Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ярилцлага » “Олон төрөлт”-ийн Г.Ганхүү

GD Star Rating
loading...

Хидетоши Накатагийн хамт

“Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү хөлбөмбөгийн “Арсенал” багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Бас Антарктид, Африк, Австралийн ноён сарьдгуудад авирсан нэгэн. Үүргэвч үүрээд “тэнэж” явдаг энэ нөхөр цаашид дэлхийн дээвэр Эверестэд мөрөө гаргахыг мөрөөддөг. Түүний энгэрт уулын спортын мастерын тэмдэг гялалзах. Мөн Ганхүү марафонд гүйдэг, бодибилдингээр хичээллэдэг. Сонирхдог спорт гэвэл тоймгүй олон. Тэрбээр “Спорт хүний мэдлэгийн цар хүрээг тэлдэг”хэмээн өгүүлж суусан юм. Халуун цэг дээрээс нь үзэж сонирхсон тэмцээн уралдаан гэвэл мөн л олон. “Осака-2001” Зүүн Азийн наадам, “Бээжин-2008” олимпийн халуун цэг дээр “ажиллаж”, хөлбөмбөгийн Аваргуудын лигийн финал, премьер лигийн тоглолтуудыг ч яг дэргэдээс нь олонтаа “дуранджээ”. Түүнийг Монголын хөлбөмбөгийн холбоонд менежерээр гурван жил ажилласан гэдгийг та мэдэх үү? Спортод чин сэтгэлээ зориулсан энэ эрхэмтэй уулзаж ярилцлаа.

-Та спортод хэзээнээс “илбэдүүлчихсэн” юм бэ?

-Бүр багаасаа. Намайг хүүхэд ахуйд Монголын хөл бөмбөгийн спорт одоогийнхоос хавьгүй илүү өндөр түвшинд хөгжиж байлаа. Чадалтай, чанартай тоглогч олон байсан. Тэдний тоглолтыг үзээд хөлбөмбөгийн талбайд удаан саатдагсан. Энэ бүхэн хөлбөмбөгт хайртай болох нэг ёсны “цагаан толгой”-г надад заажээ. Бид хаалттай нийгэмд амь дарч байсан. Хаалттай байх тусам хүн цоожийг нь мулталж, шинэ мэдээлэл хүлээж авахын төлөө улам тэмүүлдэг юм билээ. Хүүхэд байхдаа Оросын хөлбөмбөг, хоккей сонирхохоос гадна барууны ор нуудад хөгжиж байгаа спортуудыг мэдэж авахын төлөө их хичээдэг байлаа. Чехийн “Стадион”, Унгарын “Кепеш спорт”, “Лабдаругаш”, “Билаг” сэтгүүлүүдийг авах гэж бараг хар үүрээр Төв шууданд оочерлодог байж билээ. Тэдгээр сэтгүүлийн голд алдартай тамирчдын том зураг хэвлэгддэг байсан юм. Тэр зурагт их шунана. Бидний үед хамгийн сайхан плакат тэр байждээ. Хүүхдийн дэггүй зангаар өөрсдийгөө мундаг хөлбөмбөгч болсон юм шигээр төсөөлж цүнхээ овоолон хаалга хийгээд бөмбөг өшиглөн гүйж явснаа мартдаггүй. Тэр бүхнийг одоо бодоход сайхан байна.

-Тэр үед та бас хоккей сонирхох болсон гэлүү?

-Тэгэлгүй яахав. Бобби Орр,Бобби Халл нарын жинхэнэ фэн. Би хоккей муугүй тоглодог хүүхэд байсан. 23 дугаар сургуульд байхдаа сургуулийнхаа шигшээ багт тоглоно оо. Байр бүрийн өмнө мөсөн талбай байдаг учраас тоглоход ч урамтай. Бидэнд яалаа гэж зориулалтын бөмбөг, цохиур байх вэ, өөрсдөө л монголчилж хийнэ шүү дээ. 1981 онд Их дэлгүүрт хоккейн “Восток” гэж цохиур ирдэг юм байна. Улаан, цэнхэр өнгийг нь хүүхдүүд шилээд авчихсан байсан учраас би шар өнгөтэйг нь сонгож билээ.

-Та дунд сургуулиа төгсөөд Чехэд оюутан болсон. Чехэд очоод магадгүй хамгийн түрүүнд хоккей үзсэн байх…

-Тийм шүү. Би багаасаа л Чехийн хоккейн шигшээ багийг дэмждэг байсан. Гэтэл Чехэд суралцахаар явсан минь сонин тохиолдол шүү.

-Чехэд хөлбөмбөг ч бас дээгүүр түвшинд хөгжсөн. Хөлбөмбөгийн цэнгэлдэхэд нь ороход ямар сэтгэгдэл төрөв?

-Гайхамшигтай санагдсан. 60-70 мянган хүний суудалтай маш уудам цэнгэлдэх хүрээлэнд “Спарта” “Славиа”-гийн тоглолтыг үзэж суухад үгээр илэрхийлшгүй тийм л сэтгэгдэл төрсөн. Гэхдээ би үүнээс нэг зүйл ухаарч авсан юм. Юу гэвэл хэдийгээр чи тухайн багийн улаан фэн ч гэсэн суух суудал, хэлэх үгээ зөв сонгох ёстой юм билээ. Би “Спарта”-гийн балиашиг байж, “Славиа”-гийн хөгжөөн дэмжигчдийн дунд сууж таарсан юм. “Спарта”-г дэмжиж хашгиртал нөгөө хэд маргалдаж, гар зөрүүлчихэлгүй салж билээ.

-Та тэгээд хэзээ “Арсенал”-д урвачихсан юм бэ?

-Их сургуулиа дүүргэсний дараа Английн хөлбөмбөгийн багуудаас “Арсенал” илүүтэй таалагдсан. Жинхэнэ утгаараа хөгжөөн дэмжигч нь болсон гэсэн үг. Хөлбөмбөгийн балиашгуудын тухай янз бүрийн онигоонууд байдаг.

-Та нэг онигоо ярих уу?

-“Арсенал”-ын үнэнч дэмжигч нэгэн өвөө үхэхээсээ өмнө ойр дотнын хүмүүстээ би “Челси”-гийн фэн боллоо гэж хэлж л дээ. Тэгэхэд нь хүмүүс гайхаж, та насан туршдаа “Арсенал”-ыг дэмжиж байж яагаад ийм шийдвэр гаргав гэцгээж. Тэгэхэд өвгөн “Яадаг юм. “Челси”-гийн нэг ч гэсэн балиашиг үхэж байг” гэж хэлсэн гэдэг.

-“Арсенал” “Барса”-д хожигдож Аваргуудын лигээс мултарчихлаа. Та хэр сэтгэлээр унаж байна?

-Чи аль багийг дэмждэг вэ? Яасан эмзэг сэдэв хөндөж байх юм (инээв). Нэг их сэтгэлээр унаагүй, гэхдээ л хэцүү байна. Найзуудтайгаа “Irish Pub”-д цуглараад энэ тоглолтыг үзсэн. Хэдийгээр манай баг хожигдсон ч гэсэн биднийг цаашид олон тоглолт, сайхан ялалт хүлээж байгаа.

-Та нар бооцоо тавьдаг уу?

-Тоглолт дээр бооцоо тавих уламжлалыг Монголд бид анх дэлгэрүүлсэн гэж болох байх. Олон жилийн өмнөөс найзуудтайгаа нийлэн хоорондоо бооцоо тавьдаг болсон.

-Ингэхэд хөлбөмбөгийн ДАШТ-ийг очиж үзсэн үү?

-ӨАБНУ-д болох ДАШТ-ийг үзэх санаатай байгаа. Би Аваргуудын лигийн финалыг хоёр удаа үзсэн. Мөн “Евро-2008”, Английн премьер лигийн хэд хэдэн тоглолтыг цэнгэлдэхэд нь үзэж билээ. Мөнгө санхүүгийн хувьд асуудалгүй бол хаана ч очиж хүссэн тоглолтоо үзэх нь нээлттэй шүү дээ, одоо.

-Та Монголын хөлбөмбөгийн холбооны менежерээр гурван жил ажилласан. Монголд хөлбөмбөгийг эрчимтэй хөгжүүлэхийн

тулд хамгийн түрүүнд юу хийх шаард лагатай гэж боддог вэ?

-Манай холбоо гадаад харилцаагаа бэхжүүлж чадсан нь томоохон ололт. Өөрийн гэсэн талбайтай бол чихлоо. Хөлбөмбөг бол зөвхөн спорт бус бизнес. Эдийн засгийн томоохон хө рөнгө оруулалт ч гэж болох. Тиймээс маркетингийн тал дээр ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд клубийн системд шилжих нь чухал. Хүүхдүүдийг энэ спортод оруулахад юу хийх хэрэгтэйг ч анхаармаар байна. Дээд, дунд, доод лигийг зөв зохион байгуулах нь чухал. Энэ мэтчилэн их зүйл ярих болох нь. Ямар ч спорт хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэж, хөгжлийн замыг нь зөв тодорхойлбол эрчимтэй хөгжинө.

-Хоёулаа хөлбөмбөгийн талаар нэлээд ярьчихлаа. Спортын сонир хол тань гадаад хэл сурах түлхүүр болсон гэвэл санал нийлэх үү?

-Тийм шүү. Спорт хүний мэдлэгийг тэлдэг. Багадаа хүндэлдэг тамирчныхаа та лаар их зүйл мэдэж авахын тулд сэтгүүл дээр гарсан

материалыг орчуулдаг байсан. Мэдэхгүй үгээ словардана. Энэ бүхэн гадаад хэл сурах нэг нөхцөл болсон. Зургуудыг хайчилж, доор нь орчуулгаа хавсаргахад хөөрхөн альбом бэлэн болчихно. Хоорондоо альбомоо их солилцоно. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм гэдэгдээ. Энэ бүхэн хожим бодоход мэдлэгийг минь зузаатгажээ.

-Та яагаад уулын спортод орчихов?

-З.Алтай ахтай хамт “Үүргэвчтэй аялал”- ыг бэлтгэж явахдаа Африкийн ноён оргил Килиманжаро (5895 метр)-гийн бэлд очоод буцсан. Буцахдаа энэ ууланд заавал авирна гэсэн бодол төрж билээ. Хоёр жилийн дараа хүсэл минь биелсэн. Монголоос гав ганцаараа, өнгөт арьст долоон хөтөч хөлсөлж аваад мөнөөх оргилдоо гарсандаа. Үнэхээр сайхан сэтгэгдэл төрдөг юм билээ. Мөн үүнээс хойш Антарктидийн Винсон (4892 метр), Австралийн Косцюшко (2228 метр)-гийн оройд Монголынхоо далбааг мандуулаад байна.

-Өөрийгөө уулын спортын мастер гэж дуу дуулахад ямар санагдах юм?

-Үнэндээ би спортын мастер болно гэж санаагүй. Спортын мастер гэж дуудуулах сайхан юм.

-Уулын оргил руу авирч байх үед юу бодогддог вэ?

-Оргилд хүрэхээр мацах үед яах гэж ингэж биеэ зовоовдоо гэсэн бодол төрдөг. Оргилд гарсны дараа өөр ямар оргил намайг хүлээж байгаа билээ гэж өөрөөсөө асуудаг. Оргил бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Үүнийг уулчин хүн л мэднэ.

-Уулын спорт хөрөнгө мөнгө их шаарддаг. Мөн эрсдэл дагуулсан спорт…

-Тийм шүү. Антарктид руу 50-60 мянган доллар зарцуулж явдаг надаас өөр тэнэг хүн тийм ч амархан гарахгүй л байх. Уулын спортын хэрэглэл материал, хувцас хунарын өртөг өндөр. Үүний сацуу эрүүл мэндийн хувьд өөрийгөө бэлтгэх ёстой. Би марафонд гүйдэг. Тиймээс амьсгал задарч өгдөг юм. Энэ нь ууланд авирахад сайнаар нөлөөлдөг.

-Та эх орныхоо аль ууланд авирсан бэ?

-Монголынхоо ууланд авирч амжаагүй л байна. Эх орондоо ирэхээр ажилд баригд чих юм. Монголынхоо уулнуудад авиралгүй яахав.

-Та Эверестийн оргилд гарч байна гэж төсөөлдөг үү?

-Энэ бол төгс мөрөөдөл. Уулчин хүний эцсийн зорилго бол Эверест. Төгс мөрөөдөл тийм амархан бүтдэггүй. Эверестэд гарахын тулд би авирах уулныхаа өндрийг жилээс жилд нэмдэг байж ч болох. Миний ойрын зорилго гэвэл Хойд туйл руу явах.

-Та дээр марафонд гүйдэг гэж ярилаа. Сонирхогчдын марафонд хэр олон оролцов?

-Монголд болдог уралдаануудад оролцдог. Элсэн тасархайд болсон нэгэн марафонд XI байрт орж билээ. Мөн Хонконг, Бээжинд болсон олон улсын марафонд хурд сорьсон. Хонконгод 13000 хүн уралдсанаас би эхний 1000-д багтсан. Энэ бол миний хувьд муугүй амжилт. Дараа жилийн марафонд би 800-д орохоор төлөвлөж байна.

-Магадгүй та цаашид НьюЙорк, Лондонгийн марафонд оролцож ч болох юм?

-Яагаад болохгүй гэж. Хүн өөрийн гэсэн зорилготой байх ёстой. Тэр зорилгынхоо хэрээр өөрийгөө хөгжүүлдэг.

-Та бодибилдингийн бэлтгэлээ хаана хийдэг юм бэ?

-“Тайхар”-т. Анх бодибилдингээр хичээллэхдээ би 94 кг жинтэй байлаа, Одоо 76 кг жинтэй болчихсон. Мэргэжлийн багш, тамирчдаас их зүйл сурч байна. Бодибилдингийн УАШТд ч оролцчихлоо. Миний жинд 9 хүн өрсөлдсөнөөс би 7-д орсон. Цаашид тавдугаарт орох зорилготой байна.

-Уулын спорт, марафон, бодибилдинг, хөлбөмбөг хүнээс тэсвэр хатуужил их шаарддаг. Аль алинд нь та тэнцжээ?

-Эдгээр спортоор хичээллэснээр би өөрийгөө давж чаддаг болсон. Хамгийн гол зорилго бол хүн өөрийгөө ялж сурах. Өөрийгөө хэтийдэн давах гэж ойлгож ч болох. Би хүмүүстэй биш, өөртэйгөө л өрсөлдөж тэмцэлдэхийг илүүд үздэг. Өөрийгөө ялах нь хамгийн их аз жаргал гэсэн үг ч бий.

-Та спортод мөнгө хайрлалгүй цацдаг. Энэ мөнгөө бизнесээрээ нөхөж чаддаг уу?

-Ямар ч гэсэн хувийнхаа бизнесийн хүчинд хоёр хүүхдэдээ дэлхийн хэмжээний боловсрол олгож, ар гэрийн амьдралд шаардлагатай бүхнээ авч, дуртай орон руугаа явах мөнгө гаргаж чадаж байна. Гадаадаас нэвтрүүлэг бэлтгэхэд гар нийлж ажилладаг байгууллагууд олон. “Спирт бал бурам”, “Монгол газар”, “Сэнгүр”, “Мобиком” гээд тоочвол их жагсаалт гарна. Би заримыг нь л нэрлэлээ. Намайг хулхин дээр цэцэг ургуулах хүн биш гэдгийг тэд мэднэ. Тиймээс сүүлийн үед өөрийнхөөсөө гадна өрөөлийн мөнгөөр аялдаг болсон.

-Бээжингийн олимпийг газар дээр нь үзсэн тэр сайхан дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.

-2008 оны олимпийн нээлтээс хаалтыг хүртэл Бээжинд байсан. Олимпийн тэрхүү өдрүүд нүд ирмэхийн зуур өнгөрсөн. Н.Түвшинбаярыг алтан медаль авах торгон агшныг дэргэдээс нь үзэж суухад нүдэнд нулимс хурж байсан. Сайхан юм билээ, ийм агшныг үзэх. Бээжинд Монголоо дуурсгасан Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, О.Гүндэгмаа нартаа үнэхээр их баярласан. Бээжингийн олимпийг газар дээр нь үзсэний хэрэг гарсан шүү. Лондонгийн олимпод ч гэсэн тамирчид маань сайхан амжилт гаргана гэдэгт итгэл тэй байна. Та нарыгаа балиашиглана аа.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
“Олон төрөлт”-ийн Г.Ганхүү, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: