loading...
Олон улсын боксын холбоо буюу AIBA энэ оны эхээр БНХАУ-д болсон Удирдах зөвлөлийн 2010 оны анхдугаар хурлаараа боксын спортын түүхэнд томоохон шинэчлэл өөрчлөлт хийсэн гаргасан нь эрэгтэйчүүдийн боксын жингийн ангиллыг цөөрүүлсэн явдал юм.
Тус хурлаар мөн AIBA-гийн сахилгын дүрэмд өөрчлөлт оруулахаар болсноос гадна сонирхогчдын боксын ДАШтэмцээний дүрмийг хэлэлцэн, AIBA-гаас зохион байгуулах уралдаан, тэмцээн, “Лондон хүрэх зам” хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр баталж, Лондонгийн олимпийн наадмаас эхлэн сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн төрөл олимпийн төрөлд багтаж байгаатай холбоотойгоор дүрмэндээ зарим өөрчлөлт оруулахаар болсон байна.
Мөн эмэгтэйчүүдийн боксын спортын төрөл албан ёсоор олимпийн наадмын төрөл болсон тул AIBA-гийн Удирдах зөвлөл тухайн үед одоо мөрдөж байгаа эрэгтэйчүүдийн 11 жингийн ангиллыг 10 болгон цөөрүүлэх шийдвэр гаргасан нь хөнгөн жинд хамаарч байгаа бөгөөд 48, 51, 54, 57 кг-ын жинг байхгүй болгож, шинээр 49, 52, 56 кг-ын жинг шинээр баталсан юм. Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр төлөвлөсөн шинэ дүрмийн дагуу сонирхогчдын боксын эрэгтэйчүүд 49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, +91 гэсэн жингийн ангилалд тулалдахнээ.
Түүнчлэн жингийн өөрчлөлтийг ирэх есдүгээр сараас мөрдөх учир аравдугаар сард манай улсад болох оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шинэ дүрмийн эхний туршилт болох юм. Улмаар жингийн ангиллаас хасагдаад байгаа 54 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан бол 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба олимпийн наадмын мөнгө болон дэлхийн аваргын алтан медаль хүртэж байсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мөн л 51 кг-д 2009 он ДА-ын дэвжээнээс мөнгөн медаль хүртэж байсан гээд боксын спортод түүх болон үлдэж байгаа эдгээр гурван жинд манай тамирчид дэлхийн шилдгүүд гэдгээ нотолж чадсан.
Харин дүрмийн өөрчлөлтийн дагуу ирэх есдүгээр сараас эхлэн олимпийн аварга Э.Бадар-Ууган 56 кг-д, дэлхийн аварга П.Сэрдамба 49 кг-д, гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-д тус тус өрсөлдөх нь ээ. Үзэгч спорт сонирхогч та бүхэндээ жингийн ангиллыг танилцуулая.
Жингийн ангилал:
Эрэгтэй: 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, 91 кг, +91 кг
Эмэгтэй: 48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81 кг
Эмэгтэйчүүд олимпийн наадамд: 51 кг, 60 кг, 75 кг
Ийнхүү ирэх 10-р сард манай улсал болох оюутны ДАШТ шинэ дүрмийн дагуу явагдаж орон орны ширэн бээлийтнүүд шинэ дүрмээр тулалдахнээ.
loading...



