loading...
Энэ оны спортын томоохон үйл явдлын нэг “Ванкувер-2010” өвлийн олимпийн наадам өндөрлөөд сар гаруй болсон ч “цагаан олимп”-оос мэндэлсэн баатрууд, тэднийг тойрсон дуулиан шуугиан намжаагүй хэвээр. “ТЦ” Канадын цас, мөсөн талбарт нэр алдраа дуурсгагсад болон азгүйтэж хөгжөөн дэмжигчдээ гомдоосон баг, тамирчдыг танилцуулж байна.
РЕКОРДЫН ЭЗЭД
Канадын хоккейн шигшээ: Агч модны навчит орны хоккейчид шигшээ тоглолтод америкчуудыг буулгаж авсны ачаар зохион байгуулагчид XXI дэх удаагийн олимпод багийн нийлбэр дүнгээр тэргүүлэх болзлыг хангасан билээ. Түүнчлэн энэхүү ялалт нь Канадын хоккейчдын 11 дэх алтан медаль ажээ. Тэдний араас Орос-Зөвлөлтийнхөн найман алттай нэхдэг гэж бодохоор хоккейн эх орныхны дээд амжилт лав 12-оос доошгүй жил оршин тогнох нь.
Марит Бьорген: Солт-Лейк, Туринаас тус бүр ганц мөнгөн медальтай буцаж байсан Норвегийн цаначин бүсгүй Ванкувераас гурван алт, нэжгээд мөнгө, хүрэл медаль хүртэж, олимпийн аварга болох мөрөөдлөө биелүүлж чадав.
АНУ-ын баг, тамирчид: Сэм авгынхан есөн алт, 15 мөнгө, 13 хүрэл нийт 37 медаль хүртсэнээр нэг олимпоос хамгийн олон медаль авсан багаар тодорсон юм. Өмнөх дээд амжилтыг “Солт-Лейк-Сити-2002”-д Германы баг тамирчид 36 медаль хүртэн тогтоож байв.
Мен Ван: 24 настай нанхиад бүсгүй Ванкуверт 500, 1000 м болон багийн буухиа уралдаанд түрүүлснээр олимпийн наадмын хамгийн арвин цуглуулгатай шорт-трекч (дээрх амжилт дээр “Турин-2006”-гаас авсан гурван өнгийн медаль нь нэмэгдэнэ) болон түүхэнд тэмдэглэгдлээ. Тэрбээр 1500 метрт ч гол фаворитуудын нэг байсан боловч харамсалтайгаар хасагдсан билээ. Цэл залуухан түүнд Сочигийн олимпоос ахиад 2-3 медаль авах бүрэн боломж бий.
Оле-Эйнар Бьорндален: Хэдийгээр нутаг нэгт домогт цаначин Бьорн Дэлигийн олимпоос 12 медаль авсан рекордыг эвдэж чадаагүй ч “Биатлоны хаан” буухиагаас алтан медаль хүртэж, түүнд нэг алхам ойртлоо. Өдгөө тэрбээр цуглуулгадаа олимпийн зургаан алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай агаад 40 настайдаа Сочид уралдаж, “мөнхийн” хэмээгдэх дээд амжилтыг тогтоож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Теему Селянне: Финланд-Германы тулаан (5:0)-д дамжуулалт өгснөөр нэрт хоккейчин олимпийн наадмаас 37 дахь оноо (20 шайб+17 дамжуулалт)-гоо авч, бүх үеийн мэргэн буучаар тодорсон. Ингэснээр 36 оноотой ЗХУ-ын Валерий Харламов, Чехословакийн Властимил Бубник, Канадын Харри Уотсон нар түүний ард бичигдэх болов.
Наталья Коростелева-Николай Морилов, Тура Бергер-Ларс Бергер, Анастасия Кузьмина-Антон Шипулин: Ванкуверт Оросын ах дүү хоёр цаначин Н.Коростелева, Н.Морилов нар тус бүр багийн спринт уралдаанаас хүрэл медаль авсан бол Норвегийн биатлонч Тура Бергер хувийн уралдаанд тэргүүлж, түүний дүү Ларс буухиад аман хүзүүдсэн юм. Тэрчлэн Оросын биатлонч Антон Шипулин багийнхаа хамтаар буухиад гуравлаж, Словений нэрийн өмнөөс оролцсон түүний эгч Анастасия Кузьмина шинэ эх орондоо алт, мөнгөн медаль нэжгээдийг авчирчээ.
АВАРГУУД
Магдалена Нойнер: Хамгийн хурдан бууддаг биатлончдын нэг М.Нойнер Канадаас хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн нь эмэгтэйчүүддээ үнэмлэхүй амжилт. Эрчүүдээс Норвегийн Эмиль-Хегле Свендсен л түүнтэй дүйцэхүйц амжилтыг үзүүлжээ.
Мартина Сабликова: Дугуй, дугуйт тэшүүрээр хичээллэж байсан универсаль Мартина уламжлалт ойрын зайдаа хоёр алтан медаль хүртсэн төдийгүй холын зайн уралдаанд ч санаанд оромгүй тэшиж, хүрэл медаль хүртсэн билээ.
Симон Амман: Алдарт Рожер Федерерийг ардаа орхин өнгөрсөн оны Швейцарийн шилдэг тамирчнаар шалгарч байсан трамплинаас үсрэгч Амман найман жилийн өмнөх амжилтаа давтаж, хувийн төрлүүдийн алтан медалийг хамлаа. Ийнхүү Симон олимпоос авсан медаль (дөрвөн алттай)-ийнхаа тоогоор Финландын Матти Нюканентэй зэрэгцэж ирэв.
АЗГҮЙЧҮҮД
Евгений Плющенко: Турины олимпийн аварга Плющенко “Ванкувер-2010”-аас хагас жилийн өмнө эргэж ирсэн. Тэгэхдээ тэр зүгээр ч нэг эргэж ирсэнгүй Европын аварга болж, олимпод гол өрсөлдөгчдийн нэг байхаа нотолсон юм. Харамсалтай нь алтан медаль үзүүлбэрээ өө сэвгүй гүйцэтгэж, богино хөтөлбөрийн дараагаар тэргүүлж явсан түүүний хүзүүнд бус АНУ-ын Эван Лайсачект очсон. Тэмцээний дараа Женя болон ОХУ-ын ҮОХ-ныхон хуудуутай шүүлтийн талаар эсэргүүцлийн бичиг хүргүүлсэн ч тусыг эс олсон билээ.
Юстина Ковальчик: М.Бьоргений хүчтэй өрсөлдөгч Польшийн цаначин түрүүлсэн Маритыг шударга бусаар өрсөлдсөн хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр “Цанын уралдаанд амьсгалаа хуваарилах гэдэг том асуудал байдаг. Гэтэл Бьорген ердөө ч ядарсан шинжгүй гүйх юм. Түүний багийнхан сэргээшийн төрөлд багтдаг гүй эм бэлдмэл ашиглаж байгаа нь гарцаагүй” гэж мэдэгдсэн нь спортын ертөнцийг хоёр талцан маргалдахад хүргэсэн юм. Хэдий Юстина ямар нэгэн хүч тэнхээ нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглээгүй ч өөрийн чадлаар цанын хоёр төрөлтөөс хүрэл медаль хүртсэн аж.
Петра Майдич: Урьдчилсан уралдаанд үзүүлсэн амжилтаараа тэр цанын спринтээс гарцаагүй медаль авах тамирчдын тоонд бичигдэж, яригдаж байсан. Харин Майдич бэлтгэлийн үеэр замын хажуугийн жалга руу унах нь тэр. Эмч нарын магадлагаагаар тэрбээр хэд хэдэн хавиргаа хугалсан байв. Гэсэн хэдий ч Петра үлдсэн дөрвөн зайдаа шүд зуун уралдаж, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн дараа Словенийн парламент түүнийг “Гавьяаны төлөө” одонгоороо шагнажээ.
Свен Крамер: Олимпийн аварга, дэлхийн АШТ-ий 17, Европын АШТ-ий дөрвөн алтан медальт Голландын тэшүүрчин уймраа дасгалжуулагчийнхаа харгайгаар 10000 метрийн алтан медалиа алдсан. Уг зайд 400 метрийн урт тойргийг дотуур, гадуур нь ээлжлэн нийт 25 удаа тойрдог дүрэмтэй. Харин Крамер ээлжлэхээ мартан дасгалжуулагчийнхаа зөвлөгөөний дагуу дотуур нь дараалан хоёронтаа тойрсноор дэлхийн шинэ рекорд тогтоох хэмжээний амжилтаа хүчингүйд тооцуулсан юм.
WADA: Бүх дэлхийн допингийн эсрэг агентлаг Ванкувераас нэг ч “но” илрүүлж чадсангүй. Тамирчид үнэхээр цэвэр шударгаар өрсөлдөв үү, эсвэл нууц лабораториуд шинжлэх ухааныг давсан сэргээшүүд үйлдвэрлээд байна уу?
АУТСАЙДЕРУУД
Зохион байгуулагчид: Олимпод оролцсон тамирчид энэ удаагийн наадмын зохион байгуулалт, олимпийн тосгоны нөхцөл байдал, хоол ундных нь мууг гайхсаар нутаг буцсан нь канадчуудын харамч нарийн зантай холбоотой. Сэтгүүлчид ч “Тэмцээний хуваарь зохимжгүй, зочид буудлын өндөр өртөг, интернэтийн олдоц муу” хэмээн байнга гомдоллож байлаа. Эмэгтэйчүүдийн хоккей: Уг нь ОУОХ эрх тэгш байдлыг эрхэмлэн эмэгтэйчүүдийн хоккейг олимпийн хөтөлбөрт оруулсан. Даанч энэ төрөл Хойд Америкаас өөр газар олигтой хөгжихгүй байгаа нь сая бүхний өмнө илт байлаа. Канад, америк хүүхнүүд финалд шалгарахад Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фазель “Тэд өөр гаригаас ирсэн мэт бусдаасаа хол тасархай юм” хэмээн гунигтайгаар өгүүлж байв.
Уистлерын чарга, бобслейн зам: Цагаан олимпийг зохиох эрхээ аль долоон жилийн өмнө авсан хэрнээ чарга, бобслейн замаа дэндүү муу тавьсан нь яах аргагүй зохион байгуулагчдын буруу. Гүржийн чарганы тамирчин Нодар Кумаришвили хоёрдугаар сарын 12-ны өдөр бэлтгэл хийж байхдаа нас барж, зохион байгуулагчдыг нэлээд сандаргасан. Уистлерын замд нийтдээ арав гаруй тамирчин хүнд, хөнгөн гэмтжээ.
ШИВШГЭЭ ТАРИГЧИД
ОХУ-ын хоккейн шигшээ: Сүүлийн хоёр ДАШТ-д түрүүлээд буй хойд хөршийн хоккейчдыг аварга болох хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэж байсан ч ёстой л их санасан газар… гэгч нь болов. Оросууд шөвгийн наймд гол дайсан Канадад дийлдсэн. Талбайн эзэд жинхэнэ тэдний нервээр тоглосон юм. Тэд ах нарыг эхний минутаас л шуурган довтолгооноор бөмбөгдөж, 7:3-аар бутниргэсэн. Ер нь ганц хоккейчид нь гэлтгүй Оросын баг тамирчид нийтээрээ “Ванкувер-2010”-ыг тааруухан амжилтаар үдлээ.
Австрийн уулын цаначид: Энэ төрөлд олгогдсон 10 алтан медалийн ердөө ганцыг нь л австричууд хүртсэн. Ялангуяа гол амжилтаа үзүүлдэг жаинт слаломт төрөлд Моцартын нутгийнхан дандаа 4-6 дугаар байр эзэлсэн.
loading...



