loading...
Тайландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн Өсвөр үе болон Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон манай тамирчид медалийн арвин ургацтай өчигдөр эх орондоо ирлээ.
Тус тэмцээнтэй холбогдуулан МЖБХ-ноос хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгууллаа. Жүдо бөхийн өсвөрийн болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 21 орны 300 гаруй тамирчид оролцож өсвөр үеийн тэмцээнд манай улсаас 9 жинд 14 тамирчид хүч үзсэн бол залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 8 жинд 16 тамирчид зодоглосон юм.
Эмэгтэйчүүдийн төрөлд манай долоон тамирчин хүч сорьж бүгд медаль авч сайхан амжилт үзүүлэн охид багаараа алтан медаль, хөвгүүдийн баг мөнгөн медаль хүртжээ. Ийнхүү жүдо бөхийн Өсвөр үеийн 4 дэх удаагийн, Залуучуудын 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид анх удаагаа өндөр амжилт үзүүлсэнийг Монголын жүдо бөхийн холбоо болон жүдо бөхийн багш дасгалжуулагчид онцлон хэлж байлаа.
Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал бүх өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медаль хүртэн “Азийн шилдэг жүдоч” шагнал хүртсэн байна. Харамсалтай нь замын зардал, ивээн тэтгэлтийн асуудлаас шалтгаалан медаль авах найдлагатай байсан зарим тамирчид, багш дасгалжуулагч нар тэмцээнд оролцож чадаагүй байна.
Тус тэмцээний үеэр Олон улсын шүүгчийн шалгалт явагдсан бөгөөд манай улсаас ОУХМ Д.Нарангэрэл, Тэмүжин Спорт сургалтын төвийн жүдо бөхийн дасгалжуулагч багш Т.Энхцэцэг нар шалгалтаа амжилттай өгч тэнцэн жүдо бөхийн Олон улсын “Б” зэрэглэлийн болсон байна.
Тус тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн эцэг эхчүүд, гэр бүл, хувь хүмүүс жүдогийн спортод сэтгэлтэй пүүс компаниуд, “Женко” клуб, хөдөө орон нутгийн спорт сургалтын төв болон ОБЕГ зэрэг байгууллага, хүмүүст МЖБХ талархаж байгаагаа хэлж байсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг мөнгөн шагналаар шагнадаг байсан нь 2009 оны 10-р сарын 21-ний өдрийн 306-р тогтоолоор хүчингүй болжээ. Иймээс тус мөнгөн шагналыг эргэж олгуулдаг болгохыг МЖБХ-ноос төр засагт хандан хичээнгүйлэн гуйлт хүссэн юм.
Ямартаа ч энэ мөнгөн шагналыг амжилт гаргаад эх орныхоо нэрийг Ази болон тив дэлхийд дуурсгаад ирсэн тамирчдад эргэж олгодог болвол улсын маань ирээдүй хойч үе, залгамж халаа болсон өсвөр, залуу тамирчдад томоохон бодит хөрөнгө оруулалт болхын зэрэгцээ бор зүрхээрээ яваа тамирчид багш дасгалжуулагч нарт илүү ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч хайрлах бизээ.
Дашрамд дуулгахад МЖБХ энэ оны 07-р сарын 24, 25-нд “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг өөрийн эх орондоо 2 дахь удаагаа зохион байгуулах эрх авсан байгаа. Тус тэмцээн МУ-ын Ерөнхийлөгч болон МУ-ын ЗГ-ын ивээл дор зохион байгуулагдахаараа ач холбогдолтой юм.
Түүнчлэн энэ жилийн жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн 2012-Лондонгийн олимпийн эрхийн оноо олгож өгөхөөрөө онцлог болох юм байна. Манай улсын өсвөр үе, залуучуудын баг тамирчид ийнхүү өндөр амжилт үзүүлж мөн залуучуудын хувьд үзүүлсэн амжилтаараа Азидаа нэлээд дээгүүр орж байгаа нь гадны экспертүүд анхаарлыг татаад зогсохгүй тэд манай тамирчдыг цаашид хөгжүүлэхэд маш их боломж байгааг онцлон хэлжээ.
Түүнчлэн ирэх 2016 оны олимпийн аварга болоод тив дэлхийн аваргууд энэ л өсвөр үе, залуучуудаас төрөн гарах боломж өргөнөөр нээгдэж байгаа, гагцхүү спортыг байнга дэмжиж хамтран ажиллаж байдаг пүүс компаниуд биш, төр засгаас спортыг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж илүү анхаарч ажиллах, төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгааг МЖБХ, багш дасгалжуулагч нар онцлон хэлж байсан юм.
loading...



