх жилүүдийн УАШТ-ний үеэр оролцогч тамирчдын насны асуудал дээр аливаа маргаан үүсдэг байсны улмаас энэ жилийн тэмцээний өмнө МЧБХ-ноос хот болон хөдөө орон нутгийн дасгалжуулагч нараас бүрдсэн тусгай комисс томилон тэмцээнд оролцох өсвөр насны тамирчдын насны асуудал дээр маш сайн хяналт тавьж ажилласан нь тамирчдын насны тал дээр ямар нэгэн асуудал гараагүй байна.
Орон нутгийн бүсийн төвүүдэд өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнийг зохион байгуулсан нь хөдөө орон нутагт бүсийн тэмцээнийг дахин сэргээж, бүс нутгийн чөлөөт бөхийн хөгжлийг улам далайцтай хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын бие биенээсээ суралцах арга барил, ур чадвар, багш дасгалжуулагчдын эрмэлзэл, тэмүүлэлийг дээшлүүлэх, ирээдүйн аваргуудыг хөдөө орон нутгаас төрүүлэн гаргах, бөхийн спортыг сурталчлах, бэлтгэл сургалтыг сайжруулах гол зорилготойг МЧБХ-хон онцолж байлаа.
loading...



