Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Дейв Маккей: Канад бөхчүүд монгол барилдаан хийдэг болсон

GD Star Rating
loading...

Канадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дейв Макки өөрийн хамтран зүтгэгч Н.Лхамсүрэнгийнхээ өлгий нутагт гурван шавийнхаа хамт ирээд байна. Манай Үндэсний шигшээ багтай долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийх тэд энэ зорилгоор Хойд Америкаас Монгол Улсад хөл тавьсан анхны төлөөлөгчид болж буй аж. 1980-аад онд агч навчит модны орныг тив, дэлхийд төлөөлж, олимп, ДАШТ-ий медалиас атгаад алдаж явсан тэрбээр хожим Нигериэс Канадад цагаачилсан Даниэль Игалиг олимп, ДАШТ-ий алтан медальд хүргэсэн шилдэг дасгалжуулагч билээ. Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа сонирхуулъя.

-Канадыг цас, мөсний, хоккейн эх орон гэдгийг дэлхий даяараа мэднэ. Монголчууд хөлд орсон цагаасаа ноцолдож, барилдаж өсдөг шиг канад хүнийг тэшүүргүйгээр төсөөлшгүй. Харин та хэрхэн бөхийн спортыг сонгосон бэ?

-Би багадаа хэд хэдэн спортоор хичээллэж байсан. Хөлбөмбөг, хоккей, чөлөөт бөх, жүдо гээд. Гэрийнхээ ойролцоох нэг клубт жүдогоор барилддаг байгаад ахлах сургуульд ороод чөлөөт бөхөд шилжсэн юм. Жүдогоор хичээллэснийх, үүрэх мэхийг дархан хийдэг болсон шүү. Монгол эр хүн бүр барилддаг шиг канадууд бүгдээрээ хоккей тоглодог. Тиймээс миний хувьд хоккейг хичээллэж байсан спортоосоо хасах нь зүйтэй байх.

-1980-аад онд та Канадын бөхийн нэрийн хуудас нь болж явсан. Олимп, ДАШТ-ий медальд их ойрхон очиж байсан гэдэг. Энэ үедээ монгол бөхтэй барилдаж байв уу?

-Би 1983 онд Киевт болсон ДАШТ-д анх оролцож, VII байрт шалгарч байлаа. Тэгэхэд хагас шигшээд Монголын Б.Болдод хожигдсон. Маш техник сайтай, хурдтай, сайн бөх. Бидний монгол барилдаан гэж ярьдаг, суйлах гэх мэт мэх хийдэг тийм хүнтэй анх удаа тулж үзсэн минь тэр. Их хүнд барилдаан болсон шүү. Сүүлд 1986 оны ДАШТ-д VI, дараа жил нь X байрт орж

байсан. Сөүлийн олимпод медальд их ойртож, V байрт шалгарсан. 1985 оны улсын аваргадаа Пэт Салливэн гэж бөхөд хожигдож, ДАШТ-д оролцож чадаагүй. Өнөөх Салливэн маань тэр жил ДАШТээс хүрэл медаль зүүж билээ.

P.S: “Сөүл-1988” олимпийн наадмын чөлөөт бөхийн 68 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Хэнмэдэхийн Амараа Афганистаны Шир Мохаммедийг 15:0, Энэтхэгийн Сатяван Сатяваныг 7:2, Польшийн Андрей Кубиакыг 4:2-оор тус тус хожоод Германы Александр Лайпольдод 3:5-аар булхайтай дийлдсэн ба дараагийн тойрогт Д.Маккей өнөөх Лайпольдыг 11:7-оор буулган авсан түүхтэй. Манай бөхийн хувьд эзэн орны бөх Пак Жан-Сунд хожигдсоноор олимпийн барилдаанаа өндөрлүүлж байлаа. Маккей “Лайпольд их эвгүй учраа. Тэр үед мань хүн нялх байсан болохоор нь би аргалж дөнгөсөн” хэмээн олимпийн барилдаанаа эргэн дурссан юм.

-Та дасгалжуулагчийн албанд шилжээд арав гаруй жил болжээ. Одоо эрхэлж буй ажлынхаа талаар сонирхуулаач?

-Би 1995 оноос эхлэн дасгалжуулагчаар ажиллаж байна. 1998 онд шигшээ багт орж, одоог хүртэл улсынхаа төлөө зүтгэж явна. Одоо би шигшээгийн ахлах дасгалжуулагч. Тамирчдынхаа бэлтгэлийн төлөвлөгөөг баталж, залуу дасгалжуулагчдад зөвлөгөө өгөх гэх мэт хүлээсэн үүрэг бий. Түүнээс гадна Н.Лхамсүрэнтэй хамтран Хайслан Гар сия, Жон Пинеда нарыг дагнан хариуцаж ажилладаг.

-Нигерийн уугуул Даниэль Игалиг хэдхэн жил дасгалжуулаад олимп, дэлхийн аварга болгосон гэдгийг тань бөх сонирхогчид сайн мэддэг. Одоогийн бэлтгэж буй шавь нараас тань түүн шиг дэлхийд цойлох хүчтэн байна уу?

-1994 онд Канадад Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам болоход Игали Нигерээс ирж оролцоод үлдсэн юм. Тэр үеэс түүнийг удирдаж ажиллаад 1999 онд дэлхийн аварга, 2000 онд олимпийн аварга болгосон. Канадаас бөхийн төрлөөр анхны олимпийн аваргыг бэлтгэснээрээ би бахархдаг. Түүн шиг олон улсад нэрээ дуурсгах сайн тамирчин шавь нарын минь дунд олон бий. Тухайлбал, 66 кг-д барилддаг Хайслан Гарсия. Түүнтэй таван жил ажиллаж байгаа. Гарсиягийн ДАШТ-ээс медаль авах цаг нь болсон.

МҮОХ-нд айлчлах үеэр

-Монголын дасгалжуулагч Н.Лхамсүрэн Канадад ажиллаад цөөнгүй жилийг үджээ. Монгол хүнтэй хамтран ажиллахын онцлог, давуу тал нь юу байна вэ?

-Н.Лхамсүрэн Канадад очсоноор манай бөхчүүд монгол маягийн барилдаан их хийдэг болсон. Шинэ техник, арга барил бөхчүүдийн маань ур чадвар, түвшинг үлэмж дээшлүүлсэн тул Н.Лхамсүрэнгийн Канадын бөхөд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэхээс аргагүй.

P.S: 1999 оны ДАШТ-ий эхний даваанд манай А.Болдсүх аваргалах ерөөлтэй Канадын Д.Игалитай таарч хүч үзсэн. Тэгэхэд дэвжээний нэг буланд Маккей, нөгөөд нь Н.Лхамсүрэн нар сууж байжээ. Хожим 2002 онд тэд Ванкуверт нүүр тулан уулзаж, хамтран ажиллахаар тохиролцсоноос хойш Канадын бөхийн хөгжлийн төлөө гар нийлэн хүчин зүтгэж явна.

-Та монгол андынхаа нутагт анх удаа ирж байна уу?

-Тийм ээ. Лхамаагийнхаа нутагт очихсон гэж олон жил бодсон. Хамт ажилладаг хүний минь эх орон гэхээс гадна бөхийн өлгий нутаг гэсэн үүднээс Монгол намайг соронздож байсан юм. Монголчууд найрсаг, элэгсэг зантай, нийтэч хүмүүс юм. Бөх чүүдийн паспорт, нэрийн хуудас гэж хэлж болох “боорцгон” чихтэй хүн олон байгаагаар нь Монголыг бөхийн орон гэж амархан мэдэх юм байна. Энд бас канадууд их ирдэг болжээ. Бөмбөрцгийн хоёр талд байдаг манай хоёр улс газар нутаг хол ч их ойр болсон нь анзаарагдлаа.

-Монголд хийсэн хамтарсан бэлтгэл хэр үр дүнтэй болов?

-Юуны түрүүнд бэлтгэлд хамрагдсан тамирчид ур чадвар өндөр байсныг дурдъя. Мөн биднийг Монголд хөл тавих үеэр жин жингийн шилдэг тамирчдын тэмцээн болж таарч, гурван бөх маань хоёр удаагийн халз барилдаан хийсэн нь их үр өгөөжтэй болсон. Багш, тамирчдын аль алинд нь өгөөжтэй, сайхан бэлтгэл хийж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд та туршлагатай дасгалжуулагчийн хувьд залуу тамирчдад зөвлөгөө өгнө үү?

-Нэг хэвийн үзэл бодлоос татгалзаж, чөлөөтэй, нээлттэй сэтгэн, байнга шинийг эрэлхийлж байгаарай гэж хэлье дээ. Оргилд хүрэх замыг огтхон ч шантралгүй эрж хайж, зөв замаа олсон бол эрчтэй урагшлахыг зөвлөе.

P.S: 1987 оны Тбилисийн ОУТ-ий дараа манай шигшээгийнхэн Москвад түр буудалласан аж. Жавар тачигнасан тэр үеэр монгол бөхчүүд зугаалж яваад мөн нутаг буцаж явсан канадууд тай таарсан байна. Бөөндөө дурсгалын зураг татуулаад салсан тэдний дунд өдгөө Канадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болсон Дейв Маккей байжээ. Канад эр Монголд ирээд 23 жилийн өмнө Москвад учирсан андуудынхаа нэгтэй таарсан нь ОУХМ Х.Баттуул байв. 1980-аад оны Монголын бөхийн том төлөөлөгчдийн нэг Х.Баттуул өчигдөр эртний андыгаа дагуулан өөрийн бүтээсэн дэлхийд хосгүй Чингисийн хөшөө рүү давхисан юм.

Ж.БАТМӨНХ

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bumerdene says:

    hehehe mgl iin chuluut buh n unaj bhad canadiinh n sergej bgaa getel ter sergej bgaa ulsiin buhchuudiig beldej bgaa n manai neg dasgaljuulagch bdag iim yum unshhaar haramsmaar shuu delhii niit sportoor ursulduh handlaga n ulam ihessen ene ued saihan dasgaljuulagchaa hunii nutagt ajilluulj bdag manaihaan business chid mini neg yum bdoosoidoo mungu hiie gevel sportoor bol bas l sain hdegshdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: