loading...
Энэ жилээс Лондон 2012 зуны олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүд явагдаж эхлэх билээ.
Буудлага спортын тамирчдын хувьд олимпийн эрх авах хамгийн гол тэмцээн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод байгаа. Өмнө нь дэлхийн цомын тэмцээнүүдийн дасгал бүрээс алтан медаль хүртсэн тамирчид олимпийн эрх авдаг байсан бол энэ жилээс дүрэм өөрчлөгдөж зөвхөн 7 сарын 28-наас эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрх өгөхөөр болсон байгаа.
Манай буудлагын спортын тамирчид энэ жилийн 4 дэлхийн цомоос хоёрт нь оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд эхнийх нь энэ сарын 16-наас 26-ны хооронд БНХУ-ын Бээжин хотод зохиогдох тэмцээн болж байгаа юм.
Энэхүү тэмцээнд манай буудлагын шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаагаас гадна шинэ залуу тамирчид амжилтаа ахиулах зорилготойгоор Бээжинг зорих бүрэлдэхүүнд багтжээ. Тэмцээн 2008 оны Бээжингийн олимп зохиогдож байсан буудлагын төвд болох бөгөөд өмнөх Австралийн Сиднэй хотод зихиогдсон дэлхийн цомыг бодох юм бол харьцангуй олон буюу нэг дасгалд 80-аас 100 тамирчин өрсөлдөх юм байна.
Буудлагын дэлхийн цомын дараагийн тэмцээн Америкийн Форт Беннин хотод 7 сарын дундуур болох бол энэ оны сүүлийн дэлхийн цом Сербийн Белгад хотод зохиогдох ажээ.
Өмнөд хөршийг зорьсон буудлагын шигшээ багийн тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
loading...



