loading...
Монгол улс нь НҮБ-ын 61-р чуулганаар баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцид нэгдэж орсонтой холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар нийгмийн амьдралд оролцох идэвхитэй оролцоог дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудалд төр, олон нийтийн анхаарлыг хандуулах, тэднийг нийгмийн халамж хүртэгч биш, эрх эдлэгч, баялаг бүтээгч болохыг нотлон харуулах зорилгоор “Хүртээмжтэй орчин” сарын аяныг зохион байгуулж байгаа юм.
Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалтыг зогсооё уриан дор “Хүртээмжтэй орчин” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд спортын тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Тус арга хэмжээ 04-р сарын 22-ноос өнөөдрийг хүртэл үргэлжлэн явагдаж спортын аваргуудаа тодруулсан юм.
Энэхүү ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатар, даам, ширээний теннисний тэмцээнийг ширээний теннисний “Оч” клуб дээр зохион байгуулсан бол хүүхдүүд шатар, даам, ширээний теннис, сагс, гар бөмбөг, сумо зэрэг спортын төрлөөр өрсөлдөхийн зэрэгцээ хараагүй хүүхдүүдийн дунд Хонхот бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан байна.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүрэг болон Дархан-Уул аймгийн тэргэнцэртэй тамирчдын төлөөлөл болох нийт 120 хөгжлийн бэрхшээлтэй тамирчин оролцжээ.
Мөн энэхүү аяны хүрээнд зохион байгуулж байгаа спортын уралдаан тэмцээн, арга хэмжээг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг 32 ТББ идэвхитэй оролцохоос гадна БСШУЯ, НХХЯ, ЭМЯ, НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”, ЗТБХБЯ, БТСГ, хувийн хэвшлийн пүүс команиудад хамтран ажиллаж тусалж дэмжсэнд талархаж байгаагаа зохион байгуулагчид илэрхийлж байсан юм.
loading...



