loading...
Монгол Улсдаа ганц хошой гавьяат Халиуны Болдбаатарын төрөлх сургуульд өчигдөр түүний нэрэмжит танхимын нээлт боллоо. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45 дугаар дунд сургуулийн 1989 оны төгсөгчид өнгөрсөн жил сургуулиа дүүргэсний 20 жилийн ойн уулзалтын үеэрээ ангийн андынхаа гавьяаг мөнхжүүлж, хойч үеийнхэнд алдаршуулан таниулах зорилгоор танхим байгуулъя гэж ярьж, хэлэлцсэн нь ийнхүү биеллээ олжээ.
1990-ээд оны турш Монгол Улсаа дэлхийд тунхагласан гавьяатай шилдэг тамирчин, 2008 онд монголчуудын хагас зуун жил хүлээсэн олимпийн анхны алтан медалийг авахуулсан гайхалтай дасгалжуулагч Х.Болдбаатарын нэрэмжит танхимыг 21 жилийн тэртээ сурч байсан II давхрын өмнөд хэсэг дэх ангид нь тохижуулсан байв. Анд нөхдийнх нь хүсэл, сэтгэл шингэсэн танхимд Х.Болдбаатар гавьяатын спортын замналын ховор агшинг харуулсан гэрэл зургуудын зэрэг ээ хилийн чанадад олонтаа эгшиглүүлсэн төрийн дуулал, тамирчдын, спортынхны аялах дуртай “Тамирчны алдар”-ын үгийг байрлуулжээ. Сурагчдын суудлын эгц өмнөөс харуулан гавьяатын өмсгөлийг хүндэтгэлтэйгээр залсан нь танхимд үлэмж өнгө нэмэх ажээ.
Дэргэд нь
“Чадлаараа хичээ,
Ухаанаараа тэмц,
Зүтгэлээрээ ял,
Сэтгэлээрээ нөхөрлө” хэмээсэн Х.Болдбаатар гавьяатын шавь нартаа сургадаг үгийг дурайлгасан нь хэнд ч юм бодогдуулахаар ухаалаг шийдэл болсныг дурдах нь зүйтэй биз ээ.
Танхимын нээлтийн үеэр 45 дугаар сургуулийн багш нар 1989 оны төгсөгчдийгөө спортод авьяастай, эв нэгдэлтэй хамт олон байсныг нь дурсаж байв. Үнэхээр ч гавьяатын ангийнхан жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, гандбол, техник спортын төрлөөр хичээллэж, тодорхой амжилтад хүрэн, спортын мастер долоо төрөн гарсан байна.
Төрөлх сургуульдаа хүндэтгэлтэйгээр уригдсан гавьяат “Хамт олон, ангийнхандаа маш их баярлалаа. Нэрэмжит танхимыг үнэхээр сайхан тохижуулсан байна. Гэхдээ энэ ганц миний биш, манай хамт олны дурсамжийг илтгэсэн танхим болоосой гэж хүсч буйгаа хэлье. Хойч үеийнхэн минь бидэн шиг сайхан нөхөрлөж явахын үлгэр дууриал болоход дөхөм байх болов уу” хэмээн сэтгэл догдлон өгүүлж байсан юм.
loading...




