Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Австралийн гран при, Онцлох, Формула-1 » Австралийн гран-приг эргэн дурсахад

GD Star Rating
loading...

Австралийн Гран при өрсөлдөөнтэй үзүүштэй болж өнгөрлөө.  Гүйцэж түрүүлэх, дайралт довтолгоонууд урд хойно хаа сайгүй явагдаж байв.

Баттоны ялалт

Тиймээ тэр маш сайн уралдлаа. Ёстой л  дэлхийн аваргын хийж чадах бүхнийг харуулав. Себастьян Феттель харамсалтайгаар уралдааныг орхисон нь түрүүлэх  замыг нь шулуутгасан. Хэрэв тэр замаас  гараагүй бол Баттон түрүүлэхгүй нь ойлгомжтой.  Дараа нь гараанаас эхний эргэлт дээрхи  мөргөлдөөн бужигнаан түүнийг тэргүүлэгчдийн эгнээнд үлдэхэд нэмэр болсон. Түүний  машины явдал  нойтон асфальттай тохирохгүй ихээхэн бэрхшээлтэй байв. Дугуйны элэгдэл их бөгөөд удах тусам байрлалаа алдах аюул нүүрлэсэн байлаа. Иймээс  интермеди дугуйг  энгийн резинээр сольж   гарах эрсдэлтэй сонголтыг хийхэд хүрчээ. Эхлээд   гулгалт ихтэй хэцүү  байсан ч  хэсэг хугацааны дараа дугуй нь халж эхэлмэгц харин ч зөв сонголт хийсэн нь илэрхий болсон юм. Сонирхолтой нь Баттон  өнгөрсөн жилийн эхний ялалтаа энд авч байлаа.

Алонсо

Алонсо уралдааны зам дээр үргэлж адал явдалтай  сонирхолтой уралдааныг бий болгодог. Бусдад хортой, хоргүй янз бүрийн үйлдлийг өөрөө мэдэж бас мэдэхгүй үйлдэнэ. Байрлал эзлэх шалгаруулалтанд  Шумахер хурдтай тойргоо гүйцэтгэх үед зам тавьж өгөөгүйгээс Шуми хугацаа алдсан юм. Энэ явдал Шумахер Алонсо нарыг бяцхан хагаралдуулахад хүргэсэн бөгөөд  Алонсо энэ явдалд буруугүй,  ямар нэгэн  санаатай үйлдэл байгаагүй хэмээн тайлбарлажээ. Хоорондоо ширүүн тэмцэлдэж байсан хоёрын дуулиан цаашид үргэлжилсээр байх бололтой. Уралдаан эхлээд эхний эргэлтэнд Алонсо Шумахерийг мөргөсөн нь харин санаандгүй уралдааны энгийн осол байсан билээ. Мельбурнд Алонсо сайн уралдсан гэдэгтэй маргахгүй. Баттон тоншуулан цувааны  сүүлд хоцорсон мөртлөө  амжилттай довтлон урагшилж чадсан юм. Гэхдээ гүйцэж түрүүлэх болгон амаргүй байсан нь ойлгомжтой. Түүний  довтолгоо  багийн хамтрагч Фелиппе Массагийн ард ирээд  зогссон гэхэд болно. Ажиглаж байхад тэр Массад ойрхон ирж чадаж байсан шигээ Массагаас зайгаа  авч байлаа. Массаг гүйцэх боломж байсан ч тэр үүнийг хийж эрсдэл гаргахыг хүсээгүй байх.

Феттелийн ялагдал

Себастьян Феттель түрүүлэхэд тун ойрхон байв. Гагцхүү техник түүнийг зогсоолоо. Red Bull болон Феттелийн хувьд энэ бол  яах аргагүй ялагдал. Дугуйг солихдоо зүүн урд дугуйны  боолтыг гүйцэд  зөв чангалаагүйгээс  явцын дунд  алагдаж  буландаа  хий эргэсэн байна. Red Bull – ийн инженерүүд дугуйнд тэнцвэргүй байдал үүссэнийг телеметрийн үзүүлэлтээр  мэджээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа байдал хэвийн болсон учир Феттелийг зогсоол руу шууд дуудахаа азнажээ. Хэрэв түүнийг зогсоолд оруулж  гэмтлийг засварласан бол оноо авах боломжтой байлаа. Хоёр дараалан  техникийн гэмтэл  ялагдалд хүргэсэн нь тун азгүй.

Кубица

Роберт Кубица  Австралийн Гран прид өмнө  нь ерөөсөө барианд орж байсангүй. Тэр BMW Sauber-ийн  нисгэгч   байхдаа 2006 оны Австралийн уралдааны үеэр   аймшигтай осолдож байсныг бүгд санаж байгаа. Сая  Мельбурнд хоёрдугаар байр эзэлсэн нь хамгийн том амжилт нь болж байгаа  бөгөөд Renault –д ирээд  анхны шагналаа авлаа. Кубица хоёр удаа зогсоно гэж тооцож байжээ. Харин Renault баг нэг удаа зогсох стратеги хэрэгжүүлсэн нь хоёрдугаар байрыг эзлэхэд чухал нэмэр болсон юм.Уралдаанд  Ferrari- гийн хоёроос илүүтэй Хэмилтон түүнд шахалт үзүүлж байсан ч  гэнэт  алга болсонд нь  гайхсан байна.

Хэмилтон

Льюис Хэмилтонд  магадгүй ялалт байгуулах боломж байсныг үгүйсгэхгүй.  Тухайн үед Кубицагийн ард гуравдугаар байрт явсан Хэмилтоныг  баг нь зогсоолд дуудаж дугуй сольсны дараа тэргүүлэгчдээс  20 секундын зайтай  болсон юм. Үүний дараа  Хэмилтон  бухимдаж  радио холбоогоор хэний шийдвэр байсныг ууртайгаар асууж байв. Хэмилтон  “баг буруу тактик хэрэгжүүлж алдаа хийсэн ба хэрэв хоёрдахь зогсолтыг хийгээгүй бол давхар ялалт авах боломж байсан” гэж хэлж байсан. Хариуд нь багийн дарга Мартин Уитмарш “  зөв стратеги байсан ”  гэж тайлбарлаж байв. Тэгвэл өнөөдөр Хэмилтон  багийн  стратеги зөв байсныг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөөд байна.

Шумахер

Рекордийн эзэн аваргын энэ жилийн анхны шагналын тавцанд гарах боломж гараанаас дөнгөж хөдлөөд л талаар болов.  Гарааг  муугүй хийсэн  ч  эхний эргэлт дээр Баттон  Алонсотой мөргөлдсөний дүнд  Шумахер хохирол амсав. Машиныхаа гэмтсэн хамрыг   солих  гэж багагүй хугацаа зарцуулсан.  Алонсо,  Хэмилтон нар бага багаар  урагшлах зуур   Шумахер цувааны дунд хэсэгт  Алгуерсуаригийн ард уягдаж  хэсэг уджээ. Шумахер түүнийг гүйцэхээр хурдтай байгаагүй болохоор  зөвхөн алдаа гаргахыг хүлээн дагаж байлаа. Алгуэрсуари 13 дахь эргэлт дээр багахан алдаа гаргах мөчид Шумахер  гүйцэж түрүүлсэн юм. Хүмүүс  Шумахераас  гал гарсан уралдааныг  хүлээж байгаа нь тодорхой. Одоогоор тэр дэлхийн аваргын гол  өрсөлдөгчдийн  тоонд тооцогдохгүй  байгаа ч энэ нь удахгүй биеллээ олно гэж найдаж байна. Mercedes GP уралдаанаас уралдаанд амжилт нь ахина гэж амлаад байгаа.

Мөргөлдөөн

Баттон Алонсогийн мөргөлдөөний дараахан  машинтай  шүргэлцэж  урд  далавчаа гэмтээсэн Кобаяши  контроль алдаж Буэми, Хьюлкенберг нарийг зэрэг  мөргөж 3 уулаа уралдаанаас гаргав. Энэ ослоос болж “Safety Car”  гарч ирсэн юм.

Хэмилтоний  довтолгоо ширүүсэж байсан үе. Алонсог зүүн талаар нь гүйцэх оролдлого хийхэд цаадхи нь зай өгөлгүй хамгаалав. Хэмилтон огцом тоормослоход   Марк Уэббер араас нь мөргөв. Уэббер маш хурдтай явсан бөгөөд машинаа зогсоох аргагүй Хэмилтонд ойрхон ирсэн байжээ. Үр дүнд Хэмилтон 5  байрлал алдсан юм.

Өмнөх уралдаан хүмүүсийн  сэтгэлд  хүрэхээр тийм ч сонирхолтой байгаагүй. Дараа дараагийн уралдаан мөн л харах үзэх юм багатай болно гэх  шүүмжлэгчид олон байв. Гэвч ийм бодлыг өөрчлөхөөр  сайхан уралдаан болов. Red Bull долоо хоногийн турш хүчирхэг байсан ч төгсгөлөө сайн хийж чадсангүй. Феттель уралдаанаас гарсан нь хамгийн харамсалтай явдал байлаа. Дугуйны сонголтыг зөв бөгөөд тохиромжтой цагт нь хийсэн багууд амжилт олов. Ихэнхи багууд энгийн интермедиа дугуйны дараа зөөлөн резинийг сонгосон  бол Рубенс Барикелло, Виталий Петров, Карун Чандхок нар хатуу дугуйг сонгож үзсэн байна. Дугуйг гамтай эдэлдэг  болон  жолоодох арга барил нь машинтайгаа сайн тохирсон нисгэгчид үргэлж амжилт үзүүлдэг. Үүний тоонд Алонсо яах аргагүй багтана. Магадгүй  Фелиппе Массаг гүйцсэн бол Кубица болон Баттонд ойртож чадах байсан санагдана.

GD Star Rating
loading...
Австралийн гран-приг эргэн дурсахад, 8.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. an_83 says:

    Alonso avraga bolnoo sain bna lee demjjiin shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: