loading...
Францын нээлттэй тэмцээн дуулиан шуугиантай үргэлжилж байна. Дэлхийн нэг номер, өнгөрсөн жилийн Ролан Гарросийн аварга, Швейцарийн Рожер Федерер шөвгийн 8-д Шведийн Робин Содерлингэд 4 сетэд хожигдож хасагдлаа. Өнгөрсөн жилийн шигшээд хожигдсон хариугаа Содерлинг авсан нь энэ.
Содерлинг өнгөрсөн жилийн энэ тэмцээнд Рафаель Надалийн “айхтар” хаанчлалыг зогсоож шуугиан тарьж байсан бол энэ удаа Рожер Федерерийн Их дуулгын 23 тэмцээн дараалан шөвгийн 4-т үлдсэн супер цувралыг нь тасалдуулав. Федерер 2004 оны Ролан Гарросоос хойш оролцсон бүх Их дуулгадаа доод тал нь шөвгийн 4-т үлдэж байжээ.
“Энэ үнэхээр гайхалтай цуврал байлаа. Одоо би дор хаяж шөвгийн 8-д үлдсэн цувралаа үргэлжлүүлэх нь” хэмээн тоглоом маягаар хэлж.
“Би өмнө нь олон удаа хожигдсон. Гэхдээ бага зэрэг азтай байсан бол хожих боломжууд байсан.
2 жил дараалан дэлхийн номер нэгүүдийг Төв кортонд хожно гэдэг сайхан хэрэг. 2 жилд 2-ууланд нь би үнэхээр сайн тоглолт гаргасан гэж бодож байгаа” гэж Содерлинг хэлсэн байна.
Федерер – Содерлинг нар өмнө нь 12 тоглоход бүгдэд нь Федерер хожиж байсан бол “муу ёрын 13” дээр Федерер азгүйтлээ.
Хэрэв энэ тэмцээнд Надаль түрүүлвэл Федерер дэлхийн чансааны тэргүүллээ алдах гэнэ.
Содерлинг хагас шигшээд Томас Бердыхтэй тоглох бөгөөд Бердых шөвгийн 8-д Михаэль Южныйг 3 сетэд хялбархан хожсон болно.
Мөн шөвгийн 8-д шалгарах эрхийн төлөөх тоглолтууддаа Рафаель Надаль, Новак Жокович нар ялалт байгуулжээ.
Надаль Бразилийн залуу тамирчин Т.Белуччиг хожсоноор Фернандо Вердаског хожсон Николас Алмагротой шөвгийн 8-д тоглохоор болов. Надаль энэ онд шороон талбайд 19 тоглохдоо бүгдэд нь хожоод байгаа.
“Хэрэв би түүнийг ялагдашгүй гэж бодвол юмаа баглаад гэртээ харих байсан…Би өөрийн хамгийн сайн тоглолтоо гаргах болно” гэж Белуччи хэлжээ.
Новак Жоковичийн хувьд АНУ-ын Р.Жинеприг хожсоноор шөвгийн 8-д Ю.Мелзертэй тоглохоор болсон байна.
Эмэгтэйчүүдийн төрөлд Ролан Гарросийн 4 удаагийн аварга Бельгийн Жюстин Хенин хожигдов. Тэрээр энд 6 жилийн турш хожигдоогүй, босоо явсан юм. Хенинийг хожсон теннисчин нь Саманта Стосур. Стосур өнгөрсөн жил Ролан Гарросийн хагас шигшээд үлдэж байсан бөгөөд 5 сарын эхээр Штутгартийн тэмцээнд Хенинд хожигдож байжээ.
Стосур одоо Серена Уилльямстай шөвгийн 8-д тоглох оноолттой. Энэ 2-ын хожсон нь Е.Янкович, Я.Шведовагийн хожсонтой хагас шигшээд тоглоно.
Харин Елена Дементьева болон Францеска Шиавоне нар хагас шигшээд шалгараад байгаа юм.
loading...





nadal №1.,.
loading...