loading...
Монгол Улсынхаа нэр алдрыг олимп тив дэлхийн тавцанд мандуулж яваа тамирчид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх үүднээс нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд сэтгэл гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ өөрийн улс эх орондоо спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, спортын шинэ залгамж халаа бэлтгэх зорилготойгоор “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагыг байгуулжээ.
Улмаар Монгол улсын Ерөнхийлөгчийн гаргасан Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх 53 тоот зарлигийг дэмжин, хүн амын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлд уриалга гарган, энэ хүрээнд БТСГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм.
Энэ ажлынхаа хүрээнд тус байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймаг, Хөтөл, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэд, залуучууд, сурагчидтай уулзалт хийж, спортын сэдвээр анх удаа лекц уншжээ. Тус төрийн бус байгууллагынхан энэ анхны лезцтэйгээ холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагын тэргүүн, гавьяат тамирчин Б.Наранбаатар “Монгол мөрөөдөл” гэж юу вэ? Монгол улсын тамирчдын өрсөлдөх чадвар цаашлаад дэлхийн хэмжээнд спортоос гадна бүхий л салбарт өрсөлдөх чадвартай байхын тулд яах ёстой вэ? гэсэн сэдвээр лекц уншсан бол дэд тэргүүн, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар “Өвөг дээдсээсээ уламлагдан ирсэн эх орон газар шороогоо хэрхэн хайрлах вэ? Эх оронч үзлэтэй байцгаая сэдвээр лекц уншжээ.
Харин Бээжингийн олимпийн аварга, МУ-ын ХБ, ГТ Э.Бадар-Ууган “ Хүн бүр өмнөө тавьсан зорилготой байх, зорилготой байснаар хүн бүр зоригоо биелүүлэхийн тулд урагшлан тэмцэж хичээнгүйлэн хөдөлмөрлөх ёстой” гэсэн сонирхолтой сэдвүүдээр тус тус лекц уншсан байна.
Зөвхөн өөрсдийнхөө тэмцээн, уралдаан бэлтгэл сургуулилтад анхаараад зогсохгүй бусад тамирчддаа учирч байгаа бэрхшээлийг шийдэхэд туслах, спортын төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажиллаж нийтин биеийн тамир, спортыг хөгжүүлэх, нийт ард түмэндээ нийтийн биеийн тамир спортын ач тусыг сурталчлах, хүүхэд залуусын спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх гэсэн зорилготойгоор ажиллаж байгаа “Амжилтын төлөө хамтдаа” ТББ энэ сарын 8-нд нэг нас хүрэхнээ.
Түүнчлэн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тус байгууллагын гишүүдийг спортын төлөө хүчин зүтгэж байгаа орон тооны бус зөвлөхөөр тавигдаж байгаа онцлон хэлсэн юм. Мөн цаашид Монгол улсынхаа олон аймгаар явж цуврал лекц тавихаас гадна удахгүй Улаанбаатар хотод энэ арга хэмжээг зохион байгуулах юм байна.
loading...



