loading...
Монгол жүдочдын өндөр амжилт үзүүлдэг эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд энэ жил шинэ аварга төрсөн. “Хилчин” спорт хорооны тамирчин Дашдаваагийн Амартүвшин жингийнхээ шилдэг бөхчүүд Г.Болдбаатар, О.Чинбат, Ч.Болдбаатар нарыг ялж түрүүлсэн юм. Түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. 1987 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн тэрбээр 2003 оноос “Машин механизм” клубт самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга Ж.Баярсайханы удирдлагад самбо, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн аж.
-Юуны өмнө УАШТ-д анх удаагаа түрүүлсэнд баяр хүргэе. Энэ тэмцээнд түрүүлнэ гэсэн итгэл хэр байсан бэ?
-Баярлалаа. Ер нь аливаа тэмцээнд унана, ялагдана гэж ордоггүй болохоор түрүүлэх тухай бодож байсан.
-Сугалаа гарсны дараа барилдах өрсөлдөгчдийнхөө тооцоог хийсэн үү?
-Хийлгүй яах вэ. Тооцоо хийж хо ноод ирж барилдсан. Ер нь төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадсан гэж бодож байна.
-Дэвжээнд гарах үед чинь хэн хамгийн их зөвлөгөө өгч байв?
-Миний үеэл дүү, 73 кг-д хүрэл медаль авсан Г.Пүрэвдорж, мөн О.Чинбат ах, клубийн ах нар зөвлөгөө өгсөн.
-Сүүлчийн гурван барилдаанд жингийнхээ гол өрсөлдөгчдийг буулган авсан. Энэ талаар яривал?
-Шигшээ багт бүгдтэй нь өдөр болгон барилддаг болохоор бие биеэ дэндүү сайн мэднэ. Тиймээс мэх хийж, үнэлгээ авна гэдэг хэцүү байсан. Бусдаас өөрөөр сэтгэж, өрсөлдөгчдөдөө эвгүй барилдаан хийе гэсэн бодолтой гарсан. Хоёр ялж наймд үлдээд өмнөх жилийн улсын аварга Г.Болдбаатартай хүч үзсэн. Хэн хэнээсээ үнэлгээ авч чадалгүй найман минут болоод хантэйгаар яллаа. Хэсгийн аваргын төлөө нэг клубийн ах О.Чинбаттай барилдсан. 2005 оноос хойш бид хоёр хамт бэлтгэл хийж байна. Мэх, техник давтаж, барилдааны бэлтгэл хийхдээ ихэвчлэн О.Чинбат ахтай хамтардаг юм. Тиймээс намайг огт хөдөлгөхгүй байсан. Харин би этэж, мөн хутгаж хоёр юүко аваад, хонгодуулж юүко алдан хожлоо. Аваргын төлөө барилдсан Ч.Болдбаатарт бага байхдаа Дарханд болсон багийн тэмцээнд ялагдаж байсан. Энэ удаа давуулж барихаар нь сууж үүрч юүко авсан ч хоёр торгуулиад үнэлгээ тэнцэж, цаг сунгасан. Нэмэлт цагт үнэлгээ авах 2-3 боломжоо ашиглаж чадаагүй. Харин нааж хавирахад нь хариу мэх хийгээд хожлын юүкогоо авсан даа.
-УАШТ-д хэд дэх удаагаа ороод түрүүлэв?
-2008 онд анх ороод IX байрт шалгарсан. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртээд гурав дахь УАШТ-дээ аварга боллоо. Ноднин оюутны УАШТ-д түрүүлсэн.
-Хоёр ч барилдаанд цаг сунгаад хүч үзэхээр нэлээн цуцна биз?
-Тэгэлгүй яах вэ. Жилдээ ганцхан болдог тэмцээн гээд хичнээн ядарсан ч амиа тавиад зүтгэсэндээ.
-Багш нар чамайг жингийнхээ хамгийн хөнгөн нь, харин энэ зөрүүгээ хөдөлмөрөөрөө нөхөж чаддаг гэж магтаж байна лээ. Жин хэдтэй байдаг вэ? Бэлтгэлээ хэрхэн хийдгээ сонирхуулна уу?
-Миний жин 59-60 кг-тай л байдаг юм. Хэдэн кг жин хасч орж ирсэн тамирчид надаас илүү бяртай байдаг нь үнэн. Ойрын зорилго маань жингээ 2-3 кг-аар нэмэх болоод байна. Бэлтгэлийн тухайд зааланд хөлсөө гаргах 2-3 цагийг үр дүнтэй ашиглахыг хичээдэг юм. Нэг цагийн барилдаан хийхэд хамаг юмаа шавхаж барилдана. Энэ үед аль болох олон мэх хийж үзэхийг хичээдэг. Дараа нь олсонд 3-5 удаа явна. Олсонд сайн явж байж гарын атгалт сайн болдог гэдэг. Тэгээд сунгалт, суниалт гээд дасгалууд хийнэ.
-Жүдогийн хамгийн хөнгөн жинд байгаагаараа орно гэхээр жин хасахын зовлонгүй амар юм биш үү? Ер нь нэг удаагийн бэлтгэл дээр хичнээн кг хасагддаг вэ?
-Мэдээж хөдлөхөөр хөлс гарч, тэр хэрээр жин хасагдана. Би нэг удаагийн бэлтгэл дээр дээд тал нь 3.5 кг хасч үзсэн. Самбо бөхийн
тэмцээнд оролцохдоо тодорхой жин хасч ордог.
-Самбо бөхөөр ямар амжилт үзүүлж байв?
-Залуучуудын ДАШТ-ээс 2006 онд алт, 2007 мөнгөн медаль авсан. Насанд хүрэгчдийн ДАШТ-д 2006 оноос хойш оролцож, бүгдэд нь V байрт орсон. Дандаа л хагас шигшээд булхайгаар ялагдсан даа. Намайг ялсан хүмүүс бүгд дэлхийн аварга болсон байдаг юм. Энэ жил бэлтгэлээ сайн хийж байгаад даагаа нэхэх зорилготой байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уралдаан, тэмцээнд тань өндөр амжилт хүсье.
Энэ дашрамд тусалж дэмждэг хүмүүстээ талархал илэрхийлмээр байна. Монголд жүдо бөхийг маш сайн хөгжүүлж байгаа МЖБХ-ны удирдлагууд, ерөнхийлөгч Х.Баттулга ах, мөн шигшээ багийн багш нар, гавьяат дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо, 0253 дугаар ангийнхан, тэмцээнд оролцох боломжийг хангаж, ивээн тэтгэдэг Ж.Жамсрандорж захиралтай “Машин механизм” компани, анхны багш Ж.Баярсайхан болон клубийн Н.Лувсанпүрэв, Д.Пүрэвсүрэн нарын багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Түүнчлэн эмээдээ, гурван эгчдээ баярлалаа гэдгээ хэлье.
loading...




bayar hurgiie amraa anhnii sektsnii and chin bn puujee ta 2r undur amjilt husii
loading...
sain bn shuu dee . bayar hurgey
loading...
Bayar xvrgie andaa sain bna shoooooo. tsaashdiin beltgeld chine amjilt, vnii ard oshoo olon tom tentseen my andiig xvleej bga shvv ene ercheerei zvtgeed bgarai Pvvjee ta 2too amjilt. he he
loading...